Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/108

 

 

 

 

 

 

 

            2023         01          18                                    2023/ШШТ/108

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, 

Улсын яллагч Н.Уранбайгаль,

Хохирогч Т.Бадамдорж,

Шүүгдэгч **** шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :    

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***холбогдох  *** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.       

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, ** оны * дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, бүрэн дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, эх, дүү, эгч нарын хамт *** хороо, **** тоотод оршин суух хаягтай, урьд:  Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1248 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1107 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, үлдэх 1 жил 6 сарын хорих ялыг тэнссэн, ********* /регистрийн дугаар: ****

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч **** нь 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 18 цаг 00 минутын орчимд ********тоот хашааны баруун урд Хово маркийн *** УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч 63 настай *** дайрч, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 3.5.a/, б/, г/-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолоочийн үүргийг зөрчиж, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаасан гэх гэмт хэрэгт холбогджээ.      

 

ТОДОРХОЙЛОХ нь :  

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар

хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад : 

            Шүүгдэгч ** нь 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 18 цаг 00 минутын орчимд *** тоот хашааны баруун урд Хово маркийн ***дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн буюу өөрийн эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас явган зорчигч 63 настай дайрч, *** түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь :    

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан.. *** гудамжинд манай аав *** том оврын машинд 2 хөлөө дайруулсан...гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,  

            - хохирогч ***...Би ****байх ****хугацаанд ажиллаж байгаа. 2022.06.03-ны өглөө 07 цаг 30 минутын орчим гэрээс гарахад манай урд талд улаан өнгийн том оврын ачааны машин шороон зам дээр суучихсан байсан. Тухайн үед машины ойр орчимд хүн байгаагүй...Орой 18 цагийн орчим ирээд гэр лүү алхаж байхад шаварт суучихсан улаан өнгийн том машиныг урд талаас нь санагдаж байна, шар өнгийн ковш татаад гаргачихсан байсан. Ковш машин хөдлөөд явсны дараа том улаан өнгийн машины зүүн талаар нь гарах гэж байтал огцом хөдлөөд миний нүдэнд том дугуй харагдах шиг болсон. Тэгээд ухаан алдаж унаад нэг сэрэхэд 23 цагийн орчим нөгөө газраа сэрсэн, гадаа тас харанхуй болчихсон байсан...Тэр хавийн газар дан намагтай газар байгаа...Би гэр лүү мөлхөж ороод орон дээрээ гарч чадахгүй дээр хэвтэж байгаад үүр цайлгасан. Маргааш өглөө цагийг нь санахгүй, манай бэр Аззаяа юу болсон талаар надаас тодруулсан...гэх мэдүүлэг /хх-27-28/... 18  цагийн үед ирэхэд машин татаж байсан ба их хүн байсан. Цаана нь жижиг тэрэг байсан. Би явган хүний замаар гараад ирэх үед машин дараад ухрахад нүдэнд нэг дугуй л харагдсан. Нэг сэрэхэд би ганцаараа хэвтэж байсан тухай мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

            - гэмтэл, согог Үндэсний төвийн *** өвчний түүх /хавтаст хэргийн 44-56 дахь тал/,  

- шинжээчийн дүгнэлт: ** зүүн шаант ясны ил хугарал, баруун шаант тахилзуур ясны бяцарсан далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна /хавтаст хэргийн 103-104 дэх тал/,

- шинжээч эмч ***...2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Гэмтлийн эмнэлэгт *** биед үзлэг хийсэн. Тухайн үед 2 хөлийн яс хугарсан байсан. *** биед үүссэн гэмтэл нь автомашинд...үйлчлэлээр үүссэн гэмтэл байсан. Уг гэмтэл нь эхлээд баруун хөлөөс нь дайраад дараа нь зүүн хөл дээгүүр нь дарагдлын шарх гэмтэл учирсан байсан. Дээрх гэмтлүүд нь зодох цохих үед үүсээгүй авто аваарын гэмтэл байна../хх-100, 217/...Хоёр хөл хоёулаа бяцарсан байхыг шаардахгүй. Энэ тохиолдолд баруун шилбэний дээд хэсэгт ташуу зөрүүтэй хугарал гэдэг нь баруун тахилзуур ясны дээд хэсгээр эхэлж хугарсан байсан нь том хэмжээний дугуйн мөр байна гэж тайлбарласан. Мөн хугарлын механизмыг харахад эхлээд баруун дээд хэсэгт хугаралт үүссэн байсан. Зам хамаагүй, дарагдсан хэсгээр том хэмжээний шарх байгаа. Удаан даралтын шинж, бяцарсан хугарлыг автомашины гэмтэл үүсгэдэг тухай мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

- зам тээврийн осол, хэргийн нөхөн үзлэгээр тогтоосон байдал, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-219-221, 234-235/,   

- автотехникийн шинжээчийн дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалаар *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1. ”Жолооч  хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол гаргахгүй байх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг биелүүлээгүй байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалт зөрчсөн гэх нотлох баримт тогтоогдохгүй байна. Осол болсон шалтгааныг тогтоох боломжгүй /хх-236-238/,     

- гэрч ***...Аав *** нь *********тоотод ганцаараа 10 гаруй жил амьдарч байна. 2022 оны 6 дугаар сарын 04-ний өдөр манай бэр ** над руу залгаад аав машинд дайруулсан байна гэж хэлсэн. Намайг ирэхэд гэртээ хөнжлөө нөмөрсөн хэвтэж байхад нь сөхөөд харахад 2 хөлийн өвдөгний доод хэсгээр нь хөхрөөд хавдчихсан, цус гараад мөн цэврүү үсэрсэн байсан. Би юу болсон талаар ааваас асуухад би 06 сарын 03-ны орой 19 цагийн орчим гэрийн хажууд ирж байхад том улаан өнгийн ачааны ковш машин шаварт суучихсан тэр үедээ их хурдтай хөдлөөд зайлж чадахгүй, хөлөн дээгүүр гарчихаад яваад өгсөн гэж хэлсэн.../хх-75/,

            - гэрч ***...Манай хадам аав ** нь манай хашаанд манайхтай 2 айлаараа тусдаа амьдардаг. Өнгөрсөн 2022 оны 6 сарын 04-ний өдөр цагийг нь сайн санахгүй, 11 цагийн орчимд гэрт нь ортол үүдээрээ дөнгөж ороод шалан дээр хэвтэж байхаар нь юу болсон талаар асуухад манай урд шаварт суусан байсан улаан өнгийн шовк машин дайраад яваад өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би Туул эгч рүү залгахад түргэн тусламж дуудсан...Өмнөх өдөр нь манай урд ковш машин суучихсан маргааш нь үдээс хойш шар өнгийн ковш болон цагаан өнгийн приус машин ирчихсэн байсан. Манай энэ хавиар намаг ихтэй болохоор бараг машинууд яваад байдаггүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 87 дахь тал/,

- гэрч **...2022.06.03-ны өдөр /цагийн санахгүй байна /танихгүй дугаараас/ залгаад “машин татуулах гэсэн юм, шаварт суучихлаа, баруун салааны эцсийн буудлын тэр хавьд байна” гэхээр нь түрээсээр ажил хийж байсан Ковшийг жолоодон зааж өгсөн газарт очсон...Баруун салааны замаар яваад баруун гар тийш эргээд гудамжаар орж явсаар намгархаг газар Хово маркийн хог ачсан ачааны автомашин шаварт суучихсан байдалтай байсан. Тэгээд ачааны автомашины араас түлхээд дийлдэхгүй байхаар нь урдаас нь тросоор татаж гаргаж өгчихөөд явсан. Би тэр хүнийг танихгүй, ачааны автомашины жолооч гээд 30 гаруй наснь залуу, мөн хажууд нь нэг эмэгтэй болон хамт 2 залуутай 4-лээ байсан. Мөн настайвтар /насыг нь хэлж мэдэхгүй байна./ согтуу байдалтай ах тэр хавиар яваад тэнд байсан эмэгтэй уулзаад согтуу ахыг цаашаа яваач гэж хэлж байсан. Тэр эмэгтэй болон согтуу ах ачааны автомашины зүүн талын хажууд талд байсан. Гэхдээ ачааны автомашинаас 10 метр орчим зайтай зогсож байгаа харагдсан. Би татаж гаргаж өгчихөөд явсан, ачааны машин тэндээ үлдсэн, согтуу нөхөр яасныг мэдэхгүй гэх мэдүүлэг /хх-218/,  

- гэрч **...2022.06.01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө 01 цагийн орчим манай төрсөн дүү болох ** над руу залгаад та хаана байгаа юм бэ, хүрз аваад хүрээд ирээч, баруун салааны энд байна машинаа суулгачихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүрз авч очоод дүү болон хамаатны дүү ** нартай машин гаргах гэж ухаад дийлээгүй. Тэндээ үүрээр 04 цаг өнгөрч байхад машинаа үлдээчихээд маргааш нь 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр над руу залгаад нэг машинтай ярьчихлаа, татаад гаргаад өгье гэж хэлсэг, та намайг гэрээс ирээд авчих цуг очъё гэж хэлээд ** бид 3 очсон. Тэр үед 60 орчим насны ахимаг насны хүн ирчихээд гараа зангидаад орилоод байсан. Би яг юу ярьж байгааг нь ойлгоогүй...Тэр үед машин татаж байхад...урдуур хойгуур нь ороод байхаар нь тэр хүнийг холдуулж байсан, тэр ах архи уучихсан нэлээн архи үнэртэж байсан гэх мэдүүлэг /хх-81 дэх тал/,  

            - гэрч **...Тухайн 2022.06.02-с 2022.06.03-нд шилжих тухайн шороон зам нойтон байсан тул ах автомашинаа шаварт суулгасан байсан, эгч **дуудаж хүрз авчираад ч бараагүй, тэндээ машинаа үлдээчихээд явцгаасан. Маргааш нь ах ковш олоод орой 17-18 цагийн орчим **эгч, ** ах бид 3 очсон. Тэр үед настай ах ирчихээд үзэх үү гэх мэтээр сонин юм яриад тойроод яваад байсан. Машин татах гэж байхад ойртох гээд байхаар нь би огт ойртуулаагүй, тэр ахыг хараад зогсож байсан...Тэр настай ах нэлээн согтуу,  гуйваад яваад байсан. Надад ямар нэгэн гэмтэл шарх харагдаагүй, 2 гараа зангидаад үзэх үү, мөн мөнгө байна уу гэж асуугаад байсан. Бид нарын дунд ямар нэгэн маргаан болоогүй...гэх мэдүүлэг /хх-83 дахь тал/,

- гэрч **... 2022 оын 7 сард автомашинтай явж байгаад санамсаргүй хүн дайрчихсан, тухайн үедээ мэдээгүй гэж ** надад хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-89/,    

- шүүгдэгч **..2022 оны 6 дугаар сарын 02-ны орой **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2-р төрхөөс Баруун салаа руу ачаа ачаад жолоодоод СХД-н баруун салааны гудамжинд явж байтал тухайн үед газар мэдэхгүй байсан тул шаварт суучихсан. Тэгээд эгчийгээ дуудаад хүрзээр ухтал болохгүй байхаар нь би машинаа тэнд орхичхоод гэр лүүгээ харьчихаад 6 сарын 03-ны үдээ хойш машин дээрээ ирээд фэйсбүүк дээрээс машин татдаг дугаар хараад залгаад машинаа тухайн шавраас 18 цаг өнгөрөөд татуулж гаргасан. Тухайн машинаа шавраас гаргаж байх үед нэг согтуу настай ах тухайн газарт орилж чарлаад яваад байсан...Тэгээд би машины багажаа хураачихаад хөдлөөд чигээрээ шавраас гарчихаад хайрган дээр эргэх үйлдэл хийчихээд төв зам руу явсан...Би тухайн үед явган зорчигчийг хараагүй, осол болох үед ганцаар явж байсан.../хх-132/...өөрийн болгоомжгүй үйлдлээс зам тээврийн осолд холбогдсондоо маш их харамсаж, гэмшиж байна /хх-210/, эргэх талбайгаа харчихаад л шууд хөдөлсөн, бусад хэсгийг хараагүй тухай мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Харин шүүгдэгч *** нь тухайн цаг үед ** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож ухрах хөдөлгөөн хийх үедээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн болох нь тогтоогдсон байх тул авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэж үзэх эргэлзээгүй бөгөөд хангалттай үндэслэл, нотлох баримт тогтоогдоогүй байна.  

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нотолж буй шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд:         

2.1. Тус шинжлэгдсэн баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.

2.2. Шүүгдэгч *** Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн болгоомжгүй үйлдэл ба хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байгааг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.

2.2.1. Шүүгдэгч ** нь тов оврын буюу ** маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг шаварт суулгаж, улмаар шавраас татуулан гаргасны дараа замын хөдөлгөөнд оролцсон тухайн газар, цаг хугацаанд  хохирогч *** байсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр, түүнчлэн ** эрүүл мэндэд учирсан хүнд хохирол нь автомашины дугуйнд дайрагдсанаас буюу  зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн нь тусгай мэдлэгийн шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдсон бөгөөд хохирогч ** нь өөр бусад авто тээврийн хэрэгсэлд дайрагдсан гэх үндэслэл, нотлох баримт огт тогтоогдоогүй тул шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг үгүйсгэх үндэслэлгүй.    

