Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2021/0575

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Нарангарав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганзориг, Б.Одонгэрэл, гуравдагч этгээд Г.Ариунаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: С.Номин /РД: УП02272345/

Хариуцагч: Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: Г.Ариунаа /РД: ДЕ73103000/

Нэхэмжлэлийн шаардлага: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.3 дэх хэсэгт заасны дагуу Батлан хамгаалахын сайдын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/90 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүрэг, Монгол цэргийн музейн хашаанд байрлах 51а тоот байрны 50 тоот орон сууцыг С.Номинд олгохыг хариуцагчид даалгах, Баянзүрх дүүрэг, Монгол цэргийн музейн хашаанд байрлах 51а тоот байрны 50 тоот орон сууцыг Улсын бүртгэлийн Ү-2204115142 дугаарт иргэн Г.Ариунаагийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Монгол улсын иргэн Бортолгой овгийн Ганбатын Сод-Эрдэнэ, Монгол улсын иргэн Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ нар 2001 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр гэр бүл болж тэдний дундаас 2002 оны 07 дугаар сарын 23-ны өдөр С.Номин мэндэлсэн. Г.Сод-Эрдэнэ нь Зэвсэгт хүчний жанжин штабт ажиллаж байх хугацаандаа энхийг сахиулах ажиллагаанд явж ирсэн бөгөөд үүнээс хойш хугацаанд бие нь өвдөж улмаар 2012 онд нас барсан.

Монгол Улсын зэвсэгт хүчин Батлан хамгаалах яамны зүгээс талийгаач Г.Сод-Эрдэнийн ар гэрт зориулж нөхөн төлбөрт зориулж Баянзүрх дүүрэг Монгол цэргийн музейн хашаанд байрлах 51а тоот байрны 50 тоот орон сууцыг хөнгөлөлттэй үнээр буюу 20 000 000 /хорин сая/ төгрөгөөр олгохоор шийдвэрлэсэн байгаа гэж үзэхийн сацуу уг орон сууцыг талийгаач Г.Сод-Эрдэнийн төрсөн эгч болох Г.Ариунаад олгохоор Батлан хамгаалахын сайдын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/345 тушаалаар шийдвэрлэж, дээрх орон сууцны ашиглалтын гэрээг Г.Ариунаатай байгуулсныг мэдсэний дагуу энэхүү асуудлаар 2020 оны 05 дугаар сарын 04-ны өдөр Батлан хамгаалах яаманд хандаж хүсэлт гаргасан боловч хуулийн хугацаанд албан ёсоор хариу ирүүлээгүй тул Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01-р сарын 22-ны өдрийн 128/ШШ2021/0054 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Батлан хамгаалахын сайдын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/345 дугаартай тушаалыг Г.Ариунаад хуваарилсан хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Э.Оюун-Эрдэнээс 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гаргасан хүсэлтийн шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг, Г.Сод-Эрдэнийн нэр дээр хуваарилагдсан орон сууцыг гэр бүлд нь худалдан шилжүүлэх асуудлыг шийдвэрлэж дахин шинэ акт гаргахыг хүчин Батлан хамгаалахын сайдад даалгаж шийдвэрлэсэн.

Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03-р сарын 24-ний өдрийн 147 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шүүхийн шийдвэрийн бусад заалтын хэвээр үлдээн шийдвэрлэсэн.

Шүүхийг шийдвэрийн дагуу Батлан хамгаалахын сайд 2021 оны 04-р дүгээр сарын 23-ний өдрийн 1б/1345 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичгээр Батлан хамгаалахын сайдын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/90 дугаартай тушаалаар Батлан хамгаалах яамны эзэмшил дэх Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах байгууллагын мэдлийн цэргийн албан хаагчдын 300 айлын орон сууцны 51а байрны 8 дугаар давхрын 50 тоот 2 өрөө 40,28 м.кв орон сууцыг талийгаач Г.Сод-Эрдэнийн гэр бүлийн гишүүн, төрсөн эгч Г.Ариунаад худалдан шилжүүлэхээр шийдвэрлэсэн болно. гэжээ.

Г.Сод-Эрдэнийн нар барсны дараа түүний төрсөн эгч Г.Ариунаа, төрсөн ах Г.Хос-Эрдэнэ нар нь Батлан хамгаалахын сайдад хандаж Г.Сод-Эрдэнийн төрсөн охин ганц охинд нь уг орон сууцыг олгож өгнө үү гэж удаа дараа хүсэлт гаргасан, Батлан хамгаалах яамны эрх бүхий албан тушаалтан охины асран хамгаалагчийг нь тогтоох баримт бүрдүүлж байж шийдвэрлэхээр цохолт хийсэн бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01-р сарын 22-ны өдрийн 128/ШШ2021/0054 дугаартай шийдвэрээр орон сууцыг гэр бүлд нь худалдан шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхээр тус тус тогтоосон хэдий ч Батлан хамгаалахын сайд 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/90 дугаартай тушаалыг гаргахдаа талийгаачийн охин С.Номин болон ар гэрийг огт судлахгүйгээр Г.Ариунааг гэр бүлийн гишүүн гэж үзэж түүнд уг орон сууцыг худалдан шилжүүлэхээр шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт гэр бүлийн гишүүн гэж гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг, 3.1.6 дэх хэсэгт садангийн хүн гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг ойлгоно гэж хуульчилсан бөгөөд Г.Ариунаа нь талийгаачийн гэр бүлийн гишүүн биш садангийн хүн юм.

Иймд Батлан хамгаалахын сайдын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/90 дугаартай тушаал, 2021 оны 04-р дүгээр сарын 23-ний өдрийн 1б/1345 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг зэрэгт дурдсанаар Г.Ариунааг талийгаачийн гэр бүлийн гишүүн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.3 дэх хэсэгт заасны дагуу Батлан хамгаалахын сайдын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/90 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүрэг, Монгол цэргийн музейн хашаанд байрлах 51а тоот байрны 50 тоот орон сууцыг С.Номинд олгохын хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү. ...Энэ нэхэмжлэлийг гаргаснаар хариуцагч 2 төрийн байгууллагын эрх ашиг нь хэрхэн хөндөгдөөд байна. Яаж эрх ашиг нь хөндөгдөөд хэний шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг тайлбар гаргаад байна. Энэ нь ойлгомжгүй байна.

Батлан хамгаалахын яамнаас ийм тайлбар гаргаад байгаа нь өөрөө гуравдагч этгээдтэй нэг агуулгатай харагдаад байна. Манайх төрийн байгууллага учир хуульд зааснаар ажиллагаа явуулсан. Үүний дагуу ажиллагаа хийсэн гэсэн тайлбар өгсөн бол зөв гэж харж байгаа. Хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн тайлбар өгөөд байгаа нь хариуцагч нарын эрх ашгийг хэрхэн хөндөөд байна гэдэг асуудал тодорхойгүй байна. Улсын бүртгэлийн ерөнхий газраас хэлсэн тайлбар үндэслэлтэй энэ маргаан явж байсныг мэдээгүй байсан учраас бүрдүүлбэр хангаагүй, татгалзах нөхцөл байдал гараагүй учир бүртгэлээ нээсэн. Батлан хамгаалахын яамнаас гаргасан тайлбар байгаа. 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 1/4499 дугаартай албан бичгийн агуулга нь шүүхээс яамны харьяалалд явуулсан А/90 дугаартай тушаалыг явуулахдаа хэрхэн мэдэгдсэн бэ? мэдэгдсэн талаар баримтуудыг явуулна уу гэсэн агуулгатай албан бичиг байсан.

Яамны зүгээс 06 дугаар сарын 23-ны өдөр төрийн нарийн бичгийн дарга нь хариу ирүүлэхдээ өмнөх тогтоол шийдвэрүүдээр Г.Ариунаад олгосон гэсэн тайлбар байсан. Э.Оюун-Эрдэнэ яаж мэдэгдсэн талаар баримт байхгүй. 2021 оны 01 дүгээр сарын 22-ны 54 дугаартай шүүхийн шийдвэр байгаа энэ шүүхийн шийдвэрийн 15 дахь хуудас дээр тухайн шүүхээс үзлэг хийсэн. Үзлэгээр Г.Ариунаа болон Г.Хос-Эрдэнэ нараас өргөдөл хүсэлт гаргасан.

Үүний агуулга нь 10 настай С.Номинд олгож шилжүүлэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт байсан. Уг хүсэлтийг яамнаас хүлээж аваад холбогдох материалыг цуглуул гэсэн цохолтыг хийсэн. Яам хэнийг нь асран хамгаалаад байсныг нь яаж мэдээд байна. Өмнөх тушаалыг мэдэгдсэн мэдэгдээгүй талаар ерөөсөө маргаагүй. Маргасан мэтээр ойлгоод урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагагүй байсан. Батлан хамгаалах яамны зүгээс Э.Оюун-Эрдэнэ нөхрөө хаяад явсан гээд байдаг. Яам судалж шалгаагүй байж хаяж явсан үгүйг яаж мэдээд байна. Ярьсан гэж байгаа бол баримтаа гаргаж өг.

Шүүх өнөөдөр нотлох баримтаар хэрэг шийдвэрлэнэ. Гуравдагч этгээдийн тайлбарын хүрээнд ярьсан гэсэн баримт хэрэгтэй. Захиргааны шүүх хүлээж аваад нэхэмжлэлийн шаардлага болсон байна гээд захиргааны хэрэг үүсгэсэн байгаа. Талийгаач Э.Оюун-Эрдэнийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан. Өмнөх шийдвэрлэсэн хэрэг дээр цагдаагийн байгууллагаас холбогдох баримтыг гаргуулъя гэсэн боловч хэрэгт хамааралгүй учир гаргуулах шаардлагагүй гэж үзсэн. Иймд нэхэмжлэгчийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй байна. Яамны зүгээс хэлсэн үг, үйлдлээсээ зөрсөн. Гуравдагч этгээдийн охинд нь байрыг олго гэсэн хүсэлт нь ямар ч шалтгаангүйгээр бодол нь эргээд өөрөө авахаар болж байгаа. Г.Ариунаагийн авах гэж байгаа үндэслэл нь би талийгаачийг харж байсан гэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Нарангарав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Энэ хэрэгт Э.Оюун-Эрдэнийн талаар ярих шаардлагагүй тэр хүний нэр төрт халдаж байна. 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэрч Балжинням гэх хүн тухайн үед орон сууц хуваарилах комиссын дарга байсан. Гэрчийн мэдүүлэгтэй 2 дугаар тал дээр эхнэр нь надтай уулзаж байгаагүй, байраа хөөцөлдөж байгаагүй. Зөвхөн Г.Ариунаа гэх хүн л явж байсан. С.Номинд өгнө гэж баримт гарч иртэл тэр талаар дурдаагүй. С.Номингийн нэхэмжлэлтэй хурал дээр Э.Оюун-Эрдэнийн хүсэл зориг яваад байна гээд байна. Нэхэмжлэл гараад 2 шатны шүүхийн шийдвэр гарсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 01 дүгээр сарын 22-ны 0054 шийдвэрт түдгэлзүүлэх талаар тодорхой заагаад өгсөн. Нас барсан албан хаагчийн асран хамгаалагч халамжид байх гэсэн өөр үндэслэлээр 2014 А256 дугаар тушаалыг гаргасан. 2015 онд хөнгөлөлтэй үнээр худалдан шийдвэрлэх шийдвэр гарсан.

Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсгийг зөрчсөн. Мөн хуулийн 4.2.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 24-ны өдрийн 147 дугаар магадлал байна. Энэ магадлалын 11 дүгээр тал дээр хуульд зааснаар маргаан бүхий акт хууль бус түүний улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн нь тус тус тогтоогдсон талаар шүүх тус актыг хүчингүй болгох боломжтой байсан. Энэ хэрэг 1 сарын хугацаанд түдгэлцсэн байсан. Тэр үед даалгахыг судалсан байна уу энэ нөхцөлд шийдвэрлэе гээд хэлсэн бодит нөхцөл үүссэн учир шууд С.Номинд даалгах нэхэмжлэлийг гаргасан. Батлан хамгаалахын сайдын 2015 оны тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй энэ талаар шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон байх. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээж авахгүй гээд тодорхой дүгнэсэн.

Гэр бүлийн тухай хуулийн 3.1.12, Иргэний хуулийн 17.2, 502.1.1 дэх заалтуудыг баримталсан нь буруу гэхдээ шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах эсвэл хэрэгсэхгүй болгох. Хариуцагч, гуравдагч этгээд нарын давж заалдахад ханган шийдвэрлэх үндэслэл бол болохгүй. Гэр бүлийн тухай хуулиа дахин бариад маргаж болно гэсэн үндэслэлийг заагаад өгсөн. Энэ нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хангагдах юм бол Батлан хамгаалахын сайд, гуравдагч этгээд алинд нь төлөх хамаагүй төлөхөд бэлэн гэдгээ илэрхийлж байна. 2015 онд Э.Оюун-Эрдэнэтэй ярьсан гэж гуравдагч этгээд хэлээд байна. Энэ үйл баримт тогтоогдохгүй байна. Батлан хамгаалахын яам хэлж байна эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргасан гэж байна. Эрх хэмжээний хүрээ хэтэрсэн тохиолдолд Захиргааны шүүх гэдэг байгууллага байгаа. Э.Оюун-Эрдэнийг 2,3 байртай байж дахин байр авах гээд шуналтай байна гэх гээд байх шиг байна. Тэгэхээр Г.Ариунаа гэх хүн бас орох орон байртай.2015 оноос хойш энэ байр ашиглалтад ороод өнөөдрийг хүртэл энэ байраа түрээслүүлдэг. Сонсох ажиллагааг заавал хийх ёстой. Батлан хамгаалахын яам хийгээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганзориг шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан байгууллагын мэдлийн орон сууцыг оршин суугчдад нь худалдан шилжүүлэхтэй холбоотой асуудлын талаар дурдвал Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол цэргийн музейн байрлалд баригдсан Цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууцыг анх 2012 онд барьж эхэлсэн бөгөөд 2015 оны 11 дүгээр сард ашиглалт оруулсан байдаг.

