Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 1006

 

О.Э-т холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энхбат,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 777 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Энхбатын бичсэн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 27 дугаартай эсэргүүцлээр О.Э-т холбогдох эрүүгийн 1908 00927 0984 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн О-ын Э, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт ............... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ......./;

О.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2019 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С х” гэх караокед иргэн С.О-г зодож, эрүүл мэндэд нь эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн завьжинд шарх, баруун бугуй, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: О.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-т зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э-т оногдуулсан торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, хохирогч С.О нь эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн үр дагавар болох хор уршгаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, О.Э нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Энхбат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

“Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудыг мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч О.Э нь ... иргэн С.О-г зодож, түүний бие махбодид “...тархи доргилт, дээд уруулын баруун дээд зулгаралт, хүзүүнд цус хүралт, зүүн гарын зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо” гэж дүгнэсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2149 дугаартай “С.О-н биед эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн завьжинд шарх, баруун бугуй, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт, хохирогч С.О-н “... намайг зоддог хүүхэн нь ирээд намайг янхан, гичий гээд элдвээр хэлээд хүчтэй түлхсэн. Тэр хүүхэн тухайн үед согтуу байсан, тэгээд над руу дайраад намайг өшиглөөд, газар унагаагаад дахиад хэд хэдэн удаа гар, шанаа хэсэг рүү өшиглөөд миний үснээс зулгаасан. ...” гэх мэдүүлэг зэргээр хохирогч С.О-т учирсан гэмтэл нь шүүхийн гэм буруугийн дүгнэлтэд дурдагдсан “... тархи доргилт, дээд уруулын баруун дээд зулгаралт, хүзүүнд цус хуралт, зүүн гарын зөөлөн эдийн няцрал ...” гэмтэл бус прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан “эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн завьжинд шарх, баруун бугуй, зүүн бугалганд цус хуралт гэмтэл” учирсан болох нь тогтоогдож байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь “хүний эрүүл мэндэд учирсан” хохирлын талаар ташаа дүгнэлт хийсэн, гэмт хэргийн улмаас хохирогч С.О-н эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын талаар бус хавтас хэрэгт авагдаагүй хохирлын талаар дурдаж, тодорхойлж, дүгнэсэн хууль бус шийдвэр болжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, мөн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн нөхцөл байдал” гэснийг тус тус зөрчсөн байна. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийг буюу “Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт” удирдлага болгодог зүйл, заалтыг удирдлага болгосон нь ойлгомжгүй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 777 дугаартай шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

О.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2019 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С х” гэх караокед иргэн С.О-г зодож, эрүүл мэндэд нь эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн завьжинд шарх, баруун бугуй, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.О-н “... Тухайн үед би текэн дээр очоод “чи яагаад надад үйлчлэхгүй гэж байгаа юм бэ” гэж асуутал Э гэх эмэгтэй над руу дайраад намайг өшиглөөд, газар унагаагаад дахиад хэд хэдэн удаа гар, шанаа хэсэгт өшиглөсөн. Мөн миний үснээс зулгаасан. Намайг газар унасан байхад бармен хүүхэн ирж салгасан. Тэр хүүхэн согтуу байсан. ...” /хх 15-17/,

гэрч Т.С-н “... Би “С х” нэртэй караокед ажлаа хийж байтал гаднаас үл таних согтуу эмэгтэй хүн орж ирээд ширээн дээр суусан. Тэгсэн араас нь дахиад нэг эмэгтэй орж ирсэн. ... Тэгсэн өмнө орж ирсэн эмэгтэйтэй маргалдаад байх шиг байсан. Гэнэт л хоорондоо зодолдоод эхэлсэн. ...” /хх 28-29/ гэх мэдүүлгүүд, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... С.О-н биед эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн завжинд шарх, баруун бугуй, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 2149 дугаартай дүгнэлт /хх 33/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч О.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч О.Э-н бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.  

Анхан шатны шүүх шүүгдэгч О.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Гэвч анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгтээ “...О.Э-г иргэн С.О-г зодож, түүний бие махбодид “... тархи доргилт, дээд уруулын баруун дээр зулгаралт, хүзүүн цус хуралт, зүүн гарын зөөлөн эдийн няцрал ...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэжээ.

Хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2149 дугаартай дүгнэлтээр “...С.О-н биед эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн завьжинд шарх, баруун бугуй, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...” гэж хохирогчийн биед учирсан гэмтлийн талаар хөдөлбөргүй тогтоожээ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хохирогчийн биед учирсан гэмтлийн талаар дээрх шинжээчийн дүгнэлтэд дурдсанаас илтэд зөрүүтэй дүгнэлт /техникийн шинжтэй/ хийсэн боловч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь шинжээчийн 2149 дугаартай дүгнэлтийн хүрээнд судлагдсан нь хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход сөргөөр нөлөөлөөгүй байна.

Иймд магадлалаар үйл баримт тогтоосон хэсэгт зөвтгөсөн өөрчлөлт оруулж, прокурор Б.Энхбатын эсэргүүцлээс “шинжээчийн дүгнэлт зөрүүтэй бичигдсэн” гэсэн хэсгийг хүлээн авч, харин “... анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийг удирдлага болгосон нь ойлгомжгүй. ...” гэсэн хэсгийг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ.” гэж зааснаас гадна уг хуулийн 36 дугаар бүлэгт анхан шатны шүүхийн шийдвэр ямар хэлбэртэй байх, шийдвэрийн удиртгал, тодорхойлох, тогтоох хэсэгт бичигдэх зүйлсийн талаар тусгахаар хуульчилжээ.

Хуулийн дээрх үзэл баримтлалыг анхан шатны шүүх удирдлага болгон, шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийг баримталсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.