Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 194

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Болормаа, 

улсын яллагч Д.Оюунгэрэл,

шүүгдэгч Л.Алтанбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Хүүшийн хүрэн овгийн Лхагвадоржийн Алтанбаярт холбогдох эрүүгийн 201625031449 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хүүшийн хүрэн овгийн Лхагвадоржийн Алтанбаяр, 1990 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-1164 тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 401 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн албадан ажил хийх ял шийтгүүлсэн,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 372 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, регистрийн дугаар ПЭ90100715.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Л.Алтанбаяр 2016 оны 7 дугаар сарын 5-нд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 21-3/б тоот хашааны гадна бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг зөрчин Д.Буянхүүг хүч хэрэглэн зодож, биед нь хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Л.Алтанбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: “…Мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтэд үнэн зөв бичигдсэн байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин хэрэгт холбогдохгүй байж чадна…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Д.Буянхүү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр би ажлыхантайгаа хамт салхинд гарч Улиастай руу явсан юм. Тэгээд орой нь гэр рүүгээ харих гээд автобусанд суусан, тухайн үед цаг 22 цаг болж байсан. Би Чингэлтэй дүүргийн 12-р хороо Гахайн байрны буудал дээр буугаад хойшоо гэр рүүгээ харих гээд явж байсан. Манай гэр хойшоо Согоотын 77/А гудамжинд байдаг юм. Тэгтэл үл таних нас залуу хүн хүрч ирээд “мөнгө байна уу” гэж асуусан тэгэхээр нь надад “мөнгө байхгүй” гэж хэлтэл “хоёулаа цуг дэлгүүр оръё” гээд тэр хавьд байсан шилэн дэлгүүр рүү тэр залуу намайг дагуулаад орсон. Тэр залуу 0.75 литрийн багтаамжтай Монгол стандарт архи авсан. Тэр залуу надад хэлэхдээ “тэнд манай нэг найз байгаа тэднийх рүү явъя” гээд намайг дагуулаад явсан. Явах замдаа бид 2 гэр орон нь хаана байдаг талаар ярилцсан. Тэр залуу надаас “гэр орон гоё барьдаг хүн байна уу” гэж асуусан би мэдэхгүй гэж хэлж байсан. Тэгтэл миний зүс таних Оюун гэх айлынх руу орсон. Оюуны гэрийн гадаа очтол Оюун гэх эмэгтэй зүс үл таних 2 залуугийн хамт сууж байсан. Тэгээд намайг дагуулан очсон залуу тэд нарын хажууд очоод архиа гаргаж өгөөд тэр дөрвөн хүн архи уусан. Би архинаас уугаагүй бөгөөд явах гэхэд гэрийн хажууд сууж байсан залуугийн нэг нь намайг мөнгөө өгчих гээд байсан. Би мөнгө байхгүй гэхэд нэг залуу нь чи түрийвчээ үзүүлчих гээд байсан. Би түрийвчээ үзүүлээгүй. Тэгтэл Оюунтай хамт сууж байсан намайг дагуулж ирсэн залуу намайг дагуулаад хашаанаас гарсан. Хашааны гадаа гараад намайг мөнгөө өгчих, түрийвчээ үзүүлээдэх гээд байхаар нь би түрийвчээ үзүүлээгүй. Тухайн үед миний түрийвчээ ойролцоогоор 6.000 төгрөг байсан юм. Мөнгө өгөхгүй, түрийвчээ үзүүлэхгүй гэтэл  тэр залуу шууд намайг мөргөөд авсан ба мөргөхөд нь би газар унасан. Тэр залуу үргэлжлүүлэн миний нүүр болон цээж хэсэг рүү өшиглөсөн. Тухайн үед би тэр залууд зодуулаад ухаан манартсан байдалтай байсан. Би тэр залууд зодуулчихаад газар хэсэг хэвтэж байгаад босоод гэртэй харьсан…” гэжээ /хх-24-26/.

Гэрч О.Энхбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 12 цагийн үед Оюунжаргал, Алтанбаяр, Арвинбат, Билгээ нарын хамт Ерөөл нэртэй 0.75 литрийн багтаамжтай 3 шил архи, Нийслэл нэртэй 2.5 литрийн багтаамжтай 2 сав пиво хувааж уусан. Тэгээд бид нар дахиж архи уухаар болоод хамгийн бага нь гээд Алтанбаярыг архинд явуулсан. Тухайн үед гадаа гэгээ тасарч байсан. Орой 21.00 цаг өнгөрч байхад Найрсаг нэртэй 0.75 литрийн багтаамжтай 1 шил архи барьчихсан, дахиад нэг настай ахыг дагуулаад ирсэн. Би Алтанбаярын дагуулж ирсэн хүнийг танихгүй. Уг Найрсаг нэртэй архинаас Алтанбаяр, Ариунбат, Билгээ, Оюунжаргал нар уусан. Тэр ахад хийж өгөхөд амсах төдий болоод буцаан өгч байсан. Алтанбаяр тэр дагуулж ирсэн ахаар дахиад нэг шил архи авахуулах гээд мөнгө байна уу? гээд асуугаад байсан. Алтанбаяр тэр ахтай архи авахуулах талаар маргалдаад байсан. Тухайн үед би өөрт байсан 2000 төгрөгийг нэмээд архи ав гээд өгсөн юм. Тэгсэн Алтанбаяр тэр ахыг дагуулаад хашааны гадаа гарч Алтанбаяр тэр ахтай маргалдаад түс тас хийгээд л явсан. Тэгэхлээр нь гараад очсон чинь Алтанбаяр тэр ахыг зодчихсон, тэр ахын хамраас цус гарсан байдалтай байж байсан. Тэгээд тэр ахын нүүр гарыг нь угаалгаад явуулсан. Алтанбаярыг Оюунжаргалын гэр рүү  оруулж унтуулж амраасан. Алтанбаяр тухайн үед нилээн согтолттой байсан...” гэжээ /хх-32-34/.

Гэрч П.Оюунжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 7 дугаар сарын 5-ны орой шиг санаж байна хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. манай гэрт Энхбаяр, Алтанбаяр, Билгээ нарын хамт архи ууцгааж байсан. Нэг мэдэхэд гаднаас зүс таних ах орж ирчихсэн сууж байсан. Би хэрхэн хэдийд хэнтэй орж ирснийг нь ажиглаж хараагүй. Тэр манайд орж ирсэн ах явлаа гээд байсан. Удалгүй хашаанаас гараад явсан ба араас нь Алтанбаяр гараад гүйх шиг болсон. Тэгээд удалгүй гадаа хүмүүс дуугараад байхаар нь Энхбаяр, Билгээ бид нар гараад хартал Алтанбаяр нөгөө ахыг цохчихсон тэр ахын хамраас цус гарсан байдалтай байсан. Алтанбаярыг нөгөө хэд маань дагуулаад гэр рүү нь оруулсан. Тэгээд тэр ахын нүүр гарыг нь угаалгаад явуулсан...” гэжээ /хх-35-36/.

Л.Алтанбаяр сэжигтнээр мэдүүлэхдээ: “…2016 оны 7 дугаар сарын 5-ны өдөр би Билгээ, Оюунжаргал эгч, Энхбаяр ах, Ариунбат нарын хамт архи уусан юм. Тухайн үед 0.75 литрийн 3 шил архи, 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво зэргийг бид нар хувааж уусан. Тэгээд орой нь дахиж уухаар болоод намайг хамгийн бага нь гээд би дэлгүүр явахаар болсон. Би дэлгүүр явж байхдаа Д.Буянхүү гэх зүс мэдэх ахтай тааралдсан юм. Тэр ахыг хань татаад дэлгүүр рүү яваад Найрсаг нэртэй 0.75 литрийн архи аваад буцаад Оюунжаргал эгчийнх рүү явсан. Тухайн үед тэр ах Улиастайгаас ирлээ, гэр рүүгээ явж байна гэж байсан. Тэгэхлээр нь би дагуулаад явсан, тэр ах бас архи уучихсан байсан гэхдээ нээх согтуу байгаагүй. Тэгээд Оюунжаргал эгчийн гэрийнх нь гадаа Ариунбат, Билгээ, Оюунжаргал, Буянхүү бид нар уг архийг уусан. Тэр архинаас Энхбаяр ах уугаагүй, Буянхүү ах болохоор 2 удаа л хийж өгөхөд уусан.  Тэгээд бид нар дахиж архи авахаар болсон бөгөөд надад мөнгө байгаагүй. Тэгээд Энхбаяр ах 2000 төгрөг байна гээд мөнгө гарган өгч байсан. Д.Буянхүү ах өөрөө 4.000 төгрөг гаргаж харуулсан уг мөнгөөрөө гэртээ юм авна гээд байх шиг байсан. Д.Буянхүү ах мөнгөө өгөхгүй байхаар нь би цээж рүү нь 2 удаа цохисон юм. Тэгээд хашаанаас дагуулж гараад би толгой руу нь цохисон, тэгтэл хашаан дотроос Оюунжаргал эгч, Энхбаяр ах, Билгээ, Ариунбат ах дөрөв гарч ирээд намайг салгаад гэр рүү оруулсан. Тухайн үед Д.Буянхүү ахын хамраас цус гарсан, нүүрнийх нь аль хэсэгт гэдгийг санахгүй байна шалбарчихсан байсан. Намайг Энхбаяр ах буюу Улаанаа гэр рүү оруулж унтуулж амраасан. Тэгээд өглөө Оюунжаргал эгчийнд сэрсэн. Миний архи ч сайн гараагүй, Оюунжаргал эгчийн архи ч гараагүй байхаар нь дахиад архи авч уусан…” гэжээ /хх-47-48/.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн ¹9472 акт:

“1. Буянхүүгийн зүүн хацар ясны нумны хугарал, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун шанаа, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шанаа, дух, хамрын нуруу ба угалз, баруун хацар, баруун чихний дэлбэн, хүзүүний зулгаралт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, цус хуралт, доод уруулын цус хуралт, язрал, шүд хугаралт  бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх зүүн хацар ясны нумны хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь дээрх журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид 1 шүдний хугарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэжээ /хх-38/.

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-78/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-75/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-77/, таньж олуулах ажиллагаа хийсэн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-19-22/, 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 250.000 төгрөг хүлээлцсэн баримт /хх-17/, хохирогч Д.Буянхүүгийн “...Л.Алтанбаярт гомдолгүй, түүнээс нэхэмжлэх зүйлгүй...” тухайгаа илэрхийлсэн хүсэлт /хх-86/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Алтанбаяр 2016 оны 7 дугаар сарын 5-нд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 21-3/б тоот хашааны гадна бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг зөрчин Д.Буянхүүг хүч хэрэглэн зодож, биед нь хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Буянхүүгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 9472 тоот дүгнэлт болон шүүгдэгч Л.Алтанбаярын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Уг гэмт хэрэг нь хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлөөгүй байхад шалтаг шалтгаангүйгээр бусдыг илтэд үл хүндэтгэхдээ хүч хэрэглэсэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн шинжтэй, танхайн гэмт хэргийн сэдэлттэй байна.

Иймд шүүгдэгч Л.Алтанбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Алтанбаяр нь хохирогч Д.Буянхүүд эмчилгээний зардал 250.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүх, шүүгдэгч Л.Алтанбаярыг үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчид хохирол төлбөрийг сайн дураар төлсөн, хохирогч нь гомдолгүй болсон зэргийг харгалзан, хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хүүшийн хүрэн овгийн Лхагвадоржийн Алтанбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Алтанбаярт 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Алтанбаярт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Алтанбаярын нийт цагдан хоригдсон 28 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.  

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Л.Алтанбаяр нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Л.Алтанбаярт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж, 3 /гурван/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Алтанбаярт бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

           

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН