Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1519

 

 

 

 

 

 

 

 

    2022         12          12                                    2022/ШЦТ/1519

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

Улсын яллагч Э.Оргилбат,

Шүүгдэгч ** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч** холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.             

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, ** оны * дугаар сарын *-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, цахилгаан гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, дүүгийн хамт ****дугаар хороо, Улаанхуаран ** тоотод оршин суух хаягтай, Шүүхийн 1983 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 24 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 200-ын В дүгээр зүйлд зааснаар 3 жилийн хорих ял, Нийслэлийн шүүхийн 1994 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 133 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 1-д зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгүүлж, шүүгчийн захирамжаар 2004 онд эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 4 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ** овгийн ** /регистрийн дугаар: ****/.   

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ***нь 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 09 цаг 22 минутын үел ** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “**” эмийн сангаас *** эзэмшлийн 4.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий Айфоне 12 про макс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :

 

  1. Гэмт хэргийн нотлогдсон байдал :               

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

            Шүүгдэгч ** нь 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 09 цаг 22 минутын үел ** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “**” эмийн сангийн лангууны хэсэг дэх ширээн дээрээс *** эзэмшлийн 4.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий Айфоне 12 про макс маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан болох нь :      

            - шуурхай удирдлага дуудлага лавлагааны хуудас /хавтаст хэргийн 2 дахь тал/,

            - гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан...*** хороо, *** эмийн сан-гийн лангуунаас гар утас хулгайд алдсан...гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

            - эд зүйл хүлээлгэн өгсөн... Айфоне 13 про макс гэх нэртэй гар утсыг эвдрэл гэмтэлгүй хүлээлгэн өгөв...гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

            - хохирогч **...Тус өдрийн өглөө 09 цагийн үед би ***хороонд байрлах “**” эмийн сангаа онгойлгон, амралтын өрөөнд цэвэрлэгээ хийж байх үед хүн ороод ирэх шиг болохоор нь эргээд харсан чинь 50 орчим насны эрэгтэй хүн лангууны араар ороод ирчихсэн байхлаар нь цочиж, яагаад энд ороод ирсэн юм бэ цаана зогсооч ээ гэсэн чинь “гавлын зурагтай толгойны эм авъя” гэсэн, тэр хүнээс архи үнэртээд байхаар нь айгаад эмийн сангаас гаргасан. Тэгээд 10 орчим минутын дараа гар утсаар ярих гээд хартал ширээн дээр байсан гар утас байхгүй байхлаар нь Цагдаагийн байгууллагад хандсан. Эмийн сангаа нээгээд амралтын өрөөнийхөө ширээн дээр тавьсан байсан. 50-60 орчим насны цагаан өнгийн малгайтай, хар өнгийн пиджак өмссөн хүн байсан. 2021 онд Тэди төвөөс шинээр авсан, цэнхэр өнгийн Айфоне 13 про макс 528 гигатай гар утас байсан...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

            - хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл : *** нь дотогшоо орсон...баруун гартаа утсыг аваад эргэж байгаа харуулав...Гар утсаа өмсөж явсан хувцасны халаасандаа хийж байгааг харуулав...** нь халааснаасаа мөнгө гаргаж ирээд толгой руу гараараа зааж эмч авч байгаа хэсгийг харуулав.../хавтаст хэргийн 9-10 дахь тал/,

            - “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ны...iphone 13 pro max гар утас 4.200.000 төгрөг гэх үнэлгээний баримт /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

            - шүүгдэгч **...2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Амгаланд байх гэрээсээ Толгойтод байх найзынхаа гэр лүү явж байгаад үл таних хүмүүстэй архи ууж явж байгаад хамгийн сүүлд ганцаараа үлдэж улмаар эмийн сан руу ороход эмийн санд хүн байхгүй байсан бөгөөд би лангууны дотогшоо тавиур дээр байсан гар утсыг аваад халаасандаа хийчхээд байж байхад цаанаас нь эмийн сангийн хүн гарч ирээд намайг лангууны хажуугаас хөөж гаргасан...Миний халаасанд явж байхад цагдаа нар миний араа ирээд барьж авсан. Бичлэг дээрх этгээд би мөн байна...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

  1. Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт :  

 

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд:  

2.1. Тус баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан   үндэслэл, журмын зөрчилгүй бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хангалттай байх шаардлага хангагдсан гэж үзэв.

2.2. Тус шүүгдэгчийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн “хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан“ шинж бүрэн хангагдсан байна. 

 Тус хэрэгт авагдсан баримтаар тус хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж тогтоогдоогүй байх тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.  

2.3. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрөх эсэх нь түүнд хуулиар олгогдсон эрх учраас түүний тус эрх зөрчигдөөгүй.          

Шүүгдэг ** мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд мэдүүлэг авахад түүнд хуулиар олгогдсон эрхийг танилцуулж, тайлбарласан байх ба /хх-36-37, шүүх хуралдааны тэмдэглэл/ тус шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, хамаарах бусад нотлох баримтын эх сурвалжаар нотлогдсон байгааг дурдах нь зүйтэй.     

Иймд шүүгдэгч ** хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

       

  1. Хохирол, хор уршиг

 

Хохирогч тус гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо биет байдлаар буцаан авсан, гомдол саналгүй байх /хх-5, 59/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

  1. Хууль зүйн үндэслэл, дүгнэлт:

 

Шүүгдэгч нь урьд 1983, 1994 онд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байх боловч тус ялыг эдэлж дууссанд хамаарах баримт байх /хх-47, 49-54 шүүх хуралдааны тэмдэглэл/ тул тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, ам бүл 2, дүүгийн хамт амьдардаг гэх болон түүний амьдрал ахуй, бусад хувийн байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт цугларсан /хх-34, 39-41, 43, 45, 47, шүүх хуралдааны тэмдэглэл/ судлагдсан байна.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 2, 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан үндэслэл, журмын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ** эрх бүхий байгууллагын хяналтад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг 1 жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.  

 

  1. Бусад асуудал  

 

Уг хэрэгт нэг ширхэг компакт диск хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

                                                                       

 

         ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч ** хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ** эрх бүхий байгууллагын хяналтад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох үүргийг 1 жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ** оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

4. Тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Тус хэрэгт хураагдсан нэг ширхэг компакт дискийг уг хэргийн хугацаа дуустал хэрэгт нь хавсарган үлдээсүгэй.  

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ГАНБААТАР