Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/114

 

 

 

 

 

 

 

    2023         01          20                                    2023/ШЦТ/114

 

 

 

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,  

Улсын яллагч Т.Мижиддорж,

Шүүгдэгч***, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ** холбогдох ****** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ***аймагт төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эхнэр, * хүүхэд, ээж нарын хамт **********тоот хаягт оршин суух, урьд: Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 393 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, ***********/регистрийн дугаар ****.    

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч **** нь 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр *********нутаг дэвсгэрт “Баруун түрүүний” шалган нэвтрүүлэх хяналтын постоор эх сурвалж тодорхойгүй 40 метр куб модын иргэн ****эзэмшлийн **** улсын дугаартай Хьюндай маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн явахдаа урьд нь ашиглаж хүчингүй болсон *** дугаартай мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулж, хуурамч баримт бичиг бүрдүүлж, хууль бусаар мод тээвэрлэсэн  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :  

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :  

Шүүгдэгч *** нь урьд хүчингүй болсон *** дугаартай мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээг хууль бусаар бүрдүүлэн ашиглаж буюу гарал үүслийн гэрчилгээгүйгээр 40 метр куб модыг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр иргэн ** эзэмшлийн *** улсын дугаартай Хьюндай маркийн тээврийн хэрэгслээр Дархан-Уул аймгаас Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт тээвэрлэн авчирсан болох нь :       

- хохирогч ***...Гарал үүсэл нь тодорхойгүй 40 метр куб мод Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчоогоор 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр оруулж ирсэн хэрэгт...Экологийн эдийн засгийн үнэлгээгээр гарсан нөхөн төлбөрийг хуулийн дагуу төлүүлэх саналтай байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72-74 дэх тал/,

- эд зүйл, тээврийн хэрэгсэл ачаа тээшинд үзлэг хийсэн...Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах “Баруун туруу” постод зохих зөвшөөгүй, мод модон материал тээвэрлэж явсан гэх ***** улсын дугаартай, Хьюндай маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу явах чиглэлийн асфальтан зам дээр буюу хяналтын постын зүүн урд хэсгийн автомашины түр зогсоол дээр байрласан байв. Уг тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хөх өнгийн хуулгаар цоолборлож наасан...Тухайн тээврийн хэрэгсэл дээр ачигдсан эд зүйлийг ногоон өнгөтэй бүтээлгээр хучсан байсан тул хучлагыг авахуулахад...боловсруулсан модон палкийг хураан ачсан байв. Тээврийн хэрэгсэл дээр ачигдсан модны хэмжээг тодорхойлох зорилгоор метр ашиглаж урт, өргөн, өндрийг хэмжихэд...мод ачиж явсан тээврийн хэрэгслийн ачааны урт 8 метр 60 см, өргөн 2 метр 50 см, өндөр 2 метрийн хэмжээтэй байв. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үед жолооч, эзэмшигч байхгүй басан тул iphone маркийн гар утсаар 1 минут 50 секундийн бичлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 12-17 дахь тал/,   

- урьд 2022.01.10-ны өдөр ашиглагдсанаар хүчингүй болсон “мод, модон материалын гарал үүслийн **** дугаартай гэрчилгээний хуулбар /хх-22/, 

- 2022 оны 1 дүгээр улиралд** захад орсон мод, модон материалын судалгаа /хх-26/,

- гэрч *** /Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын байгаль орчны улсын байцаагч/-ийн:...2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “** ХХК-ны тээвэр хийж байгаа тээврийн хэрэгсэл дээр бичигдсэн гарал үүслийн гэрчилгээ буюу ****дугаартай мод, модон материал бэлтгэх эрхийн бичгээр 45 м3-ээр *** дугаартай гарал үүслийн гэрчилгээг Улаанбаатар хот руу бичсэн байсныг хянасан. Тухайн үед Ойн ангийн техникч ** ачсан модыг нүдээр хараад гарал үүслийн гэрчилгээг бичсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 112-113 дахь тал/,

- гэрч *** /Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ойжуулагч/-ийн:...Хүдэр суманд мод бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “*”ХХК-нд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мод, модон материал тээвэрлэх *** дугаартай гарал үүслийн гэрчилгээг *** дугаарын мод бэлтгэх эрхийн бичгийг үндэслэн олгосон. Тухайн тээврийн хэрэгсэлд 45 метр куб нарсан паалк буюу 4 талт дүнз Вольво маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачигдсан байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 116-117 дахь тал/,  