2.2.2. Тус автын осол нь тухайн тээврийн хэрэгслийг шавраас татаж гаргасны дараа тухайн шавар бүхий газрын ойролцоо тодорхой зайд замын хөдөлгөөнд оролцохоор ухрах хөдөлгөөн хийх үед үүссэн болох нь :     

- хэргийн газарт нөхөн хийсэн үзлэгийн тэмдэглэл,   

- хохирогчийн...”би явган хүний замаар гараад ирэх үед автомашин дараад ухрахад нүдэнд нэг дугуй л харагдсан” тухай мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд тогтвортой өгсөн мэдүүлэг,

- шүүгдэгч **...тухайн авто осол гагцхүү тээврийн хэрэгслийг шавраас татаж гаргасны дараа хүчтэй ухрах хөдөлгөөн хийх үед үүссэн байх, би автомашинаа шавраас татуулж гаргуулсны дараа замын хөдөлгөөнд оролцох үедээ автомашины зөвхөн урд талаа харсан, бусад тал, нөхцөл байдлыг хараагүй тухай...мэдүүлэг зэргээр огт үгүйсгэгдээгүй байх бөгөөд шүүгдэгч нь шаварт суусан автомашиныг татуулах үед тэдний хажууд *** байсан, бүр согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн байсныг мэдэж байсан гэх атлаа шавраас автомашинаа татуулсаны дараа замын хөдөлгөөнд оролцохоор автомашин жолоодон ухрах хөдөлгөөн хийж, үргэлжлүүлэх үедээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн гэж үзэх үйл баримт тогтоогдсон байх тул ** Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг” гэснийг зөрчсөн тухай шинжээчийн дүгнэлтийг хууль ёсны ба үндэслэл бүхий гэж үзнэ.  

Замын хөдөлгөөний дүрэм нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт зааснаар тус хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт бөгөөд тус шүүгдэгчийн хувьд хүний амь бие, эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болох автотээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмээр хүлээлгэсэн үүргээ биелүүлэх ёстой тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр зөрчсөн эс үйлдлийг үгүйсгэн цагаатгах үндэслэл тогтоогдоогүй болно.

2.3. Харин шүүгдэгч ** нь тухайн цаг үед *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах хөдөлгөөн хийх үед буюу өөрийн эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн гэм буруугийн хэлбэр, мөн тухайн том оврын тээврийн хэрэгслийн онцлог байдал, түүний ачсан ачааны овор хэмжээ, бүрэнхий болж байсан зэрэг үйл баримт бүхий үндэслэл, нөхцөл байдлыг харгалзахад *** хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэж үзэх эргэлзээгүй бөгөөд хангалттай нотлох баримтгүй гэж үзэх үндэслэлтэй гэж үзэв.

2.4. Тус хэрэгт мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа дахин хийлгүүлэх  үндэслэлгүй.   

Тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах буюу нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа зохих алдаанууд гаргасан байсныг анхааруулж тэмдэглэх нь зүйтэй.  

Гэхдээ шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т зааснаар мөрдөн шалгах ажиллагаанд гарсан зарим алдаа, зөрчил бүхий асуудлыг засч залруулах, нөхөн гүйцэтгэж шийдвэрлэхийг прокурорт даалгасан буюу шүүх хуралдааныг 2022.10.25-ны өдрөөс 2022.12.05, 2022.12.19-ны өдөр тухай бүр хойшлуулсан, улмаар техникийн шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай талуудын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар “шүүх хуралдаанаас мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх”-ээр хэргийг прокурорт буцаах, эсхүл зарим ажиллагаа нэмж явуулахыг прокурорт даалгах үндэслэлгүй.  

Тийм учраас шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан : хохирогч автобусны аль буудлаас ирж гэр рүүгээ явдаг эсэх, мөн тухайн авто осол болох үед хохирогчийн өмсөж явсан хувцаст үзлэг хийгээгүй, осол болсны маргааш нь ойр орчмын айл нь мэдсэн эсэх тодорхойгүй байх тул тус байдлыг тогтоолгох утга агуулга бүхий саналыг хүлээж авах үндэслэлгүй бөгөөд тухайн санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж буй дээр дурдсан нотлох баримтын эх сурвалжийн хүрээнд үгүйсгэгдэж байгаа буюу хэргийн нотолгоонд нөлөөлөхгүй нь тогтоогдсон гэж үзнэ.  

2.5. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нь түүний эрхийн асуудал ба тухай эрх зөрчигдөөгүй.

