Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 04

 

Д.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Т.Бямбажав, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар: 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 139/ШШ2017/00476 дугаар шийдвэртэй, Д.Д-ын нэхэмжлэлтэй, ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр  сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал, нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал оролцов.

Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1962 онд төрсөн. Миний төрсөн эцэг Даваа гэдэг хүн байсан юм. Намайг төрснөөс хойш 6 сартай байхад манай эцэг Даваа нь намайг төрсөн дүү Солийн Жалам гэх эмэгтэй дүүдээ өргүүлсэн юм. Манай өргөж авсан эх С.Жалам нь Дооровын Дамба гэдэг хүнтэй гэр бүл байсан.Намайг үрчилж авсан эцэг эх маань Дамбын Эрдэнэцогт гэж нэрлэх болсон юм. Үүнээс хойш манай гэрийнхэн албан ёсны бүртгэлдээ Дамбын Эрдэнэцогтоор бүртгүүлсэн юм билээ. Иргэний үнэмлэх Даваагийн Дэлгэрцогт гэсэн нэртэй байдаг. Миний бие 1978 оноос Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчинаар ажиллаж байгаад 1982 оны 6 сарын 17-нд цэргийн албанд татагдаж, 1985 оны 6 сарын 15-ны өдөр цэргээс халагдсан. Улмаар 1985 оны 10 сарын 15-наас Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд худгийн моторчиноор ажилд томилогдсон боловч тус нэгдэлдээ тасралтгүй малчинаар ажиллаж байсан. Иймд Д.Дэлгэрцогт намайг 1978 оноос 1980 он дуустал бичилт хийгдсэн Дамбаагийн Эрдэнэцогт гэсэн хөдөлмөрийн дэвтэр, мөн 1981 оны 4 сарын 24-ний өдөр нээсэн Дамбаагийн Эрдэнэцогт гэсэн хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож, Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд 1978 оны 1 сарын 1-нээс 1982 оны 6 сарын 17-ныг хүртэл малчинаар, 1985 оны 6 сарын 15-наас 1990 оны 12 сарын 31-нийг дуустал мөн Хөдөлмөр нэгдэл малчинаар, 1992 оны 1 сарын 1-нээс 1993 оны 2 сарын 9-нийг хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчинаар, 1993 оны 2 сарын 9-нөөс 1994 оны 12 сарын 31-нийг дуустал тус сумын Шинэ хөдөлмөр хоршоонд малчинаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

 

Анхан шатны шүүх:

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар Хорхойт овгийн Д.Д-ын хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Д давж заалдах гомдолдоо: Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 сарын 20-ны өдрийн 139/ШШ2017/00476 тоот шүүхийн шийдвэрээр миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

 Миний бие бага наснаасаа буюу 6 сартайгаасаа эцэг Даваагийн төрсөн дүү болох С.Жалам гэх хүнд өргөгдөөд намайг өргөж авсан эцэг, эх маань Дамбын Эрдэнэцогт гэх болсон. Миний бие ийм учраас сургуулиас гараад өргөж авсан эцэг эхийн хамт Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд мал маллах болсон бөгөөд тухайн үеийн цалин хөлсний баримт бичиг болон хөдөлмөрийн дэвтэрт Дамбын Эрдэнэцогт гэж бичигдсэн байдаг юм. Мөн энэ үеийн хөдөлмөрийн дэвтрүүдийг маань миний эзэмшлийн хөөлмөрийн дэвтэр мөн гэдгийг нотлох баримт байхгүй байна гэж анхан шатны шүүх үзсэнд гомдолтой байна. Учир нь миний бие 2-р анги төгсөөд сургуулиас гарсан бөгөөд улмаар 14 наснаас эхлэн тус нэгдэлдээ мал маллаж байсныг нотлох гол баримтууд болох хөдөлмөрийн дэвтрүүд, цалингийн 1980- 1990 оны баримтуудын хуулбар дээр Дамбын Эрдэнэцогт гэснийг намайг мөн болохыг гэрч нар нотлоно. Иймд гэрчүүдийн мэдүүлгийг шүүх огтоос үнэлээгүй бөгөөд гэрчүүдийн мэдүүлгийг шүүхийн шийдвэртээ огт тусгаж үндэслэл болгоогүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Иймд Д овогтой Д миний бие 1978 оноос 1980 он дуустал бичилт хийгдсэн Дамбаагийн Эрдэнэцогт гэсэн хөдөлмөрийн дэвтэр, мөн 1981 оны 4 сарын 24-ний өдөр нээсэн Дамбаагийн Эрдэнэцогт гэсэн хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож, Дундговь аймгийн Jlyyc сумын Хөдөлмөр нэгдэлд 1978 оны 1 сарын 1-нээс 1982 оны 6 сарын 17-ныг хүртэл малчкнаар. 1985 оны 6 сарын 15-наас 1990 оны 12 сарын 31-нийг дуустал мөн Хөдөлдмөр нэгдэлд малчинаар. 1992 оны 1 сарын 1-нээс 1993 оны 2 сарьш 9-нийг хүртэл Дундговь аймгийн Лyyc сумын Хөдөлмөр нэгдэлд малчинаар. 1993 оны 2 сарьш 9-нөөс 1994 оны 12 сарын 31- нийг дуустал тус сумын Шинэ хөдөлмөр хоршоонд малчинаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Д овогтой Д-ын гомдлын дагуу  Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 20-ны 139/ШШ2017/00476 тоот шийдвэрийг хянав.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэлх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д заасан журмыг баримтлан хэргийг хянаад анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөрчилтэй явагдсан, хэргийн оролцогчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шийдвэр хууль ёсны  бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Д овогтой Д нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бусдад үрчлэгдсэний улмаас Дамбаа овогтой Эрдэнэцогт нэртэй явсан. Бүхий л ажилласан байдлын талаархи бичиг баримтууд болон цэргийн бүртгэл зэрэг нь Эрдэнэцогт нэрээр явсан гэдгээ тайлбарлаж, хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч мөн болохоо тогтоолгохыг хүссэн боловч шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Энэ шийдвэрлэлт нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэстэй байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шийдвэрлэхээр хүлээн аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг заавал хянах  ёстой.

            Нэхэмжлэгчийн овог, нэр хэн болох нь тодорхой биш байх аваас хянан шийдвэрлэх ажиллагааг хэрхэн явуулах, хэрхэн шийдвэрлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2 дахь заалт, 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар зохицуулсныг шүүх анхаарах ёстой.

            Энэ байдлыг анхааралгүйгээр, өөрөөр хэлэл нэхэмжлэгчийн овог, нэр хэн болохыг эцэслэн тогтоох ажиллагааг явуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж Эрдэнэцогт, Дэлгэрцогт гэдэг хоёр нэрийн аль нь хууль ёсны болохыг тогтоолгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс оролцогчийн хууль ёсны эрх, ашиг цаашид хохирч болзошгүй нөхцөл байдал үүсэхэд хүргэжээ.

            Нэхэмжлэгч нь нотлох баримт шүүхэд ирүүлээгүй гэсэн шүүхийн дүгнэлт нь үндэслэл муутай бөгөөд нэхэмжлэгч Дэлгэрцогт нь тайлбартаа: үрчилсэн эцэг нь Дэлгэрцогт нэрээр бүртгүүлсэн, “Хөдөлмөр” нэгдэлд Эрдэнэцогт нэртэйгээр ажиллаж байсан гэдгээ тайлбарлан холбогдох бичгэн баримтуудыг ирүүлснээс гадна холбогдох гурван гэрчийг ч асуулгасан байхад шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, нэхэмжлэлийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна.

            Энэхүү нөхцөл байдалд шүүх иргэний эрх ашгийн үүднээс бодитой дүгнэлт хийлгүй шийдвэрлэсэн нь буруу байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Нэхэмжлэгч Д.Дэлгэрцогт нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтрүүдийн эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн байхад чухам ямар үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй, нөгөө талаар гэрчүүдийг асуулгасан ч шүүх шийдвэр гаргахдаа эдгээрийн мэдүүлгийг шинжлэн судлалгүй дүгнэсэн шийдвэр гаргасан гэх нэхэмжлэгчийн гомдол, тайлбар үндэстэй байна.

            Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 140400 төгрөг төлсөн байх бөгөөд шүүх нэхэмжлэл хүлээж авахдаа нэхэмжлэлийн шаардлага тус  бүрт улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой гэж төлүүлсэн гэж тайлбарлаж, мөн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг илүү төлсөн байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70200 төгрөг төлнө гэж заасан бөгөөд Д.Д нь ажилласан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байхад улсын тэмдэгтийн хураамжийг илүү төлүүлсэн зөрчил байгааг цаашид анхаарах хэрэгтэй.

            Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр  анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн              167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 139/ШШ2017/00476 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Ц.ОТГОНЦЭЦЭГ

         ШҮҮГЧИД                              Т.БЯМБАЖАВ

                                                                                      Ш.ТӨМӨРБААТАР