Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 181/ШШ2019/01312

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “ЛТ” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: А.Б-д холбогдох,

 

Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулахыг даалгах, 76.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүн, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түмэнбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЛТ” ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 хороо Чойжин ламын сүм музейн баруун талд Нийслэлийн засаг даргын 2006 оны 126 дугаар Захирамжаар 1010 м.кв хэмжээтэй газар эзэмшиж байхад иргэн А.Б манай эзэмшил газраас Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 415 дугаар захирамжаар 800 м.кв хэмжээтэй газрыг 5 жилийн хугацаагаар тасдаж эзэмшсэн ба газар эзэмших гэрээ болон холбогдох газрын кадастрын зургийг хуурамчаар хийлгүүлж манай компанийн газар эзэмших эрхэд ноцтой халдсан юм.

Компанийн зүгээс дээрх байдлыг 2011 онд мэдэж холбогдох албан тушаалтан болон шүүхэд хандсанаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар 20-ны өдрийн 2532/с дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн магадлал /хүчингүй болсон/, Улсын дээд шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 394 дүгээр тогтоолоор А.Бийг газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хуурамчаар үйлдэн “ЛТ“ ХХК-ийн захирал Д.Батбаярын гарын үсгийг зурж гэрээ байгуулсан болох нь тогтоогдсон гэж үзэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хэмээн шийдвэрлэсэн.

Иргэн А.Бийн дээрх үйлдлийг эрүүгийн журмаар шалгаж Дүүргийн 1 дүгээр Прокурорын газрын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 707 дугаар Прокурорын тогтоолоор А.Бийг хуурамч бичиг баримт үйлдэж аж ахуй нэгж, байгууллага иргэнд үлэмж хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон хэмээн үзсэн. Зохигчдын хооронд 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдах үед “ЛТ” ХХК-ийн захирал Д.Батбаяр Канад улсад амьдарч байсан, А.Б нь түүний гарын үсгийг дуурайлган зурсан улмаар таньдаг нотариатаар уг гэрээг гэрчлүүлсэн зэрэг үйл баримтын талаар хариуцагч хүлээн зөвшөөрсөн байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаас үзэхэд гэрээний нэг тал саналаа өгөөгүй байхад гэрээ байгуулсан нь мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасан хуулийн шаардлагыг А.Б зөрчсөн тул зохигчдын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 394 дүгээр тогтоолоор А.Б нэхэмжлэгчийн гарын үсэг зурсан албан бичгийн хоосон маягтыг ашиглан маргааны зүйл болох газрыг шилжүүлэх хүсэлтийг газрын албанд өгөх материалыг нэг бүрдүүлбэр болгон өгсөн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн юм.

Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр “ЛТ” ХХК-ийн захирал Д.Батбаяр болон А.Б нарын хооронд байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцсон, А.Бийг хуурамч бичиг баримт үйлдэж иргэн аж ахуй нэгжид үлэмж хэмжээний хохирол учруулсан  болох нь тогтоогдсон гэж үзсэн атал хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн бүх зүйлээ буцаан өгөх үүрэгтэй боловч А.Б нь энэхүү үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн төдийгүй хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр маргаан бүхий газрыг эзэмшиж ирлээ.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2532/С дугаар шийдвэрээр хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэлийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 415 тоот захирамжаар иргэн А.Бид 800 м.кв хэмжээтэй газрыг эзэмшүүлсэн атлаа 2011 оны 676 дугаар захирамжаар 519 м.кв хэмжээтэй газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь анхаарал татахын сацуу анх байсан газрын хэмжээ тухайн байршилд огт өөрчлөгдөөгүй өнөөдрийг хүрсэн. “ЛТ” ХХК-ийн зүгээс 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Засаг даргад хандаж “шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тогтоогдсон гэрээг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 6 дугаар 21-ний өдрийн 415 тоот захирамжийн хууль зүйн үндэслэлийг эргэн харж А.Бид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 126 дугаар захирамжаар “ЛТ” ХХК-д олгогдсон 1010 м.кв хэмжээтэй газар эзэмших эрхийг сэргээх шийдвэр гаргах, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 676 дугаар захирамж, 2017 оны А/267 дугаар захирамжуудын “ЛТ” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, А.Бийн хууль бусаар барьсан хашааг албадан буулгах талаар хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэж гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 07/1403 албан тоотоор “шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн асуудлыг захиргааны байгууллага хянан үзэх боломжгүй” гэсэн нь газар эзэмшигчийг өнөөдрийг хүртэл хугацаанд хохироосоор байна. “ЛТ" ХХК-ийн зүгээс иргэн А.Бийн дээрх хууль бус үйлдлийг хс-эбсслих хуулийн байгууллагад шалгуулахаар хандсан ба компани өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулах, хууль зүйн туслалцаа авах шаардлага гарсантай холбогдуулан өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, Иргэний хэрэгт 58,000,000 төгрөг, Эрүүгийн хэрэгт 18,000,000 төгрөг, нийт 76,000,000 төгрөгийг 2014 оноос эхлэн өмгөөлөгчид төлж хууль зүйн туслалцаа авч зардал гаргасан. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр “ЛТ” ХХК-ийн захирал Д.Батбаяр болон А.Б нарын хооронд байгуулагдсан “Газар эзэмших, эрх шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцсон бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцийн үндсэн дээр шилжүүлсэн бүх зүйлээ буцаан өгөх үүрэгтэй боловч А.Б нь энэхүү үүргээ гүйцэтгэхгүй байгаа тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч А.Бийг хүлээсэн үүргээ гүйцэтгүүлэхийг даалгаж нэхэмжлэл гаргаж байгааг хэлэхийн сацуу А.Бид эрх шилжүүлэх гэрээ байгуулахыг даалгаснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу шилжүүлсэн газраа буцаан авах, “ЛТ” ХХК-ийн газар эзэмших эрх сэргэх юм. Иймд А.Бийг хуурамч бичиг баримтыг үндэслэн “ЛТ” ХХК-ийн эзэмшил газраас 800 м.кв газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нь шүүхийн шийдвэрээр хууль бус гэж тогтоогдсон тул нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа А.Бид “ЛТ” ХХК-тай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Чойжин ламын сүм музейн баруун талд 800 м.кв хэмжээгээр газар эзэмших эрх шилүүлэх гэрээ байгуулахыг даалгах, өмгөөллийн хөлсөнд “ЛТ” ХХК-иас төлсөн нийт 76,000,000 төгрөгийг А.Боос гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чойжин ламын сүм музейн баруун талд байрлах “ЛТ” ХХК-ийн өмчлөлийн А, Б, В гэх блокоос бүрдэх объектын A блокыг 2006 онд өөрийн багын найз “ЛТ” ХХК-ийн захирал Д.Батбаяраас 460,000 ам.доллараар тохиролцон, банкны зээл аван 2006 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 50,000 ам.доллар, 2006 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 20,000 ам.доллар, 2006 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 15,000 ам.долларыг тус тус бэлнээр, мөн 2006 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 49,600 ам.доллар болон 326,000 ам.долларыг Канад улс руу Д.Батбаярт дансаар тус тус шилжүүлсэн байдаг. Ийнхүү шилжүүлэхдээ 2006 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж үнийн дүнг 100,000,000 төгрөгөөр үйлдэн А блокыг гэрээний 2.1.3-т зааснаар түүнд харьяалах газар эзэмших эрхийн хамт А блокыг өмчлөх, түүнд харьяалах 491 м.кв газрыг газар эзэмшүүлэх эрх буюу төрөөс түүний өмчлөлийн газрыг нь түрээслэх эрхийг “ЛТ” ХХК-иас өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар дээрх гэрээгээр тохиролцсон байдаг. 2010 оны 5 дугаар сарын 24-нд Нийслэлийн газрын албанд хүсэлт гарган өөрийн А блокт хамаарах 491 м.кв газар, мөн шинээр өөрийн граш руу орох орц буюу урд хашааны дагуух 309 м.кв газрыг /“ЛТ” ХХК-ийн нэр дээрх 1010 м.кв газарт хамааралгүй/ Газрын тухай хуулийн 33.1.2, 36 дугаар зүйлүүдэд заасны дагуу төсөл сонгон шалгаруулалтын үнэ, газрын нөхөн төлбөр, торгууль зэргийг төлөн 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Нийслэлийн засаг даргын 415 тоот захирамжаар гарсан 0319873 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээгээр баталгаажуулж авсан байдаг. “ЛТ” ХХК нь 2012 болон 2014 онуудад Иргэний болон Захиргааны шүүхэд удаа дараа нэхэмжлэл гаргасан байдаг. “ЛТ” ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 415 дугаар захирамжийн “ЛТ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2006 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 126 дугаар захирамжийн дагуу олгогдсон “ЛТ” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээх шийдвэр гаргуулахыг даалгах хэргийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2012 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 230 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Мөн Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 239 дүгээр магадлалаар, Монгол улсын Дээд шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 161 дүгээр тогтоолоор тус тус анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн. “ЛТ” XXK нь А.Бид холбогдуулан иргэний шүүхээр мөн нэхэмжлэл гаргасан байдаг бөгөөд 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэл гаргасан байдаг. Үүнийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2532/С дугаар шийдвэрээр “Газар эзэмших, эрх шилжүүлэх гэрээг”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн дагуу авсан зүйлээ эргүүлэн буцаан өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн боловч Монгол улсын дээд шүүхээс Анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулийн зүйл заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм. Иргэн болон хуулийн этгээд нь Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар ... хууль зүйн туслалцаа авах... эрхтэй” гэж заасан байдаг. Иргэн хүн өөрийнхөө Монгол улсын Үндсэн хуульд заасан үндсэн эрх, эрх чөлөөг хэрэгжүүлж, хууль зүйн туслалцаа авсан хөлсөө өөрт нь хохирол учруулсан мэтээр надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Хууль зүйн мэдлэг боловсролтой өмгөөлөгч авч, хууль зүйн туслалцаа авсан хөлсөө төлчихөөд, миний бие өөрийнх нь өмнөөс хууль зүйн туслалцаа авахуулж хохироосон мэтээр нэхэмжилж байгаа нь энгийн ухаанаар бодоод үзсэн ч гэсэн байж боломжгүй зүйл юм. Хохироогоод байгаа юм бол анхнаасаа хууль зүйн туслалцаа авахгүй, туслалцаа авсан төлбөр төлөхгүйгээр нэхэмжлэл гаргаад, шүүхээр шийдвэрлүүлэх боломж байж л байсан гэдгийг дурдах нь зүйтэй. Шинжлэх Ухаан Академийн Хэл зохиолын хүрээлэнгээс гаргасан Монгол хэлний их тайлбар тольд “хохирол” гэх үгийг “алдал, алдагдал, хөнөөл, сүйтгэл” гэж тайлбарласан ба үүнээс үзэхэд миний бие ямар нэгэн байдлаар “ЛТ” ХХК-д алдагдал, хөнөөл, сүйтгэл учруулаагүй байна. Мөн нэхэмжлэлийн нөгөө шаардлага болох “газар эзэмших, эрх шилжүүлэх гэрээ байгуулахыг даалгах” нь 2014 онд гурван шатны шүүхээр шийдвэрлэсэн байхад намайг үүрэг хүлээх ёстой этгээд мэтээр үзэж гэрээ байгуулахыг даалгаж байгаа нь үндэслэлгүй юм. Монгол улсын дээд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор миний энэхүү харилцаанд хүлээх үүрэг дуусгавар болсон. Мөн хэлцлийг талуудын хүсэл зориг нэгдсэнээр гэрээг байгуулдаг болохоос шүүхийн даалгаснаар гэрээ байгуулна гэдэг нь байж боломжгүй зүйл бөгөөд хэлцэл байгуулах үндсэн зарчим алдагдана. Иймд “ЛТ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигч талуудаас гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ЛТ” ХХК нь хариуцагч А.Бид холбогдуулан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулахыг даалгах, хохирол 76.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “ЛТ” ХХК-ийн захирал Д.Батбаяр болон хариуцагч А.Б нарын хооронд “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулагдсан байх бөгөөд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2532/с дугаартай шийдвэрээр уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, А.Бид холбогдох хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу авсан зүйлээ эргүүлэн буцаан өгөхийг даалгах тухай “ЛТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулахыг даалгах замаар дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж газар эзэмших зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байна.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2532/с дугаартай шийдвэрээс үзэхэд зохигчдын хооронд байгуулагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээ нь хүчин төгөлдөр бус тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан шилжүүлэх ёстой боловч гэрээний зүйл болох 800 м.кв газрыг А.Бид шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 415 дугаар захирамж хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгчид уг эрхийг буцаан шилжүүлэх боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр талуудын хооронд байгуулсан хэлцлийн хүчин төгөлдөр байдал, түүний эрх зүйн үр дагаврыг шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т зааснаар зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар иргэний эрх зүйн хамгаалалтын арга нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд шүүхээс иргэний эрх зүйн харилцаанд оролцогч талуудын хооронд гэрээ байгуулахыг даалгах хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, энэ нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-д заасан иргэний эрх зүйн хамгаалалтын аргад хамаарахгүй.

Учир нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д хэлцэл гэдгийг “талуудын хүсэл зоригоо илэрхийлсэн үйлдэл /эс үйлдэхүй/-г” хэлнэ гэж, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар гэрээ байгуулах нь талуудын зарчимд үндэслэсэн байна.

            Дээрх үндэслэлээр А.Бид холбогдох газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулахыг даалгах тухай “ЛТ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

            Мөн нэхэмжлэгчээс шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ хууль зүйн туслалцаа авч өөрийн хүсэл зоригийн дагуу өөрийн эд хөрөнгөөсөө гаргаж буй зардал болох өмгөөллийн хөлсийг хохиролд тооцох үндэслэлгүй гэж үзэж өмгөөллийн хөлс 76,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШЗ2018/11752 дугаартай захирамжаар нэхэмжлэгч “ЛТ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 537,950 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч “ЛТ” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн байх тул улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчээр нөхөн төлүүлэх нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6, 189 дүгээр зүйлийн 189.1-д заасныг баримтлан А.Бид холбогдох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Чойжин ламын сүм музейн баруун талд 800 м.кв талбайтай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулахыг даалгах, хохирол 76.000.000 төгрөг гаргуулах тухай “ЛТ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 537,950 төгрөгийг нөхөн төлүүлж Төсвийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ч.БАТЧИМЭГ