Шүүгдэгч *** Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь шүүхийн өмнөх шат, шүүх хуралдаанд тухай бүр танилцуулж, тайлбарласан, тэрээр өөрийн хайхрамжгүй үйлдлээс зам тээврийн осол гаргасан гэм буруугаа шууд үгүйсгээгүй, харин зарим талаар зөвшөөрсөн утга агуулга бүхий мэдүүлэг өгсөн /хх-131-132, шүүх хуралдааны тэмдэглэл/, энэ нь нотлох баримтын дамжмал эх сурвалжид давхар илэрхийлэгдсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй.           

2.6. Дээрх нотлох баримт бүхий үндэслэлийн хүрээнд :    

Шүүгдэгч ** хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тухай улсын яллагчийн дүгнэлт, мөн шүүгдэгч ** авто тээврийн гэмт хэрэг үйлдэж хэргийг газрыг зориуд орхиж зугтаах гэмт хэрэг үйлдээгүй тухай өмгөөлөгчийн дүгнэлтийг тус тус хүлээж авах үндэслэлтэй, харин ** авто тээврийн гэмт хэрэг үйлдэж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн тухай улсын яллагчийн дүгнэлт, мөн шүүгдэгч ** хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нь нотлогдоогүй, эргэлзээтэй тухай өмгөөлөгчийн дүгнэлтийг тус тус хүлээж авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.     

Иймд **авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, харин шүүгдэгч ** холбогдох “авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.   

 

  1. Хохирол, хор уршиг :    

 

Хохирогч мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардалд баримтаар нийт 692.450 төгрөг /хх-33-42/ нэхэмжилсэн, шүүгдэгч 701.500 төгрөг төлсөн талаар оролцогч нар мэдүүлсэн /хх-163, шүүх хуралдааны тэмдэглэл/ байна.      

Харин хохирогч шүүх хуралдаанд : тэргэнцэр 350.000 төгрөг, таяг 50.000 төгрөг, нөхөн сэргээхэд зориулан уураг 750.000 төгрөг, эмчилгээний зардал 1.000.000 төгрөг, цэвэрлэгээ боолтын зардал 500.000 төгрөг, мөн бензин шатахуун, сэтгэл санааны хохирол, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, орлого зэрэг нийт 5.000.000 төгрөг нэхэмжлэх тухай мэдүүлсэн /шүүх хуралдааны тэмдэглэл/ байх боловч хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл, түүний хор уршигт хамаарах нотлох баримтын хүрээнд тэргэнцэр 350.000 төгрөг, таяг 50.000 төгрөг, нөхөн сэргээх эмчилгээний уураг 750.000 төгрөг нийт 1.150.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох үндэслэлтэй гэж үзсэн, тус хохирлыг шүүгдэгчээс хохирогид төлсөн /шүүх хуралдааны тэмдэглэл/ байна.    

Тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэх сэтгэл санаа, бензин шатахуун, ажилгүй байсан хугацааны цалин, давтан эмчлэгдсэн эмчилгээний төлбөр зэргийг нотолсон хууль ёсны ба үндэслэл бүхий нотлох баримт байхгүй тул шүүхээс шийдвэрлэх боломжгүй бөгөөд хохирогч нь тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан тухайн бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болно.   

Хохирогчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.903.000 төгрөг зарцуулсан, тус зардлын төлбөрийг эрүүгийн хэрэг дэх иргэний нэхэмжлэлийн үндэслэл, журмаар шаардлага гаргасан байх /хх-59, 60-66/ тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй.        

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :  

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт

 

Шүүгдэгч ** нь 2004, 2015 онд эрүүгийн хариуцлага хүлээсэн байх боловч түүнийг эдэлж дууссанд хамаарах эх сурвалжтай байх /хх-135-144/ тул  тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.  

Шүүгдэгч нь тус гэмт хэргийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  буюу гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн хүрээнд анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан нотлох баримт бүхий хохирлыг төлж барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.  

Шүүгдэгч нь ** жолооч ажилтай гэх болон түүний ар гэрийн амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримт хэрэгт цугларсан /хх-132, 147-150, 187-204, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, талууд болон хохирогчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч ** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т тус тус зааснаар шүүгдэгч *** гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг арилгах  арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.

 

  1. Бусад асуудал  

 

Уг хэрэгт 2 ширхэг компакт диск хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

                                                                        ТОГТООХ нь :

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч ** холбогдох “авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн газрыг зориуд орхиж зугтаасан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч ** “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.          

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч **  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар шүүгдэгч *** тэнссэн хугацаанд гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршгийг арилгах арга хэмжээ авах, оршин суугаа газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.                      

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болон гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.       

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ** оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2,  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч** 1.903.000 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.    

8. Тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч тус гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч буюу иргэний хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.    

9. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг компакт дискийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.     

10. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.         

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.ГАНБААТАР