| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2023/0037/э |
| Дугаар | 2023/ШЦТ/30 |
| Огноо | 2023-02-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2023/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болортуяа,
Улсын яллагч Ц.Нэргүй,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дорж овогт Орогдолын *******д холбогдох 2326000000029 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 01-ний өдөр, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Жинчин цайны газарт туслах тогоочоор ажилладаг, ам бүл 3, ээж, хүүхдийн хамт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 01 дүгээр багийн 27-07 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Дорж овогт Орогдолын ******* /РД: *******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч “******* нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1-р багийн нутаг дэвсгэрт 27-07 тоотод байрлах гэртээ 2022 оны 12 дугаар сарын 25- ны өдөр хохирогч ******* баруун мөр, баруун далны доод хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь “баруун гарын бугалга, баруун дал хэсэгт хутгалагдсан шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 27-07 тоотод найз охин болох ******* гэрт байсан. 15 цагийн үед найз охин *******тэй маргалдаад би утсыг газар луу шидээд хувцсаа аваад гэрээс нь гараад буцаад ороход хутга барьсан байсан. Тэгээд би хутгыг нь булааж авах гэж байгаад халтирч унахад миний баруун мөр болон баруун далны доод хэсэгт нэг, нэг удаа хутгалсан. Би тэгээд шууд гэрээс нь гараад үүдэнд нь зогсоход нуруу хүйт даагаад явсан. Тэгээд би нуруу руугаа гараа хийж үзэхэд цус гарч байсан. Тэгээд эмнэлэг дээр очсон. Тухайн үед манай найз охин О.Сувд- Эрдэнэ бид 2 л байсан өөр хүн байгаагүй. Манай эгч над руу залгаад ярихад найз охин чи эгчтэйгээ ярилаа гэхээр нь уурласан тэрнээс болж маргалдсан. Би биед нь халдсан зүйл байхгүй. Утсыг нь газар шидэхэд босоод ирэхээр нь ор луу түлхсэн өөр зүйл болоогүй. Өмнө найз охин *******тэй маргалдаж байсан зүйл байхгүй. Би Өвөрхангай аймгийн Богд сумаас 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ирээд ******* гэрт байгаа. Хамт амьдардаггүй, гэрт ирээд байж байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Хүрэлсүхийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “...Үзүүлэгч ******* биед баруун гарын бугалга, баруун дал хэсэгт хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтэлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой байна. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой тул гэмтлийн зэргийг тус тусад нь тогтоох шаардлагагүй. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй болно” гэсэн 17 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 003 дугаартай “... 1. Уг цамцны мөрний дээд хэсэгт залгаас оёдлоос эгц доош 4,5 см зайд 1,5 см хэмжээтэй мөр хэсэг нь 4, ир хэсэг нь 10 цагийн байрлалтай, “my mind” гэсэн бичгийн дунд хэсэгт 2 см хэмжээтэй мөр хэсэг нь 10, ир хэсэг нь 4 цагийн байрлалтай зах ирмэгийг нь нийлүүлээд нэг бүхлийг нь үүсгэх 1*1 удаагийн хурц ир үзүүрийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлтэй гэмтэл байна. 2. Тухайн зүсэгдэлтийн зах ирмэг хэсгийн утаслаг ширхэглэлүүд нь хөвөрч бөөгнөрөөгүй ямар нэгэн эд зүйлээр бохирлогдоогүй байх тул шинэ зүсэгдэлт гэмтэл байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн цамцанд үүссэн гэмтэл хэсгийн бичил утаслаг ширхэгүүд нь цайвар шаргал, цэнхэр өнгийн утаслагуудаас бүрдсэн даавуун материал бөгөөд үүссэн гэмтлийн зах ирмэг хэсгийн утаслаг ширхэглэлүүд нь шинжилгээнд ирүүлсэн хутганы үзүүрийн мөр хэсэгт бохирлогдсон байна. 4. Уг цамцанд үүссэн гэмтлүүд нь шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүсгэгдсэн байна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29-33 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас,
Хэргийн газрын үзлэг хийсэн “... Уг хэрэг учрал болсон гэх газар нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 27-07 тоот хашаа байх ба хашааны хаалга цэнхэр өнгөтэй бөгөөд уг хашаа руу ороход ертөнцийн зүгээр баруун талд 76-50 ӨВР улсын дугаартай Тоёота Land 100 маркийн тээврийн хэрэгсэл байв. Түүний хойно ногоон хаалгатай гэр байв. Уг гэрийн ертөнцийн зүгээр зүүн талд ногоон өнгийн хээтэй хаалгатай гэр байх бөгөөд уг гэрийн хаалгаар ороход баруун талд гал тогооны хэрэгсэл шүүгээ байв. Уг шүүгээний урд дээд хэсэгт байх хайрцагнаас бариул хэсэг 11,5 см, ажлын хэсэг 14,5 см урттай, өргөн 2,3 см шаргал өнгийн хутга байсныг хэргийн газрын үзлэгээр хураан авав. Уг гэрийн баруун талд модон ор, баруун хойд хэсэгт шаргал өнгийн модон авдар бурхан тахил байв. Гэрийн хойд хэсэгт шүүгээнүүд байв. Зүүн хойд хэсэгт морины зурагтай бор авдар байв. Гэрийн зүүн талд бор модон ор байх бөгөөд орны зүүн дээд хэсэгт малгай, дал хэсэг нь цагаан шар өнгийн гадаад бичиглэлтэй цамц байх бөгөөд уг цамцны арын баруун дунд хэсэгт 2 см шинэ урагдал /цооролт/-той, уг урагдлын доод хэсэгт цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Уг цамцны баруун дээд ар хэсэгт 1,5 см цооролттой уг цооролтын дээд хэсэгт цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Уг цамцыг хэргийн газрын үзлэгээр хураан авахаар тогтов. Гэрийн зүүн урд хувцас сав бараа хураагдаастай байв. Үзлэгийг 0.3500 маркийн гэрэл зургийн аппаратаар 9 кадр зураг аван бэхжүүлэв.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 4-7 дугаар хуудас/,
Шүүгдэгч ******* хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Аравйхээр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 30 дугаартай тодорхойлолт /хх-ийн 48/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50/,
Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/,
Шүүгдэгч ******* яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байх тул шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч “******* нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1-р багийн нутаг дэвсгэрт 27-07 тоотод байрлах гэртээ 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хохирогч ******* баруун мөр, баруун далны доод хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь “баруун гарын бугалга, баруун дал хэсэгт хутгалагдсан шарх гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч *******“...Би 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 27-07 тоотод найз охин болох ******* гэрт байсан. 15 цагийн үед найз охин *******тэй маргалдаад би утсыг газар луу шидээд хувцсаа аваад гэрээс нь гараад буцаад ороход хутга барьсан байсан. Тэгээд би хутгыг нь булааж авах гэж байгаад халтирч унахад миний баруун мөр болон баруун далны доод хэсэгт нэг, нэг удаа хутгалсан. Би тэгээд шууд гэрээс нь гараад үүдэнд нь зогсоход нуруу хүйт даагаад явсан. Тэгээд би нуруу руугаа гараа хийж үзэхэд цус гарч байсан. Тэгээд эмнэлэг дээр очсон.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 003 дугаартай “...1. Уг цамцны мөрний дээд хэсэгт залгаас оёдлоос эгц доош 4,5 см зайд 1,5 см хэмжээтэй мөр хэсэг нь 4, ир хэсэг нь 10 цагийн байрлалтай, my mind гэсэн бичгийн дунд хэсэгт 2 см хэмжээтэй мөр хэсэг нь 10, ир хэсэг нь 4 цагийн байрлалтай зах ирмэгийг нь нийлүүлээд нэг бүхлийг нь үүсгэх 1*1 удаагийн хурц ир үзүүрийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлтэй гэмтэл байна. 2. Тухайн зүсэгдэлтийн зах ирмэг хэсгийн утаслаг ширхэглэлүүд нь хөвөрч бөөгнөрөөгүй ямар нэгэн эд зүйлээр бохирлогдоогүй байх тул шинэ зүсэгдэлт гэмтэл байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн цамцанд үүссэн гэмтэл хэсгийн бичил утаслаг ширхэгүүд нь цайвар шаргал, цэнхэр өнгийн утаслагуудаас бүрдсэн даавуун материал бөгөөд үүссэн гэмтлийн зах ирмэг хэсгийн утаслаг ширхэглэлүүд нь шинжилгээнд ирүүлсэн хутганы үзүүрийн мөр хэсэгт бохирлогдсон байна. 4. Уг цамцанд үүссэн гэмтлүүд нь шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүсгэгдсэн байна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29-33 дугаар хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 4-7 дугаар хуудас/, хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №17 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч ******* шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлт, түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Улсын яллагч Ц.Нэргүй шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн 27-07 тоотод байрлах гэртээ хохирогч ******* баруун мөр, баруун далны доод хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч ******* мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаартай, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. ...Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж “...Прокурорын саналыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрсөн тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын ялын санал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дорж овогт Орогдолын Сувд-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дорж овогт Орогдолын Сувд-Эрдэнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн бариултай хутга 1 ширхэг, шаргал өнгийн цамц 1 ширхгийг тус тус устгасугай.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР