Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 174

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Луус сумын 1-р багт оршин суух Хулд овогт Г.Т-ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 03 сарын 15-ны өдөр хүлээн авч, 2018 оны 03 сарын 16-ны өдөр 139/2018/00203/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Т-, нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1968 онд төрсөн. Би 1984 онд 8-р ангиа төгсөөд илгээлтээр Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд орж 1984 оны 07 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-н хүртэл малчнаар ажилласан. Энэ хугацааны хөдөлмөрийн дэвтрийн бичилт тамга тэмдэггүй, тушаал дутуу бичигдсэн зэрэг зөрчилтэй байх тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, цалингийн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтыг үндэслэн 1984 оны 07 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-н хүртэл Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд малчнаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Т- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Г.Т- нь 1984 оны 07 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:

1. Дундговь аймгийн архивын тасгийн 2018 оны 03 сарын 12-ны өдрийн 214 тоот тодорхойлолт /ХХ-6/,

2. Дундговь аймгийн Луус сумын Эрүүл мэнд Нийгмийн даатгалын байцаагчийн 2018 оны 03 сарын 05-ны өдрийн тодорхойлолт /ХХ-4/,

3. Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2018 оны 03 сарын 12-ны өдрийн 08/229, 228 тоот албан бичгүүд /ХХ-3, 5/,

4. Дундговь аймгийн Хулд сумын Засаг даргын Тамгын газрын 2018 оны 03 сарын 05-ны өдрийн 03/148 тоот тодорхойлолт /ХХ-8/,

5. Г.Т-ийн 1984-1990 онуудад авч байсан цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар /ХХ-9-15/,

6. Г.Т-ийн Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлээс 1984 оны 06 сарын 16-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэр /ХХ-17/,

7. Гэрч С.Ганболдын ...Г.Т- нь 1984 оноос 1990 оныг дуустал Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн Бүлээн бригадад малчинаар ажиллаж байсан. Эднийх төл мал малладаг байсан юм. Бид нэг бригадын малчид байсан гэх мэдүүлэг /ХХ-21/

8. Гэрч Л.Равдандоржийн ...Г.Т- нь Хулд сумын 8-н жилийн сургуулийг 1984 оны хавар төгсөөд илгээлт авч Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн Бүлээн бригадад малчин болсон. 1992 он хүртэл тасралтгүй нэгдлийн мал маллаж байсан. Бог мал малладаг байсан. 1992 оноос Луус сумын бэр болж Луус суманд малчнаар одоог хүртэл ажиллаж байгаа. Би тухайн үед Бүлээн бригадын агентаар ажиллаж байсан юм. Нэг нутаг ус, нэг хонхорын хүмүүс байгаа юм... гэх мэдүүлэг /ХХ-22/

9. Гэрч С.Ханджамцын ...Г.Т-ийг би багаас нь мэднэ. 1984 онд сургуулиа төгсөөд илгээлтээр Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдлийн Бүлээн бригадад малчин болсон. Нэгдэлд 1992 он хүртэл тасралтгүй мал маллаж байсан. Бог мал малладаг байсан. Манайхан нэг усны айлууд байсан юм...гэх мэдүүлэг /ХХ-23/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Хулд овогт Г.Т- /РД:ЗМ68013024/-ийг 1984 оны 07 сарын 01-нээс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал Дундговь аймгийн Хулд сумын Талын цэцэг нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Т-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дүгээр зүйлд зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА