| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2023/0005/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/03 |
| Огноо | 2023-01-03 |
| Зүйл хэсэг | 27.10.2.4., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,
Шүүгдэгч П.Бат-Өлзий
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Хэнз овогт Пүрэвнямын Бат-Өлзийд холбогдох 2224000950097 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Завхан аймгийн Тэлмэн сумын Өгөөмөр багт байнга оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ИН96060719 регистрийн дугаартай Хэнз овогт Пүрэвнямын Бат-Өлзий,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Бат-Өлзий нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 22-ны шөнө Завхан аймгийн Тэлмэн сумын Өвөгдий багийн нутагт 58-60 ЗАА улсын дугаартай мөнгөлөг өнгийн “Toyota prius” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д заасан “Жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Д.Галсанцэрэнг мөргөж, амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.Бат-Өлзий нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 22-ны шөнө Завхан аймгийн Тэлмэн сумын Өвөгдий багийн нутагт 58-60 ЗАА улсын дугаартай мөнгөлөг өнгийн “Toyota prius” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, хохирогч Д.Галсанцэрэнг мөргөж, амь насыг хохироосон гэмт хэргийн үйл баримт нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Даваанямын “...Би 2022 оны 09 дүгээр сарын 21-ний орой би хөдөө гэрээсээ сумын төв орж ирээд шатахуун, ус аваад хүү Д.Галсанцэрэнгийн гэрт очиход манай хүү Галсанцэрэн найз П.Бат-Өлзийн хамт хашаандаа түлээний мод хөрөөдөөд байж байсан. Тэгээд эхнэр бид хоёр хөдөө гэр рүүгээ явах болоод гарч байхад манай хүү Д.Галсанцэрэн, найз П.Бат-Өлзийн хамт хоолоо идэх гээд гэр рүүгээ орсон. Тэгээд эхнэр бид хоёр хөдөө гэртээ очоод унтаж байтал шөнө 3 цаг өнгөрч байхад манай хадам дүү утсаар залгаад Галсанцэрэн машинд дайруулчихсан гэж байна, та хүрээд ир, би одоо эмнэлэг явах гэж байна гэхээр нь би босоод хөдөө гэрээсээ эхнэрийнхээ хамт орж ирээд хүү Д.Галсанцэрэнгийн гэрээр очиход хашааны хаалга нь онгорхой машин нь байхгүй байсан. Тэгээд сумын төвийн Эрүүл мэндийн төвийн үүдэнд ирэхэд манай дүү нар цуглачихсан байсан. Эхнэр бид хоёр эмнэлэг ороод эмчтэй уулзахад “танай хүү машинд дайруулчихсан ирээд нас барчихлаа” гэж хэлсэн. Манай хүүгийн найз П.Бат-Өлзий оршуулгын зардалд нэмэр болог гээд 1.000.000 төгрөг өгсөн. Надад нэмж нэхэмжлэх зүйл байхгүй. П.Бат-Өлзийгийн аав бид хоёр нэг ангид сурдаг байсан бас цэрэгт хамт байсан. Манай талийгаач хүү Д.Галсанцэрэн болон П.Бат-Өлзий нар хар багаасаа найзалж нөхөрлөж байсан. Манайхаар орж гардаг ойр дотно байдаг байсан мөн П.Бат-Өлзийн амьдрал тааруухан мал идээ муутай айл байдаг учраас надад нэхэмжлээд байх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 31-35/,
