Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 00025

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Жуулчны 504 тоот хаягт байрлах, “Ашид Голомт ББСБ” ХХК /РД:5877334/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуур 19 дүгээр гудамжны 401 тоот хаягт оршин суух, 43 настай, эрэгтэй, Бүдсүрэнгийн Зоригоо /РД:ДЮ75032917/,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуур 19 дүгээр гудамжны 401 тоот хаягт оршин суух, 42 настай, эмэгтэй, Боржигон овгийн Ёндонжамцийн Буянлхам /РД:ЧЕ76052768/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэг болох 95 231 260 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандшир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “Ашид Голомт ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иргэн Б.Зоригоо нь 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр манай банк бус санхүүгийн байгууллагад хандан хүсэлт гаргаснаар талуудын хооронд ЗГ180142 дугаартай “Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ”-г байгуулан 85 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр машин, мотоциклээс бусад барааны бөөний худалдаа эрхлэх зориулалтаар зээлж авсан.

Хариуцагч Ё.Буянлхам, Б.Зоригоо, “Ашид Голомт ББСБ ХХК нарын хооронд  байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангахаар, ИГ180142 дугаартай “Барьцааны гэрээ”-г байгуулсан. Ё.Буянлхам нь өөрийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202024484 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 19 дүгээр гудамжны 401а тоотод байрлалтай 416 м.кв хувийн орон сууц, Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 19 дүгээр гудамжны 401 тоотод байрлалтай 110 м.кв гэр бүлийн хэрэглээний зориулалттай газар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025509 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ 1 дүгээр хэсэг гудамж, 210 тоотод байрлалтай, 222 м.кв хувийн орон сууц, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Сэлбэ зусланд байрлалтай 427 м.кв газар эзэмших эрх зэргийг тус тус барьцаалсан.

Зээлдэгч Б.Зоригоо дээрх зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг ноцтой зөрчсөн. Хариуцагч Б.Зоригоо нь зээлийн төлбөрт нийт 6 630 000 төгрөг төлсөн. “Ашид Голомт ББСБ” ХХК-ийн зүгээс зээлийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг түүний оршин суугаа газрын хаягаар хүргүүлж байсан...

Иймд “Ашид Голомт ББСБ” ХХК нь өөрийн санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгож, хариуцагч Б.Зоригоогоос зээлийн үүргийн биелэлтэд үндсэн зээлийн үлдэгдэл 81 147 516 төгрөг, зээлийн үндсэн хүү 13 841 391 төгрөг, нэмэгдүүлсэн  хүү 242 353 төгрөг нийт 95 231 260 төгрөг нэхэмжилж байна.

Хариуцагч Ё.Буянлхам нь “Ашид Голомт ББСБ” ХХК-тай ИГ1800142 тоот   барьцааны гэрээ байгуулж, барьцаанд өөрийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202024484 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 19 дүгээр гудамжны 401а тоотод байрлалтай 416 м.кв хувийн орон сууц, Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 19 дүгээр гудамжны 401 тоотод байрлалтай 110 м.кв гэр бүлийн хэрэглээний зориулалттай газар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025509 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ 1 дүгээр хэсэг гудамж, 210 тоотод байрлалтай, 222 м.кв хувийн орон сууц, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Сэлбэ зусланд байрлалтай 427 м.кв газар эзэмших эрх зэргийг барьцаалсан байгаа. Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг дээрх барьцаа хөрөнгөөр хангуулах талаар шийдвэрт тусгаж өгнө үү гэв.  

 

            Хариуцагч Б.Зоригоо шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

            Б.Зоригоо миний бие “Ашид Голомт ББСБ” ХХК-иас 85 000 000 төгрөгийн зээл авч, 7 500 000 төгрөг эргэн төлсөн. Уг зээлийг хамтарч ажиллаж байсан найз маань зээлэх буюу залилах маягаар надаас авсан бөгөөд одоогоор эргүүлэн төлөөгүй, цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа билээ. Уг аргагүй байдлаас болж “Ашид Голомт ББСБ” ХХК-тай харилцан тохиролцож нийт хохиролыг барагдуулна гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Ашид Голомт ББСБ” ХХК нь хариуцагч Б.Зоригоо, Ё.Буянлхам нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 95 231 260 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн  шаардлага гаргасан.

            Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

Хариуцагч Б.Зоригоо нь “Ашид Голомт ББСБ” ХХК-тай байгуулсан 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ180142 дугаартай зээлийн гэрээгээр 85 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Ё.Буянлхамын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202024484 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 19 дүгээр гудамжны 401а тоотод байрлалтай 416 м.кв хувийн орон сууц, Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 19 дүгээр гудамжны 401 тоотод байрлалтай 110 м.кв гэр бүлийн хэрэглээний зориулалттай газар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025509 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ 1 дүгээр хэсэг гудамж, 210 тоотод байрлалтай, 222 м.кв хувийн орон сууц, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Сэлбэ зусланд байрлалтай 427 м.кв газар эзэмших эрх зэргийг тус тус барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ180142 дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ИГ180142 дугаартай барьцааны гэрээ, 000623076, 000233907, 000401882 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 0323278 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 1/454 тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 4-20 тал/

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д заасан хуулийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. /х.х-ийн 4-12 тал/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Зээлийн гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул зээлдэгч хууль болон гэрээгээр хүл ээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд зээлийн гэрээний 2.2, 2.5-т зээлдэгч Б.Зоригоо нь зээлийн төлбөрийг /гэрээний хавсралт №1/ хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээжээ. /х.х-ийн 6 тал/

Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дуусах боловч, хариуцагч Б.Зоригоо гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хуваарийн дагуу зээл болон хүүгийн төлбөрийг тогтмол хугацаанд төлөөгүй тул нэхэмжлэгч “Ашид Голомт ББСБ” ХХК нь гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Хариуцагч Б.Зоригоо нь гэрээний дагуу 85 000 000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2018 оны 03 сард үндсэн зээлд 3 852 484 төгрөг, зээлийн хүү 2 776 667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 849 төгрөг нийт 6 630 000 төгрөгийн төлөлт хийсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн төлбөрийн тооцооны хуудас дансны хуулга зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 17 тал/

Хариуцагч Б.Зоригоо нь нэхэмжлэгч “Ашид Голомт ББСБ” ХХК-иас зээл авснаа үгүйсгээгүй бөгөөд “Ашид Голомт ББСБ” ХХК-тай харилцан тохиролцож, төлбөрийг  барагдуулна” гэх тайлбарыг гаргасан. /х.х-ийн 34 тал/

Хариуцагч Б.Зоригоо нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, гэрээний зөрчлийг бий болгосон гэх үндэслэлээр нэхэмжлэгч “Ашид Голомт ББСБ” ХХК нь гэрээг цуцалж, гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн зүйл байж болохыг хуулиар зөвшөөрсөн тул хариуцагч Ё.Буянлхам нь Б.Зоригоо болон “Ашид Голомт ББСБ” ХХК-ийн хооронд 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 85 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ИГ180142 дугаартай барьцааны гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний 39 дүгээр зүйлийн 39.1, 153 дугаар зүйлийн 153.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заалттай нийцсэн байх бөгөөд энэ гэрээ хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгэгдсэн байх тул барьцааны гэрээг хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ. /х.х-ийн 7-16 тал/

Иймд хариуцагч Б.Зоригоогоос үндсэн зээлийн үлдэгдэл 81 147 516 төгрөг,  зээлийн хүү 13 841 391 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 243 353 төгрөг нийт 95 231 260 төгрөгиийг гаргуулж, нэхэмжлэгч “Ашид Голомт ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1., Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Зоригоо нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Ё.Буянлхамын өмчлөлийн барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202024484 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 19 дүгээр гудамжны 401а тоотод байрлалтай 416 м.кв хувийн орон сууц, Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын 19 дүгээр гудамжны 401 тоотод байрлалтай 110 м.кв гэр бүлийн хэрэглээний зориулалттай газар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203025509 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо, Сэлбэ 1 дүгээр хэсэг гудамж, 210 тоотод байрлалтай, 222 м.кв хувийн орон сууц, Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, Сэлбэ зусланд байрлалтай 427 м.кв газар эзэмших эрх /үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс/ зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй.

Шүүх хариуцагч Ё.Буянлхамд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2, 72.3-т заасан журмын дагуу 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийг гардуулан өгч, 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарлаж өгсөн. /х.х-ийн 24-26 тал/

Гэвч хариуцагч Ё.Буянлхам нь хуульд заасан хугацаанд тайлбар өгөөгүй, холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй болно.

Хариуцагч Б.Зоригоо, Ё.Буянлхам нар нь шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ биелүүлээгүй, хэргийн оролцогчдын эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжит хугацааг шүүхээс олгож шүүх хуралдааныг хойшлуулж байсан. /х.х-ийн 42-43 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5, 77.6-т  заасан журмын дагуу 2018 оны 12 дугаар сарыгн 25-ны өдрийн 08 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар хариуцагч Б.Зоригоо, Ё.Буянлхам нарт хүргүүлсэн боловч тэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэж хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /х.х-ийн 45-48 тал/

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.З-с 95 231 260 /ерэн таван сая хоёр зуун гучин нэгэн мянга хоёр зуун жаран/ төгрөг гаргуулж, “А Г ББСБ” ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Зоригоо зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч Ё.Б-ын өмчлөлийн барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү-2202024484 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, Нуурын .. дүгээр гудамжны .... тоотод байрлалтай ... м.кв хувийн орон сууц, Чингэлтэй дүүрэг, .. дүгээр хороо, Нуурын .. дүгээр гудамжны ... тоотод байрлалтай ... м.кв гэр бүлийн хэрэглээний зориулалттай газар, Эрхийн улсын бүртгэлийн Ү-220.................. дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, ... дугаар хороо, Сэлбэ 1 дүгээр хэсэг гудамж, .. тоотод байрлалтай, 222 м.кв хувийн орон сууц, Сүхбаатар дүүрэг, ... дугаар хороо, Сэлбэ зусланд байрлалтай ... м.кв газар эзэмших эрх /үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс/ зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “А Г ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урдьчилан төлсөн 704 216 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.З-оос 634 107 төгрөг, Ё.Б-аас 70 200 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “А Г ББСБ” ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ                           Ж.ЦЭНГЭЛ