Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2024/0780

 

                                        

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                   “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                      захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/07** дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Оы давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.

 

Шүүх бүрэлдэхүүн:

 

Шүүх хуралдааны даргалагч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

 

Нэхэмжлэгч “Г” ХХК

Хариуцагч Нийс*************

Гуравдагч этгээд “М” ХХК

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2024/0****/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 07** дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/6*** дугаар бүхий “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожшийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэжээ. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэхдээ нэг ч нотлох баримт, бодит үндэслэлийг дурдаагүй. Үүгээр зогсохгүй нэхэмжлэгч нь маргаан бүхий газар дээр 2014 оноос хойш төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, төслийн зориулалттай үйлдвэрлэл явуулсаар ирсэн атал түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэх учиргүй. Тодруулбал, нэхэмжлэгчийн зүгээс бүхий л бодит үндэслэлийг тайлбарлан, газар эзэмших хүсэлт гаргаж, Нийслэлийн Засаг даргаас газар эзэмших эрх олгосон захирамж гарсан боловч 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/6*** дугаартай газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж гарсны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхад Захиргааны хэргийн анхан шатны шүүх үндэслэлгүй, хийсвэр дүгнэлт гаргасан. Мөн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/3*** дугаар бүхий захирамж нь газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах захирамж бус харин газар эзэмших эрх шинээр олгож буй захирамж юм. Маргаан бүхий газар дээр анх 2007 онд газар эзэмших эрхийг иргэн З.Баатарт олгосноос хойш өнөөдрийг хүртэл Нийслэлийн Засаг даргаас тус газар дээр газар эзэмших эрх олгосон ганц л захирамж байдаг. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/3*** дугаартай захирамжаар “Г” ХХК-д газар эзэмших эрх олгосон байна. Харин үүнээс өмнө тус газар дээр дүүргийн Засаг дарга газар эзэмших эрх олгох, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх захирамж гаргаж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагдана. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/1** дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох” журам гэж бий. Газрын тухай хууль болон тус журмаар газар эзэмших эрх олгохыг хүссэн хүсэлт гаргагч нь шүүхийн шийдвэр, магадлалыг өргөдөлдөө хавсаргах талаар нэг ч зохицуулалт байхгүй. Цаашлаад Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт "Захиргааны байгууллага өөрт байгаа болон байх ёстой мэдээлэл, нотлох баримтыг оролцогчоос шаардахгүй" гэж заасан. Газар эзэмших эрх олгох үйл явц нь Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Засаг даргын шийдвэрлэвэл зохих асуудал бөгөөд тэдгээр захиргааны байгууллага нь тус шийдвэрлэлтийг гаргахдаа оролцогч болох "Г” ХХК-иас шүүхийн шийдвэр, магадлалыг шаардахгүй байх учиртай атал шүүхээс захиргааны байгууллагын шийдвэр гаргалттай холбоотой үйл ажиллагаанд нэхэмжлэгчийг баримт материал гаргаж өгөөгүй, шүүхийн шийдвэрийн дүгнэлтийг дурдаагүй хэмээн буруутгаж байгаа нь шүүхийн шийдвэр огтхон ч хуульд нийцээгүй, маш ноцтой алдаатай болохыг харуулж байна. "...Нийслэлийн Засаг даргаас шүүхийн шийдвэрийг зөрчиж түүнд газар эзэмших эрх олгосон нь хууль бус, дээрх эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг хариуцагч Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу зөвтгөж хүчингүй болгон шийдвэрлэсэн нь хариуцагчийн чиг үүрэг, эрх хэмжээнд нийцсэн хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гэж үзнэ" гэжээ. Нэхэмжлэгч “Г" ХХК-ийн зүгээс Нийслэлийн Засаг даргыг Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг ашиглахдаа чиг үүргийн бус, эрх хэмжээний бус шийдвэр гаргасан гэж маргаагүй. Харин тухайн шийдвэр нь хуульд заасан шаардлага хангаагүй, үндэслэлгүй талаар маргаж, шүүхийн нэхэмжлэл гаргасан билээ. Нөгөө талаас захиргааны байгууллага нь Газрын тухай хуулийн 61.1 дүгээр зүйлд заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлж захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан актын шаардлагыг хангахгүйгээр, мэдэгдэж, сонсох ажиллагаа хийхгүйгээр, хуульд заасан үндэслэлгүйгээр шийдвэр гаргахыг зөвшөөрсөн зохицуулалт хаана ч байхгүй юм. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/3*** дүгээр захирамжаар тус газраа эзэмших хэдий ч Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/6*** дугаар захирамжаар "Г" ХХК нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/1** дугаар тушаалаар батлагдсан "Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам"-ын 15.2 дахь заалт (хүсэлтэд хавсаргах баримт, бичгийг хуурамчаар үйлдэхийг хориглоно)- ыг зөрчсөн гэх үндэслэлээр манай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Гэтэл "Г" ХХК нь нэг ч баримт, бичгийг хуурамчаар үйлдээгүй, хуурамч баримт бичиг өгөөгүй юм. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаар шалгуулж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн асуудлаас харахад ч “Г” ХХК нь газар эзэмших эрх хүсэх тухай хүсэлтдээ бичиг баримт хуурамчаар хавсаргаад өгчихсөн гэсэн үйл баримт тогтоогдоогүй. Мөн тус захирамжийг гаргахдаа захиргаанаас мэдэгдэх сонсгох ажиллагааг огт хийгээгүй. Тодруулбал, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01-08/1*** дугаартай, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01-08/2**** дугаартай "мэдэгдэл хүргүүлэх тухай” гэх албан тоотыг ирүүлсэн. Эдгээр албан тоотуудад "...хүсэлтэд хавсаргах баримт, бичгийг хуурамчаар үйлдэхийг хориглоно гэх заалтыг зөрчсөн тул Нийслэлийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/3*** дүгээр захирамжийн 6 дахь хэсгийг хүчингүй болгох болсон тул 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дотор газар чөлөөлөх"-ийг мэдэгдсэн. Учир явдлыг тодруулан Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон Нийслэлийн Засаг даргын тамгын газарт очсон ч манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар ямар ч захирамж, шийдвэр гараагүй байсан. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтад "газрыг чөлөөлөх гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болох, түүнчлэн газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд зааснаар газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болгохыг" , тус хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ" гэж тус тус заасан. Зүй нь газар эзэмших эрх дуусгавар болсны дараа буюу газрыг зөвшөөрөлгүй ашигласан тохиолдолд газар чөлөөлөх талаар мэдэгдэл ирэх учиртай аж. Гэвч "Г" ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар ямар ч мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгдээгүй, газар эзэмших эрх хүчинтэй байхад газрыг чөлөөлөх мэдэгдэл ирж байсан, харин газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар мэдэгдэл огт ирүүлж байгаагүй бөгөөд захиргаанаас захиргааны шийдвэр гаргах ажиллагааны оролцогчийн эрхийг огт хангаагүй юм. Харин 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/6*** дугаар захирамж гарсан талаар 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр олж мэдсэн. Тийнхүү захиргааны акт нь хуульд нийцээгүй тул актын үндэслэл, актын шаардлагатай холбоотой нэхэмжлэл гаргасан байхад шүүхээс Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/6*** дугаар захирамжийн үндэслэлийн талаар дүгнэлт хийсэнгүй. Цаашлаад шүүхээс талуудын маргаагүй асуудлаар өөрийн санаачилгаар дүгнэлт хийгээд маргаж буй асуудлыг илэрхий орхигдууллаа. Ийнхүү шүүхээс маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн талаар нэг ч дүгнэлт өгөхгүй, захиргаанд үндэслэлгүй шийдвэр гаргах боломжийг олгож буйд харамсаж байна. Хэдийгээр гуравдагч этгээд болон хариуцагч нарын зүгээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 577 дугаар магадлалыг дурдаж, хүчин төгөлдөр шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолтой хэмээн маргадаг боловч энэ нь “Г” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/6*** дугаар захирамжтай маргах эрхийг хязгаарлахгүй юм. Мөн “Г” ХХК нь тус газрыг 2014 оноос хойш эзэмшсээр ирсэн. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/63 дугаар захирамжаар иргэн 3. Баатараас шилжүүлэн авсан. Гэтэл гуравдагч этгээд болох "М” ХХК нь "Г" ХХК-ийн эзэмшил газрыг дайруулан 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төмөр замын дагнасан гэрчилгээ авсан. "М" ХХК нь гэрчилгээ авсныхаа дараа төмөр замын хамгаалалтын зурвас хэмээх болсон. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/07** дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

