Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/01

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Хохирогч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,

Шүүгдэгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох 2124000910026 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн 301 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* регистрийн дугаартай *******,

Холбогдсон хэргийн талаар:

******* нь 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 06 цагийн үед Завхан аймгийн Тэлмэн сумын Шургах багийн нутаг “Улаан үзүүр” гэх газарт “Daewoo” маркийн 44-22 ЗАН улсын дугаартай автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д заасан “Жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэснийг зөрчсөний улмаас түүний жолоодож явсан Daewoo маркийн 44-22 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хажуу руу унаж зорчигч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 06 цагийн үед Завхан аймгийн Тэлмэн сумын Шургах багийн нутаг “Улаан үзүүр” гэх газарт Daewoo маркийн 44-22 ЗАН улсын дугаартай автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад замын хажуу руу унаж зорчигч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн үед Тосонцэнгэл сумаас гараад шөнө 23 цагаас 00 цагийн үед Тэлмэн сум дээр ирсэн. Тэлмэн сумаас унаа олоод Завхан аймгийн төв дээр очих гэж байсан. Тэлмэн сумын колонкийн ойролцоо өвс ачсан 3 том машин байхаар нь очиж уулзсан. Өглөө эрт 5 цагийн үед аймгийн төв рүү хамт явахаар тохиролцсон. Тэгээд тэндээсээ хүн дуудаад айлд очиж амраад маргааш нь буюу 2022 оны 8 дугаар сарын 29-ний өглөө 05 цагийн үед нөгөө том машин дээрээ ирсэн. Миний уулзсан жолооч намайг машинд ороод сууж бай гэсэн. Би 44-22 ЗАН маркийн машинд ороод суусан. Араас жолооч нь орж ирээд тэндээс хөдлөөд Завхан аймгийн төв рүү явсан. Хөдлөөд явж байхдаа тухайн машины жолооч урд шөнө би архи уусан, замдаа үүрэглэх байх гэж ярьж байсан. Тэгэхээр нь би жоохон явж байгаад бууя гэсэн бодолтой явж байсан. Тэлмэн сумаас хөдлөөд 10 гаран км явж байхад тухайн жолооч замаасаа гарах гээд байгаа юм шиг санагдаад байсан. Би хэлэх гэснээ жолоочид саад болоод яах вэ гэж бодсон. Тэгтэл тухайн машин засмал замын хажуу руу миний сууж явсан талаар уначихсан. Жолооч машинаас надаас түрүүлээд гарсан. Намайг татаад аваач гэхэд жолооч намайг машинаасаа татаж гаргасан. Миний баруун гарын бугуй хэсгээс цус их гарсан, гар их өвдсөн. Тэгээд би өөрөө эмнэлэг дуудаад Тэлмэн сумын эмнэлэг дээр ирсэн. Жолооч ярихдаа би урьд шөнө архи нэлээн уусан, унтаагүй гэж ярьж байсан. Миний баруун талын хөл шилбэ хэсэгтээ төмөртэй, хөл өвдөөд байдаг. Даралт ихэддэг, тархины судас нарийсалттай, нойр булчирхай өвддөг, албан ёсоор эмчийн хяналтад ороогүй. Бие өвдөхөөр сумынхаа эмнэлэгт эмчилгээ хийлгэдэг. Миний хиймэл урд үүдэн шүд хугарсан. Баруун гар шуу хэсгээрээ хугарсан. Баруун хөл хөхрөлттэй, толгой их өвдөж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 21/,

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймаг Тэлмэн сумын нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгээд явж байхад 10 цагийн орчим байсан байхаа Завхан аймгийн Тэлмэн сумын Шургах багийн нутаг Улаан үзүүр гэх газар замын хажуу руу машин унасан байна, машины жолооч болон зорчигч Тэлмэн сумын эмнэлэг дээр ирсэн байна гэсэн дуудлага эмнэлгээс өгсөн. Тэгээд би хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Д.Бат-Өлзийн хамт эмнэлэг дээр яваад очтол машины жолооч болон зорчигч гээд нэг эмэгтэй хамт байсан. Эмч уг 2 хүнийг үзээд байж байсан ба жолоочид ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй. Харин хамт явж байсан гэх эмэгтэйн баруун гар хугарсан юм шиг байна. Аймгийн эмнэлэг бараадуулах хэрэгтэй гэж байсан. Тэгэхээр нь Тосонцэнгэл сум дахь цагдаагийн хэлтэс рүү дуудлага өгчхөөд уг машины жолоочийг аваад осол болсон гэх газар очоод хэргийн газрыг хамгаалалтад авсан. Хэргийн газар очиход 44-22 ЗАН улсын дугаартай, Daewoo маркийн тээврийн хэрэгсэл өвс ачсан чиргүүл чирсэн байдалтай замын хажуу руу унасан байсан. Уг тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар хотоос Завхан аймгийн Улиастай сум руу өвс ачиж явж байгаад 2022 оны 8 дугаар сарын 28-ны орой Тэлмэн суманд ирж замын хажууд хоноод маргааш өглөө нь буюу 2022 оны 8 дугаар сарын 29-ний өглөө Улиастай сум руу явсан гэж ярьж байсан. Тэлмэн сумын эмнэлэг дээр уг тээврийн хэрэгслийн жолоочийг шалгагч багаж драгер үлээлгэж үзэхэд 1,35 хувийн согтолттой байсан. Бид нар хэргийн газар очоод хамгаалалт аваад байж байгаад бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. Тэр эмэгтэйн баруун талын хацар дээр шалбарсан байх шиг байсан. Баруун гар нь хугарсан юм шиг байна гэж эмч хэлээд тэр эмэгтэйг аймгийн эмнэлэг рүү аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх 26/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 000000467 дугаартай: “...Иргэн *******ийн биед гэтэл учирсан байна. *******ийн биед тархи доргилт, баруун гарын шуу ясны хугарал, баруун хацарт зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл учирсан байна. *******ийн биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. *******ийн биед учирсан гэмтэл нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр үүссэн байх боломжтой. Тухайн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. *******ийн биед тархи доргилт, баруун гарын шуу ясны хугарал, баруун хацарт зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 32-33/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-8/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-10/, Зам тээврийн осол дээр тогтоосон актаар тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******н “...Би Улаанбаатар хотоос өөрийн эзэмшлийн 44-22 ЗАН улсын дугаартай Daewoo маркийн тээврийн хэрэгслээр 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ганцаараа гарсан. Улаанбаатар хотоос гараад Атар гэх газраас 700 ширхэг боодолтой өвс машиныхаа толгой чиргүүл 2-т ачаад  Завхан аймгийн Улиастай сум руу явсан Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Завхан аймгийн Тэлмэн сум ороод замын хажууд машин дотроо унтаж амарсан. Тэлмэн суманд ирж амрахдаа машин дотроо унтаж амрахаасаа өмнө машин дотор байсан архинаасаа 3 удаа хийж уучхаад унтаж амарсан. Маргааш өглөө нь 5 цаг өнгөрч байхад сэрээд хөдлөх гэж байтал Тэлмэн сумаа нэг эмэгтэй ирээд Завхан аймаг явах гэж багаа бол дайгдаад явчих уу гэж хэлээд миний машинд суусан. Тэр эмэгтэйг аваад би Тэлмэн сумаас  гараад Улиастай чиглэлд явж байгаад үүрэглээд замын хажуу тал руу машинтайгаа орчихсон. Замын хажуу руу ороод миний машин хажуу талаараа унасан. Тэгээд тэр эмэгтэй бид хоёр машиныхаа урд шилийг гадагшаа түлхэж унагааж байгаад машинаас гараад байж байтал Тэлмэн сумаас эмч ирээд бид хоёрыг аваад Тэлмэн сумын төв дээр эмнэлэгт ирээд үзсэн. Бид хоёрыг үзээд нөгөө эмэгтэйг аймаг явах хэрэгтэй, аймаг ороо үзүүлээрэй гэж хэлээд аймаг явуулсан. Харин намайг зүгээр байна гээд явуулсан. Би буцаж яваад машин дээрээ ирээд байж байтал цагдаа нар ирээд үзлэг хийгээд явсан...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай тохирч байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж зам тээврийн осол гарсан болохыг нотолж байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын мэдээллийн сангаас авсан “...Нямбазарын Түмэн-Өлзий үнэмлэхийн дугаар 209881, үнэмлэхийн төлөв эрх хасагдсан, тээврийн хэрэгслийн ангилал В, С, СЕ, D, тусгай тэмдэглэл Сонгинохайрхан, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хасуулсан,...” гэсэн жолоочийн лавлагаа, мэдээллээр /хх 78/ тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ******* нь зам тээврийн осол гаргах үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болох нь “...Зам тээврийн осол гаргасан Нямбазарын Түмэн-Өлзийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг Alcotest AL7510 гэх багажаар үлээлгэж шалгахад 1,35 хувийн согтолттой байсан...” гэсэн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх 74-75/, хохирогчийн “...Хөдлөөд явж байхдаа тухайн машины жолооч урд шөнө би архи уусан, замдаа үүрэглэх байх гэж ярьж байсан. Тэгэхээр нь би жоохон явж байгаад бууя гэсэн бодолтой явж байсан. Тэлмэн сумаас хөдлөөд 10 гаран км явж байхад тухайн жолооч замаасаа гарах гээд байгаа юм шиг санагдаад байсан. Би хэлэх гэснээ жолоочид саад болоод яах вэ гэж бодсон. Тэгтэл тухайн машин засмал замын хажуу руу миний сууж явсан талаар уначихсан...” гэсэн мэдүүлэг, гэрч ******* “...тээврийн хэрэгслийн жолоочийг шалгагч багаж драгер үлээлгэж үзэхэд 1,35 хувийн согтолттой байсан...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