Гэрч М.Түвдэнсүрэнгийн “...Би 2022 оны 09 дүгээр сарын 21-ний орой 21 цагийн орчим гэрээсээ гараад ангийн найз болох Д.Галсанцэрэнгийн гэрт очсон. Намайг очиход гэрт нь амь хохирогч Галсанцэрэн, бас манай ангийн хүүхэд болох Бат-Өлзий, бас Галсанцэрэнгийн 2 дүү байсан. Би гэрт нь ороод цай уугаад сууж байтал амь хохирогч Галсанцэрэнгийн ажлын хүн утсаар яриад тогны дуудлага ирээд байна хамт яваад ирье гэхээр нь Галсанцэрэн, Бат-Өлзий бид 3 тэр хүнийх нь хамт дуудлагад нь явсан. Дуудлага нь халуун усан дээр ирсэн байсан бид нар очоод нэг юмыг нь засаж өгчхөөд тэгээд буцаад Галсанцэрэнгийн гэрт очсон. Галсанцэрэнгийн гэрээс дахин гараад манай гэрт ирсэн. Би гэртээ ирээд мотоциклоо үлдээгээд гэрээс 0.75 литрийн Экс архи 1 ширхэг, 1 литрийн Эдэн архи 1 ширхэг аваад нийт 2 шил архи аваад Нямбадорж гэдэг ангийн хүүхдийг гэрээс нь очиж аваад бид 4 амь хохирогч Галсанцэрэнгийн машинтай сумын төвийн ард тал руу оноон дээр гарч зогсоод машиндаа архи уусан. Эхлээд машины жолооны ард Галсанцэрэн сууж байсан. Тэгээд тэнд архи ууж байгаад архи дуусаад тэгээд сумын төв рүү орж ирэхээр явсан. Архи уусан газраас хөдлөхдөө Бат-Өлзий машин бариад би жолоочийн хойд талын суудал дээр суугаад, жолоочийн хажуу талын урд суудал амь хохирогч Галсанцэрэн суугаад миний хажууд хойд суудал дээр Нямбадорж суугаад бид нар сумын төв орж ирсэн. Бат-Өлзий хэзээ машины жолооны ард суусан талаар мэдэхгүй байна. Сумын төв орж ирээд би хүүхдийн тоглоомын талбайн урд талд буугаад сургуулийн хашаа руу ороод 00 орчхоод гараад иртэл Галсанцэрэнгийн машин ертөнцийн зүгээр зүүн урагшаа харсан байдалтай машины гадна талд урд хэсэгт нь газар амь хохирогч уначихсан, амь хохирогчийн толгойг Нямбадорж тэвэрчихсэн Бат-Өлзий чи хүн дайрчихлаа шүү дээ гээд сууж байсан. Тэгээд би ирээд Нямбадоржийн хамт амь хохирогчийг өргөөд машины хойд талын суудал дээр хэвтүүлээд, би машин бариад эмнэлэг явсан. Тэгээд эмнэлэг дээр ирээд амь хохирогчийг оруулаад хэвтүүлсэн, тэгээд эмч нар ирээд бид хэдийг гар гэхээр нь гарцгаасан. Цааш нь юу болсон талаар мэдэхгүй байна. Бид нар архи уугаад сууж байхдаа ойр зуурын юм ярьж байсан. Ямар нэгэн хэрүүл маргаан болсон зүйл байхгүй. Сумын төв рүү орж ирэхэд П.Бат-Өлзий машин барьж байсан. Тэгээд сургуулийн хажууд зогсоод би буугаад 00 ороод гараад иртэл машин гадна талд урд хэсэгт нь амь хохирогч газар уначихсан амь хохирогчийн толгойг Нямбадорж тэвэрчихсэн П.Бат-Өлзий чи хүн дайрчихлаа шүү дээ гээд сууж байсан. Тэр үед амь хохирогчийг тэвэрсэн байсан Нямбадоржийн гар цус болсон байдалтай байсан. Бид 4 нийлээд 0,75 литрийн Экс архи 1 ширхэг, 1 литрийн Едэн архи 1 ширхийг нийт 2 шил архи уусан. Бид нар ижилхэн уусан. Нилээд согтсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх 40-41/,
Гэрч М.Нямбадоржийн “...Би 2022 оны 09 дүгээр сарын 21-ний орой гэртээ байж байтал надаас хүн гарал үүслийн гэрчилгээ авна гээд хүн утсаар ярихаар нь гарал үүсэл бичээд байж байтал манай гэрт Бат-Өлзий, Галсанцэрэн, Түвдэнсүрэн нар 1 шил 0.75 литрийн Экс нэртэй архи авчихсан ирсэн. Тэгээд тэр архийг манай гэрт уух гэтэл манай эхнэр дургүйцээд манайд уухаа болиод манай гэрээс гараад бид 4 амь хохирогч Галсанцэрэнгийн машинтай сумын төвийн ард тал руу оноон дээр гарч зогсоод машиндаа архи уусан. Бид хамт машин дотор сууж байгаад 0.75 литрийн Экс архи 1 ширхэг, 1 литрийн Еден архи 1 ширхэг аваад нийт 2 шил архи уусан. Эхлээд машины жолооны ард Галсанцэрэн суугаад, урд