| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2023/0162/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/172 |
| Огноо | 2023-02-07 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,
улсын яллагч Т.Мижиддорж,
шүүгдэгч А.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А.С д холбогдох 23080000000009 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 сарын 31-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1994 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, нөхөр, хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь ****** тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй,
Буян тээл овогт А.С (регистрийн дугаар:дж9403******).
Хэргийн товч агуулга:
Шүүгдэгч А.С нь архидан согтуурсан үедээ 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэнтий” зочид буудлын гадна хохирогч Ж.Б “Toyota prius-20” маркийн **** УАА дугаартай тээврийн хэрэгслийн салхины урд шилийг гараараа хагалж устгасан, ар талын гупер, жолооч талын толь, жолооч талын крыло зэргийг цохиж гэмтээн, 700,0000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
3. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон.
4. Шүүгдэгч А.С нь архидан согтуурсан үедээ гудамжинд байсан “Toyota prius-20” маркийн ****** УАА дугаартай тээврийн хэрэгслийн салхины “урд шилийг хагалж, ар талын гупер, жолооч талын толь, жолооч талын крылог” гэмтээж, бусдад 700,0000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
4.1. Цагдаагийн байгууллагад ирсэн гэмт хэргийн талаарх дуудлагын “Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо Сэнтий зочид буудлын гадаа хүмүүс агсам тавиад машины салхины шил, гупер хагалчихлаа” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 1 хуудас)
4.2. Хохирогч Ж.Б “...Би 2022 оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө ********** УАА улсын дугаартай авто машинаараа хувиараа такси үйлчилгээний ажил хийж байсан. ... “Сэнтий” зочид буудлын гадаа ирэхэд машинд байсан хүн буусан ба бас нэг үл таних хүнтэй маргаад байхаар нь би машинаас хол байгаарай гэсэн чинь дахиад 2 залуу “Сэнтий” зочид буудлаас гарч ирээд надад хандаж “чи яахын” гэх зэргээр хэлэхээр нь би машинаасаа буутал намайг тэр хоёр залуу хөөхөөр нь би машинаа тойроод зугтаасан. Нэг өндөр залуу нь намайг барьж аваад бид хоёр ноцолдож байхад тэр залуутай хамт явж байсан нэг эмэгтэй миний машины салхины шил болон толь, гупер, жолооч талын крыло хэсэг рүү гараараа цохиод өшиглөөд байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6 хуудас),
4.3. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ны 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “автомашины хагарсан шил, гэмтсэн эд зүйлийг 700,000 төгрөгөөр үнэлсэн” (хавтаст хэргийн 14-16 хуудас),
4.4. А.С яллагдагч, шүүгдэгчээр өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлж барагдуулсан, улсын яллагчийн санал болгосон ялыг мөн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
5. Шүүгдэгч А.С нь гар болон хөлөөрөө цохих, өшиглөх зэрэг үйлдлээр бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийн салхины урд шилийг хагалсан, ар талын гупер, жолооч талын толь, жолооч талын крылог гэмтээсэн үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөнд бага хэмжээнээс дээш хохирол буюу 700,000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ.
6. А.С автомашины урд талын салхины шилийг гараар цохиж хагалсан, уг шилийг шинээр авч солих шаардлагатай буюу сэргээн засварлах боломжгүй учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “устгасан” гэх шинжийг, гупер, толь, крылог гэмтээсэн бөгөөд цаашид сэргээн засварлах боломжтой талаар үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан тул уг гэмт хэргийн “гэмтээсэн” гэх шинжийг тус тус хангасан, мөн учруулсан хохирлын хувьд тус зүйл, хэсэгт заасан бага хэмжээнээс дээш хохиролд хүрсэн тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
7. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон тул улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй.
8. Хохирол, хор уршиг:
8.1. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ны 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “урд салхины шил 250,000 төгрөг, ард буфер цуурсан 200,000 төгрөг, жолооч талын толь хугарсан 100,000 төгрөг, жолооч талын крыло хонхойсон 150,000 төгрөг нийт 700,000 төгрөгийн хохирол учирсан” талаарх тайлан (хавтаст хэргийн 15-16 хуудас)-аар тогтоогдож байна.
8.2. Хохирогч Ж.Ж.Б нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан “Миний бие гомдол саналгүй, хохиролд 700,000 төгрөг хүлээн авсан” гэх хүсэлтээр шүүгдэгч А.С-ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
9. Шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдсэн нь хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын санал болгосон ялыг өөрийн сайн дураар хүлээн зөвшөөрсөн, уг гэмт хэргийн хор уршиг арилсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх нөхцөл байдлыг бүрэн хангасан гэж шүүх үзсэн.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, ... -т заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
11. Улсын яллагчаас шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан.
12. Шүүгдэгч: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэсэн.
13. Шүүгдэгч А.С нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан 700,000 төгрөгийн хохирлын нөхөн төлсөн зэргийг харгалзан түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурдаж шийдвэрлэв.
14. Шүүгдэгч нь хувийн байдлын хувьд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, бусдад учруулсан хохирлоо төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хуульд заасан үндэслэлд хамаарч байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуурсан үедээ үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш, мөн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилсан, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг ялыг 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэв.
15. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Буян тээл овогт А-ын С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.С-ыг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 05 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг А.А.С д үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг А.А.С д мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 700,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