Тухайн орон сууцыг барьж ашиглалтад хүлээлгэж өгөх 2012-2015 оны хооронд Албан тушаалын орон сууцыг хувиарлах тухай Батлан хамгаалахын сайдын 4 тушаал гарсан. Тухайлбал, 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/21 дүгээр Албан тушаалын орон сууцыг хувиарлах тухай тушаал бөгөөд уг тушаалын 2,3 дугаар хавсралтад Батлан хамгаадах яам, харьяа аж ахуй нэгж, байгууллагуудад ажиллаж байгаа орон сууцад орох офицер, ахлагч албан хаагчдын нэрсийг баталсан байна. Тушаалын хавсралтад байгаа албан тушаалтнуудын нэрс талийгаач Г.Сод-Эрдэнийн нэр байхгүй; 2012 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/261 дүгээр Албан тушаалын орон сууцыг хуваарилах тухай тушаалын хавсралтын 8-д дэслэгч Г.Сод-Эрдэнэ Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталийн их эмч гэж; 2014 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн А/259 дүгээр Орон сууц хуваарилах тухай тушаал бөгөөд тушаалаар 300 айлын орон сууцанд орох цэргийн алба хаагчдын нэрсийн жагсаалт-ыг дахин баталж, тушаалын хавсралтад А1 байрны 8 давхрын 50 тоот 2 өрөө 40.28м.кв байрыг талийгаач Г.Сод-Эрдэнийн эгч Г.Ариунаа гэж; 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/345 дугаар Тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тушаал бөгөөд тушаалаар 300 айлын орон сууцанд орох цэргийн алба хаагчдын нэрсийн жагсаалтыг дахин баталж, тушаалын хавсралтын А4 байрны 8 давхрын 50 тоот 2 өрөө 40.28м.кв байр нь талийгч Г.Сод-Эрдэнийн эгч Г.Ариунаа гэж тус тус эзэмшигчээр бичигдсэн байна.

Батлан хамгаалах яам нь 2020 онд байгууллагын мэдлийн орон сууцуудыг хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлсэн.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 56 дугаар Орон сууц хувьчлах тухай тогтоолын 1-д Батлан хамгаалах яам Зэвсэгт хүчний Жанжин штабын эзэмшилд байгаа албан тушаалын орон сууцуудыг одоо ашиглаж байгаа оршин суугчдад нь хувьчлах орон сууцны жагсаалт-ыг нэгдүгээр хавсралтаар, оршин суугчдад нь хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх орон сууцны жагсаалтыг 2 дугаар хавсралтаар тус тус баталж, 2-т Албан тушаалын орон сууцуудыг ашиглаж байгаа оршин суугчдад хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх болон хувьчлах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллахыг Батлан хамгаалахын сайд... даалгасугай гэжээ.

Засгийн газрыг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын явцад нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч болох /ээж/ Э.Оюун-Эрдэнээс 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Батлан хамгаалахын сайдын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/345 тушаалын Баянзүрх дүүрэг Монгол цэргийн музейн хашаанд байрлах 51а тоот байрны 50 тоот орон сууцыг Г.Ариунаад олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, С.Номинд олгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэлийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Давж заалдах шатны шүүх хуралдаж, шүүхээс нэхэмжлэгч С.Номингийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Батлан хамгаалахын сайдын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/345 тушаалын A/4 дүгээр /51A/ байрны 8 давхрын 50 тоот 2 өрөө 40.28м.кв байр нь талийгч Г.Сод-Эрдэнийн эгч Г.Ариунаад хуваарилсан хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж, С.Номингийн хууль ёсны төлөөлөгч Э.Оюун-Эрдэнээс 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гаргасан хүсэлтийн шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Г.Сод-Эрдэнийн нэр дээр хуваарилагдсан орон сууцыг гэр бүлд нь худалдан шилжүүлэх асуудлыг шийдвэрлэж дахин шинэ акт гаргахыг Батлан хамгаалахын сайдад даалгасугай. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш шүүхээс тогтоосон 1 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Батлан хамгаалахын сайдын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/345 тушаалын A/4 дүгээр /51A/ байрны 8 давхрын 50 тоот 2 өрөө 40.28м.кв байр нь талийгч Г.Сод-Эрдэнийн эгч Г.Ариунаад хуваарилсан хэсэг хүчингүйд тооцогдохын тайлбарласугай. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай гэсэн шийдвэр, магадлал гарсан.

Шүүхийн шийдвэр, магадлал болон Засгийн газрын 2020 оны 56 дугаар Орон сууц хувьчлах тухай тогтоолд нийцүүлэн батлан хамгаалахын сайд өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу талийгаач Г.Сод-Эрдэнийг өвчтэй үед нь асарч, халамжилж байсан түүний гэр бүлийн гишүүн болох төрсөн эгч болох Г.Ариунаад Батлан хамгаалахын сайдын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/90 дугаартай тушаалаар байгууллагын эзэмшлийн орон сууцыг худалдан шилжүүлсэн.

Мөн шүүхийн шийдвэр, магадлалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэн Э.Оюун-Эрдэнээс 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гаргасан хүсэлтийн шийдвэрлээгүй байгаа эс үйлдэхүйд Батлан хамгаалахын дэд сайд, албан тушаалын орон сууцыг хувьчлах болон хөнгөлөлттэй үнээр худалдан шилжүүлэх ажлын хэсгийн даргаас 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 1б/1345 тоот албан бичгээр иргэн Э.Оюун-Эрдэнэд хариу хүргүүлж, түүний Хаан банкны 5034903484 тоот дансанд 35.100 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид шилжүүлсэн болно.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ талийгаач Г.Сод-Эрдэнийн ар гэрт нөхөн төлбөрт зориулж орон сууцыг хөнгөлөлттэй үнээр буюу 20 000 000 /хорин сая/ төгрөгөөр олгохоор шийдвэрлэсэн гэж бичсэн нь ташаа ойлголт бөгөөд талийгаач Г.Сод-Эрдэнийг хүнд өвчтэй байх хугацаанд асарч, халамжилж байсан түүний төрсөн эгч болох Г.Ариунаа нь яамны удирдлагуудаас эмчилгээний зардалд мөнгөн тусламж хүсэж хөөцөлдсөн.

Яамны удирдлагууд мөнгөн тусламж үзүүлэх боломжгүй, харин эмчилгээнд нь зориулж байгууллагын эзэмшилд баригдаж байгаа байрнаасаа олгож өгье гэсний дагуу уг байрыг дэслэгч Г.Сод-Эрдэнэд дараа нь асарч, халамжилж байсан түүний төрсөн эгч болох Г.Ариунаад олгохоор шийдвэрлэсэн байдаг.

Мөн нэхэмжлэгч Батлан хамгаалахын сайд 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/90 дугаартай тушаалыг гаргахдаа талийгаачийн охин С.Номин болон ар гэрийг огт судлахгүйгээр Г.Ариунааг гэр бүлийн гишүүн гэж үзэж түүнд уг орон сууцыг худалдан шилжүүлэхээр шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарласныг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд 2021 оны А/90 дугаартай тушаал нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон Давж заалдах шатны шүүхийн магадлал, Засгийн газрын тогтоол, Батлан хамгаалахын сайдын хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд үндэслэж гарсан бөгөөд шүүх хурлуудын процесс талийгаачийн эхнэр байсан Э.Оюун-Эрдэнэ, түүний охин С.Номин нарын талаар хангалттай яригдсан, ягаад нөхрөө өвчтэй хүнд үед нь орхиж явсан, одоо хүнтэй суусан эсэх талаар шүүгч, хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчид асуулт тавихад тодорхой хариулт өгөөгүй, хуулиараа ч хүнд өвчтэй нөхөр, ааваа харж хандах, асарч сувилах, халамжлах үүрэгтэй энэ үүргээ биелүүлээгүй хүнд өвчтэй үед түүний төрсөн эгч Г.Ариунаа нь талийгаачийг асарч хандаж байсан, Гэр бүлийн тухай хуулиар ч Г.Ариунаа нь талийгаачийн гэр бүл, гэр бүлийн гишүүн нь гэдгийг дурдах хэрэгтэй.

Талийгаач Г.Сод-Эрдэнийг хүнд хэцүү цагт эхнэр, охин 2 нь орхиж явсан, хуульд заасан үүргээ биелүүлээгүй, орон байрны асуудал яригдахаар 18 жилийн дараа гарч ирээд байгууллагын мэдэлд байсан орон сууцыг өөрсдийн нэр дээр олгож өгөхийг хүсэж байгаа эхнэр, охин хоёрын шаардлага нь шударга ёс, бодит үнэн байдал, хууль ёсонд нийцэхгүй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Энэ талаар шүүхэд ч нэг бус удаа итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хэлж байсныг шүүх хуралдааны тэмдэглэл, бусад баримтаар нотлогдоно.

Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралд болон шүүх хурлын өмнө аль аль талын эрх ашгийг харгалзан үзээд Г.Ариунаа болон С.Номин нарын нэр дээр уг байрыг хамтран эзэмшигчээр шийдвэрлэж болох саналыг тавьсан боловч саналыг Г.Ариунаа хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн талаас хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдсэнийг хэлэх нь зүйтэй.

Батлан хамгаалахын сайдаас хууль тогтоомжоор олгогдсон эрх, Засгийн газраас байгууллагын мэдлийн орон сууцыг худалдан шилжүүлэхтэй холбоотой гарсан шийдвэрийн хүрээнд гаргасан тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37, 47, 48 дугаар зүйлд заасан хууль бус, эрх зүйн зөрчилтэй захиргааны акт биш тул Батлан хамгаалахын сайдын 2021 оны А/90 дүгээр тушаалыг хүчингүй болгох, тухайн үед байгууллагын мэдэлд байсан одоо хуулийн дагуу Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны даргын 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаар тогтоолоор тус байрны эзэмшигч Ганбат овогтой Ариунаад /регистр ДЕ73103000, гэрчилгээний дугаар 0119350/ өмчлүүлсэн уг орон сууцыг хувьчлах шийдвэрт үндэслэн Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн газраас улсын бүртгэлийн Ү-2204115142 дугаарт бүртгэгдсэн өмчлөгч Г.Ариунаагийн өмчлөлийн орон сууцыг С.Номинд даалгах тухай шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг эрхэм шүүгчээс хүсье. ... Энэ маргааны гол асуудал нь С.Номинд байрыг авч өгөх үүднээс Батлан хамгаалахын сайдын тушаалыг буруу гэж үзэж байна. Батлан хамгаалахын яам бол эрх хэмжээнийхээ хүрээнд Г.Ариунаа гэх хүний нөхцөл байдал бүх зүйлийг судлаад 2014 оноос хойш энэ тушаал уламжлагдаад гараад ирсэн. Өмч хөрөнгийн асуудал яригдаад байна. Үүнтэй холбоотой асуудлыг Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлсэн нь зөв гэж үзэж байна. Засгийн газрын тогтоолыг Батлан хамгаалахын сайд хэрэгжүүлэх үүрэгтэй. Засгийн газрын тогтоолыг өөрчилбөл сайдынхаа тушаалыг өөрчилье. Балжинням гэх хүн дарга биш орон сууц хариуцсан мэргэжилтэн байсан. Тэр хүнтэй уулзаж гэрчийн мэдүүлэг авч байсан. Энэ хүн Жанжин штабт одоо ажиллаж байгаа.Сайдын тушаал хууль бус биш юм. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одонгэрэл шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгэхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах, 29 дүгээр зүйлд заасан эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэлгүй тохиолдолд мөн 10 дугаар зүйлийн 10.6, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл бүртгэх журам-ын 5 дугаар зүйлийн 5.6-д заасан нотлох баримтуудыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэдэг.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д Мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг хариуцна. гэж заасны дагуу мэдүүлэгт хавсарган өгсөн нотлох баримт үнэн зөв байгаагүйгээс үүсэх хохирлыг мэдүүлэг гаргагч тал хариуцдаг хуулийн зохицуулалттай.

Иргэн Г.Ариунаа /ДЕ73103000/ нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 51A байрны 50 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэхэд мэдүүлэг түүнд хавсаргасан нотлох баримтууд нь өмчлөгчөөр бүртгэх хуульд заасан шаардлага хангасан байх бөгөөд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах мөн хуулийн 29 дүгээр зүйлд заасан эрхийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй байна.

Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана гэж тус тус Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл бүртгэх журам-ын 5 дугаар зүйлийн 5.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа улсын бүртгэлд бүртгэхэд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.1-д заасны дагуу дараах баримт бичгийг мэдүүлэгт хавсаргана гэж тус тус заасныг үндэслэн Баянзүрх дүүргийн 4-р хороо, 51А байрны 55 хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийг Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаар тогтоолоор иргэн Г.Ариунаа /ДЕ7310300/-д хувьчилсныг эрхийн улсын бүртгэлийн Ү-2204115142 дугаарт 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр бүртгэгдсэн байх бөгөөд уг бүртгэл нь бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.

Иргэн С.Номингийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын гаргасан нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 51а тоот байрны 50 тоот хаягт байрлах орон сууцны өмлөх эрхийг Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаар тогтоолоор хувьчилж, 0119350 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгосныг эрхийн улсын бүртгэлийн Ү-2204115142 дугаарт иргэн Г.Ариунаа /ДЕ7310300/-ын 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гаргасан мэдүүлэг, иргэний үнэмлэхийн хуулбар, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл, Батлан хамгаалахын дэд сайдаас олгосон 21 дугаартай орон сууц эзэмших эрхийн бичиг, Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийн 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1/1341 дугаартай албан бичиг, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаар тогтоолоор иргэн Г.Ариунаа /ДЕ7310300/-д хувьчилж олгосон 0119350 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг хангалттай нотлох баримтуудыг үндэслэн хуулийн дагуу өмчлөгчөөр бүртгэсэн байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ Батлан хамгаалахын сайдын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/90 дугаартай тушаалыг хүчингүй болгох тухай захиргааны маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон гэж Улсын бүртгэлийн байгууллагыг буруутгасан байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа тохиолдолд эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалздаг хуулийн зохицуулалттай боловч маргаан бүхий орон сууцыг эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс өмнө орон сууцны өмчлөлийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагад албан ёсоор мэдэгдээгүй тул уг орон сууцны өмчлөлийн маргаантай байсан эсэхийг бүртгэлийн байгууллага урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд бүртгэлийн байгууллага нь тухайн бүртгэлтэй холбоотой асуудал шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа эсэхийг хянаж, шалгах үүргийг хуулиар хүлээсэн зохицуулалт байхгүй юм.

