| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 181/2019/00412/И |
| Дугаар | 181/ШШ2019/01287 |
| Огноо | 2019-05-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2019/01287
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Түмэнцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: МУЭМС Д.С-д холбогдох,
МУЭМС Д.Сийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл тарааснаас үүдэлтэй “Э” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээн уг мэдээллийг гаргасан хэлбэр, хэрэгслээр залруулга хийж, уучлалт гуйхыг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Алтангадас, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Анхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батсүх, иргэдийн төлөөлөгч Б.Тунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түмэнбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК нь 1998 онд үүсгэн байгуулагдсан ба Монгол Улсын эм, эмнэлгийн хэрэгслийн зах зээлд тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 8 сүлжээ эмийн сан, 2 эм ханган нийлүүлэх төв, нийт 120 орчим ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж, хүн амынхаа эрүүл энхийн төлөө мэргэжлийн ёс зүйг баримтлан, чанар аюулгүй байдлыг ханган хууль ёсоор үйл ажиллагаагаа явуулсаар байна. Эдүгээ бид 31 гаруй орны үйлдвэрлэгчээс 2000 гаруй нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийг импортлон харилцагч нартаа түгээж үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компани нь дэлхийд эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч олон улсын нэр хүндтэй үйлдвэрлэгчийн онцгой эрхт албан ёсны дистрибьютерээр ажиллаж, олон улсын чанар, аюулгүй байдлын стандартаар баталгаажсан, чанарын өндөр төвшний эм бэлдмэлийг хэрэглэгч нартаа хүргэж ажилладаг Монголын эм, эмнэлгийн хэрэгсэл импортлогч тэргүүлэгч таван компанийн нэг юм. Бидний импортлон оруулж ирдэг эм, эмнэлгийн хэрэгслийн дундаас сүүлийн үед Виферон гэх вирусийн эсрэг дархлаа дэмжих, вирусийн үржлийг зогсоох үйлчилгээтэй лаатай холбоотой мэдээллүүд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон. Уг лаатай холбоотой мэдээллийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, МУЭМС Д.С хэд хэдэн худал мэдээлэл тараагаад байна. Үүнд, 2018 оны 11 сарын 06-ны өдөр 25 дугаар суваг телевизийн мэдээллийн хөтөлбөрт өгсөн ярилцлагадаа “Виферон бэлдмэлийн хувьд Азийн хөгжлийн банкны баг судалгаа хийгээд Вифероны лааг бага насны хүүхдэд хэрэглэж болохгүй, яагаад гэвэл энэ нь тухайн вирусийг устгах боловч 1-2 жилийн дараа хүүхдийг дархлаагүй болгодог. Үүнийг олон байгууллага тогтоогоод бидэнд зөвлөмж өгчихсөн байгаа учраас Вифероныг хөнгөлөлттэй эмийн жагсаалтаас болон хэрэглээнээс хасах чиглэлтэй байгаа” гээд мөн мэдээллийн www.news.mn цахим хуудсанд өгсөн 2018 оны 11 сарын 12-ны өдрийн ярилцлагадаа “...Эрүүл мэндийн яамны Хүүхдийн эмийн зөвлөл, хүүхдийн эмч нар цуглан Виферон лааны талаар өнгөрсөн долоо хоногт зөвлөгөөн хийсэн юм. Зөвлөгөөнөөр виферон лааны эмчилгээний үр дүн олон улсад нотлогдоогүй болохыг хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, лааны талаар судалгаа хийгдээгүй гэсэн үг, тиймээс энэ лааг нийлүүлж буй компанид тухайн лааны эмнэлзүйн удирдамж болон эмчилгээний үр дүнгийн талаарх нотолгоог албан ёсоор баримт бичгээр өгөхийг олон жилийн туршид шаардсан ч өнөөдрийг хүртэл өгөөгүй” хэмээн ярилцлага өгчээ. Бодит байдал дээр “Э” ХХК нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон холбогдох бүхий л журмын дагуу 2010 онд Монгол улсын эмийн бүртгэлд бүртгүүлсэн байдаг бөгөөд уг лаа нь Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн VII, VIII жагсаалтад бүртгэгдсэн байдаг. Үүнээс гадна Эрүүл мэндийн сайдын 2008 оны 81 дүгээр тушаалаар батлагдсан Импортын лиценз олгох журмын дагуу импортоор оруулж ирэх болгондоо зохих зөвшөөрлийг авч байсан ба хамгийн сүүлд 2018 оны 10 сарын 23-ны өдөр Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрлийг авч оруулж ирсэн болно. Өөрөөр хэлбэл Эрүүл мэндийн Сайдын телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр гаргасан мэдэгдэл нь нийгэмд тухайн Виферон лааг эмнэлзүйн салбарт хэрэглээнээс шахсан, эмчилгээний зөвлөмж болон эмийн сангуудад зарагдахгүй нөхцөл байдал үүсээд байна. Үүнээс үүдэж аж ахуйн үйл ажиллагаагаа үр ашигтайгаар хөтөлж эрхлэн явуулах, иргэдэд хүрсэн бүтээгдэхүүний тогтвортой хангалтанд доголдол үүсэх, худалдан авалт илтэд буурах сөрөг үр дагаврууд үүсч байгаа бөгөөд хамгийн гол нь хуулийн этгээдийн нийгмийн үнэлэмж асар ихээр унаж байна. Эрүүл мэндийн сайдын мэдэгдэлд дурдагдаад буй Азийн хөгжлийн банкны судалгаанд виферон лааны тухай, түүний эмчилгээний үр дүн болон үүсэл гарал, туршилт, судалгааны талаар аливаа байдлаар дүгнэлт гаргаагүй тухай Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас албан ёсоор хариу ирүүлээд байна. Дээрх нөхцөл байдлууд нь МУЭМС Д.С нь Виферон лаатай холбоотой мэдээлэл гаргахдаа бодит байдалд нийцээгүй, холбогдох судалгаа баримтгүйгээр “Э” ХХК-ийн үйл ажиллагаанд нийгэмд болоод хамтран ажиллагч байгууллагууд, иргэдийн зүгээс бидэнд итгэх итгэл алдарч, худалдан борлуулалт эрс буурч, байгууллагын зүгээс санхүүгийн болоод үйл ажиллагаа, ажил хэргийн нэр хүндэд илт хохиролтой байдал бий болсон. Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу Эрүүл мэндийн сайдын дээрх “Э” ХХК-тай холбоотой үйл ажиллагааны эсрэг илт худал мэдээлэл нийтэд тараан нэр хүндийг гутаасныг сэргээж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар дээрх мэдэгдлүүдэд тараасан арга хэрэгслийн дагуу залруулга хийж уучлалт гуйхыг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “25 дугаар суваг” телевизийн “25 цаг” мэдээллийн хөтөлбөрөөр явсан мэдээ, www.news.mn сайтад өгсөн ЭМС-ын ярилцлагадаа нэхэмжлэгч “Э” ХХК-тай холбоотой, тус компанийн үйл ажиллагааны эсрэг илт худал мэдээлэл тараан нэр хүндийг гутаасан...” гэсэн нь бодит байдалд нийцээгүй байна. Тухайн мэдээллийн хэрэгслүүдэд ЭМС-ын өгсөн ярилцлагад “Э” ХХК-ийн нэр нэг ч удаа дурдагдаагүй, тус компанийн эрхэлдэг үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн мэдээлэл олон нийтэд өгөөгүй болно. Нэхэмжлэлийн үндэслэл болгож буй хоёр мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээллийн агуулга нь “Э” ХХК-ийн импортолдог “виферон” лаатай шууд холбоогүй болох нь сурвалжлагч нарын хийсэн тайлбараас тодорхой харагдаж байна. Тухайлбал, “25 цаг” мэдээллийн хөтөлбөрийн нэвтрүүлэгч, www.news.mn сайтын сурвалжлагч мэдээ болон ярилцлагын эхэнд хийсэн тайлбар /комментоос/-аас үзэхэд ярилцлагын сэдэв нь “эмийн сангуудаас хөнгөлөлттэй тарифаар олгож, эрүүл мэндийн даатгалаас нөхөн төлбөр олгодог эмийн чанар, хүртээмж”-тэй холбоотой мэдээллийг олон нийтэд өгөх зорилгоор ЭМС-аас асуулт асууж, сайд түүнд нь хариулт өгсөн байна. Ярилцлагын явцад зайлшгүй шаардлагатай эмэнд хамаарахгүй анаферон, виферон гэх эмүүдийг “шаардлагатай