- гэрч ***...өмнө нь 2021 оны 11 дүгээс сард мод ачуулсан хүн 2022 оны 01 дүгээр сард утсаар дахин холбогдож палк мод зөөлгөе гэхэд нь зөвшөөрч,  өөрийн ** улсын дугаартай Вольва маркын ачааны чиргүүлтэй машинаар 45 метр.куб модыг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тээвэрлэж, Хангай захын урд талын хаалганы урд байх хөрөө рам дээр буулгаж байсан, мод буулгаж өгсөн газраа олж чадна, гарал үүслийн гэрчилгээгээ Хангай захын хаалган дээр байсан хүнд өгч байсан тухай мэдүүлэг /хавтаст хэргийн 85-88 дахь тал/,   

- гэрч ***...Би 2022 оны 5 сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын ** дүүргийн Баруун түрүү хяналтын постод хоногоор үүрэг гүйцэтгэж байхдаа орон нутаг чиглэлээс Улаанбаатар хот руу зорчиж явсан ачаа ачсан *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгах зорилгоор зогсоосон. Тэгтэл жолооч нь бичиг баримтаа арын машинд үлдээсэн байна, араас тэрэг ирнэ тэгэхээр үзүүлье гэж хэлсэн. Түүнээс хойш 10-20 минут болж байхад нөгөө жолооч залуу бичиг баримтаа аваад постод оруулж ирээд үзүүлсэн. Тэгээд байж байтал постод үүрэг гүйцэтгэж байсан мэргэжлийн хяналтын ажилтан орж ирээд наад машин чинь зөрчилтэй явж байна, Экологийн цагдаад дуудлага очсон байгаа гэж хэлсэн...Намайг машиныг зогсоож шалгах үед ногоон өнгийн хучлагаар хучсан байсан жолоочоос юу болох талаар асуухад Улаанбаатар хот руу мод тээвэрлэн явж байгаа юм гэсэн, машины бүтээлгийг сөхөн үзэхэд зүсвэрт оруулсан палкнууд байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77-78 дахь тал/,

- гэрч ***...Би 2022 оны 05 сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын ** дүүргийн ** дугаар хороонд байрлах хяналтын постод “Баруун түрүүнд үүрэг гүйцэтгэж байхад мөн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчаа ** улсын дугаартай цагаан өнгөтэй ачааны тээврийн хэрэгсэл зогсоон шалгаж байсан...Гарал үүслийн гэрчилгээ нь канондаж нотариатаар батлуулсан, канондсон гарал үүслийг бичиг дээрх огноо 2022 оны 01 сарын 10-ны өдрийн хугацаатай байсан тул зөрчилтэй байна гэж үзээд экологийн цагдаагийн албанд дуудлага өгсөн...Тухайн тээврийн хэрэгслийн урт, өргөн, ачааны өндрийг асуугаад байгаад бодож үзэхэд ойролцоогоор 40 орчим кубметр хэмжээтэй, зүсвэрт оруулсан палкан мод байсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь “** ХХК-аас 40 кубметр палк мод худалдан авсан гэсэн албан бичиг,  ** ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, жолоочийн үнэмлэхийн хуулбар зэргийг нотариатаар баталгаажуулж авч явсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77-80 дахь тал/,  

- гэрч **...Дархан-Уул аймгийн төвийн худалдааны захын хойд талд байдаг том автомашины зогсоол дээр 2022 оны 05 сарын 03-ны өдөр байж байхад ** гэдэг эмэгтэй ирээд Улаанбаатар хот руу ачаа ачих уу, палк моднууд байгаа, бичиг баримттай байгаа гэсэн тул Улаанбаатар хот руу 900,000 төгрөгийн хөлсөөр тээвэрлэхээр болоод Дархан Уул аймгийн Дривен /тосгон/ гэдэг газр ** гэдэг эмэгтэйн ахын гэх хашаан дотор хураалттай байсан 2-4 метр урттай, нарсан палк модыг ** ачуулсан, модны гадна талаар ногоон өнгөтэй хучлагаар хучиж татлагаар татсан, орой 20 цагийн орчим Дархан-Уул аймгаас би өөрийнхөө ** улсын дугаартай машинаа бариад, харин ** гэдэг эмэгтэй өөрийн эгч гэх ** гэдэг хүнтэй цайвар өнгөтэй приүс-30 маркийн машинтай хамт шөнөжин яваад 2022 оны 05 сарын 04-ний өглөө 10 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн Баруун түрүүний шалган нэвтрүүлэх постоор нэвтрэх гэж байгаад цагдаа, мэргэжлийн хяналтын газрын алба хаагч нарт саатуулагдсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 102-104 дэх тал/,

            - шүүгдэгч **...Би 2018 оны сүүлээр Дархан-Уул аймгийн иргэн** гэдэг хүнээс 30 гаран тооны 4 метрийн урттай мод бас 1 метр 50 см-ийн урттай 3 портер машин мод худалдаж аваад Ээгий ахын хөрөө рам дээр зүсүүлж палк мод болгон бэлдээд байшин барихаар Дархан-Уул аймагт өөрийн нагац ах ** хашаанд хадгалж байсан ба **дүүрэгт байдаг өөрийн нагац эгч ** гэж хүний хашаанд байшин барихаар 2022 оны 05 сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн бирж дээр зогсож байсан ачааны машины жолоочтой 900.000 төгрөгөөр хөлсийг тохирч Улаанбаатар хот руу 2022.05.04-ны өдөр ачиж оруулж ирэхдээ 22-ын товчоон дээр саатуулагдсан...Би энэ модыг 2018 онд Дархан-Уул аймагт байдаг** гэж хүнээс авах үед Ээгий зөвшөөрөлтэй мод гэж хэлж байсан. Харин Улаанбаатар хот руу тээвэрлэхээс өмнө хотын Хангай зах дээр явж байгаад нэг танихгүй хүнээс Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу мод ачиж байсан гарал үүслийн гэрчилгээ байна уу гэтэл надад тэр гарал үүслийг 20.000 төгрөгөөр зарсан...Танихгүй хүнээс худалдаж авсан, өмнө ашиглагдсан байсан гарал үүслийн бичгээр моднуудаа хот руу ачиж оруулж ирэх гэж байгаад баригдсан, надаас өөр хүн мэдэхгүй, мод ачсан жолоочид гарал үүслийн бичиг нь байгаа гэж хэлж ачуулсан. Би өмнө нь ашиглагдсан гарал үүсэл ашиглан зөвшөөрөлгүй мод тээвэрлэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-156-157, 82-83, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

2. Хэргийн зүйлчлэл, нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт :

                  

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд:  

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан   үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.

2.2. Шүүгдэгч нь гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн болох нь тогтоогдсон байх тул тухайн гэмт хэргийн субьектив, объектив шинж бүрэн хангагдсан гэж үзнэ.  

Шүүгдэгч нь 2022.01.10-ны өдөр өөр хүмүүс ашигласнаар шууд хүчингүйд тооцогдсон “Мод, модон материалын гарал үүслийн ** дугаартай гэрчилгээ”-г хууль бусаар олж аван, улмаар хуулбарлан нотариатаар батлуулах зэрэг хууль бус арга хэрэглэж мод тээвэрлэсэн байх тул Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.4, 34.5 дахь хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013.05.15-ны өдрийн А-153 тоот тушаалаар батлагдсан “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”, “Ойгоос мод бэлтгэх эрхийн бичгийн загвар, санамж”-д заасан үндэслэл, журам, шалгуур шаардлагыг ноцтой зөрчсөн бөгөөд гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэж үзэх үндэслэл хангалттай, эргэлзээгүй байна.  

Харин шүүгдэгчээс хурааж авсан “Мод, модон материалын гарал үүслийн гэх 00011757 дугаартай гэрчилгээ” цаг хугацаа, бусад шалгуур шаардлагын хувьд дахин ашиглагдахгүйгээр хүчингүйд тооцогдох нь энгийн ухамсрын түвшинд илэрхий бөгөөд Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.4, 34.5 дахь хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013.05.15-ны өдрийн А-153 тоот тушаалаар батлагдсан журмыг ноцтой зөрчсөн байсаар атал таслан зогсоохгүйгээр мод ачсан машиныг явуул гэсэн хууль бус чиглэл өгч /хх-91, 93-96, 99-101/ улмаар тухайн модыг хурааж авах боломжгүй байдлыг бүрдүүлсэн шалтгаан, тухайн мод хэрхэн алга болсон эсэх асуудлыг жич шалгах шаардлагатайг тэмдэглэх нь зүйтэй.      

2.3. ”Хэн, хэзээ” зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн, мөн гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод худалдсан буюу худалдан авсан” асуудлыг нотолж тогтоосон үйл баримт тус хэрэгт байхгүй байх тул тус хэргийг прокурорт шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэсэн болно.

Тус хэрэгт мод бэлтгэх зөвшөөрөл, худалдах эрхийн гэрчилгээ огт байхгүй тул “**” ХХК-ний захирлаас үйлдсэн албан бичиг /хх-19/-ээс үзэхэд тухайн хуулийн этгээд хууль бусаар тухайн модыг бэлтгэсэн, эсхүл гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод худалдсан” байж болох эсхүл хууль бусаар тухайн баримт бичгийг үйлдсэн эсэх асуудлыг нэг мөр шалган тогтоож шийдвэрлэвэл зохино.     

2.4. Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг хооронд зөрүүтэй байдалгүй, түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар баталгаажуулсан эрхийг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шат бүрт танилцуулж, тайлбарласан /хх-156-157, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх ба шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь нотлох баримтын бусад эх сурвалжаар нотлогдсон байна.   

Иймд шүүгдэгч ** гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

3. Хохирол, хор уршиг :         

 

Тус гэмт хэргийн улмаас ойн санд учирсан 40.284 м3 хуурай модны экологи  эдийн засгийн үнэлгээ 9.373.952 төгрөгөөр тогтоогдсон байхаас /хх-137-139/ гадна Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 дахь хэсэгт зааснаар ойн санд хохирол учруулсан гэмт үйлдлийн төрөл, хэлбэрийг үл харгалзан ойн санд учруулсан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин ихэсгэсэн хэмжээгээр тогтоохоор заасан байх тул шүүгдэгч ** нийт 28.121.856 төгрөг гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах үндэслэлтэй.    

Харин гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэхэд ашиглагдсан тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн өмлөлийнх биш, харин иргэн ** зээлээр авч эзэмшиж байгаа, “**” банк бус санхүүгийн байгууллагад зээлийн барьцаатай болох нь тогтоогдсон /хх-23, 74-76, 104/ байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *** улсын дугаартай Хьюндай маркийн тээврийн хэрэгслийг буюу түүний үнийг тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулахаар хураан авах боломжгүй гэж үзлээ.  

Мөн шүүгдэгчээс ойн санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр 28.121.856 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн тул дахин давхцуулж буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахад хүргэх нөхцөл байдал, хууль хэрэглээнд үүссэн зарим эргэлзээг харгалзсан болохыг тэмдэглэв.    

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт:  

 

Шүүгдэгч *** урьд 2018 онд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх боловч түүний ял эдэлж дууссанд хамаарах эх сурвалжтай байх /хх-168, 170-174 шүүх хуралдааны тэмдэглэл/ тул тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 4, эрхэлсэн тодорхой ажилгүй, насанд хүрээгүй 2 хүүхэдтэй, нэг хүүхэд нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, шүүгдэгчийн ээж хүнд өвчний улмаас хэвтрийн байдалд түүний асрамжид орсон гэх болон түүний амьдрал ахуй, хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-129, 131, 156-157, 162, 164, 168, 187-188, 190-204, 206, 208-220, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна. 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Даваадуламыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон, 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

            Тус шүүгдэгчийн ар гэрийн амьдрал ахуйн нөхцөл байдал, хүүхдийн сургууль болон ээж, хүүхдийн эмчилгээтэй холбоотойгоор Дархан-Уул аймаг, Улаанбаатар хот хооронд тогтмол хугацаагаар зорчдог нөхцөл байдал зэргийг харгалзахад түүнд нийтэд тустай ажил хийлгэх болон зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах боломжгүй тухай шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын саналыг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

  1. Бусад асуудал    

 

Уг хэрэгт 1 ширхэг компакт диск хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :

 

 

 

 

1. Шүүгдэгч *** гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ** оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.                         

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ** оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *** 28.121.856 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай.   

6. Тус хэрэгт хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт нь хавсаргасугай.  

7. Тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болохыг тус тус дурдсугай.

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР