Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 206

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн, 

улсын яллагч Н.Энхтуяа,

шүүгдэгч Б.Алтансүх /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Баянжаргалын Алтансүхэд холбогдох эрүүгийн 201625031812 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Өөлд овгийн Баянжаргалын Алтансүх, 1983 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт мэргэжилтэн ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 1-1136 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ВЮ83111038.

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/;

Шүүгдэгч Б.Алтансүх нь 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Сайнжаргалыг 25-93 УНЭ улсын дугаартай автомашинтай замын хөдөлгөөнд оролцож байхад нь хурдан явсангүй гэсэн шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар түүний эзэмшлийн 25-93 УНЭ улсын дугаартай машины зүүн урд хаалга болон зүүн хойд хаалгыг өшиглөн санаатайгаар гэмтээж, 170.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.Алтансүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Прокурорын яллах дүгнэлтэд үнэн зөв бичигдсэн байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй, хохиролд 300.000 төгрөг төлсөн. Хохирогч Э.Сайнжаргалаас болон түүний гэр бүлээс уучлалт гуйсан байгаа…” гэв.   

 

Мөн шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хавтаст хэргийн бичгийн нотлох баримтуудаас:

 

            Хохирогч Э.Сайнжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 20:30 минутын үед миний бие өөрийн эзэмшлийн мөнгөлөг саарал өнгийн 25-93 УНЭ улсын дугаартай Хонда /Honda Civic/ маркийн авто машинтай эхнэр Батзаяагийн хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Теди төвийн хажууд явж байтал хажуунаас цайвар ногоон өнгийн 17-05 УНЭ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашин шахаад орж ирчихээд гэрлээ анивчуулаад сигналдаад байсан. Тэгэхээр нь би таньдаг хүн юм болов уу гэж бодоод цонхоо доошлуулаад хартал приус машинаас танихгүй залуу бууж ирээд надруу дайраад хэл амаар доромжилсон. Би хариу үйлдэл хийгээгүй. Тэгсэн тэр залуу уурласандаа миний машины зүүн урд талын хаалгыг 3-4 удаа хөлөөрөө өшиглөсөн, мөн зүүн талын хойд хаалгыг 2-3 удаа өшиглөсөн. Машины бусад эд анги бүрэн бүтэн байгаа. Зүүн урд хаалга өшиглөснөөс болоод хонхойсон, хойд хаалганд зураас үүссэн байна. Үнэлгээний Вендо гэх компаниар үнэлүүлэхэд машины эвдрэлийг 195.200 төгрөг, үнэлгээний хөлс гэж 18.000 төгрөг болсон. Миний бие одоо 213.200 төгрөг нэхэмжилж байна…/хх-17-18/. ...Миний хохирлыг барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцохгүй...” гэжээ /хх-19/.   

 

Гэрч Х.Саранзаяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нөхөр Алтансүхийн хамт 19:50-20:10 минутын үед Найрамдал зуслангаас нөхөр Алтансүхийн ажлын газар руу ажилласан цагийг нь  хаалгах гээд хуруу дарахаар өөрийн 17-05 УНЭ улсын дугаартай цайвар ногоон өнгийн Тоёота приус 20 маркийн автомашинтай явж байсан. Тэгээд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Теди төвийн хажуугийн замаар явж байтал хажуунаас саарал өнгийн улсын дугаарыг нь мэдэхгүй жижиг суудлын тэрэг шахаад ороод ирсэн. Тэр машин урдуур ороод ирэхээр нь манай нөхөр зай тавиад урдуураа оруултал тэр машин явахгүй байсан ба сигналдахад хөдлөхгүй байсан. Нөхөр Алтансүх хурдан явна уу гэсэн шаардлага тавьсан. Тухайн үед зам бага зэргийг түгжрэлтэй байсан. Тэгээд нөгөө машиныг явахгүй болохоор нь Алтансүх машинаас буугаад нөгөө саарал өнгийн машины жолоочтой очиж уулзсан. Юу ярьсныг мэдэхгүй, машин дотор сууж байсан учир сонсоогүй. Тэгтэл манай нөхөр Алтансүх саарал өнгийн автомашины зүүн талын аль хаалгыг нь мэдэхгүй гараараа цохих шиг болсон. Хэдэн удаа цохьсныг нь сайн хараагүй. Тэгээд нөхөр маань машин дээрээ буцаад ирсэн. Өөр зүйл болоогүй…” гэжээ /хх-21/.

 

Хөрөнгийн үнэлгээний Вендо компаний 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зураг /хх-38-39/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /12-13/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-33-34/, хохирлын мөнгө хүлээн авсан тэмдэглэл /хх-15/, хохирогч Э.Сайнжаргалын “Б.Алтансүхээс хохиролд 300.000 төгрөг хүлээн авлаа, иймд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-45/ зэргийг шинжлэн судаллаа.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Алтансүх нь 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Сайнжаргалыг 25-93 УНЭ улсын дугаартай автомашинтай замын хөдөлгөөнд оролцож байхад нь хурдан явсангүй гэсэн шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар түүний эзэмшлийн 25-93 УНЭ улсын дугаартай машины зүүн урд хаалга болон зүүн хойд хаалгыг өшиглөн санаатайгаар гэмтээж, 170.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Сайнжаргалын хэрхэн хохирсон тухайгаа мэдүүлсэн мэдүүлэг, гэрчийн мэдүүлгүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирлын үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцож, зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа түүнийг анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, гэм хор арилсан зэргийг харгалзаж, оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Алтансүх нь хохиролд 300.000 төгрөг төлсөн, хохирогч Э.Сайнжаргал нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон зэргийг дурдав.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Өөлд овгийн Баянжаргалын Алтансүхийг бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтансүхэд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Б.Алтансүх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Алтансүхэд оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

           

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН