| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 181/2018/03194/И |
| Дугаар | 181/ШШ2019/01173 |
| Огноо | 2019-05-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 181/ШШ2019/01173
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.М-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “ЖТК ББСБ” ГХОХХК ,
Хариуцагч: “МХ” ГХОХХК нарт холбогдох
Фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 69,840,000 төгрөг, хохирол 3,788,398 төгрөг, нийт 73,628,398 төгрөгийг “ЖТК ББСБ” ХХК-аас гаргуулах, урьдчилгаа төлбөр 76,800,000 төгрөгийг хариуцагч “МХ” ХХК-аас гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 82,531,046.05 төгрөг, зээлийн хүү 2,767,616.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 317,461.89 төгрөг, хохирол 2,573,483.73 төгрөг, нийт 88,189,608 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сарангуа, хариуцагч “ЖТК ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр, түүний өмгөөлөгч С.Отгонжаргал, хариуцагч “МХ” ГХОХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Урантогос, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түмэнбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.М нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “МХ” ХХК-тай автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулан Тоёота Ланд круйзер 200 YX дизель автомашиныг 192,000,000 төгрөгөөр урьдчилгаанд 76,800,000 төгрөг төлж үлдэх 60 хувийн төлбөрийг 3 хоногийн дотор энэ гэрээнд заасны дагуу “ККИ” ББСБ-с хийхээр авсан юм. Ингээд 2016 оны 10 сарын 28-ны өдөр “ККИ” ХХК иргэн Н.Мтай ЗГМ16/66 тоот зээлийн гэрээ байгуулан 115,200,000 төгрөгийг 2021 оны 10 сарын 17-ны өдрийг хүртэл жилийн 18 хувь, сарын 1,5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хүү жилийн 21,6 хувь, сарын 1,8 хувийн хүүтэй зээл авч, 2016 оны 10 сарын 28-ны өдрөө үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай фидуцийн гэрээ байгуулж, мөн энэ өдөр БДГМ16/30 тоот Батлан даалтын гэрээ байгуулсан юм. Иргэн Н.М нь зээлийн гэрээний хавсралт 1-д заасан Зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу сар бүр 2,910,000 төгрөг төлж ирсэн ба 2018 оны 9, 10 сарын төлбөрийг хугацаандаа төлөөгүй бөгөөд учир байдлаа хэлээд төлнө гэж байтал 2018 оны 10 сарын 18-ны өдөр машиныг авч явах талаар огт хэлж мэдэгдэхгүйгээр гражаас шууд хурааж авч явсан байсан. Дээрх автомашин нь фидуцийн гэрээнд зааснаар гэрээ байгуулсан өдрөө л ББСБ-ын өмчлөлд шилжсэн бөгөөд Д.Мөнхбат нь 2018 оны 10 сарын 19-ний өдөр 9, 10 сарын зээлийн төлөлт 5,820,000 төгрөгийг төлсөн. Зээлийн эргэн төлөлтийг бүрэн төлсөн бөгөөд машинаа эргүүлж авахыг хүссэн боловч 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрөөс өмнө зээлийн гэрээний үүргээ биелүүлж, 89,214,999 төгрөг төлөхгүй бол барьцаа хөрөнгийг худалдан борлуулах тухай 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 18/1188 тоот мэдэгдэл хүлээн авсан. Нэгэнт хураан авсан машиныг буцаан өгөхгүй гэх тул машиныг авахад өөрийн оруулсан урьдчилгаа төлбөр, зээл, зээлийн хүү, татвар, даатгал зэргийн бүх төлбөрийг Банк бус санхүүгийн байгууллагаас нэхэмжилж байна. “МХ” ХХК нь иргэн Н.Мын урьдчилгаанд төлсөн төлбөр, мөн гэрээнд заасан ёсоор банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээр машины бүх төлбөрөө авч, машинаа шилжүүлснээр энэ компанитай байгуулсан гэрээ дуусгавар болсон. Нэхэмжлэгч нь машиныг авч явсны маргааш гэрээний үүргээ биелүүлж, 5,8 сая гаруй төгрөгийг төлж, машинаа авахыг хүссэн боловч хариуцагч машиныг эргүүлж өгөхгүй гэсэн. “ККИ” ХХК нь зээлийн гэрээнээс татгалзсан мэдэгдлээ 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон иргэн Н.Мад албан ёсоор өгсөн бөгөөд өөрсдийнх нь нэр дээр өмчид нь байгаа машиныг хураан авч, гэрээнээс татгалзсан тохиолдолд хуульд заасан ёсоор нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд 24 сарын туршид 2,910,000 төгрөг төлсөн 69,840,000 төгрөг, татвар, даатгал бусад зардалд 3,788,398 төгрөгийг “ЖТК ББСБ” ХХК-аас, автомашины урьдчилгаа төлбөр 76,800,000 төгрөгийг хариуцагч “МХ” ХХК-аас тус тус гаргуулж өгнө үү.
Н.М нь зээлийг хууль болон гэрээнд заасны дагуу хүлээн аваагүй. Харин зээлдүүлэгч зээлийн гэрээний 3.2.1, 3.2.2-д заасны дагуу зээлийг Н.Мад шилжүүлээгүй. Фидуцийн гэх гэрээнд заасны дагуу ББСБ-ын өмчлөлд байгаа эд хөрөнгийн сар бүр 2,910,000 төгрөг төлж хэрэглэж байсан бөгөөд уг байгууллага хууль бус аргаар хураан авсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч “ЖТК ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь зээлдэгч Н.Мын зээлийн хүсэлтийг үндэслэн 2016 оны 10 сарын 28-ны өдөр ЗГМ16/66 зээлийн гэрээг байгуулж, 115,200,000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, сарын 1,5 хувийн хүүтэйгээр автомашины зээлийн зориулалттай байхаар гэрээний гол нөхцлийг тохирч, тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай ФГМ16/66 фидуцийн гэрээг байгуулж, Toyota Land cruiser 200VX автомашиныг үүрэг гүйцэтгүүлэгч буюу ББСБ-ын өмчлөлд шилжүүлсэн болно. Нэхэмжлэгчийн хөрөнгөд хууль бусаар халдан хураан авсан үйлдэл огт байхгүй. Зээлдэгч 2016 оны 10 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн эргэн төлөлтийг хийх гэрээгээр хүлээсэн үүрэг болох 24 удаагийн төлөлтөөс 19 удаа биелүүлээгүй болно. Үүний улмаас зээлийн эргэн төлөлтийн графикт 2018 оны 10 сарын 17-ны өдөр үндсэн зээлийн үлдэгдэл 80,473,846.36 төгрөг байхаар заасан боловч 2018 оны 10 сарын 19-ний өдөр төлөлт хийсний дараах үндсэн зээлийн үлдэгдэл 82,531,046.05 төгрөг болж, графикаас 2,057,199.69 төгрөг дутуу байсан. Зээлийн гэрээний 6.1.1-д зээлдэгч нь энэхүү гэрээний аль нэг заалтыг зөрчсөн эсхүл зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанаас 1 хоног буюу түүнээс дээш хоног хэтрүүлсэн бол ББСБ-ын санаачилгаар хугацаанаас өмнө гэрээг цуцалж болно гэж заасан. Гэвч зээлдэгч Н.М хамгийн сүүлд 2018 оны 9 сар болон 10 сарын эргэн төлөлт хийх үүргээ биелүүлээгүйн дээр манай компанид хэд хэдэн удаа төлөлт хийх амлалт өгч байсан боловч амласандаа хүрээгүй учир ББСБ нь 2018 оны 10 сарын 18-ны өдөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шилжүүлсэн хөрөнгө болох автомашиныг хураан авсан болно. Энэ тухай Н.Мтай байгуулсан Фидуцийн гэрээний 1.4-д зааснаар төлбөрийн өдрөөс 1 хоног хугацаа хэтрүүлбэл 7 хоногийн дотор бүх төлбөрөө буцаан төлүүлэх бөгөөд бүх төлбөрөө төлөхгүй тохиолдолд автомашиныг өөрийн эзэмшилдээ хураан авч, худалдан борлуулна, мөн гэрээний 2.9-д зээлдэгч зээл болон хүүгээ хугацаандаа төлөлгүй 7 хоног хэтэрсэн, эсхүл зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн гэрээг цуцалсан тохиолдолд ББСБ өмчлөлд шилжүүлсэн хөрөнгийг хураан авах эрхтэй бөгөөд ийнхүү хураан авахад үүрэг гүйцэтгэгч ямар нэг саад учруулахгүйгээр ББСБ-ын шаардлагатай нөхцөл боломжийг олгоно гэж гэрээнд заасан болно. Н.М нь зээлийн гэрээний зүйлийг хүлээн авч, 2 жилийн хугацаанд ашиглаж байсан тул зээлийн гэрээгээр хүлээсэн хүү төлөх, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөх нь зээлдэгчийн хуулийн дагуу хүлээсэн үүрэг тул буцаан нэхэмжлэх эрх байхгүй байна. Урьдчилгаанд төлсөн 76,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлдээ дурдсан байх ба энэхүү урьдчилгаанд төлсөн гэх мөнгийг ББСБ хүлээж аваагүй тул хариуцах үндэслэлгүй. Фидуцийн гэрээний 2.5-д зааснаар өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгөтэй холбоотой ашиглалтын болон үйл ажиллагааны бүхий л зардал, татвар, төлбөр зэрэг бусад төлбөрийг үүрэг гүйцэтгэгч хариуцахаар талууд тохиролцсон. Иймээс үүрэг гүйцэтгэгч нь автомашиныхаа даатгал, төлбөрийг өөрөө хариуцан төлөх нь түүний үүрэг болно.
Талуудын хооронд 2016 оны 10 сарын 28-ны өдөр байгуулсан ЗГМ16/66 дугаартай зээлийн гэрээг цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 82,531,046.05 төгрөг, хүү 2,767,616.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 317,461.89 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний зардал 2,568,483.73 төгрөг, нотариатын зардал 5,000,000 төгрөг, нийт 88,189,608.11 төгрөгийн Н.Маас гаргуулж, Фидуцийн гэрээний барьцаа хөрөнгө болох Тоёота Ланд Круйзер 200 VX автомашинаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч “МХ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй “Тоёота”-гийн албан ёсны диллер компани бөгөөд манай компаниас худалдан авсан Toyota land cruiser VX дизель загварын JTMHV05J204204152 арлын дугаартай автомашиныг Н.М нь өөрийн хүсэлтээр худалдан авч, ашиглах зорилгоор манай компанитай “Автомашин худалдах худалдах авах гэрээ”-г байгуулсан. Тус автомашины нийт үнэ 192,000,000 төгрөгөөс 40 хувь болох 76,800,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт төлсөн. Н.М нь өөрийн шийдвэрээр үлдэгдэл төлбөрийг “Капиталконтинент ББСБ”–тай тусдаа зээлийн гэрээ үйлдэн, “Капиталконтинент инвестмент ББСБ” ХХК-аас үлдэгдэл төлбөр 115,200,000 төгрөгийг төлөх зээлийн шийдвэрийн дагуу Н.Мад автомашиныг 2018 оны 10 сарын 28-ны өдөр хүлээлгэн өгсөн. Н.Мад автомашиныг хүлээлгэн өгснөөс 2018 оны 10 сарын 18-ны өдрийг хүртэл ашиглаж байсан. Иймд нэхэмжлэлд дурдсан 76,800,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.М нь хариуцагч “ЖТК ББСБ” ХХК-нд холбогдуулан фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 69,840,000 төгрөг, хохирол 3,788,398 төгрөг, нийт 73,628,398 төгрөг гаргуулах, хариуцагч “МХ” ХХК-нд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн урьдчилгаа төлбөр 76,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч “ЖТК ББСБ” ХХК нь нэхэмжлэгч Н.Мад холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 82,531,046.05 төгрөг, зээлийн хүү 2,767,616.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 317,461.89 төгрөг, хохирол 2,573,483.73 төгрөг, нийт 88,189,608 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Н.М болон хариуцагч “ЖТК ББСБ” ХХК-ийн хооронд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ЗГМ16/66 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр зээлдүүлэгч “ЖТК ББСБ” ХХК нь 115,200,000 төгрөгийг 5 жилийн хугацаатайгаар зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч Н.М нь сарын 1.5 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 1.8 хувийн нэмэгдүүлсэн хүүтэйгээр буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Мөн дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ФГМ16/66 дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай /фидуци/ гэрээ байгуулж, зээлдэгч Н.Мын өмчлөлийн Toyota land cruiser 200 VX дизель загварын автомашиныг зээлдүүлэгч “ЖТК ББСБ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, зээлдэгч зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд автомашиныг зээлдэгчид буцаан шилжүүлэх үүрэг тус тус хүлээсэн байна.
Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1-д заасан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5, 451 дүгээр зүйлийн 451.2-т зааснаар зээлийн болон фидуцийн гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.
Талууд дээрх гэрээг байгуулсан эсэх талаар болон зээлдэгч Н.М нь зээлийн гэрээний үүрэгт 69,840,000 төгрөг төлсөн талаар маргаагүй.
Харин зээлдүүлэгч “ЖТК ББСБ” ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 115,200,000 төгрөгийг зээлдэгч Н.Мад шилжүүлээгүй, түүнчлэн фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг хууль бусаар эзэмшилдээ шилжүүлэн авсан гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлд зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэж өгөх бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараас үзэхэд зээлдүүлэгч “ЖТК ББСБ” ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 115,200,000 төгрөгийг зээлдэгч Н.Мад бус “МХ” ХХК-нд шилжүүлсэн болох нь тогтоогдож байх боловч ийнхүү “МХ” ХХК-нд мөнгийг шилжүүлсэн явдлыг зээлдэгч Н.М зөвшөөрсөн буюу өөрийн худалдан авсан автомашины төлбөрт 115,200,000 төгрөгийг шилжүүлж, улмаар автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч ашиг олсон гэж үзэхээр байх тул “ЖТК ББСБ” ХХК зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.
Ийнхүү хариуцагч “ЖТК ББСБ” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн байна.
Иймд хариуцагч “ЖТК ББСБ” ХХК-ийг зээлийн гэрээний үүргийг зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн 69,840,000 төгрөг, хохирол 3,788,398 төгрөг, нийт 73,628,398 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Мын нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Харин нэхэмжлэгч Н.М нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн болох нь зохигчийн тайлбар, хүү тооцооллын хүснэгт зэргээр тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.
Зээлийн гэрээний 6.1.1-т гэрээний заалтуудыг болон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 1 хоног буюу түүнээс дээш хоног хэтрүүлсэн бол банк бус санхүүгийн байгууллагын санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийг гэрээг цуцлахаар заажээ.
Нэхэмжлэгч зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тул банк бус санхүүгийн байгууллагын зүгээс 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээлийн төлбөрийн төлөх талаар хугацаатай мэдэгдэл өгсөн болох нь мэдэгдэл, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасантай хариуцагч “ЖТК ББСБ” ХХК-ийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шаардлага нийцэж байна.
Өөрөөр хэлбэл банк бус санхүүгийн байгууллагаас Н.Мад зээлийг хугацаандаа төлөх талаар удаа дараа мэдэгдэж байсан ба тэрээр зээлийг гэрээнд заасан хугацаанд нь төлөөгүй болох нь тогтоогдсон тул хариуцагчийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах шаардлага үндэслэлтэй.
Мөн хариуцагч “ЖТК ББСБ” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар төлөгдөөгүй зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын талаар маргаагүй.
Дээрх үндэслэлүүдээр Н.М болон “ЖТК ББСБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ЗГМ16/66 тоот зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөр 82,531,046.05 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,767,616.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 317,461.89 төгрөг, нийт 85,616,079 төгрөгийг нэхэмжлэгч Н.Маас гаргуулж, “ЖТК ББСБ” ХХК-нд олгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Мөн хариуцагч банк бус санхүүгийн байгууллагаас нотариатын зардалд 5000 төгрөг, өмгөөллийн үйлчилгээний зардал 2,568,483.73 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч хариуцагч өмгөөллийн үйлчилгээний зардал гаргасан болохоо баримтаар нотлоогүй, харин нотариатын зардалд 5,000 төгрөг төлсөн болох нь мөнгөний тасалбар /хх 59/-аар нотлогдож байх тул нэхэмжлэгчээс хохирол 5,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, өмгөөллийн хөлс 2,568,483 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах сөрөг нэхэмжлэлийн хувьд, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид “фидуци” гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
Харин үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөлдөө шилжүүлсэн эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авснаар фидуци дуусгавар болохыг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасан.
Хариуцагч “ЖТК ББСБ” ХХК нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгүүлэгчийн эрхийг эдэлж, үүргийг хангуулах эрхтэй буюу автомашиныг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан атлаа нэхэмжлэгчээс зээлийн үлдэгдэл төлбөрийг шаардаж, фидуцийн зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь фидуцийн гэрээний дагуу шаардах эрхээсээ татгалзсан гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч банк бус санхүүгийн байгууллага нь фидуцийн зүйлийг бодитойгоор гаргуулан авахыг хүсээгүй, харин уг зүйлээс үүргийг хангуулах агуулгаар нэхэмжлэлээ тодорхойлсон байна. Иймд хариуцагч “ЖТК ББСБ” ХХК нь фидуцийн гэрээний эрхээс татгалзсан гэж үзнэ. Мөн талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдаагүй тул фидуцийн зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардах эрх үүсэхгүй юм.
Иймд фидуцийн зүйлээс үүргийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, фидуцийн зүйлийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Н.Мад буцаан шилжүүлэх нь зүйтэй.
Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан зээлийн хувийн хэргийн бүрдүүлбэр хангаагүй, фидуцийн гэрээнд хөрөнгийн үнийг тусгаагүй, зээлдүүлэгч фидуцийн зүйлийг эзэмшилдээ шилжүүлэн авсан явдал нь фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй тул энэхүү гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариуцагч “МХ” ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд, Н.М болон “МХ” ХХК-ийн хооронд 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 16/1367 тоот автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр худалдагч “МХ” ХХК нь Toyota land cruiser 200 VX дизель загварын автомашиныг худалдан авагч Н.Мын өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Н.М нь үнэ 192,000,000 төгрөгийг төлж, автомашиныг хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд энэхүү гэрээ хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.
Дээрх гэрээний дагуу худалдагч “МХ” ХХК нь автомашиныг худалдан авагч Н.Мын өмчлөлд шилжүүлсэн болох нь автомашин хүлээлгэн өгөх акт, тээврийн хэрэгслийн лавлагаа зэргээр тогтоогдсон бөгөөд худалдагч “МХ” ХХК нь автомашины үнэ 192,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар зохигчийн хэн аль нь маргаагүй тул талууд үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзнэ.
Иймд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээ дуусгавар болсон тул нэхэмжлэгч Н.М нь автомашины урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 76,800,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхгүй.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Н.Мын гаргасан хариуцагч “ЖТК ББСБ” ХХК-нд холбогдох фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 69,840,000 төгрөг, хохирол 3,788,398 төгрөг, нийт 73,628,398 төгрөгийг гаргуулах, хариуцагч “МХ” ХХК-нд холбогдох урьдчилгаа төлбөр 76,800,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Н.М болон “ЖТК ББСБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ЗГМ16/66 тоот зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэгч Н.Маас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 82,531,046.05 төгрөг, зээлийн хүү 2,767,616.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 317,461.89 төгрөг, хохирол 5,000 төгрөг, нийт 85,621,125 төгрөг гаргуулж хариуцагч “ЖТК ББСБ” ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 2,568,483 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг болон фидуцийн зүйлээс үүргийг хангуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Toyota land cruiser 200 VX дизель загварын JTMHV05J204204152 арлын дугаартай автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгч Н.Мын өмчлөлд буцаан шилжүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч “ККИ ББСБ” ХХК нь оноосон нэрээ “ЖТК ББСБ” ХХК болгож өөрчилсөн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын тодорхойлолт, тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар “МХ” ХХК-аас 76,800,000 төгрөг гаргуулах, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Н.М болон “ЖТК ББСБ” ХХК-ийн хооронд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Н.Мын нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ЖТК ББСБ” ХХК-аас 73,628,398 төгрөг гаргуулах тухай Н.Мын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Н.М болон “ЖТК ББСБ” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ЗГМ16/66 тоот зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэгч Н.Маас 85,621,125 /наян таван сая зургаан зуун хорин нэгэн мянга нэг зуун хорин тав/ төгрөг гаргуулж хариуцагч “ЖТК ББСБ” ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 2,568,483 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг болон Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул фидуцийн зүйлээс үүргийг хангуулах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Toyota land cruiser 200 VX дизель загварын JTMHV05J204204152 арлын дугаартай автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгч Н.Мын өмчлөлд буцаан шилжүүлсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 58.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 910,092 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 733,950 төгрөг, хариуцагчаас 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 669,098 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Маас улсын тэмдэгтийн хураамжид 586,056 төгрөг гаргуулж хариуцагч “ЖТК ББСБ” ХХК-нд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр илүү төлөгдсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж Н.Мад буцаан олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