| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 128/2024/0532/3 |
| Дугаар | 221/МА2024/0775 |
| Огноо | 2024-12-10 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2024/0775
“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/08** дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, С.Д нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “С” ХХК
Хариуцагч Хот *************** яам,
Хариуцагч Бол************** газар
Хариуцагч Бол**************** **
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.А,
Хариуцагчийн Бо******** газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай
Хэргийн индекс: 128/2024/05***/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 08** дугаар шийдвэрээр: “Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсийн 1, 6, Монгол улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.2, Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.14, Барилгын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасныг тус тус баримтлан “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Засгийн газрын 2023 оны 2**** дүгээр тогтоолын 1.1 дэх заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг заалтыг хэрэгжүүлэхийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд даалгаж, нэхэмжлэгчээс Боловсролын яам, Боловсролын ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “... Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн цогцолбор10.2-т “24.4-т Барилгын материалын үнэ болон ханшны өөрчлөлт, бусад хүчин зүйлээс хамааран барилга байгууламжийн төсвийн тооцоонд өөрчлөлт оруулах тохиолдолд санхүү, эдийн засгийн болон барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран үндэслэл, тооцоог хянаж, санхүүжүүлэх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэнэ гэж зааснаас үзвэл хариуцагч захиргааны байгууллагууд нь төвийн хөрөнгөөр баригдаж буй барилгын төсвийн тооцоонд өөрчлөлт орох нөхцөл бий болсон тохиолдол бүрд үндэслэл тооцоог хянаж санхүүжүүлэх арга хэмжээ авах үүрэгтэй байна гэж зөв дүгнэсэн боловч мөн хэсгийн цогцолбор 10.3-т “Сангийн яамнаас ... хариу авснаар уг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй болсон хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь хууль тогтоогч Барилгын тухай хуулийн 24.4 дэх хэсэгт тусгасан төсвийн тооцоонд хийх өөрчлөлтийг санхүү, эдийн засгийн болон барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран хэрэгжүүлэхээр тусгасныг шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахдаа харгалзан үзэлгүйгээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлийг бүрдүүлж байна. Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахдаа Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д “Барилгын ажлын явцад барилга байгууламжийн үндсэн хийц, бүтээцэд өөрчлөлт оруулсан бол тухайн өөрчлөлтийг тусгаж боловсруулсан зураг төсөлд дахин магадлал хийлгэнэ” гэж заасныг, түүнчлэн барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулах чиг үүргийг Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4 дэх заалтад заасны дагуу барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцдаг болохыг тус тус харгалзан үзээгүйгээр шийдвэрээ гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-т заасанд нийцэхгүй байна. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, агуулгыг тодруулаагүйгээс шүүхийн шийдвэрээр хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу цуглуулсан, хуулийг буруу хэрэглэснээс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “С” ХХК нь Боловсрол, шинжлэх ухааны сайд, Боловсролын ерөнхий газар болон Барилга, хот байгуулалтын сайд яаманд холбогдуулан “Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2**** дүгээр тогтоолд заагдсан арга хэмжээг хэрэгжүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Анхан шатны шүүх хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны сайд болон Боловсролын ерөнхий газар нь дээрх 2**** дүгээр тогтоолыг биелүүлж, Төсвийн тухай хуульд заасан эрхийн хүрээнд санхүүжилт хийсэн гэж дүгнэж, холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, “... барилгын дуусаагүй ажилтай холбоотой магадлал хийлгэх ажлыг зохион байгуулаагүй байна. Энэ тохиолдолд Барилга, хот байгуулалтын яам нь Засгийн газрын шийдвэрийн ... магадлалын нэгтгэсэн дүгнэлтээр баталгаажуулах арга хэмжээ авахыг даалгасныг хэрэгжүүлээгүй” гэж үзэж, түүнд холбогдох нэхэмжлэлийг ханган, Засгийн газрын 2**** дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
4. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2**** дүгээр тогтоолын 1-д “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин баригдаж байгаа боловсрол, шинжлэх ухааны салбарын барилга байгууламжийг ашиглалтад оруулахтай холбогдуулан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газрын холбогдох гишүүн, албан тушаалтанд даалгасугай: 1.1. Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулиар батлагдсан төсөвт өртөгт багтаан барьж ашиглалтад оруулах боломжгүй нөхцөл байдал үүссэн зарим барилгын үлдэгдэл ажлын тоо хэмжээ болон төсвийн зөрүүг нягтлах, магадлалын нэгтгэсэн дүгнэлтээр баталгаажуулах арга хэмжээ авахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Дд, 2-т Төсвийн тухай хуулийн 10.1.14-т заасан зохицуулалтын хүрээнд Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулиар боловсрол, шинжлэх ухааны сайдын төсвийн багцад батлагдсан хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийн явц байдалтай нь уялдуулан хуулиар батлагдсан хүнд нь багтаан зохих журмын дагуу зохицуулалт хийхийг Сангийн сайд Б.Ж, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Э нарт даалгасугай.” гэжээ.
5. Уг тогтоолын дагуу эхлээд Барилга, хот байгуулалтын сайд дуусаагүй барилгын үлдэгдэл ажлын тоо хэмжээ болон төсвийн зөрүүг нягтлан, магадалж дүгнэлт гарган баталгаажуулах, уг дүгнэлтэд үндэслэн Боловсрол, шинжлэх ухааны сайд нь 2023 оны төсвийн хүрээнд барилгын явц, байдалтай нь уялдуулан зохицуулалт хийхээр байна.
6. Хэрэгт авагдсан баримтаар Барилга, хот байгуулалтын сайд нь уг тогтоолын дагуу нэхэмжлэгчийн барьж буй барилгыг дуусаагүй байхад үлдэгдэл ажлын тоо хэмжээ, шаардагдах төсвийг нягталж магадлан дүгнэлт гаргаагүй боловч Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/3*** дүгээр тушаалаар[1] дээрх 2**** дүгээр тогтоолыг үндэслэн, 2023 оны төсвийн хуулиар сайдын багцад батлагдсан хөрөнгийн зардлын дүнд багтаан он дамжин хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээний барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн явцтай нь уялдуулан санхүүжилтийн зохицуулалт хийх жагсаалтыг нэгдүгээр хавсралтаар баталсны дотор нэхэмжлэгч “С” ХХК-ийн “Э” цогцолбор сургуулийн өргөтгөл /640 суудал/ барих ажил хамрагдаж, 2023 онд батлагдсан 346,6 сая төгрөг дээр нэмэлтээр 792,3 сая төгрөгийг санхүүжүүлэхээр зохицуулалт хийсэн нь тогтоогдож байна.
7. Мөн хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас нэхэмжлэгч “С” ХХК нь “Э” цогцолбор сургуулийн өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэж дуусжээ.
8. Эдгээрээс үзвэл Засгийн газрын 2**** дүгээр тогтоолыг биелүүлж гаргасан Боловсрол, шинжлэх ухааны сайдын санхүүжилт нэмж өгснийг нэхэмжлэгч хүлээн авсан, барилгаа бариад дууссан байхад уг тогтоолын нэг дэх заалт буюу барилгын үлдэгдэл ажлын тоо хэмжээ, шаардагдах төсвийг нягтлан магадлах ажлыг нөхөж хийхийг даалгасан шийдвэр биелэгдэх боломжтой эсэх, нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг сонирхол нь сэргэх нь тодорхойгүй байна.
9. Хэрэгт авагдсан 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн нэхэмжлэгчийн гүйцэтгэж буй барилгын ажилтай танилцах үеийн тэмдэглэлд 88 хувийн гүйцэтгэлтэй, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө ажлаа зогсоохгүй, барилгаа дуусгах, санхүүжилтийг шийдвэрлэж өгөхөөр ярилцсан байх бөгөөд нэхэмжлэгч нь дутуу ажлыг дуусгахад Сайдын олгосон санхүүжилтээс гадна өөрийн тодорхой хөрөнгийг нэмж гаргаснаар барилгыг дуусгаж ашиглалтад оруулсан бол уг хөрөнгийг гаргуулахыг хүссэн тохиолдолд энэ талаарх хариуцагч, нэхэмжлэлийн шаардлага, агуулгыг тодруулах шаардлагатай.
10. Засгийн газрын 2**** дүгээр тогтоолоор Засгийн газрын гишүүд буюу сайдуудад үүрэг болгосон, мөн Төсвийн тухай 2023 оны хуулийн хүрээнд сайдын төсвийн багцад батлагдсан дүнд нь багтаан зохих журмаар зохицуулалт хийхийг даалгасан байхад нэхэмжлэгч нь Яамдыг хариуцагчаар татсан, анхан шатны шүүх энэхүү харилцааг зохицуулаагүй Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.2 дахь заалт буюу Яамны Төрийн нарийн бичгийн даргын бүрэн эрхийн талаарх зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу, хэн биелүүлэх нь тодорхойгүй, биелэгдэх боломжгүй шийдвэр болжээ.
11. Харин Барилгын тухай хуульд зааснаар “магадлалын нэгдсэн дүгнэлт” гэх ойлголт нь барилга эхлэхээс өмнө хийгддэг бөгөөд Засгийн газрын тогтоолд заасан байдлаар шүүхийн шийдвэрт илэрхийлж даалгасан байх тул шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээргүй байна.
12. Иймд дээрх нөхцөл байдалтай холбоотой хариуцагч Боловсролын сайд нь Засгийн газрын 2**** дүгээр тогтоолыг биелүүлж санхүүжилт олгосон байхад аль албан тушаалтны ямар үйлдэл, эс үйлдэхүй, гэрээний биелэлттэй маргах, үүний улмаас ямар эрх, ашиг сонирхол зөрчигдсөн, хэрхэн сэргэх зэрэг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулж, шаардлагатай баримтыг цуглуулсны үндсэн дээр маргааны зүйл, хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/08** дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч төсвийн байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
[1] Хэргийн 1 дүгээр хавтас 205-211 хуудас, 334-р тушаалын Хавсралтын 2-д