Иймд иргэн Г.Ариунаа /ДЕ7310300/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204115142 дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын бүртгэлийн ерөнхий газрын ямар эрх ашиг зөрчигдөөд байна гэж яриад байна. Улсын бүртгэлийн ерөнхий хууль дээр заасан улсын бүртгэгчийн эрх үүрэг гэж байдаг. Мөн хуулийн 19.4.11 дэх хэсэгт өөрийн бүртгэсэн улсын бүртгэлийн хувийн хэргийг их нотлох баримт бичгийг бүрдэл болон түүний үнэн зөвийг өөрөө хариуцна гээд заасан байдаг. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйл дээр үнэн зөв байх ёстой гээд заагаад өгсөн. Мөн хуулийн 6.3 дахь хэсэгт заасны дагуу манай байгууллагыг хариуцагчаар татаад хуульд нийцүүлж хийсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага байна уу гэдэг дээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж гаргасан. гэжээ.

Гуравдагч этгээд Г.Ариунаа шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд зааснаар гэж тодорхойлжээ. Гуравдагч этгээдийн хувьд Батлах хамгаалахын сайдын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/345 дугаартай тушаалын Баянзүрх дүүрэг, Монгол цэргийн музейн хашаанд байрлах, 51-А байрны 50 тоотод орон сууцтай холбоотой хэсэг нь

-Тухайн цаг үедээ

-Тухайн нөхцөл байдалдаа хууль ёсны, үндэслэлтэй гарсан шийдвэр, Нэхэмжлэгчийн аливаа эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна. Учир нь:

А.Нэхэмжлэгчид шийдвэрийг мэдэгдээгүй гэсэн нөхцөл байдлын талаар.

Миний дүү Г.Сод-Эрдэнэ АУИС-ийг эмчилгээний ангийг их эмчээр төгсөж, Батлах хамгаалах яамны харьяа Цэргийн нэгдсэн эмнэлэгт анестезиологич их эмчээр ажиллаж байгаад, 2003 онд Иракийн эрх чөлөө" энхийг сахиулах ажиллагааны 2 дугаар ээлжид их эмчээр ажиллахаар явсан.

Дурдсан цэргийн ажиллагааны үеэр дэлхий нийтэд мэдээлэл нь түгсэн, монгол цэрэг Г.Аззаяагийн олон орны цэрэг эрсийн амийг аварсан буудлага дэлбэрэлт болж, энэ дэлбэрэлтийн улмаас дүү маань толгойдоо гэмтэл авснаар, 2005 оноос ажлаасаа гарч мөн оноос эхнэр нь орхин явж, эрүүл мэнд, гэр бүлийн асуудалтай шаналж яваад, 2012 онд нас барсан.

Энэ хугацаанд миний бие дүүгээ асарч, халамжилж байсан, дүү маань хүнд нөхцөлд, өвчиндөө шаналан миний гар дээр өнгөрсөн. Мөн дүүг маань амьд байхад аав, ээж хоёр нас барсан. Харин 2005 онд эхнэр Э.Оюун-Эрдэнэ орхиж явснаас хойших бүх цаг хугацаанд ханиа эргэж тойрч, асууж сураглаж байгаагүй юм.

Бид дүүгээ эрүүл саруул болгоны төлөө 4-5 жил Монгол улс дахь боломжит бүх эмнэлгүүдээр явж , амжилт муутай байсан тул Батлан хамгаалах яаманд хандаж, "Гадаад улсад эмчлүүлэхэд тусламж үзүүлээч гэсэн асуудал тавьж, 2012 онд дүүгээ амьд байхад хүсэлт гаргасан.

Тухайн үед Батлан хамгаалах яамны зүгээс "Энхийг сахиулах ажиллагаанд оролцож ирээд, миний дүүтэй ижил нөхцөл байдалд хүрсэн 5-6 хүн байгаа талаар дурдаж, энэ хүн бүрд мөнгөн тусламж өгөхөд төсөв мөнгөний асуудал хүнд байгаа тул албан тушаалын орон сууц баригдахаар түүнээс өгөх шийдийг ярилцана гэж хэлсэн. Батлан хамгаалах яам эдгээр цэргийн албан хаагчдын нөхцөл байдлын талаар судалж ОХУ, БНЭУ-д эмчлэх боломжтой байдаг гэсэн мэдээллийг бидэнд өгч, ОХУ-д эмчлүүлэхээр явах шийдэлд бид хүрч байсан юм. Энэ талаар би дүүдээ хэлэхэд төсөв хэцүү байгаа нь үнэн байхаа . Байр өгвөл зөвшөөрье гэж хэлсэн.

Ингээд 2012 оны хавар Батлан хамгаалахын сайд байсан Ж.Энхбаярын туслах над руу залгаж Сайдын зөвлөлийн хурал орох гэж байна. Таны хүсэлтийг элэлцэх тул ирнэ үү гэж дуудсаны дагуу би очиход 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй сайдын зөвлөлийн хурал болж, энэ хурлаас сайд хэлэхдээ "бид дүүгийн чинь талаар судалсан. Эцэг, эх нь өөд болсон, одоо ажилгүй, хүнд өвчтэй, гэрийн бүлийн хүн орхин явсан, таны халамж асрамж, анхааралд байдаг юм байна. Байрны асуудлыг шийдэж өгнө" гэж мэдэгдсэн.

Үүний дараа 2012 оны 8 дугаар сард гадагшаа эмчилгээнд явах бүх бэлтгэл хангагдаж, Оросын талаас хэдний өдөр ир гэх хариуг хүлээж байтал, дүү маань нас барсан.

Бид дүүгээ оршуулаад байж байтал яамнаас намайг дуудахаар очтол , төрийн бичгийн дарга Н.Болдбаатар гэдэг хүн Нөгөө байр баригдаж эхэлсэн. Та урьдчилгаа 5.000.000 төгрөг хийх хэрэгтэй. Та дүүгээ асарч байсан тул өөрийнхөө нэрээр гэрээ байгуулж, төлбөрөө шилжүүлээрэй гэж хэлэхэд нь төлбөрийг би хийсэн. Ар гэрийн хүн нь та нартай холбоотой байна уу? гэхэд "холбоо тасарсан" талаар хэлсэн.

Ингээд барилга баригдаж дуусаж байгаа талаар Батлан хамгаалах яамнаас барилга баригдаж дуусаж байгаа талаар Батлан хамгаалах яамнаас мэдэгдэх үед би бэр Э.Оюун-Эрдэнэтэй холбогдож , байрны асуудлын талаар мэдэгдсэн .

Миний зорилго бол нэгэнт дүүг маань амьд байх үед Батлан хамгаалах яамнаас орон сууцны дэмжлэг үзүүлэх шийд гарсан байсан учраас дүү маань надад захиж үлдээсэн ганц охин гэдэг үүднээс Э.Оюун-Эрдэнэд хандсан.

Нөгөө талаас нэгэнт салаад явсан эхнэр Э.Оюун-Эрдэнэ өөр амьдрал зохиосон, охин С.Номин насанд хүрээгүй байсан учраас хамтран эзэмшигчээр би болон талийгаач дүүгийн охин Э.Номинг оролцуулах зорилгоор Охиныхоо нэр дээрээ надад итгэмжлэл хийгээд өгөөч, би хамт нэрийг нь оруулъя" гэж утсаар ярьсан юм.

Гэтэл би хуулийн зөвлөгөө аваад хэлье" гээд хэд хоног холбогдохгүй болохоор нь дахин утсаар нь холбогдож асуухад: "Манай хуулийн зөвлөх хэрэггүй гэж байна. Тэгвэл чи охиныхоо бүх эрхээс татгалзах болно гэж хэлсэн. Ийм учраас итгэмжлэл өгөхгүй гэсэн хариулт өгсөн.

Миний хувьд энэ итгэмжлэл зөвхөн байрны хувьд хамтран эзэмшигчээр орох асуудалд итгэмжлэл авах байсан. Надтай тэгвэл тэр хуульч хүнээ яриулаач гэж учирлаж тайлбарласан боловч "Яриулах боломжгүй гээд утсаа таслаад, түүнээс хойш өнөөдрийг хүртэл холбоо бариагүй.

Иймээс энэ бүх асуудлын талаар Э.Оюун-Эрдэнэ мэдээгүй, 2020 оны 5 дугаар сард "Батлан хамгаалах яаманд ажилладаг сайн санаат хүнээс сонссон гэдэг нь худлаа юм. Харин намайг утсаар ярьж, мэдээлэл өгөхөд татгалзсан хариу өгөх үедээ энэ байрны тухай мэдсэн.

Бид ямар нэгэн байдлаар хэлж мэдэгдэхгүйгээр, нууж хаасан зүйл огт үгүй, талийгаачийн эгч, дүүс бидний хэний ч гар утасны дугаар энэ олон жилийн хугацаанд солигдож, өөрчлөгдөөгүй.

Ийм учраас тухайн цаг үедээ бий болсон энэ нөхцөл байдлын талаар Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Болдбаатарт мэдэгдэж, сайдын тушаал асарч байсан эгч Г.Ариунаа миний нэр дээр гарсан.

Батлан хамгаалахын сайдын тушаалын хууль зүйн үндэслэлийн үндэслэлийн талаар Захиргааны хэргийн шүүх иргэний эрх зөрчигдсөн эсэхийг хянан шийдвэрлэдэг.

Гэтэл Батлах хамгаалахын сайдын тушаалыг тухайн цаг үедээ, тухайн нөхцөл байдалдаа иргэний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж гаргаагүй. Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хурлаас орон сууцыг миний дүүд хуваарилах шийдвэрийг 2012 онд гаргах үед дүү маань амьд байсан боловч асран хамгаалж байсны хувьд хожим миний нэрээр шийдвэрийг гаргасан байдаг.

Орон сууцны эзэмшигчийг тогтоож, хуваарилах тухай Батлан хамгаалахын сайдын шийдвэр 2015 онд гарах үед талийгаач дүүгийн охин С.Номин 18 насанд хүрээгүй, өөрийн мэдлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг бие даан захиран зарцуулах эрх зүйн чадамжгүй байсан тул түүний хууль ёсны асран хамгаалагч төрсөн эх Э.Оюун-Эрдэнэд урьд дурдсанчлан мэдэгдсэн боловч Э.Номинг байрны хамтран эзэмшигчээр оролцуулах миний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан тул сайдын зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрт тулгуурлаж миний нэр дээр эзэмшигчийг тогтоосон. Энэ нь:

Тухайн цаг хугацаандаа

Тухайн нөхцөл байдалд нийцсэн шийдвэр байсан гэж үзэж байна.

Дараах зүйлийг онцолж мэдэгдэхийг хүсэж байна.

1.Батлах хамгаалахын сайдын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/345 дугаартай тушаалын Баянзүрх дүүрэг, Монгол цэргийн музейн хашаанд байрлах, 51-А байрны 50 тоотод орон сууцтай холбоотой хэсэг нь Төрийн захиргааны төв байгууллагын хувьд өөрийн мэдлийн орон сууцыг эзэмшүүлэх, хуваарилах шинжтэй шийдвэр байсан.

2.Хэдийгээр талийгаач дүүгийн маань эхнэр байсан Э.Оюун-Эрдэнэ бидэнтэй уулзахаас татгалзаж, итгэмжлэл өгч, охиныгоо байрны хамтран эзэмшигчээр оролцуулахаас татгалзаж байсан боловч төрсөн дүүгийнхээ захисан, хэлсэн зүйлийг биелүүлж, охины хойшдын амьдралд туслахаар амласан, бодож төлөвлөсөн зүйл олон байгаа ч охиныг насанд хүрэхийг нь хүлээж, өөрийн гэсэн бие даасан үзэл бодол, чадвар төлөвшихийг хүлээж байгаа цаг хугацааны хүлээлт бидэнд бий. Энэ нь зөвхөн хүн ёсны асуудал бөгөөд уг үүргээс бид хэзээ ч татгалзаагүй цаашид ч татгалзахгүй.

3.Нэгэнт Батлан хамгаалахын сайдын тушаал зөвхөн орон сууцны эзэмшигчийн асуудлыг тогтоосон шийдвэр байсан ба хувь хүний өв залгамжлал, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн асуудалд хамаарахгүй, хэн нэгний эрх ашгийг тухайн цаг үед зөрчиж гараагүй тул энэ нөхцөл байдлыг анхааран үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүдийг нотолж, баталсан зүйл байхгүй. Хариуцагч тал гуравдагч этгээд Улсын бүртгэлийн газраас хэлж байгаа тайлбаруудаа баримтаар батлаад өгсөн. Улсын бүртгэлийн шаардлагыг холбогдоод байгаа нэхэмжлэгч тал зөвшөөрсөн. Эмчилгээ байж байгаад зорилго нь өөр болчихсон гээд байна үгүй яг хэвээрээ байгаа. Яамны шийдвэр хэвээрээ байгаа. Батлан хамгаалахын яамны сайд эрх хэмжээндээ гаргасан шүүхийн 2 шатны магадлалыг шийдвэрлэж Батлан хамгаалахын сайдад даалга гэсэн шийдвэр гаргасан. Би эзэмшигч байсан Батлан хамгаалах өмчлөгч байсан. Э.Оюун-Эрдэнийг хэлээгүй гэдгийг нотлох ёстой.

Нэхэмжлэгч тал дандаа ар гэрийг нь оролцуулдаг. Энд хүний гэр бүлийг шийдэхгээгүй. Хэн нь дүүгээ харах нь асарсан нь хамаагүй. Миний дүү эмч хүн хөдөө орон нутагт ч байгаагүй. Судлах гэж байвал судалгаатай юм ярина шүү. Улаанбаатар хотод их эмч хийж байсан. Хөдөө орон нутагт түр зуур салбарын эрхлэгч хийж байсан. Төрийн байгууллагад сайн санаат гэсэн нэргүй хүн ажиллана гэж юу байсан юм. Би Яаманд албан ёсоор хэн гэдэг хүн бэ гэдэг дээр өргөдөл гаргана. Цагдаад хандсан гээд байна үхсэн хүн үг хэлэх биш ингэж ярихаа болих хэрэгтэй. Э.Оюун-Эрдэнийн гэр бүл хэрэгт ямар хамааралтай вэ гэж байна. Хамааралтай Э.Оюун-Эрдэнийн гэр бүлтэй болоод С.Номин гэдэг хүн хохироод байна уу тийм тайлбар хэлээд байна. Тийм юм байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Монгол Улсын иргэн С.Номин нь тус шүүхэд хандан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.3 дэх хэсэгт заасны дагуу Батлан хамгаалахын сайдын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/90 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүрэг, Монгол цэргийн музейн хашаанд байрлах 51а тоот байрны 50 тоот орон сууцыг С.Номинд олгохыг хариуцагчид даалгах, Баянзүрх дүүрэг, Монгол цэргийн музейн хашаанд байрлах 51а тоот байрны 50 тоот орон сууцыг Улсын бүртгэлийн Ү-2204115142 дугаарт иргэн Г.Ариунаагийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.3 дэх хэсэгт заасны дагуу Батлан хамгаалахын сайдын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/90 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүрэг, Монгол цэргийн музейн хашаанд байрлах 51а тоот байрны 50 тоот орон сууцыг С.Номинд олгохын хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн шаардлага болох Баянзүрх дүүрэг, Монгол цэргийн музейн хашаанд байрлах 51а тоот байрны 50 тоот орон сууцыг Улсын бүртгэлийн Ү-2204115142 дугаарт бүртгэж Г.Ариунаагийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Хэргийн үйл баримтын талаар:

1.1. Нэхэмжлэгч С.Номин, түүний хууль ёсны төлөөлөгч /төрсөн эх/ Э.Оюун-Эрдэнэ /тухайн нэхэмжлэлийг шүүхэд гаргах цаг мөчид С.Номин 18 насанд хүрээгүй байсан/ тус шүүхэд анх 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь Батлан хамгаалахын сайдын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/345 дугаар тушаалын Баянзүрх дүүрэг, Монгол цэргийн музейн хашаанд байрлах 51а байрны 50 тоот орон сууцыг Г.Ариунаад олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгох, С.Номингийн хууль ёсны төлөөлөгч Э.Оюун-Эрдэнээс 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гаргасан гомдлыг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 51а байрны 50 тоот орон сууцыг С.Номинд олгохыг даалгах тухай шаардлага байсан.[1]

1.2. Дээрх захиргааны хэргийг шүүх хянан шийдвэрлэж, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 128/ШШ2021/0054 дугаар шийдвэрийг гаргасан бөгөөд уг шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Батлан хамгаалахын сайдын 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/345 дугаар тушаалын хавсралтын А4 дүгээр /51а/ байрны 8 давхрын 50 тоот 2 өрөө 40.28 м.кв орон сууцыг талийгаач Г.Сод-Эрдэнийн төрсөн эгч Г.Ариунаад хуваарилсан хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж, С.Номингийн хууль ёсны төлөөлөгч Э.Оюун-Эрдэнээс 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гаргасан гомдлыг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Г.Сод-Эрдэнийн /С.Номингийн төрсөн эцэг/ нэр дээр хуваарилагдсан орон сууцыг гэр бүлд нь худалдан шилжүүлэх асуудлыг шийдвэрлэж, дахин шинэ акт гаргахыг Батлан хамгаалахын сайдад даалгаж шийдвэрлэсэн.[2]

1.3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 147 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний алдааг зөвтгөсөн өөрчлөлт оруулж, хариуцагч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн бөгөөд эдгээр шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.[3]

1.4. Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны Орон сууц хувьчлах тухай 56 дугаар тогтоол болон дээр дурдсан Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлалыг биелүүлж, 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр А/90 дугаар тушаал гаргасан бөгөөд уг тушаалаар маргаж буй Баянзүрх дүүрэг, Монгол цэргийн музейн хашаанд байрлах 51а байрны 50 тоот орон сууцыг талийгаач Г.Сод-Эрдэнийн төрсөн эгч Г.Ариунаад худалдан шилжүүлэхээр шийдвэрлэсэн.[4]

1.5. Улмаар Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Орон сууц өмчлөх эрх олгох тухай 06 дугаар тогтоолын хавсралтын 5 дахь хэсгийн 50 дахь заалтаар 51а байрны 50 тоот 2 өрөө орон сууцыг Г.Ариунаагийн өмчлөлд олгож, 0119350 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгох[5]-оор шийдвэрлэж, тэдгээрийг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар маргаж буй орон сууцыг иргэн Г.Ариунаагийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204115142 дугаарт бүртгэсэн.[6]

1.6. Нэхэмжлэгчийн зүгээс Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр А/90 дугаар тушаалаар Баянзүрх дүүрэг, Монгол цэргийн музейн хашаанд байрлах 51а байрны 50 тоот орон сууцыг Г.Ариунаад худалдан шилжүүлэхээр шийдвэрлэхдээ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2021/0054 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 147 дугаар магадлалд заасан ажиллагааг хийгээгүй, мөн Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг огт хийлгүйгээр иргэн Г.Ариунаад маргаан бүхий орон сууцыг олгохоор шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж, хариуцагч Батлан хамгаалахын сайд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 56 дугаар тогтоол болон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2021/0054 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 147 дугаар магадлалыг биелүүлж, өөрийн эрх хэмжээний хүрээнд маргаж буй А/90 дугаар тушаалыг гаргасан гэж, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан холбогдох баримт бичгийг үндэслэн бүртгэл хийсэн бөгөөд мэдүүлэг хүлээн авахаас болон бүртгэл хийхээс татгалзах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж тус тус маргаж байна.

Хоёр.Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын Батлан хамгаалахын сайдад холбогдох хэсэгт хамаарах хууль зүйн үндэслэлийн талаар:

2.1. Нэхэмжлэгчийн зүгээс Монгол Улсын Батлан хамгаалахын сайдад холбогдуулан гаргасан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.3 дэх хэсэгт заасны дагуу Батлан хамгаалахын сайдын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/90 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүрэг, Монгол цэргийн музейн хашаанд байрлах 51а тоот байрны 50 тоот орон сууцыг С.Номинд олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.2. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заажээ.

2.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад захиргааны үйл ажиллагаа гэж Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд заасан үйл ажиллагааг гэж, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ гэж, 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтад захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл ... шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж тус тус заажээ.

2.4. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзвэл Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалт болон 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны байгууллагын үйл ажиллагааны нэг үндсэн хэлбэр болох захиргааны актад холбогдох нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэдэг бөгөөд энэ агуулгаараа захиргааны актад хамаарах үндсэн зургаан шинжийн нэг нь нийтийн эрх зүйн хүрээнд байх шинж байдаг.

2.5. Нэхэмжлэгчийн зүгээс маргаж буй Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/90 дугаар Иргэн Г.Ариунаад байгууллагын эзэмшлийн орон сууцыг худалдан шилжүүлэх тухай тушаал нь хэдийгээр захиргааны байгууллага болох Монгол Улсын Батлан хамгаалахын сайдаас гарсан байх боловч тус тушаалаар зохицуулагдаж буй үндсэн харилцаа нь захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн хүрээнд хамаарах бус, харин хувийн эрх зүйн харилцаанд хамаарах асуудал байна гэж шүүх дүгнэлээ.

2.6. Тодруулбал, маргаж буй А/90 дүгээр тушаалаар Батлан хамгаалах яамны эзэмшил дэх Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах байгууллагын мэдлийн 300 айлын орон сууцны 51 а байрны 8 дугаар давхрын 50 тоот 2 өрөө 40.28 м.кв орон сууцыг нэхэмжлэгч С.Номингийн төрсөн эцэг болох талийгаач Г.Сод-Эрдэнийн төрсөн эгч Г.Ариунаад холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдан шилжүүлэх асуудлыг шийдвэрлэжээ.

2.7. Дээрх тушаалаар шийдвэрлэсэн асуудал, түүнд хамаарах эрх зүйн харилцааны агуулга нь нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох Монгол Улсын Батлан хамгаалах яамны өмчлөлд байсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг дуусгавар болгож, өмчлөх эрхийг иргэн Г.Ариунаад шилжүүлэхтэй холбогдсон буюу Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заасан өмчлөх эрхийн агуулгад шууд хамаарах төдийгүй мөн хуулийн 109, 110 дугаар зүйлүүдээр зохицуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх, дуусгавар болгохтой холбогдсон иргэний эрх зүйн харилцаа байна.

2.8. Түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үе шатанд хэргийн оролцогчид хоорондын мэтгэлцээний агуулга, нэхэмжлэгчийн зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн агуулга зэргээс үзэхэд нэхэмжлэгч С.Номин нь талийгаач Г.Сод-Эрдэнэ болон Э.Оюун-Эрдэнэ нарын төрсөн охин тул талийгаач Г.Сод-Эрдэнэд Батлан хамгаалах яамнаас олгосон орон сууцыг /маргаж буй/ өмчлөх эрхийг түүний төрсөн охин С.Номинд шилжүүлэх ёстой байсан гэх агуулга бүхий тайлбар, гуравдагч этгээд Г.Ариунаагийн зүгээс тайлбарладаг би талийгаач Г.Сод-Эрдэнийн төрсөн эгч тул түүний гэр бүлийн гишүүн мөн гэх зэрэг тайлбарт Иргэний хууль дахь өв залгамжлалын эрх зүйд холбогдох зохицуулалтууд, мөн түүнчлэн Гэр бүлийн тухай хууль дахь гэр бүлийн эрх зүйн харилцаанд холбогдох зохицуулалтууд хэрэглэгдэх нь зүй ёсны боловч Захиргааны хэргийн шүүх нь нийтийн эрх зүйн маргааныг шийдвэрлэдэг шүүх тул хувийн буюу иргэний эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, дуусгавар болгоход чиглэдэг эрх зүйн хэм хэмжээг үндэслэл болгон хэрэглэх боломжгүй болно.

2.9. Энэ талаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 147 дугаар магадлалын 15 дахь талд дүгнэлт өгснийг дурдах нь зүйтэй.

2.10. Тиймээс Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/90 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын нийтийн эрх зүйн хүрээнд байх шинжийг агуулахгүй байх тул захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш гэж үзэж, тус тушаалыг хүчингүй болгуулах, маргаж буй орон сууц болох Баянзүрх дүүрэг, Монгол цэргийн музейн хашаанд байрлах 51а тоот байрны 50 тоот орон сууцыг С.Номинд олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

2.11. Захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэлийн дээрх шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэгчийн зүгээс энэ агуулгаар Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлахгүй гэдгийг дурдаж байна.

Гурав. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар:

3.1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар нь маргаж буй Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 51а байрны 50 тоот хаягт байрлах орон сууц-ны өмчлөх эрхийг Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаар тогтоолоор иргэн Г.Ариунаад хувьчилсныг эрхийн улсын бүртгэлийн Ү-2204115142 дугаарт 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр бүртгэжээ.

3.2. Дээрх бүртгэлийг хийхдээ дээр дурдсан холбогдох шийдвэрүүдийг хүлээн авснаас гадна иргэн Г.Ариунаагийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр гаргасан мэдүүлэг, иргэний үнэмлэхийн хуулбар, тэмдэгтийн хураамж төлсөн баримт, орон сууцны өмчлөх эрхээ эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл, Батлан хамгаалах яамнаас олгосон 21 дугаартай орон сууц эзэмших эрхийн бичиг, Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1/1341 дугаартай албан бичиг зэрэг холбогдох нотлох баримтуудыг үндэслэсэн байна.

3.3. Улсын бүртгэлийн ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалтад нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх нь улсын бүртгэлийн үйл ажиллагаанд баримтлах зарчим болохыг заажээ.

3.4. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Улсын бүртгэгч дараах үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана: гээд мөн зүйлийн 8.1.1-8.1.6 дахь заалтад мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэлүүдийг тоочин заажээ.

3.5. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт Орон сууц болон хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгэхэд энэ хуулийн 4.4-т заасныг баримтлан бүртгэж, тус бүрд нь хувийн хэрэг нээнэ гэж заасан.

3.6. Түүнчлэн уг хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана: гээд 29.1.1-29.1.6 дахь заалтад эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэлүүдийг тоочин зохицуулжээ.

3.7. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд маргаж буй Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 51а байрны 50 тоот хаягт байрлах орон сууц-ны өмчлөх эрхийг Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 06 дугаар тогтоолоор иргэн Г.Ариунаад хувьчилсныг эрхийн улсын бүртгэлийн Ү-2204115142 дугаарт бүртгэхэд хуульд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах болон эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл бүрдээгүй болох нь тогтоогдож байх тул хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын хууль хэрэгжүүлсэн үйл ажиллагааг буруутгах боломжгүй байна гэж шүүх дүгнэлээ.

3.8. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь заалтад мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа бол эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах талаар зохицуулалт байгаа хэдий ч энэ талаар холбогдох этгээдийн зүгээс /тодруулбал, нэхэмжлэгчийн зүгээс/ улсын бүртгэлийн байгууллагад албан ёсоор мэдэгдээгүй байх тул тухайн орон сууцны хувьд өмчлөх эрхийн маргаантай гэдэг үйл баримтыг улсын бүртгэлийн байгууллага урьдчилан мэдэх боломжгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

3.9. Тиймээс нэхэмжлэгч С.Номингийн гаргасан Баянзүрх дүүрэг, Монгол цэргийн музейн хашаанд байрлах 51а тоот байрны 50 тоот орон сууцыг Улсын бүртгэлийн Ү-2204115142 дугаарт бүртгэж Г.Ариунаагийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

3.10. Нэхэмжлэгч нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан улсын бүртгэлд өөрчлөлт оруулах үндэслэл бүрдсэн гэж үзвэл тухайн үедээ улсын бүртгэлийн байгууллагад хандах эрх нь нээлттэй байгаа болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалт, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Номингийн гаргасан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.3 дэх хэсэгт заасны дагуу Батлан хамгаалахын сайдын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/90 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Баянзүрх дүүрэг, Монгол цэргийн музейн хашаанд байрлах 51а тоот байрны 50 тоот орон сууцыг С.Номинд олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын бүртгэлийн ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 8 дугаар зүйлийн 8.1, 10 дугаар зүйлийн 10.2, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Номингийн гаргасан Баянзүрх дүүрэг, Монгол цэргийн музейн хашаанд байрлах 51а тоот байрны 50 тоот орон сууцыг Улсын бүртгэлийн Ү-2204115142 дугаарт бүртгэж Г.Ариунаагийн өмчлөлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

[1] Хавтаст хэргийн /цаашид Хх гэх/ 6-15 дахь тал

[2] Мөн тэнд

[3] Хх 16-24 дэх тал

[4] Хх 80 дахь тал

[5] Хх 82-86 дахь тал

[6] Хх 48-61 дэх тал