 

Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоноос болсон болох нь мөрдөгчийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн: “...44-22 ЗАН улсын дугаартай “Daewoo” маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д заасан “Жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн байх боломжтой байна...” гэсэн магадлагаа /хх 43-44/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-8/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-10/, Зам тээврийн ослын актаар тогтоогдсон байна.  

 

Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.

Мөн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Улсын яллагч шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй болно.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн  үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл байх ба энэ үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг.

Харин уг гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, согтуурсан үедээ үйлдсэн бол хүндрүүлэх шинж болгон хуульчилжээ.

Шүүгдэгч *******н Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг жолоочид хориглоно” гэсэн заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, харин энэ үйлдлийн улмаас хохирогчид хүндэвтэр хохирол учруулж байгаа нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

Иймд түүний үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлж хуульчилсан.

Шүүгдэгч *******н үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шинжээчийн “...*******ийн биед тархи доргилт, баруун гарын шуу ясны хугарал, баруун хацарт зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Хохирогч ******* нь хохирол төлбөрт эмчилгээний зардалд баримтаар төлсөн 305,115 төгрөг, Говь-Алтай аймагт байр түрээсэлсний төлбөрт төлсөн 450,000 төгрөг, Завхан аймгаас Говь-Алтай хүртэл машин хөлсөлж явсан шатахууны зардалд төлсөн 724,200 төгрөг, Цагаанчулуут сумаас Завхан аймаг хүртэл явсан замын зардалд төлсөн 80,000 төгрөг, Завхан аймгаас Тосонцэнгэл сум хүртэл явсан замын зардалд төлсөн 80,000 төгрөг, Говь-Алтай аймагт байхдаа өдөр болгон хоолонд орсон зардал 260,000 төгрөг, Завхан аймагт хоолонд орсон зардал 60,000 төгрөг, Тосонцэнгэл суманд хоолонд орсон зардал 40,000 төгрөг, Завхан аймагт буудлын зардалд төлсөн 100,000 төгрөг, Говь-Алтай аймгаас гэртээ нэг удаа очсон зардалд төлсөн 135,000 төгрөг,

Тухайн үед авч явсан бараа материал ашиглах боломжгүй болсон учир түүний үнэ 2,300,000 төгрөг, тухайн үед утас гэмтсэн тул утасны үнэ 1,200,000 төгрөг, гэмтлээс болж ажилд орох боломжгүй байсан тул ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөр 2,850,000 төгрөг,

 Цаашид гарах эмчилгээний зардал 702,100 төгрөг, хиймэл шүд хийлгэх зардал 220,000 төгрөг, нүүрний сорив арилгах буюу гоо сайхны эмчилгээ хийлгэх зардал 2,500,000 төгрөг нийт 12,006,485 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна. Үүнд:

 

1. Эмчилгээ хийлгэсэн зардал баримтаар 305,155 төгрөг төлсөн гэх нэхэмжлэлийн шаардлагаас хавтаст хэрэгт 17 ширхэг 158,696 төгрөгийн “...1 дугаартай 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 19,000 төгрөг, 2 дугаартай 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 20,170 төгрөг, 3 дугаартай 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 4,900 төгрөг, 4 дугаартай 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 3,500 төгрөг, 5 дугаартай 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 6,310 төгрөг, 6 дугаартай 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 20,270 төгрөг, 7 дугаартай 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 6,700 төгрөг, 8 дугаартай 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 3,100 төгрөг, 9 дугаартай 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 5,100 төгрөг, 11 дугаартай 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2,700 төгрөг, 13 дугаартай 2022 оны 10,300 төгрөг, 15 дугаартай 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 6,550 төгрөг, 18 дугаартай 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2,700 төгрөг, 19 дугаартай 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 4,500 төгрөг, 20 дугаартай 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 18,576 төгрөг, 21 дугаартай 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 6,370 төгрөг, 22 дугаартай 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 17,950 төгрөг...” гэсэн баримтууд авагдсан байх тул нотлох баримтаар үнэлж хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Харин 6 ширхэг “...10 дугаартай 08 дугаар сарын 28-ны өдрийн 950 төгрөг, 12 дугаартай 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 9,500 төгрөг, 14 дугаартай 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 7,500 төгрөг, 16 дугаартай 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 5,000 төгрөг, 17 дугаартай 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 4,500 төгрөг, 23 дугаартай 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 130,000 төгрөг,... гэсэн баримтууд нь нотлох баримтад тавигдах шаардлага хангахгүй буюу юу авсан, юунд зарцуулсан баримт болох нь тодорхойгүй, хохирол төлбөрт хамаарахгүй байх тул нотлох баримтаар үнэлэхгүйгээр эмчилгээ хийлгэсэн зардал 146,459 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

2. Говь-Алтай аймагт байр түрээсэлсний төлбөр 450,000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 702,100 төгрөг, хиймэл шүд хийлгэх төлбөр 220,000 төгрөг, нүүрний сорив арилгах буюу гоо сайхны эмчилгээ хийлгэх төлбөр 2,500,000 төгрөг нийт 3,872,100 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ******* түрээсийн байрны төлбөр 450,000 төгрөг гэсэн орлогын ордерын тасалбарыг /хх-90/ нотлох баримтаар ирүүлсэн байх боловч хаана ямар байр түрээсэлсэн, түрээсийн төлбөрийг хэрхэн яаж төлсөн талаарх баримтуудыг шүүхэд ирүүлээгүй, мөн цаашид гарах эмчилгээний зардлыг урьдчилан тооцоолох боломжгүй байх тул хэлэлцэхгүйгээр орхиж хохирогч ******* нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******д холбогдуулан нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

3. Замын зардал Завхан аймгаас Говь-Алтай хүртэл машин хөлсөлж явсан шатахууны 724,200 төгрөг, Цагаанчулуут сумаас Завхан аймаг хүртэл явсан 80,000 төгрөг, Завхан аймгаас Тосонцэнгэл сум хүртэл явсан 80,000 төгрөг нийт 884,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 724,200 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, 40,000 төгрөгийг хангаж, 120,000 төгрөгийн зардлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Хохирогч ******* нь баруун гарын шуу ясны хугаралд Говь-Алтай аймагт очиж гипс тавиулж эмчилгээ хийлгэсэн болох нь түүний амбулаториор эмчлүүлэгчдийн карт дахь мэдээллээр тогтоогдож байна.

Хохирогч нь 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр явахдаа тээврийн хэрэгсэл хөлсөлж шатахууны зардал 724,200 төгрөг гарсан гэж тайлбарлаж 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Тэс петролиум” шатахуун түгээх станцаас шатахууны үнэ 724,200 төгрөг гэсэн зарлагын баримтыг /хх-96/ нотлох баримтаар ирүүлсэн байх боловч шатахууныг ямар маркийн тээврийн хэрэгсэлд хийж, хаанаас хаа хүртэл явсан талаарх баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байх тул 724,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүйгээр орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******д холбогдуулан нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

“...Орон нутаг, аймаг хоорондын зорчих тасалбар зорчигч *******, Улиастайгаас Тосонцэнгэл сум руу 20,000 төгрөг...” гэсэн, “...2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ******* Тосонцэнгэлээс Улиастай тээврийн хөлс 20,000 төгрөг...” гэсэн баримтыг нотлох баримтаар үнэлэв.

Харин Цагаанчулуут сумаас Завхан аймаг хүртэл явсан 80,000 төгрөг, Завхан аймгаас Тосонцэнгэл сум хүртэл явсан 40,000 төгрөгийн баримтыг хэрэгт нотлох баримтаар хавсаргаж ирүүлээгүй байна.

4. Хоолны зардалд Говь-Алтай аймагт байхдаа өдөр болгон хоолонд орсон зардал 260,000 төгрөг, Завхан аймагт хоолонд орсон зардал 60,000 төгрөг, Тосонцэнгэл суманд хоолонд орсон зардал 40,000 төгрөг, нийт 360,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 10,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 350,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

“...2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хүрэн тал тосон хоолны газрын хоолны үнэ 10,000 төгрөг...” гэсэн баримтыг нотлох баримтаар үнэлэв.

Харин “...******* нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Шинэ-Алтай захад байрлах “Хасагт Жаргалант” нэртэй цайны газарт 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрийг дуустал 26 хоног өдрийн 10,000 төгрөгийн үнэ бүхий хоолоор үйлчлүүлж байсан. Нийт дүн 260,000 төгрөг. Цайны газрын ахлах тогооч Содномын Хишгээ...” гэсэн дэвтрийн цаасан дээр бичсэн гар бичвэрийг нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй байна.

Учир нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Шинэ-Алтай захад байрлах “Хасагт Жаргалант” нэртэй цайны газар байдаг эсэх, тухай үед ахлах тогоочоор С.Хишгээ гэдэг хүн ажиллаж байсан эсэх, ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 10 дугаар сарын 03-ны өдрийг дуустал 26 хоног өдрийн 10,000 төгрөгийн үнэ бүхий хоолоор үйлчлүүлж байсан эсэхийг зөөгч биш ахлах тогооч гэх С.Хишгээ хэрхэн яаж мэдсэн болох нь тодорхойгүй байна.

Мөн хохирогч “..Завхан аймагт 60,000 төгрөгөөр, Тосонцэнгэл суманд 30,000 төгрөгөөр хоолонд орсон...” гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 5. Хохирогчийн Завхан аймагт буудлын зардалд төлсөн 100,000 төгрөг, тухайн үед авч явсан бараа материал ашиглах боломжгүй болсон учир түүний үнэ 2,300,000 төгрөг, тухайн үед утас гэмтсэн тул утасны үнэ 1,200,000 төгрөг, Говь-Алтай аймгаас гэртээ нэг удаа очсон зардал 135,000 төгрөг, гэмтлээс болж ажилд орох боломжгүй байсан тул ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөр 2,850,000 төгрөг нийт 6,585,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь Завхан аймагт буудалд хэзээ буусан, зам тээврийн осол болох үед 2,300,000 төгрөгийн худалдан борлуулах бараатай явсан эсэх, зам тээврийн осол болох үед түүний хэрэглэж байсан гар утсанд 1,200,000 төгрөгийн гэмтэл учирсан эсэх, Говь-Алтай аймгаас хэзээ гэртээ очсон, хэдэн төгрөгийн цалинтай ямар ажилд орох байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

 

Иймд хохирогчийн 12,006,455 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээ хийлгэсэн төлбөр 158,696 төгрөг, унааны зардал 40,000 төгрөг, хоолны мөнгө 10,000 төгрөг нийт 208,696 төгрөгийг хангаж шүүгдэгч Б.Түмэн-Өлзийгөөс гаргуулах,

Цаашид гарах эмчилгээний зардал 702,100 төгрөг, хиймэл шүд хийлгэх төлбөр 220,000 төгрөг, нүүрний сорив арилгах буюу гоо сайхны эмчилгээ хийлгэх төлбөр 2,500,000 төгрөг, Говь-Алтай аймагт байр түрээсэлсний төлбөр 450,000 төгрөг, Завхан аймгаас Говь-Алтай хүртэл машин хөлсөлж явсан шатахууны 724,200 төгрөг нийт 4,596,300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******д холбогдуулан нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж,

Эмчилгээ хийлгэсэн зардал 146,459 төгрөг, Цагаанчулуут сумаас Завхан аймаг хүртэл явсан 80,000 төгрөг, Завхан аймгаас Тосонцэнгэл сум хүртэл явсан 40,000 төгрөг, Говь-Алтай аймагт байхдаа өдөр болгон хоолонд орсон зардал 260,000 төгрөг, Завхан аймагт хоолонд орсон зардал 60,000 төгрөг, Тосонцэнгэл суманд хоолонд орсон зардал 30,000 төгрөг, Завхан аймагт байсан буудлын зардал 100,000 төгрөг, барааны үнэ 2,300,000 төгрөг, гар утасны үнэ 1,200,000 төгрөг, Говь-Алтай аймгаас гэртээ нэг удаа очсон зардал 135,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөр 2,850,000 төгрөг нийт 7,201,459 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь хохирогчид хохирол төлбөрт 1,050,000 төгрөг төлсөн байх тул түүнээс гаргуулах 208,696 төгрөгийг хасаж, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч *******д оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил, 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар, хохирогчид хохирол төлбөрт 1,050,000 төгрөг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын тайлбараар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хохирогчид 1,050,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” гэж заасан байх тул шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасныг тус тус дурдав.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохирол төлбөрт 1,050,000 төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Эрдэнэ тайж овогт Нямбазарын Түмэн-Өлзийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай. 

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирол төлбөрт 1,050,000 /нэг сая тавин мянга/ төгрөг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 44 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.  

9. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч *******ийн 7,201,459 /долоон сая хоёр зуун нэг мянга дөрвөн зуун тавин ёс/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардалд нийт 4,596,300 /дөрвөн сая таван зуун ерэн зургаан мянга гурван зуу/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******д холбогдуулан нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

11. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ӨЛЗИЙХИШИГ