талын жолоочийн хажуугийн суудал дээр Бат-Өлзий суугаад, хойд талд Түвдэнсүрэн бид 2 сууж байгаад архи уусан. Тэгээд бид нэр нэлээд согтоод ирсэн, бүгдээрээ буугаад бие засаад тэгээд эргэж машиндаа суугаад сумын төв рүү орж ирэхээр хөдөлсөн. Архи уусан газраас хөдлөхдөө Бат-Өлзий машин бариад би жолоочийн хойд талын суудал дээр суугаад, жолоочийн хажуу талын урд суудал амь хохирогч Галсанцэрэн суугаад миний хажууд хойд суудал дээр Түвдэнсүрэн суугаад бид нар сумын төв орж ирсэн. Би тэндээс наашаа хөдлөхдөө цонх налаад хэсэг унтаад сэрсэн. Нэг мэдэхэд төв орж ирээд зогсож байсан. Галсанцэрэн машинаас буугаад бөөлжөөд байсан. Сумын төв дээр зогсоод Түвдэнсүрэн буугаад 00 орохоор явсан, араас нь Галсанцэрэн буугаад бөөлжсөн. Би машины хойд талд суугаад Бат-Өлзий жолооны ард суугаад байж байтал Бат-Өлзий машинтайгаа урагшаа гэнэт хөдөлсөн, тэгтэл нэг хүн орилсон. Тэгэхээр нь би Бат-Өлзийд хүүш ээ чи хүн мөргөчихлөө шүү дээ гэж хэлээд машинаас буугаад урд хэсэгт гэрэлд газар унасан байдалтай байсан Галсанцэрэн дээр очоод толгойг нь бариад авахад толгой хэсэг нь их хэмжээгээр цус гарсан байдалтай байсан. Тэгэхээр нь би Түвдэнсүрэнг дуудаад амь хохирогч Галсанцэрэнг өргөөд эмнэлэг дээр ирээд хүлээлгэж өгсөн. Тэр үед амь хохирогч Галсанцэрэнгийн зүүн талын чихнээс их хэмжээний цус гарсан байсан. Тэгээд авч очоод эмнэлэгт хүлээлгэн өгсөн. Амь хохирогч Галсанцэрэнгийн машиныг манай найз П.Бат-Өлзий барьж байгаад Галсанцэрэнг санамсаргүй байдлаар мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх 43-46/,
Гэрч Э.Өнөтуяагийн “...2022 оны 09 дүгээр сарын 22-ны шөнийн 02 цаг 41 минутын орчин манай сувилагч Ж.Бямбажаргал над руу 98159333 дугаарын утсаар залгаад осолд орсон хүнд ирлээ та хүрээд ирээч гэсэн. Тэгээд би 02 цаг 45 минутын үед ирсэн тэгэхэд манай эрхлэгч эмч Б.Мягмаржаргал ирсэн хүнээ үзэж байсан. Тэгээд бид хоёр хүнээ үзэхэд маш хүнд ухаан байхгүй орчны харилцаа байхгүй даралт хэмжигдэхгүй, зүрх сул, хоёр нүдний хүүхэн хараа өргөсөн гэрлийн урвал байхгүй, зүүн талын чихний ар хуйх хэсэгт зулгарсан шархтай зүүн талын чихнээс цус гарсан бүх хүйтэн өвдөлтийн цочролд хариу өгөхгүй, чагнахад зүүн уушгинд амьсгал сонсогдоогүй, баруун талын уушгинд цулцангийн ширүүн амьсгалтай амьсгалт туслах булчингууд оролцсон, цээжийг тэмтрэхэд зүүн талын хавирганд хугарлууд тэмтрэгдсэн, амнаас цустай хөөс гарсан, өөрөө хүчилж амьсгалж байсан. Тэгээд бид нар сэхээн амьдруулах арга хэмжээнд шилжсэн, зүрхэнд шууд бус иллэг хийсэн, амбугаар амьсгал өгч дэмжсэн, адреналина 1 мл 2-р удаа булчинд хийсэн. Тэгээд зүрх судас амьсгал дэмжигдэхгүй байсаар байгаад 3 цаг 10 минутад нас барсан. Тэгээд цагдаа дуудаад ар гэрт нь мэдэгдээд сүүлд нь ар гэрийнхнийг дуудаж уулзаад 5 цаг 30 минутад цогцсыг моорогт байрлуулсан...” гэх мэдүүлэг /хх 48/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4805 дугаартай “...П.Бат-Өлзий гэж хаяглагдсан цусанд 0,6 промилли спирт илэрсэн. Цусан дахь 0,6 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн /хх 64-65/ шинжээчийн дүгнэлт,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 0000000074 дугаартай “...Амь хохирогч Д.Галсанцэрэнгийн биед гэмтэл учирсан байна. ЗТО-д үед үүссэн байх боломжтой ЗТО, цээжний хэвлийн хөндийн битүү гэмтэл дотуур цус алдалт /800мл/, элэгний задрал, олон хавирганы хугарал, өвчүүний бүдэрхий хугарал, зүүн дунд чөмгөний далд хөндлөн зөрүүтэй, хугарал, зүүн чарамхайн дээд хэсгийн хуйхны шарх, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, хүзүүний 2 тал, цээжний урд хэсгийн цус хуралт зүүн чихний дэлбээ хүзүү, зүүн шанаа, зүүн хацар, духны баруун хэсэг, зүүн хацрын төвгөр, хамрын нуруу, доод эрүүний доод болон баруун доод хэсэг, зүүн хацрын төвгөр, хамрын гол хэсэг, зүүн бөөр зүүн дунд чөмөг, 2 шуу, 2 сарвууны ар хэсэг, баруун дунд чөмөгний гадна хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Үхэлд хүргэхээс бусад гэмтлүүд нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд учир гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Д.Галсанцэрэнгийн биед учирсан дээрх гэмтлүүд нь амьд байх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Д.Галсанцэрэнгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч Д.Галсанцэрэн нь цээж хэвлийн хөндийн битүү гэмтэл, дотуур цус алдалтын шоконд орж нас барсан байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 80-81/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-9/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт Зам тээврийн осол дээр тогтоосон актаар /хх 9-17/ тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Бат-Өлзийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Мод хөрөөдөж дуусаад гэрт нь ороод хоол идээд байж байтал манай найз Түвдэнсүрэн мотоциклтой ирсэн. Хохирогч бид 3 байж байтал Галсанцэрэнгийн ажлаас нь халуун усан дээр цахилгааны дуудлага ирсэн. Тэгээд тэр дуудлагад амь хохирогч Галсанцэрэн, би манай найз Түвдэнсүрэн, Галсанцэрэнгийн ажлын газрын нэг хүн бид нар хамт очсон. Дуудлагаа шийдвэрлэчхээд амь хохирогч Галсанцэрэн, би манай найз Түвдэнсүрэн бид халуун уснаас хөдлөөд Галсанцэрэнгийн хашаа руу явсан. Тэдний хашаа руу явж байхад замдаа Түвдэнсүрэн Увсын ганц нэг юм байгаа гэж хэлээд тэрийг нь уухаар болсон. Тэгээд Галсанцэрэнгийн хашаанд очоод тэндээсээ Түвдэнсүрэн мотоциклоо аваад гэр рүүгээ явсан, араас нь Галсанцэрэн бид 2 машинтай очсон. Түвдэнсүрэн гэртээ мотоциклоо үлдээгээд гэрээсээ 2 шил архи аваад гарч ирээд машинд суугаад бас нэг ангийн найз Нямбадоржийн гэрт очсон. Нямбадорж гэрт эхнэр хүүхдийн хамт байхаар нь айл хүндрүүлэн яах вэ гэж бодоод Нямбадоржийг гэрээс нь аваад сумын төвийн хойд талд байдаг хар уулын ард гарсан. Тэгээд бид 4 амь хохирогч Галсанцэрэнгийн машинд сууж байгаад 1 литрийн Эдэн, 0.75 литрийн Экс нэртэй архи хувааж уусан. Архи ууж дуусаад бид нар машинаас буугаад бие зассан. Тэгээд буцаад машинд суухдаа би амь хохирогч Галсанцэрэнгийн машины жолоочийн суудал дээр, амь хохирогч жолоочийн хажуу талд урд суудал дээр суусан байсан, хойд талын суудал дээр Түвдэнсүрэн, Нямбадорж нар суусан байсан. Тэгээд би тэндээсээ хөдлөөд сумын төв рүү явсан. Нэг мэдэхэд сумын төв ороод ирчихсэн, сургуулийн баруун талд дэлгүүрийн хажуу талд төв гудамжинд ирээд зогссон байсан. Тэгээд нэг мэдэхэд би жолооны ард суучихсан манай найз Нямбадорж гадна “чи Галсанцэрэнг дайрчихлаа шүү дээ” гээд орилж байсан. Тэгээд цаанаас Түвдэнсүрэн гүйгээд ирсэн би машиныг хойш нь ухраагаад өөрөө машинаас буугаад иртэл машины зүүн талын урд хэсэгт амь хохирогч Галсанцэрэнг тэвэрчихсэн сууж байсан. Тэгтэл цаанаас Түвдэнсүрэн гүйж ирээд бид нар амь хохирогчийг аваад шууд эмнэлэг явсан. Эмнэлэг дээр очоод амь хохирогчийг эмнэлэг рүү оруулаад гадаа гараад байж байтал сумын цагдаа нар ирээд бид нарыг машиндаа суулгасан. Бид нар архи ууж дуусаад архи уусан газраасаа хөдлөхөөс нь өмнө бүгд буугаад бие зассан, тэгээд буцаад суухдаа жолооны ард суусан байсан. Тэгээд тэр чигтээ машин бариад явсан. Хэн нэгэн намайг машин жолоодох талаар хэлж ярьсан зүйл байхгүй. Надад жолоодох эрхийн үнэмлэх байхгүй, би жолоонд сууж байгаагүй. Бид нар архи уухаар явахдаа амь хохирогч Галсанцэрэнгийн саарал өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр явсан. Би өмнө Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож байгаагүй, анх удаа л жолоодож байгаа нь тэр байсан юм. Би найз Түвдэнсүрэн, Нямбадорж, амь хохирогч Галсанцэрэн нарын хамт 1 литрийн Эдэн, 0.75 литрийн Экс нэртэй архи нийт 2 шил архи 4-лээ уусан, бид нар бараг ижил хэмжээний согтолттой байсан байхаа, би зарим зүйлээ санахгүй байгаа ухаан санаа орж гараад л байсан. Амь хохирогч Галсанцэрэн бөөлжөөд байсан. Би жолооны ард сууж байгаад машиныг араанд нь хийгээд урагшаа хөдлөхөд хүн орилоод байна гэж Нямбадорж хэлсэн, тэгээд бууж хараад Нямбадорж “чи хүн дайрчихлаа шүү дээ” гэж хэлэхээр нь би хойшоо ухраад машины зогсоогоод бууж ирээд хартал амь хохирогчийн мөргөсөн байсан...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай тохирч байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж зам тээврийн осол гарсан болохыг нотолж байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч П.Бат-Өлзий нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сумын дундын Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ш.Сандагдоржийн “...2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр /ИН96060719/-ын бичиг баримттай Пүрэвнямын Бат-Өлзийн жолооны үнэмлэхийн лавлагааг харахад “В” ангиллын болон бусад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байв...” гэсэн тодорхойлолт, жолоочийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна. /хх 153/
Шүүгдэгч П.Бат-Өлзий нь тээврийн хэрэгслийг жолоодох үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болох нь “...Зам тээврийн осол гаргасан Пүрэвнямын Бат-Өлзийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг Alcotest AL7510 гэх багажаар үлээлгэж шалгахад 0,96 хувийн согтолттой байсан...” гэсэн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 144-145/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4805 дугаартай “...П.Бат-Өлзий гэж хаяглагдсан цусанд 0,6 промилли спирт илэрсэн. Цусан дахь 0,6 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлтээр давхар тогтоогдож байна.
Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нь шүүгдэгч П.Бат-Өлзий нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоноос болсон болох нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай “...Уг зам тээврийн осол гарах болсон гол шалтгаан 5860 ЗАА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолооч П.Бат-Өлзий нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн А-д заасан "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэснийг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн байх боломжтой байна...” гэсэн мөрдөгчийн магадалгаагаар тогтоогдож байна. /хх 90-93/
Шүүгдэгч П.Бат-Өлзийд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй байна.
Мөн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Улсын яллагч шүүгдэгч П.Бат-Өлзийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаагүй болно.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл байх ба энэ үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байх бөгөөд үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг.
Харин уг гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж хүний амь нас хохироосон бол хүндрүүлэх шинж болгон хуульчилжээ.
Шүүгдэгч П.Бат-Өлзийг Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг жолоочид хориглоно” гэсэн заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, харин энэ үйлдлийн улмаас хүний амь нас хохирч байгаа нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.
Иймд түүний үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлж хуульчилсан.
Шүүгдэгч П.Бат-Өлзийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Галсанцэрэн нь нас барсан болох нь дүгнэлтээр тогтоогдсон байна.
Шүүгдэгч П.Бат-Өлзий нь хохирогчид хохирол төлбөрт 1,000,000 төгрөг төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “...Манай хүүгийн найз П.Бат-Өлзий оршуулгын зардалд нэмэр болог гээд 1,000,000 төгрөг өгсөн. Надад нэмж нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч П.Бат-Өлзийг согтуурсан үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 1 жил 15 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Бат-Өлзий нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохирол төлбөрт 1,000,000 төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн өмчлөлийн зөв талын гуя дээрээ хас тамгатай нас гүйцсэн 1 тооны морь, зөв талын гуя дээрээ хас тамгатай нас гүйцсэн 1 тооны гүү, 3 тооны эр ямаа, 3 тооны хонийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хэнз овогт Пүрэвнямын Бат-Өлзийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч П.Бат-Өлзийг 1 /нэг/ жил, 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бат-Өлзийд оногдуулсан 1 /нэг/ жил, 15 /арван тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч П.Бат-Өлзий нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид хохиролд 1,000,000 төгрөг төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөөс зөв талын гуя дээрээ хас тамгатай нас гүйцсэн 1 тооны морь, зөв талын гуя дээрээ хас тамгатай нас гүйцсэн 1 тооны гүү, 3 тооны эр ямаа, 3 тооны хонийг битүүмжилсэн прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 55 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бат-Өлзийд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, хорих ялын биелэлтийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