| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхүүгийн Аюушжав |
| Хэргийн индекс | 105/2023/0104/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/119 |
| Огноо | 2023-01-23 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Я.Амарзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2023/ШЦТ/119
2023 01 23 2023/ШЦТ/119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч Я.Амарзаяа,
иргэний нэхэмжлэгч Б.Э, өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,
шүүгдэгч И.Т, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .......... овогт И.Т-т холбогдох эрүүгийн ........ дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, хүнд ...... мэргэжилтэй, “........... ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт, .......... тоотод оршин суух хаягтай, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийтгүүлсэн.
......... овогт И.Т, /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч И.Т нь 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Амар зочид буудлын урд иргэн У.Стай маргалдаж, улмаар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдаж, У.С-ын эрүүл мэндэд нь гавлын ясны нийлмэл хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун дух, зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн цусархан няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн нүдний зовхи, хоёр талын хөхлөг, зүүн нүдний алимны салстын цус хуралт, зүун шуунд зулгаралт гэмтэл үүсгэж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Т мэдүүлэхдээ: “Тухайн 09 дүгээр сарын 25-ны өдөр манай үеэлийн төрсөн өдөр болоод эхнэр бид хоёрыг дуудсан. Тэгээд эхнэр бид 2 очоод бүгдээрээ караокед байж байтал дүү нь гээд С ах эгч нарын хамт хүрч ирж сюрприз барьсан. Бид нартай цуг ууж идээд байж байсан. Дотор С агсан тавиад хүн болгон руу дайраад байхаар нь тайвшруулах зорилгоор би Т-тай авч гарсан. Намайг аваад гарахад намайг шууд цохисон, тэгээд би нэг цохиод нэг өшиглөсөн ийм л юм болсон. Харамсаж байна, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Э мэдүүлэхдээ: “Миний том охины нөхөр С бэртэж гэмтсэн. Тухайн үед би байгаагүй болохоор мэдэхгүй. Нэг цохиж нэг өшиглөснөөс үүдэлтэй гэмтэл учирсан гэж байна. Тархины гавлын яс цуурсан, зодоон болсны маргааш өдөр ирсэн. Уулзахад арай өөр гэмтэл харагдсан. Би арай өөр мэргэжлийн хүн, ямар хэмжээний цохилтын улмаас тийм хэмжээний гэмтэл учрах вэ гэдгийг судалсан мэддэг хүн. Өмгөөлөгч хохирогчийг эрүүл болоод Солонгос улсад очсон гэж байна, энэ бол үгүй, цоо эрүүл биш, насан туршдаа тахир дутуу болсон, юмаа мартаж санадаг, тархи толгой нь маш их өвддөг, нуруу нугас нь маш их өвддөг, 2 хөлөө чирч явдгийг өмгөөлөгч хараагүй байх, Т өөрөө хэд хэдэн удаа уулзсан, харсан. 2 хөлөө чирч явдаг. Тэгээд жоохон ядрахаараа явж чадахгүй ийм л болсон. Эмч нар зөвлөгөө өгсөн, ерөөсөө ажил хийх чадвараа алдсан группэд оруулж байгаа, группт ороогүй байгаа. 3 жил гаруйн өмнө өөрөө хүсэлтээ өгсөн байсан учраас гэнэт зөвшөөрөл нь ирээд хугацаа заагаад явсан. Бид явах уу байх уу гэдэг маш хүнд асуудал дээр тулгарсан. Тэнд очоод хар ажил хийж чадахгүй тийм хэмжээний бэртэл авсан хүн сар гаруй хугацааны дараа тэнд очоод хар ажил хийх боломж байхгүй. Энэ визийг нь ашиглаад явъя, эхнэр нь сахиад яах ч аргагүй сургуулиас нь дуудаад явсан, эхнэр нь тэнд байгаа учраас ямар ч байсан энэ визийг ашиглаад ахиж олдохгүй боломж тул очно гэсэн. Эрүүл мэндийн шалтгаанаар очиход хэдэн төгрөгийн зардал гарахыг бид мэдэхгүй, очсон хойноо аргаа олно гээд явсан. Хөл дээрээ эрүүл хүн шиг явж чадахаа больсон, 2 хөлөө чирч явдаг. Эмч нар насан туршдаа хүнд ажил хийх боломжгүй болсон гэсэн. Хохиролд 3.200.000 орчим төгрөг авсан, эмчилгээнд 1.700.000 орчим төгрөг төлсөн гэж хэлсэн байгаа. Цохиж зодуулсан байхад охин маань сургуулиасаа чөлөө аваад 2 хоногийн дотор ирсэн. 1 настай, 4 настай 2 хүүхдийг бид хоёр хараад үлдсэн. Магадгүй ирээдүйд охин маань 2 хүүхдээ тахир дутуу нөхөртэйгөө тэжээх магадлалтай болсон, ийм нөхцөл байдал үүссэн. Тэгээд бид ярилцаад охиноо ирснээс хойш 17 хоногийн дараа буцаагаад явуулсан. Одоо 4 дүгээр семестртээ суралцаж байх ёстой хүүхэд маань улираад 2 дугаар семестрт байгаа. Энэ дээр эдийн засгийн хохирол маш их гарч байна. Эндээс явах онгоцны зардлыг өгч байна, очсон хойно улирч байгаа семестр, байрны мөнгө, виз сунгалт гэсэн 3 төлбөр гарч байна. Энэ нь 26, 27 сая төгрөг болж байна. Үүнийг ах нь зохицуулна гээд явуулсан очсон байхгүй. 12 дугаар сарын 05-ны дотор багтаагаад эцсийн хугацаа нь төлбөрөө төлөөд сургалтынхаа төлбөрийг төлсөн хойноо виз сунгалт явагддаг юм байна. Нэг бол сургуулиа хаяад тэндээ харлаад үлдье гэсэн, тэгээд ажил хийж амьдаръя гэсэн. Бид гэр бүлээрээ хамаг юмаа ломбардад тавьж 20.000.000 төгрөг зээлсэн. Одоо 20.000.000 төгрөгөө нэхэмжилнэ. Цаашдаа эмчилгээтэй холбоотой ямар зардал яаж гарахыг мэдэхгүй байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч У.С-ын “ ... 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр манай эгч Болортуяагийн төрсөн өдөр болно гээд, ...хүргэн ах Б, эгч Оюунтуяа, дүү Мөнхнасан бид дөрөв Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амар зочид буудлын 3 дугаар давхарт байрлах караокед очсон. ...тэгээд төрсөн өдрийн баяр хүргээд тэнд байсан хүмүүстэй хамт сууцгаагаад архи ууж, тамхины өрөөнд орж тамхи татаж байснаа санаж байна. Бусад зүйлийг нь санахгүй байна. Нэг мэдсэн гэмтлийн эмнэлэгт тухайн үйл явдал болсноос хойш 2 хоногийн дараа сэргэсэн. ...гавлын яс хугарсан, баруун талын чихний дээд тал зулайн дээр хугарал, тархины гол судас хагарсан, тархи 1 см хазайлттай байна гэж эмч хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дахь тал/,
орчим У.С болон төрсөн дүү Мөнхнасан нарыг ажил дээрээс нь очиж машинтай аваад Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амар зочид буудлын 3 дугаар давхарт байрлах караоке бааранд ирсэн. Тэгэхэд тухайн караоке бааранд У.С-ын төрсөн эгч Б болон нөхөр Баяраа, У.С-ын үеэл Таа нар байсан бусад хүмүүсийг танихгүй 10 гаран хүн цугласан төрсөн өдөр тэмдэглэж байсан. Тэр үед хоёр дүү нь эгчдээ гаднаас авчирсан тортоо өгөөд төрсөн өдрийн мэнд хүргээд сууцгаасан. ...Тэр үед Таа намайг толгой руу баахан цохисон. Тэгэхээр нь согтуу хүнтэй юу ярих вэ гэж бодоод эвийг нь олж тойрч зугтаагаад байхад манай эхнэр араас удалгүй гарч ирээд чи манай нөхрийг яадаг юм гэж хэлээд дундуур ороод Т-ааг цааш нь салгаад аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дахь тал/,
зочид буудлын 3 дугаар давхарт караокед бааранд эхнэрийн найз Болороо, С , Э, Ц, зуслангийн хөрш Б түүний эхнэр П, эхнэрийн үеэл Т, эхнэр нь У, эхнэрийн хүргэн дүү Б, эхнэрийн дүү О, С нарын хамт 2022 оны 09 дүгээр сарын 25-ны орой 18 цагийн үед цуглаад караокед сууцгаасан. ...900 мянган төгрөгийн сэт авсан. Сэтэн дээ нэг Пинланд, нэг Жак, Виски, гаднаас хоёр шил Пинланд, дотроос дахин нэг виски, нэг Пинланд авсан. Эдгээр архийг тэнд байсан хүмүүс бүгд хувааж ууцгаасан. ...караокед бааранд С Т-аа руу ална гээд агсам тавиад дайраад байсан чинь Таа С-ын гэдэс рүү тийрсэн чинь хойшоо шатан дээрээс дагзаараа унасан. ...сэрэхгүй байхаар нь 103 дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дахь тал/,
дугаар сарын 17-ны өдрийн ..... дугаартай: “1. У.С-ын биед гавлын ясны нийлмэл хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун дух, зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн цусархан няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн нүдний зовхи, хоёр талын хөхлөг, зүүн нүдний алимны салстын цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 49-51 дэх тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч И.Т нь 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Амар зочид буудлын урд иргэн У.С-тай маргалдаж, улмаар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдаж, У.С-ын эрүүл мэндэд нь гавлын ясны нийлмэл хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун дух, зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн цусархан няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн нүдний зовхи, хоёр талын хөхлөг, зүүн нүдний алимны салстын цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл үүсгэж хүнд хохирол санаатай учруулсан нь:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ..... дугаартай: “1. У.С-ын биед гавлын ясны нийлмэл хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун дух, зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн цусархан няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн нүдний зовхи, хоёр талын хөхлөг, зүүн нүдний алимны салстын цус хуралт, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үссэн байх боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээч эмчийн мэдүүлэг, камерын бичлэг зэргээр нотлогдож байна.
Улсын яллагч “өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч И.Т нь 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Амар зочид буудлын урд иргэн У.С-тай маргалдаж, улмаар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдаж, У.С-ын эрүүл мэндэд нь гавлын ясны нийлмэл хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун дух, зулай, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн цусархан няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн нүдний зовхи, хоёр талын хөхлөг, зүүн нүдний алимны салстын цус хуралт, зүун шуунд зулгаралт гэмтэл үүсгэж хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон эд мөрийн баримтаар тооцсон сиди бичлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг үйл баримтуудаар хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэв.
Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч гэм буруугийн дүгнэлтдээ: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлд өмгөөлөгчөө сонгох гэж байна, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас сонгож чадаагүй бол түүний гэр бүлийн гишүүн, төрөл төрөгсөд нь өмгөөлөгчөө сонгох бүрэн эрхтэй. Өмгөөлөгчийн хувьд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Гэрээнд заагдсан хугацаанд С өөрөө эмнэлэгт ухаангүй байсан хугацаанд түүний эхнэртэй мөрдөн шалгах ажиллагааны явцад хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан, тэр гэрээ хэрэгт авагдсан. Хохирогч С-тай мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг удаа очиж мэдүүлэг өгсөн. Хавтаст хэргийн материалтай танилцуулах ажиллагаанд хамт байсан талаар хэлэх нь зүйтэй. Хохирол, иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал энэ шүүх хуралдаанаар зайлшгүй яригдах нөхцөл байдал бий болоод байна. С үнэхээр хөлөө чирч явдаг байсан юм уу, биеийн байдал нь хэр байсан юм бэ, өнөөдөр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар үйл баримт өөрөө төлөгдсөн. Энэтэй холбоотой бидэнд гаргаж өгөх баримт байхгүй. Гагцхүү хор уршгийн асуудал яригддаг. Т-ын хувьд баримтаа гаргаж өгвөл төлнө гэж байна. Өнөөдөр Энхбаатарын хэлдгээр Сын эрүүл мэндийн байдал үнэхээр тааруу байгаа. Гэмтлийн зэрэг тогтоох жур-маар амь насанд аюултай буюу хүнд гэмтэл гээд заагдсан байгаа, энэ гэмтэлтэй холбоотой шинжээчийн дүгнэлт гараад ирсэн байгаа. Хөлөө чирч явдаг, мартаж санадаг ийм үйл баримт байхыг үгүйсгэхгүй. Энэтэй холбоотойгоор удаа дараа Т-тай яваад томографт үзүүлээд шинжилгээ авсан байдаг, нуруу нугасныхаа асуудлыг үзүүлсэн байдаг. Нуруу нугасанд ямар нэгэн гэмтэл байхгүй гэдэг нь яригддаг. Тархины гэмтэлтэй холбоотой хөлөө чирч яваад байгаа энэ нөхцөл байдал байхыг үгүйсгэхгүй. С-ын хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 удаа мэдүүлэг өгсөн байгаа, хохирогч гомдол саналтай байна гэдгээ илэрхийлдэг. Ямар нэгэн байдлаар Т гэх хүнтэй ойлголцож зохицсон гэдэг асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэлээгүй гэдгийг шүүх анхаарч дүгнэлтээ хийгээсэй гэж хүсэж байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, учруулсан хохирол хор уршгийн шинж чанарыг зайлшгүй харгалзаж үзэх шаардлагатай. Хэдийгээр бодит хохирол төлөгдсөн гэж байгаа боловч өнөөдөр бол хор уршиг арилаагүй байна гэж Э ярьж хэлж байна. С-ын гэр бүлийн асуудал маш хүнд нөхцөл байдалд орлоо, энэ гэмтлээс болоод ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй, цаашдын эмнэлгийн байгууллагаар явах асуудлыг ярьж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С 20 сая төгрөг төлнө үү гэдэг. Энэ нь эхнэр нь сургуулиа хаяад чөлөө аваад Монгол улс руу ирсэн, үүнтэй холбоотой дахиж суралцах шаардлага гарсан, гагцхүү энэтэй холбоотой баримтыг сургуулиас нь гаргаж өгөхгүй байгаа учраас амаараа илэрхийлж шүүх хуралдаанд оролцохоос өөр боломжгүй байна гэдгийг шүүх анхаарч үзнэ үү. Үнэхээр бодит хохирол төлөгдсөн байлаа гэхэд хор уршгийн асуудал арилсан уу гэдэг дээр шүүх бүрэлдэхүүн дүгнэлт хийж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгч нарын зүгээс хэргийн зүйлчлэл болон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд ямар нэгэн маргаангүй, зөвхөн түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэдгээ илэрхийлсэн байгаа. Хүнд хэцүү ийм үйл явдал болсон, үүнд хохирогчийн талаас уучлалт хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас миний үйлчлүүлэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж үзэх нөхцөл тогтогдож байна. Мөн хуулийн 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, түргэн тусламж дуудсан, хавтаст хэрэгт авагдсан бодит хохирлыг барагдуулсан, эхнэрийн явах онгоцны тийзний зардлыг хүртэл төлсөн ийм үйл баримт нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн авагдсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл байдал анх үүссэн. Эхлээд хохирогч бүх хүмүүс рүү дайрсан, агсарсан, эхлээд миний үйлчлүүлэгч рүү цохисон, энэ бол сая харагдаж байна гэж үзэж байна. Гэсэн хэдий боловч миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн зүгээс гэм буруу дээрээ маш их харамсаж гэмшиж, гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Ийм учраас хохирогчийг босгож авах, эрүүл саруул болгох ийм л чин эрмэлзэлтэй, гэмтлийн эмнэлгийн гадаа бас л сэтгэл зүрхээрээ хамтдаа гэр бүлээрээ ах дүү, хамаатан садангаараа хамтдаа хонож байсан. Т гэх ах нь сая манай дүү Солонгост байгаа, ажил хөдөлмөр хийж байгаа, харин Солонгост цагаан сар болж байгаа учраас тодорхой хэмжээнд хэд хоног амарч байгаа, илүү цаг ажиллаж чадахгүй, бага зэрэг ажил хөдөлмөр хийж байгаа гэсэн, гэхдээ гэмтэл учирсан байгаа, хэрвээ ямар нэгэн байдлаар хүнд гэмтлийнхээ улмаас ямар нэгэн эмчилгээ хийлгэсэн тохиолдолд миний үйлчлүүлэгчийн зүгээс үүнийгээ бол төлнө, төлөхөө илэрхийлж байгаа, цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Бага насны 4 хүүхэдтэй, мөн л адилхан амьдрал нь тийм ч бас сайн биш, эхнэр хүүхдээ тэжээдэг, айл гэрийн ноён нуруу, түшигтэй хань болсон хүн. Боломж бололцоо нь хүнд хэцүү байдаг бөгөөд приус 20 маркийн машинаа зарсан, тэр нь олигтой үнэд хүрэхгүй, хуучирсан. Хэдэн төгрөгөө хохирогчдоо зарцуулсан ийм үйл баримт байгаа. Сая иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс бодит хохирлыг гарахаар л мөнгийг нь өгнө гээд байлгаад байгаа нь ямар учиртай юм бэ гэж юмыг ингэж буруу тийш нь хазайлгаж болохгүй. Энэ бол ах дүү хүмүүс, ах дүү хүмүүсийн дунд бид нар ийм эвгүй байдал үүсгэж болохгүй юм. Энэ хүмүүс насан туршдаа ах дүүс явна, үүнийг бид нар маш сайн ойлгох ёстой, хүний амьдралд юу ч тохиолддог, буруу бодсон байж болзошгүй. Т бол байгаа юмаа өгчихье гээд л байгаа, даанч байхын зовлон байхгүйн зовлон гэж хүний амьдралд байдаг. Энэ хүний зүгээс хэд гэдгээ хэл тэгвэл өгнө гэсэн зүйл миний үйлчлүүлэгчид огт байхгүй. Харин ч хамт явж эмнэлэгт үзүүлээд, эмнэлгийн чанартай шаардлагатай гэсэн арга хэмжээг бүгдийг нь аваад дотроо санаа нь зовниод, гэр бүл ах дүүгээрээ санаа нь зовоод явж байгаа хүмүүс байгаа юм. Сая гаргаж өгсөн баримтыг сургалтын төлбөр гэж үзэж байна. Би өөрөө хуульч хүнийхээ үүднээс нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хангасан эсэх дээр анхаарах нь зүйтэй. Сургалтын төлбөр гэж үзээд байгаа баримт нь өөрөө хувь хүний данс руу хийсэн, яг төлсөн гэх баримт нь ямар нэгэн эх хувийн тамгагүй баримт байна. Би бол мэдэхгүй байна, гэхдээ энэ бол эргэлзээтэй баримт байна гэдгийг дурдах нь зүйтэй” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч И.Т нь хохирогч У.С-ын эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч И.Т нь хохирогч У.С-ын эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хүнд хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч И.Т-ын үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Шүүгдэгч нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч И.Т нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагч “шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 нэгж буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Цагдан хоригдсон хоноггүй. Бусдад төлөх төлбөргүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хадгалах саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. С баримтаар хохирол нэхэмжлээгүй боловч шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлөгдсөн гэх баримтыг өмгөөлөгч гаргаж өгсөн байх тул тээврийн зардал болон эмчилгээний зардлыг нөхөн төлсөн гэж үзэх нь зүйтэй байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг буцаан олгуулах саналтай байна” гэв.
Иргэний нэхэмжлэгч хохирогчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын саналдаа: “Уг хамаатны хүмүүс, бие биетэйгээ ярилцах бүрэн боломж байсан, энэ хүн надаас илүү мөнгө нэхээд байгаа учраас гэдэг хандлагаар, эсвэл энэ хүн эмчилгээ хийлгэсний дараа мөнгө төлнө гэдэг байдлаар битгий асуудалд хандаач, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хүн хүнд гэмтэл авсан байгаа нь хөдөлбөргүй үнэн баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч өөрөө энэ дээр маргахгүй байгаа нь үүний гол нотолгоо юм. Чи эмчлүүл үүний дараа төлбөр төлье гэдэг байдлаар битгий асуудалд хандаач ээ гэж хүсч байна. Ах дүү хамаатан садан хүмүүс ойлголцох боломжтой байсан. Энэ нөхцөл байдал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгчтэйгөө хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх тухай ярьж байсан, гэвч өнөөдөр хохирогч гомдолтой орж ирээд, прокуророос ердийн журмаар хэргийг шүүх рүү шилжүүлж оруулж ирсэн байна. Тийм учраас шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн хор аюулын үйлдэл, хохирогчийн байр суурь зэргийг анхаарч ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын саналдаа: “Ийм учраас прокурорын саналыг доошлуулж торгох ялыг хамгийн доод хэмжээгээр оногдуулж өгнө үү. Оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8-т зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжийг олгож өгнө үү” гэв.
Шүүх шүүгдэгч И.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн асуудалд маргахгүй байгаа, хохирогч У.С-т хохирол төлсөн байдал, хохирогчид учирсан гэм хорыг арилгах хүсэлтээ илэрхийлсэн нөхцөл болон биелэгдэх боломж зэргийг, мөн гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус харьцаа нөлөөлсөн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудал:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж хуульчилжээ. Шүүгдэгч нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохиролыг бүрэн төлж 3,800,000 төгрөг төлснийг иргэний нэхэмжлэгч мэдүүлсэн бөгөөд энэ тогтоолоор шийдэх хохиролгүй байна. Иргэний нэхэмжлэгч нь хохирогчийн ар гэр энэ асуудлаас болж 20,000,000 төгрөгний зардал гаргасан тул үүнийг нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаар баримтгүй байх тул шүүх шийдвэрлэх боломжгүй. Харин хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь цаашид гарах гэм хор, хор уршгийн хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдлаа.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч И.Т-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч И.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ...... овогт И.Т-ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Т-ыг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар И.Т-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч И.Т-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган хадгалсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.АЮУШЖАВ