Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/05

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Хохирогч Ц.Нямдорж,

Хохирогчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,

Шүүгдэгч У.Батцэнгэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч У.Батцэнгэлд холбогдох 2224000610096 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багт оршин суух хаягтай, урьд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ИЦ77012412 регистрийн дугаартай Тайж овогт Улам-Оргихын Батцэнгэл.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У.Батцэнгэл нь 2022 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Гунжийн ам” гэх газарт хохирогч Ц.Нямдоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч У.Батцэнгэл нь 2022 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг “Гунжийн ам” гэх газарт хохирогч Ц.Нямдоржтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

              Хохирогч Ц.Нямдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2022 оны 8 дугаар сарын 04-ний орой 18 цагийн орчим нэг морин дээр сундалдаад Нямбаа гэдэг айлд очсон. Би унаагүй явж байгаад У.Батцэнгэл гэдэг хүний морь унаад миний араас У.Батцэнгэл сундалдаад тэгээд явсан. Тэгээд Нямбаагийн гэрт очиход Нямбаа гэртээ байгаагүй тул бид 2 цааш яваад Р.Батцэнгэл гэдэг айлд очих гээд явж байсан. У.Батцэнгэл  гэдэг залуу морин дээр миний араар суугаад явж байгаад миний хувцсаар араас боосон намайг боохоосоо өмнө 1.535.000 төгрөг чамд хэрэг болсон уу гэж хэлээд боосон Тэгээд намайг морин дээрээс унагаагаад хоолойноос боосон чигтээ чирсэн. Чирч байхдаа миний нүүрэн хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд би юу ч санахгүй байна. Нэг удаа ухаан ороход Р.Батцэнгэлийн гэрийн ойролцоо хамраас цус гарсан байдалтай сэрсэн. Намайг ухаан ороход Р.Батцэнгэл, У.Батцэнгэл байсан өөр хэн байсан талаар мэдэхгүй байна. Нэг мэдэхэд Энхмаа гэдэг эмэгтэй намайг дагуулаад явж байхдаа манай эхнэр рүү залгаж дуудаад намайг манай эхнэр ирж авсан. Намайг У.Батцэнгэл гэдэг залуу араас боогоод газар унгааж байгаад чирээд нүүрэн хэсэгт цохисон. Одоогоос 2-3  жилийн өмнө У.Батцэнгэл намайг бас зодоод шүүх цагдаагаар явсан...” гэсэн мэдүүлэг /хх 12-14/,

              Гэрч Ч.Алтанзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг хэрэг болох үед би хажууд нь байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. 2022 оны 8 дугаар сарын 4-ний өдөр яг хэдэн цаг болж байсан талаар санахгүй байна манай ах Мөнхдорж гэх хүний эхнэр Чимгээ эгч над руу утсаар залгаад танай нөхөр У.Батцэнгэл манай энд согтуу явж байна. Манайхаас гараад мордоод явж байтал Ц.Нямдорж гэдэг хүн дуудаад тэр 2 сундалдаад явлаа гэж хэлсэн. Тэгээд орой 18 цаг арай болоогүй байсан байхаа Чимгээ эгч над руу дахин залгаад Нөхөр У.Батцэнгэл чинь Ц.Нямдоржийг зодсон юм шиг байна. Нямдоржийн эхнэр нь сая нөхрөө авах гээд энд явж байна гээд хэлсэн. Тэгээд машинаараа авч ирж өгсөн. Манай нөхөр гэртээ ирэхдээ унаж явсан морио эмээлтэй нь алдчихсан архи уугаад нэлээд согтуу байснаа арай гайгүй болоод ирж байна гэж Намбаа гэдэг хүн хэлээд авч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх 25-26/,

              Гэрч Г.Энхмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2022 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Бэлчир гэх газарт гэртээ байж байтал 17 цагийн орчим байхаа сайн мэдэхгүй байна манай гэрт байгаль хамгаалагч Ц.Нямдорж гэдэг хүн хувцас нь цус болчихсон, хамраас нь цус гарчихсан орж ирсэн. Тэгэхээр нь эхнэр Ариунаа руу залгаад танай нөхөр энд хамраас нь цус гарчихсан явж байна ирээд авах уу манайд унаа машин байдаггүй гэж хэлсэн. Тэгтэл эхнэр нь манай гэрийн дээд талд ирэхээр нь би хөтлөөд машинд нь суулгаж өгөөд явуулсан. Байгаль хамгаалагч Ц.Нямдорж нь согтуу байсан би яагаад ийм болчихсон талаар асуухад ямар нэгэн зүйл хэлээгүй. Батцэнгэл Нямдорж нар манайд эхлээд хамт орж ирсэн тэгээд надаас архи нэхээд байхаар нь би уурлаад та нарт өгөх архи байхгүй, хурим найранд явах гээд архи байхгүй гэж хэлсэн. Тэгтэл эхлээд Нямдорж гарч яваад араас нь Батцэнгэл гараад явсан. Тэгж орж ирэхдээ ямар нэгэн маргалдсан зүйл байхгүй байсан. Тэгээд би тэр хоёрын араас гараад хартал морин дээр сундалдаад Р.Батцэнгэлийн хот руу чиглээд явж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Нямдорж нь хувцас нь цус болчихсон, хамраас нь цус гарчихсан орж ирсэн. Би Нямдорж гэдэг хүний эхнэртэй утсаар яриад гадаа байж байтал Батцэнгэл манай хотны баруун талд морьтойгоо зогсож байсан.Намайг утсаар ярьж байхад Нямдорж нь У.Батцэнгэл дээр яваад очсон, би араас нь яваад очтол Батцэнгэл нь гартаа жижиг чулуу барьчихсан Нямдорж руу цохих гээд далайгаад байсан. Ц.Нямдоржийн хувцас нь цус болчихсон, хамраас нь цус гарчихсан манайд орж ирэхэд толгойны баруун талд хөхрөөд хавдсан баруун эрүүний доод талд хөхөрч хавдсан, цээжин хэсэгт нь хөхөрсөн, хамраас цус гарсан байдалтай байсан ..” гэсэн мэдүүлэг /хх 28-29/,

              Гэрч Б.Наранбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2022 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Завхан аймаг Тосонцэнгэл сум Рашаант багийн нутаг Нам цагаан гэх газар модонд явж байгаад 19 цагийн орчим модноос ирсэн. Модноос ирээд гэрийнхээ харалдаа модтой машин тавьчхаад гэртээ орж хоолоо идчихээд гараад машин дээрээ иртэл Батцэнгэл согтуу голын нөгөө талаас миний машин дээр ирсэн. Тэгээд би машиндаа суулгаад Тосонцэнгэл явах замдаа Батцэнгэлийг гэрт нь буулгаж өгөөд тэгээд Тосонцэнгэл орохоор явсан. Намайг модонд явсан хойгуур манайд манай охин Нямжаргал байсан. Намайг байхгүй хойгуур Ц.Нямдорж, У.Батцэнгэл нар манайд ирээд явсан гэж манай охин хэлсэн. Батцэнгэлийг Нямдорж гэдэг байгаль хамгаалагчтай муудалцсан талаар би маргааш нь нутгийн хүмүүсээс мэдсэн...” гэх мэдүүлэг /хх 31-32/,

              Гэрч Б.Долгорсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2022 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Завхан аймаг Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Гүнжийн ам гэдэг газар гэртээ ганцаараа байж байтал манай гэрийн гадаа хажуу айлын эгч Энхмаа хүнтэй юм яриад байхаар гараад иртэл гадаа Ц.Нямдорж гэдэг ах, У.Батцэнгэл гэдэг залуу бас манай хажуу айлын Энхмаа эгч 3 байсан. Намайг гараад иртэл хажуу айлын эгч Энхмаа надад хандаж чи Батцэнгэлийг барьж бай, би Нямдорж ахын эхнэрийг дуудчихсан эхнэр нь ирж байгаа хүргэж өгөөд ирье гэж хэлсэн. Мөн Батцэнгэл гартаа чулуу барьчихсан байна над руу шидчихэж магадгүй гэж Энхмаа эгч хэлээд Нямдорж ахыг хөтлөөд цааш явсан. Тэхээр нь би У.Батцэнгэлийн морийг уяан дээрээ уячхаад өөрийг дагуулаад гэртээ орсон, гэрт ороод У.Батцэнгэлийн барьж байгаа чулууг хартал хүн цохиод алчихааргүй жижигхэн чулуу гартаа барьсан байхаар нь би тэрийг нь аваад гэрээс гаргаад хаясан. Тэгээд би У.Батцэнгэлийг гэртээ оруулж орхиод буцаж гараад үнээгээ саахаар явсан. У.Батцэнгэл манай гэрт 10 минут орчим болоод буцаж гараад морио унаад гол гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх 34-35/,

              Гэрч Б.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Завхан аймаг Тосонцэнгэл сумын Рашаант багийн нутаг Бэлчир гэдэг газар гэртээ ганцаараа байж байтал Батцэнгэл гэдэг залуу манай гэрт ганцаараа халамцуу орж ирсэн. Тэгээд гэрт орж ирж жоохон сууж байгаад надаас архи асуухаар нь байхгүй гэж хэлтэл гараад явсан. Манай гэрээс гараад мориндоо мордоод явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа гараад хартал байгаль хамгаалагч Ц.Нямдоржтой морин дээр сундалдаад явж байсан, Нямдорж нь урдуур нь суусан Батцэнгэл нь араар нь суугаад явж байсан. Тэгээд цааш нь юу болсон талаар мэдэхгүй байна. Орой 17 цаг өнгөрч байсан байхаа тугалаа хаших гээд явж байтал Нямдоржийн эхнэр Ариунаа нь машинтайгаа нөхөр Нямдоржоо авах гээд явж байна гээд манай хажуугаар доошоо уруудсан, тэгээд удалгүй нөхрөө аваад буцаад ирсэн. Буцаад ирэхдээ манай гэрийн хажуугаар явж байгаад надтай таарсан. Тэгээд би машин руу нь очоод хартал Нямдоржийн хамраас цус гарсан, фудволк нь цус болсон байдалтай машиныхаа хойд талд суугаад явж байсан. Нямдорж тасарсан юм уу хэвтсэн юм уу мэдээгүй хажуу талаараа болчихсон явж байсан. Би эхнэр Ариунаагаас юу болсон бэ, гайгүй юу гэж асуутал Нямдорж хүнд зодуулсан юм шиг байна, тасарчихсан байна гэж хэлсэн өөр ямар нэгэн зүйл яриагүй...” гэсэн мэдүүлэг /хх 37-38/,

