| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 181/2019/00423/И |
| Дугаар | 181/ШШ2019/01227 |
| Огноо | 2019-05-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 181/ШШ2019/01227
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.С-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Ө,
Хариуцагч: У.Х,
Хариуцагч: Ч.Ц нарт холбогдох,
Хөрөнгө оруулаагүй болохыг тогтоолгож, У.Х, Ч.Ц, Г.Ө нараас тус бүр “Э” ХХК-ийн 2,197 ширхэг 21.98 хувийн хувьцааг тус тус гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Отгонбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түмэнбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түвдэн овогтой Сүрэнжав нь У.Х, Ч.Ц, Э.Ө нарт холбогдуулан хөрөнгө оруулаагүй болохыг тогтоолгож, У.Хаас нэг бүр нь 1652.44 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 2198 ширхэг 21.98 хувийн хувьцааг, Ч.Цаас нэг бүр нь 1652.44 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 2198 ширхэг 21.98 хувийн хувьцааг, Г.Өгөөс нэг бүр нь 1652.44 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 2198 ширхэг 21.98 хувийн хувьцааг тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгуулахыг үүрэг болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.Ө нь өөрийн эзэмшдэг 1652.44 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 2197 ширхэг 21.98 хувийн хувьцааг У.Х, Ч.Ц нарт шилжүүлсэн болох нь Э.Өгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралд өгсөн тайлбар, “Э” ХХК-ийн дүрэм болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас харагдаж байна. Иймд У.Х, Ч.Ц нарт ногдох тус бүр 40.5 хувьтай тэнцэх Э ХХК-ийн энгийн хувьцааг гаргуулж, хөрөнгө оруулаагүй болохыг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Ц, У.Х нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсаны дагуу хувьцаа эзэмшигч У.Х, Ч.Ц нар нь “Э” ХХК-д тус тус 405 ширхэг хувьцааны үнэ болох 5.221,786 төгрөгийн хөрөнгийг оруулаагүй боловч тухайн үед тодорхой хугацаа заасан хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байгаагүй болно. Иймд хариуцагч У.Х, Ч.Ц нь тус бүр 5,221,786 төгрөгийн хөрөнгийг компанид цаашид оруулахаас татгалзах зүйлгүй. Гэвч хариуцагч нарын зүгээс хувьцааг үүсгэн байгуулагч Т.Сд буцаан шилжүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн үед хөрөнгийг оруулах хугацааг тусгайлан тогтоогоогүй боловч тус хариуцагчийн зүгээс “Э” ХХК-д хувьцаа эзэмших, үүний хариуд хариуцагч У.Х, Ч.Ц нараас тоног төхөөрөмжөөр хөрөнгө оруулах тухай хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн. Харин Т.Сын зүгээс У.Х, Ч.Ц нар үүргээ зөрчсөнөөс гэрээнээс татгалзаж байгаа бол Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарт нэмэлт хугацаа тогтоож өгөх шаардлагатай гэж үзэж байна. Иймд Т.Сын гаргасан нэхэмжпэлийн шаардлагын хариуцагч У.Х, Ч.Ц нарт холбогдох “Э” ХХК дахь 405 ширхэг, 40.5 хувийн хувьцааг буцаан шилжүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Г.Ө шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Ө нь 2009 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “Э” ХХК-д өөрийн эзэмшиж байсан 21.97 хувийн хувьцааг У.Х, Ч.Ц нарт шилжүүлсэн. Одоогийн байдлаар “Э” ХХК-д ямар нэгэн хувьцаа эзэмшдэггүй, иймд Г.Өд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хүсэлт, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.С нь хариуцагч У.Х, Ч.Ц, Г.Ө нараас тус бүр “Э” ХХК-ийн 2,197 ширхэг 21.98 хувийн хувьцааг гаргуулж, хөрөнгө оруулаагүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т.С нь хариуцагч Э.Өд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч У.Х, Ч.Ц нараас тус бүр “Э” ХХК-ийн 405 ширхэг 40.5 хувийн хувьцааг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.
Нэхэмжлэгч Т.С нь 2005 оны 5 дугаар сарын 11-ний өдөр У.Х, Ч.Ц, Э.Өлзий, Э.Дарханчингэс нарт тус бүр “Э” ХХК-ийн 2198 ширхэг 21,98 хувийн хувьцааг шилжүүлэх, У.Х, Ч.Ц, Э.Өлзий, Э.Дарханчингэс нар нь автомашин 1 ширхэг, худгийн өрмийн машин 1 ширхэг, компрессор 1 ширхэг зэрэг 14,524,400 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг шилжүүлэх үүрэг тус тус хүлээсэн байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт зааснаар арилжааны гэрээнд худалдах, худалдан авах гэрээний талаарх мөн хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна.
Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Т.С нь Э ХХК-ийн 2198 ширхэг 21,98 хувийг хувьцааг тус бүр У.Х, Ч.Ц, Э.Ө нарт шилжүүлж өгсөн, харин хариуцагч У.Х, Ч.Ц, Э.Ө нар эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан “Э” ХХК-ийн улсын бүртгэлийн талаарх лавлагаа, дүрэм, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдсон, талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй.
Гэрээний эрх зүйн харилцаанд оролцогч талууд гэрээгээр хүлээсэн үүргийг тогтоосон хугацаанд зохих ёсоор шударгаар гүйцэтгэх үүргийг хүлээх бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэг тал үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол нөгөө тал гэрээнээс татгалзахаар, ийнхүү татгалзахад үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг тогтоож өгөхөөр мөн зүйлийн 225.2-т заажээ.
Нэхэмжлэгч нь эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлэхийг хариуцагч нарт удаа дараа шаардаж байсан гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нараас энэхүү үйл баримтын талаар маргаагүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосон, 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдсэн байна. /хх 34-36/ Мэдэгдлийг хариуцагч нар хүлээн авсан гэдэгт маргаагүй.
Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т заасан гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгч Т.С нь худалдах-худалдан авах гэрээний үүргээ биелүүлж, зөрчлөө арилгах хугацаа тогтоож өгсөн бөгөөд энэ хугацаанд хариуцагч нар үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч У.Х, Ч.Ц нараас “Э” ХХК-ийн 2198 ширхэг 21.98 хувийн хувьцааг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Сд олгох нь зүйтэй.
Харин нэхэмжлэгч Т.С нь хариуцагч У.Х, Ч.Ц нарт шилжүүлсэн хэмжээнээс илүү буюу хариуцагч Э.Өд шилжүүлсэн “Э” ХХК-ийн хувьцааг хариуцагч У.Х, Ч.Ц нараас шаардах эрхгүй тул нэхэмжлэлээс үлдэх “Э” ХХК-ийн 18,52 хувийн хувьцааг У.Х, Ч.Ц нараас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Мөн хариуцагч нарыг хөрөнгө оруулаагүй болохыг тогтоолгох нь “Э” ХХК-ийн хувьцааг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагынх нь үндэслэл учраас шүүх гэрээний үүргийн зөрчлийн талаар дүгнэлт хийх тул үүнийг бие даасан гэж үзэхгүй.
Нэхэмжлэгч Т.С нь хариуцагч Э.Өд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хариуцагч Э.Өд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч У.Х, Ч.Ц нараас тус бүр “Э” ХХК-ийн 2198 ширхэг 21.98 хувийн хувьцааг гаргуулж нэхэмжлэгч Т.Сд олгож, нэхэмжлэлээс үлдэх хариуцагч У.Х, Ч.Ц нараас тус бүр “Э” ХХК-ийн 18,52 хувийн хувьцааг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Т.С нь хариуцагч Э.Өд холбогдуулан гаргасан “Э” ХХК-ийн 1652.44 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 2198 ширхэг 21.98 хувийн хувьцааг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, Э.Өд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,000 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч У.Х, Ч.Ц нараас тус бүр 73,047 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Сд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