эмийн болон хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад оруулж улмаар нийгмийн даатгалын сангаас их хэмжээний нөхөн төлбөр гаргуулан авсан” талаарх мэдээллийг олон нийтэд өгсөн нь хууль зөрчөөгүй. ЭМС-ын “25 цаг” мэдээллийн хөтөлбөрөөр явсан мэдээ, www.news.mn сайтын сэтгүүлчдийн асуултад өгсөн хариулт нь Азийн хөгжлийн банк, Эрүүл мэндийн яам /цаашид ЭМЯ” гэх/-тай хамтран “Улсын эмнэлгүүдийн боломжит үнэтэй эмийн хүртээмжийг сайжруулах ТТ-8967 МОН төсөл”-ийг хэрэгжүүлж, төслийн ажлын тайлан, ЭМЯ-аас 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр эмч, мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулсан “Вирусийн эсрэг вифероны лааны талаар” зөвлөгөөн дээр эмч мэргэжилтнүүдийг өгсөн мэдээлэл зэрэг бодитой эх сурвалжид тулгуурлан... гэх мэдээлэл өгсөн байна. Эдгээр мэдээлэл эх сурвалжийг шалган тогтоох зорилгоор ЭМС-ын тушаалаар “Интеферон альфа” (виферон, генферон, генферон лайт, анаферон, назоферон, лаферибион, эргоферон)-ийн эмчилгээний үр дүнгийн талаар дүгнэлт, зөвлөмж гаргах ажлын хэсэг байгуулсан бөгөөд тус ажлын хэсгээс дүгнэлт, зөвлөмжөөр “виферон” лааны эмчилгээний үр дүн олон улсад нотлогдоогүй, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон манай улсын Үндэсний мэргэжлийн байгууллагуудаас тухайн бэлдмэлийг хэрэглэхийг зөвлөөгүй болох нь тогтоогдсон байна. Иймээс “виферон” лааны эмчилгээний үр дүн олон улсад нотлогдоогүй, уг лаа нь ЭМДС-аас хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад орох зайлшгүй шаардлагатай бус байхад их хэмжээний нөхөн төлбөр авсан...” гэх асуудлаар ЭМС-ын өгсөн мэдээллийг бодит байдалд нийцээгүй, худлаа ташаа гэж үзэх үндэслэлгүй байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Э” ХХК-иас Эрүүл мэндийн сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хүсэлт, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Э” ХХК нь МУЭМС Д.Сд холбогдуулан МУЭМС Д.Сийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл тарааснаас үүдэлтэй “Э” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээн уг мэдээллийг гаргасан хэлбэр, хэрэгслээр залруулга хийж, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д “иргэний ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д “Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад энэ хуулийн 21 дүгээр зүйлийн заалт нэгэн адил хамаарна” гэж, 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын нэр төр, ажил хэргийн нэр хүндэд хууль бусаар санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус зохицуулжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ МУЭМС Д.С 2018 оны 11 сарын 06-ны өдөр 25 дугаар суваг телевизийн мэдээллийн хөтөлбөрт өгсөн ярилцлагадаа “Виферон бэлдмэлийн хувьд Азийн хөгжлийн банкны баг судалгаа хийгээд Вифероны лааг бага насны хүүхдэд хэрэглэж болохгүй, яагаад гэвэл энэ нь тухайн вирусийг устгах боловч 1-2 жилийн дараа хүүхдийг дархлаагүй болгодог. Үүнийг олон байгууллага тогтоогоод бидэнд зөвлөмж өгчихсөн байгаа учраас Вифероныг хөнгөлөлттэй эмийн жагсаалтаас болон хэрэглээнээс хасах чиглэлтэй байгаа” гэж “Э” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндэд илт хохиролтой байдал бий болгосон гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нэхэмжлэлийг татгалзаж, уг мэдээллийг “Э” ХХК-ийн нэр нэг ч удаа дурдагдаагүй, тус компанийн эрхэлдэг үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн мэдээлэл олон нийтэд өгөөгүй болно гэж маргав.