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 414 дугаартай: “...Иргэн Ц.Нямдоржийн биед гэмтэл учирсан байна. Баруун нүдний дээд доод зовхи, доод эрүү, цээж, 2 бугалга, 2 хөх махны дээд хэсэг, баруун суганы доор баруун бөөрний дээд хэсэг, баруун далны урд хэсэг зүүн далны дотор дээд хэсэг, зүүн дунд чөмгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь 2 ба түүнээс дээш олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Хэрэг болсон тухайн цаг хугацаанд үүсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Ц.Нямдоржийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 815 дугаартай “...Ц.Нямдоржид баруун 8-р хавирганы хугарал, баруун дээд, доод зовхи эрүү, цээж хоёр бугалаг, баруун суга, бүсэлхийн баруун хэсэг, хоёр далд орчим зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Баруун 8-р хавирганы хугарал, баруун дээд, доод зовхи, эрүү цээж хоёр бугалаг баруун суга бүсэлхийн баруун хэсэг хоёр далд орчим, зүүн гуянд цус хуралт гэмтлүүд нь 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр үүссэн. Ц.Нямдоржийн баруун 8-р хавирга хугарсан өөр хавирганы гэмтэл үгүй байна. Энэ хугарал нь хэрэг болох үед үүсэж болно, цохих үйлдлээр үүснэ. 2022 оны 08 дугаар сарын 19-ний цээжний КТГ-ийн бичлэгт буй баруун уушгины дэлбэнд 0,9 см хэмжээний эргэн тойрондоо фиброз өөрчлөлт бүхий шохойжилт голомттой, баруун дээд дэлбэнгийн хажуу өмнөд захад жижиг 0,4 см хэмжээний зөөлөн эдийн нягттай голомтод өөрчлөлтүүдийг гэмтлийн улмаас үүсэхгүй өвчний улмаас үүссэн өөрчлөлт байна. Баруун 8-р хавирганы хугарал, баруун дээд, доод зовхи, эрүү, цээж хоёр бугалаг, баруун суга бүсэлхийн баруун хэсэг, хоёр дал орчим зүүн гуянд цус хуралт гэмтлүүдэд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтооно. Хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн акт  №414 үндэслэлтэй, хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн акт №485-ын 5-р хариулт нэг хавирганы хугаралд гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоосон үндэслэлгүй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлтээр /хх 79-83/ тус тус тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч У.Батцэнгэлийн: “...Би тэр үед архи уусан байсан болохоор зарим зүйлээ сайн санахгүй байна. Би Ц.Нямдоржтой маргалдаж цохиж зодсон байх намайг хөгшин хүн зодохоос ич гэж хэлж хөөж байсан санагдаж байна. Би гэм буруугийн талаар маргахгүй...” гэсэн мэдүүлэг нь хохирогч Ц.Нямдоржийг зодсон үйл баримтыг давхар нотолж байна гэж үзлээ.

Шүүгдэгч У.Батцэнгэлд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг.

Хохирогч Ц.Нямдоржийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч У.Батцэнгэлийн зодсон үйлдлээс үүссэн шууд шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгч У.Батцэнгэл нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч У.Батцэнгэлийн хохирогч Ц.Нямдоржийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Хохирогч Ц.Нямдоржийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Шүүгдэгч У.Батцэнгэл, хохирогч Ц.Нямдорж нар нь хохирол төлбөрийн талаар шүүх хуралдаанд харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээнд “...Хохирогч 2,900,000 төгрөг нэхэмжилснээс 600,000 төгрөгийг авсан. Үлдсэн 2,300,000 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,000,000 төгрөгийг үлдэгдэл 1,300,000 төгрөгийг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцов...” гээд эвлэрлийн гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасны дагуу шүүгдэгч У.Батцэнгэл нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирогчоос нэхэмжилсэн хохирол төлбөрөөс зарим хэсгийг төлж, үлдэх хэсгийг төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн байх тул түүнд оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч  нь  цагдан  хоригдсон  хоноггүй,  түүнээс  гаргуулах  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Батцэнгэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овогт Улам-Оргихын Батцэнгэлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Батцэнгэлийг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Батцэнгэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч У.Батцэнгэл нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч У.Батцэнгэл нь хохирогчид хохирол төлбөрт 600,000 /зургаан зуун мянга/ төгрөг төлсөн, шүүгдэгчээс 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,300,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсны дагуу гаргуулж хохирогчид олгосугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Батцэнгэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 52 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.ӨЛЗИЙХИШИГ