1. “Г” ХХК-иас “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/6*** дугаар бүхий “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Нийслэлийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/6*** дүгээр тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/3*** дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгосон “Г” ХХК нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/1** дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 15.2 дахь заалтыг зөрчин хүчин төгөлдөр бус захирамж шийдвэртэй баримт бичгийг бүрдүүлэн хүсэлт гаргасан гэж үзэж, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.

3. Анхан шатны шүүх “... хариуцагч нь нэхэмжлэгч компанийг буруу мэдээлэл, дутуу баримт хүргүүлснээр хариуцагчийн гаргасан шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо  нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн тусгай зарчмыг зөрчсөн” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

4. Учир нь маргаан бүхий актаар хүчингүй болгосон нэхэмжлэгч “Г” ХХК-д газар эзэмшүүлэх эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2023 оны 314 дүгээр захирамжийг гаргахдаа тус компанийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 90 дугаар албан бичгээр гаргасан “... захиргааны хэргийн шүүхээс газар эзэмшүүлсэн СХД-ийн ЗД-ын 2019 оны А/177 дугаар захирамжийг хүчингүй болгосон гол үндэслэл нь инженерийн шугам сүлжээний газартай давхцалтай байхад дүүргийн Засаг дарга нь ... Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд шийдвэрлэвэл зохих асуудлыг шийдвэрлэсэн” гэж дүгнэсэн. ... Иймд газар эзэмших эрхийг баталгаажуулж өгнө үү” гэх хүсэлтийг үндэслэжээ.

5. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 0393 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 9.2-т “... хариуцагч нь маргаан бүхий А/1** дугаар захирамжийг гаргахдаа “Г” ХХК-аас байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсэн байхыг шаардаагүй, дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолтыг гаргуулаагүй нь хуулиар тогтоосон журмыг хэрэгжүүлээгүй байна” гэж, харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 577 дугаар магадлал (393 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн  найруулга, баримталсан хуульд өөрчлөлт оруулсан)-ын үндэслэх хэсгийн 2.11-д “... Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь инженерийн шугам, сүлжээ бүхий, төмөр замын зурвас газарт “Г” ХХК-д газар эзэмших эрх олгосон байх төдийгүй хуульд заасан холбогдох зөвлөмж, дүгнэлт зэргийг гаргуулалгүй, төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөлгүй газар эзэмшүүлжээ” гэж тус тус дүгнэж, тухайн хэргийн нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь, гуравдагч этгээд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн бие даасан шаардлагын зарим хэсгийг тус тус хангаж, “Г” ХХК-д газар эзэмшүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2019 оны А/177 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад Нийслэлийн Засаг дарга, газар зохион байгуулалтын алба нь  хүсэлтэд дурдсан дээрх шүүхийн шийдвэрийг шаардаж, үндэслэлийг шалгаалгүй, газар эзэмших эрхийг баталгаажуулсан нь үндэслэлгүй болсон, уг нөхцөл байдлыг хожим нь мэдэж, алдаагаа зассан байх тул маргаан бүхий актыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

5. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2024/07** дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Г” ХХК-ийн төлөөлөгч С.Оы давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                С.МӨНХЖАРГАЛ