Нэхэмжлэгч талаас www.news.mn цахим хуудаст нийтлэгдсэн гэх нийтлэлийг шүүхэд гаргаж өгсөн боловч үзлэг хийлгэх тухай хүсэлтийг гаргаагүй, энэ талаар шүүх хуралдааны явцад тодруулахад “цахим хуудаст нийтлэгдсэн нийтлэлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй” гэсэн агуулгатай тайлбарыг өгсөн учир шүүх www.news.mn цахим хуудаст нийтлэгдсэн гэх нийтлэлийн талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 25 дугаар телевизээр нэвтрүүлсэн ярилцлагад “Э” ХХК-ийн импортлон оруулж ирдэг “Виферон” гэх лааг бага насны хүүхдэд хэрэглэж болохгүй, хүүхдийг дархлаагүй болгох гаж нөлөөтэй болохыг олон улсын байгууллага тогтоосон эсэх талаар маргаж байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.18-д “эмийн гаж нөлөө” гэж хүний болон мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг оношлох, эмчлэх зорилгоор зохист тунгаар хэрэглэхэд бие махбодид гарч болзошгүй болон гарч байгаа сөрөг илэрлийг ойлгоно гэж заажээ.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараас үзэхэд Виферон бэлдмэл нь Монгол Улсын эмийн бүртгэлд 2010 онд лаа хэлбэрээр бүртгэгдсэн. Уг бэлдмэл нь Эрүүл мэндийн сайдын 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 215 тоот тушаалаар Монгол Улсын эмийн бүртгэлийн зайлшгүй шаардлагатай эмийн 7 дахь жагсаалт, 2017 оны 09 дүгээр сарын 07-ны А/350 тоот тушаалаар 8 дахь жагсаалтад, мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 08 тоот тогтоолын “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт”-д тус тус орсон бүтээгдэхүүн байх бөгөөд энэхүү бэлдмэлийг бага насны хүүхдэд хэрэглэж болохгүй, хүүхдийг дархлаагүй болгох гаж нөлөөтэй болохыг эцэслэн тогтоосон баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар бүртгэгдээгүй байна. Мөн шүүхээс ярилцлагад дурдсан бэлдмэлийг гаж нөлөөтэй эсэхийг тогтоохгүй юм.
МУЭМС Д.С нь 25 дугаар суваг телевизэд өгсөн ярилцлагадаа “Виферон бэлдмэлийн хувьд Азийн хөгжлийн банкны баг судалгаа хийгээд Вифероны лааг бага насны хүүхдэд хэрэглэж болохгүй, яагаад гэвэл энэ нь тухайн вирусийг устгах боловч 1-2 жилийн дараа хүүхдийг дархлаагүй болгодог. Үүнийг олон байгууллага тогтоогоод бидэнд зөвлөмж өгчихсөн байгаа учраас Вифероныг хөнгөлөлттэй эмийн жагсаалтаас болон хэрэглээнээс хасах чиглэлтэй байгаа” гэж эмийн гаж нөлөө тогтоогдчихсон мэтээр мэдээлэл өгсөн нь бодит үнэнд нийцээгүй байна.
Гэвч энэхүү мэдээллийг нэхэмжлэгч “Э” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь мэдээлэлд нэхэмжлэгч хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан үг, өгүүлбэр ороогүй бөгөөд “Э” ХХК-ийн импортлон оруулж ирдэг эм бэлдмэлийн талаарх дээрх мэдээллийг нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна
Иймд “Э” ХХК-ийн гаргасан ажил хэргийн нэр хүндийг сэргээн уг мэдээллийг гаргасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 27 дугаар зүйлийн 27.6, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан МУЭМС Д.Сд холбогдох “Э” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг сэргээн, уг мэдээллийг гаргасан хэлбэр, хэрэгслээр залруулга хийж, уучлалт гуйхыг даалгах тухай “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.БАТЧИМЭГ
ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
Б.ТҮМЭНЦЭЦЭГ