Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2019/01276

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.А,

Нэхэмжлэгч: Г.Г нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “МФМББСБ” ХХК-д холбогдох,

2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 14/78 тоот зээлийн гэрээний 3.7, 3.8, 4.8, 4.9, 3.3 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулан 900,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээний үүрэгт 273,002,734 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баднайнямбуу шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түмэнбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “МФМББСБ” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 14/78 тоот зээлийн гэрээг байгуулж 90,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, жилийн 50,4 хувийн хүүтэй зээл олгохдоо 1 хувийн шимтгэлийг урьдчилан суутгах зэрэг илт хохиролтой нөхцөлийг гэрээнд тусгасан, мөн ББСБ нь зээлдэгчийн барьцаа хөрөнгийг үл маргах журмаар шилжүүлэн авах болон шууд худалдан борлуулах эрхийг өөртөө олгосон заалтыг зээлийн гэрээнд тусгасан байгаа нь иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой, шударга ёсны зарчимд харш  үйлдэл болсон байна. 14/78 тоот гэрээний 3.3 дахь заалтаар 1 сарын хүүг 4.2 хувь байхаар тусгасан байна. Энэ 1 жилийн 50.4 хувийн хүүг зээлийн төлбөрт нэмж авахаар тохиролцсон гэсэн үг юм. Зээлийн хөрөнгийг 1 жилийн хугацаанд ашигласны хариу төлбөрт тухайн зээлийн хөрөнгийн талаас илүү хувийг нэмж төлөхөөр гэрээнд тусгасан байна. Энэ нь гэрээний нөгөө талд илт хохиролтой, шударга ёсны зарчимд харш нөхцөлийг санал болгосныг харуулж байгаа хэрэг юм. Зээлийн хүүг нь зээлийн хөрөнгийг ашигласны үнэ буюу хариу төлбөр байхаар хуульчилсан байх тул зээлийн хүү нь зээлийн хөрөнгийн хэмжээтэй уялдсан, шударга ёсны зарчим, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцсэн байх нь жам ёсны зүйл юм. Түүнчлэн 2014 оны банк бус санхүүгийн байгууллагын дундаж хүү сарын 2.6 хувь, жилийн 31.2 хувь байсан нь санхүүгийн зохицуулах хорооноос хийсэн албан ёсны судалгааны материалаас харагдаж байна. Энэ нь тухайн үед ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн дундаж хүүнээс бүтэн 20 функтээр их хүү авах нөхцөлийг санал болгож, гэрээ байгуулсан байгааг харуулж байна. Мөн Иргэний хууль 452 дугаар зүйлийн 452.3, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т гэж тус тус заасны дагуу банк бус санхүүгийн байгууллага өөрийн хүүгийн хэмжээг тогтоон нийтэд урьдчилан мэдээллэсэн байх хуулиар хүлээсэн үүрэгтэй байна. Энэ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн зээлийн хүүг хэт өндрөөр санал болгох дур зоргыг хязгаарласан, гэрээ байгуулагч талуудын тэгш байдлын болон харилцан мэдээ, мэдээлэлтэй байх зарчмыг тус тус хангасан хуулийн зохицуулалт юм. Гэтэл хариуцагч “Микро Финанс Монголиа” ББСБ-ын зүгээс хуулийн дагуу зээлийн хүүг урьдчилан тогтоож нийтэд мэдээлэх үүргээ биелүүлэлгүй хууль зөрчсөн байхын зэрэгцээ тухайн үеийн дундаж хүүнээс хэт өндөр (20 функтээр их) хэмжээгээр хүү авахаар зээлийн гэрээнд зааж, зээлийн гэрээг байгуулан зээлдэгч намайг хохироож байна. Хариуцагч талын зээлийн хүүний мэдээллийг цахим сайт, интернэтээс хайсан боловч огт байдаггүй бөгөөд энэ нь харилцагч мэдээлэлтэй байх боломж нөхцөлийг занаатайгаар хааж байгаа хэрэг юм. Иймд, “МФМББСБ” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 14/78 тоот зээлийн гэрээний 3.7, 3.8, 4.8, 4.9, 3.3 дэх заалтууд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар “хууль зөрчсөн” бөгөөд мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т “шударга ёсны зарчимд харш, нөгөө талдаа хохиролтой хүчин төгөлдөр бус стандарт нөхцөл” байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5 дах заалт, 61 дүгээр зүйлийн 61.1, 61.2 дах заалт, 202 дугаар зүйлийн 202.1 дэх заалтад тус тус заасны дагуу эдгээр заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагчаас 900,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа:  Зээлдэгч Ганбат овогтой Гантуяа, хамтран зээлдэгч Болд овогтой Адилбиш нар нь 2004 оны 12 дугаар сарын 30-ны өдөр МФМББСБ-тай 14/78 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 90,000,000 төгрөгийн зээл авсан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу зээлдэгч, зээлдүүлэгч нар харилцан тохиролцож зээлийн гэрээний 3.8-д зааснаар зээлийн дүнгийн 1 хувиар зээл олгосны шимтгэл авсан нь хууль зөрчсөн зүйл байхгүй болно. Зээлийн гэрээний дагуу 90,000,000 төгрөгийг шилжүүлэх үүргийг манай байгууллага хүлээсэн бөгөөд уг мөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн. Харин зээлдэгч тухайн үед бэлнээр зээл олголтын шимтгэл 1 хувь болох 900,000 төгрөгийг олгогдох зээлээс хасаж суутгуулж төлөх хүсэлтийг гаргаснаар 90,000,000 төгрөгийн зээлийг олгож, 900,000 төгрөгийг суутган шимтгэлд авсан болно. Үүнийгээ нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тодорхой бичсэн байна. Зээлдэгч Г.Г, Б.А нартай Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 451.2, 451.3-т тус тус заасны дагуу 2014 оны 12 сарын 30-ны өдөр 14/78 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Дүнжингарав хороолол, Их Монгол улсын гудамж 105 дугаар байр 41 тоот 104,76 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалж, талууд гарын үсэг зурснаар нотариатаар батлуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 165, 166-д заасан шаардлагыг хангасан гэж үзэж байна. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д “барьцааны зүйл нь хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна” гэж зааснаар хөдлөх хөрөнгө болох эд зүйл, үл хөдлөх хөрөнгө болох орон сууцыг барьцаалсан нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.3 -т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж заасны дагуу зээлийн гэрээний 2.3, 4.9-д заасны дагуу хүү болон нэмэгдүүлсэн хүүг бодож, тайлан тэнцэлдээ тусгадаг болно. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл биш юм.

Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад төрийн байгууллагаас банк бус санхүүгийн байгууллагын олгож буй бизнесийн зээлийн хүүгийн хувь хэмжээг тогтоосон хэм хэмжээ байдаггүй. Манай банк бус санхүүгийн байгууллага нь Санхүүгийн зохицуулах хорооноос 2014 онд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авч, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, бусад хууль тогтоомжийг ягштал мөрдөн үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайн үед бусад банк бус санхүүгийн байгууллагууд болон тэдгээрийн хүүг судалж үзэхэд зээлийн сарын дундаж хүү 4-5 хувьтай байсан. Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүгийн хувь хэмжээ өндөр байдаг нь эргэлтийн хөрөнгийн хэмжээ бага, бусдаас бага хүүтэй хадгаламж татах нь хязгаарлагдмал, тогтмол зардал өндөр, зөвхөн өөрийн хөрөнгөөр үйл ажиллагаа явуулдаг зэрэг нь нөлөөлдөг. Тухайн зээлийг олгох үед манай зээлийн хүү сарын 5 хувь байсан бөгөөд зээлдэгч Г.Г, Б.А  нартай харилцан тохиролцож хүүгийн хувь хэмжээг буулгаж сарын 4.2 хувийн хүүтэйгэээр олгосон нь зээлийг гэрээг харилцан тохиролцож байгуулсан.  Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсанаар үндсэн хүүг 24.2 хувь болгох боломжгүй юм. Учир нь Санхүүгийн зохицуулах хороо, Аудитийн тайлан, Татварын байгууллагад cap, улирал бүр хянуулж, шалгуулж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хүүгийн хэмжээ гэрээгээр харилцан тохиролцсон, мөн хэт өндөр гэж үзэх үндэслэлгүй байна. Манай байгууллага 2014 онд Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл аваад олон нийтэд өөрийн байгууллагыг танилцуулах, харилцагч татах зорилгоор өөрсдийн олгож буй зээлийн талаарх мэдээлэл бүхий боршур, танилцуулах материалуудыг бэлдэн бизнес эрхлэгчид болон нийтэд тарааж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус боршур болон танилцуулгад бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл, зээлийн хэмжээ, хүүгийн хувь, зээлийн хугацаа, зээл олгосны шимтгэл, зээлдэгчид тавигдах шаардлага, бусад нөхцөлүүдийг тусгаж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаандаа хэрэглэж байгаа болно. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээ зөрчсөн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:  Зээлдэгч Г.Г, хамтран зээлдэгч Б.А нар нь 2004 оны 12 дугаар сарын 30-ны өдөр МФМББСБ-тай 14/78 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 90,000,000 төгрөгийн зээлийг 4 сарын хугацаатай, сарын 4.2 хувийн хүүтэйгээр авсан. Зээлдэгч үндсэн зээлийн төлбөрт 9,000,000 төрөг, хүүний төлбөрт 30,050,000 төгрөг, нийт 39,050,000 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг хугацаандаа бүрэн төлөөгүй бөгөөд манай байгууллагаас удаа дараа тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй зээлийн гэрээний үүргээ байнга зөрчсөөр өнөөдрийг хүрсэн. Иймд  Г.Г, Б.А  нараас 14/78 тоот зээлийн гэрээний үүрэгт 273,002,734 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Г, Б.А  нар нь “МФМББСБ” ХХК-д холбогдуулан 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 14/78 тоот зээлийн гэрээний 3.7, 3.8, 4.8, 4.9, 3.3 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулан 900,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний үүрэгт 273,002,734 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг  нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Г.Г, Б.А болон “МФМББСБ” ХХК-ийн хооронд 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 14/78 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр зээлдүүлэгч “МФМББСБ” ХХК нь 90,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатайгаар зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч Г.Г, Б.А нар нь сарын 4.2 хувийн хүүтэй, хугацаандаа төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүтэйгээр буцаан төлөх үүргийн тус тус хүлээсэн байна. 

 

Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т “... зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэсэн хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.

 

Талууд дээрх зээлийн гэрээг байгуулсан болон зээлдэгч зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, зээлдэгч зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 9,000,000 төгрөг, зээлийн хүү 30,050,000 төгрөг, нийт 39,050,000 төгрөг төлж, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш төлөлт хийгээгүй талаар зохигчид маргаагүй, харин зээлийн гэрээний зарим нөхцөл гэрээний стандарт нөхцөлийг хангасан эсэх, хүчин төгөлдөр бус эсэх талаар маргаантай байна. Хариуцагч зээлийн гэрээний 3.3, 3.7, 3.8, 4.8, 4.9 дэх заалтуудыг зээлдэгчид илт хохиролтой, хууль зөрчсөн гэж маргажээ.

 

Зээлийн гэрээний 3.3-д “Зээлийн хүү сарын 4.2 хувь”, 3.7-д “Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаанд тавьсан барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгч талд шилжүүлэн өгнө. Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн барьцааны хөрөнгийг шууд борлуулж хохирлоо барагдуулна”, 3.8-д “Зээлдэгч олгосон зээлийн дүнгийн 1 хувьтай тэнцэх бэлэн мөнгөний шимтгэл төлнө”, 4.8-д “Зээлдэгч тухайн заруудын хүүг сар бүр эсвэл өдөр, өдөрт нь төлнө. Хэрэв зээлдэгч зээлийн хүүний төлбөрийг төлөөгүй тохиолдолд уг зээлийг эрсдэлтэйд тооцож 30 хоногийн дотор зээл, хүүний төлбөрийг бүрэн барагдуулахыг зээлдүүлэгч шаардана. Энэ шаардлага биелэгдээгүй тохиолдолд зээлдүүлэгч энэхүү гэрээний дагуу барьцааны зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах ажиллагааг эхлүүлэх эрхтэй”, 4.9-д “Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд зээл төлөгдөх хугацааны эцсийн өдрийн дараах ажлын өдрөөс төлбөр дутуу гүйцэтгэсэн зээлийн өрийн үлдэгдлээс үндсэн хүүг 20 хувиар нэмэгдүүлэн тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү авна” гэж заасан байх ба гэрээний нөхцөлийг талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байна.

Зээлийн гэрээний 3.8-д дагуу зээлийн үйлчилгээний шимтгэлд 900,000 төгрөгийг суутгаж, хариуцагч нарт 89,100,000 төгрөгийг “МФМББСБ” ХХК нь шилжүүлэн өгсөн байна.

Иргэний хуулийн 39-р зүйлийн 39.1-д хэлцэл гэдгийг “талуудын хүсэл зоригоо илэрхийлсэн үйлдэл /эс үйлдэхүй/-г” хэлнэ гэж, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар дээрх заалтууд талуудын зарчимд үндэслэсэн байна.

Мөн хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д “гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ.” гэж, мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д “стандарт нөхцлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна” гэж заажээ.

Эдгээрээс дүгнэхэд талуудын тохиролцсон гэрээнд оролцогч талуудын тэгш эрхийн зарчимд нийцээгүй, түүнчлэн хуулиар тогтоосон журмыг алдагдуулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна.

Иймд зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар төлөгдөөгүй зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байх тул нэхэмжлэгч нараас үндсэн зээл 81,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 158,784,302 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,756,861 төгрөг, нийт 271,541,163 төгрөг гаргуулж хариуцагчид олгож,

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасны дагуу үндсэн хүүгийн хорин хувиас хэтэрсэн хэмжээнд сөрөг нэхэмжлэлээс үлдэх 1,461,572 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Зохигчид 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 14/78 дугаартай “Барьцааны гэрээ” байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Дүнжингарав хороолол /13311/ Их Монгол улсын гудамж 105 дугаар байр 41 тоот 104,76 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, гэрийн эд хогшил зэргийг барьцаалсан байна.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулах, барьцааны зүйл үл хөдлөх эд эд хөрөнгө бол гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлагуудыг хангасан, гэрээ хүчин төгөлдөр байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Г.Г, Б.А нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Харин гэрийн эд хогшил нь хэдэн ширхэг, ямар нэр төрлийн хөрөнгө болох нь тодорхойгүй байх тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Г, Б.А нараас үндсэн зээл 81,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 158,784,302 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,756,861 төгрөг, нийт 271,541,163 төгрөг гаргуулж “МФМББСБ” ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 1,461,572 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Г.Г, Б.А нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Дүнжингарав хороолол /13311/ Их Монгол улсын гудамж 105 дугаар байр 41 тоот 104,76 м.кв талбайтай 4 өрөө орон сууцаар хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, гэрийн эд хогшилоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Г.Г, Б.А болон “МФМББСБ” ХХК-ийн хооронд 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 14/78 дугаартай зээлийн гэрээний 3.3, 3.7, 3.8, 4.8, 4.9 дэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, 900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 166,550 төгрөгийг болон хариуцагчаас төлсөн 1,802,744 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас 1,515,655 төгрөгийг, төсвийн орлогоос илүү төлөгдсөн 51,631 төгрөгийг тус тус гаргуулж, хариуцагчид олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.БАТЧИМЭГ