Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2024/0792

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                 захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 159/ШШ2024/0**** дугаар шийдвэрийг нэхэмжлэгч “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Эын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч “М” ХХК

Хариуцагч Сэ******* дарга

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, Ц.Н, Э.Ө

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дэлгэрмөрөн

 

Хэргийн индекс: 159/2024/0***/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 0**** дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/2** дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх  нь Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг зөв тайлбарлан хэрэглээгүй, хэргийн бодит нөхцөл байдалд зөв үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүйгэж үзэж байгаа болно. Шүүхийн үнэлэлт, дүгнэлт өгсөн талуудын хоорондын маргааны гол зүйл бол газрыг зориулалтын дагуу хуанлын 2 жил дараалан ашиглаагүй эсэх, ашиглаагүй тохиолдолд энэ нь “хүндэтгэн үзэх шалтгаантай” эсэхийг зайлшгүй тодорхойлох шаардлагатай юм. Анхан шатны шүүхээс Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг Улсын дээд шүүхийн “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг тайлбарласан тайлбартай уялдуулан дүгнэлт хийсэн боловч хуулийн тус заалт болон Улсын дээд шүүхийн тайлбарыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” ёстой. Маргаан бүхий актынхаа үндэслэл болж буй нөхцөл байдлыг нягтлан шалгаж, актынхаа үндэслэлдээ нарийвчлан тогтоон заах үүрэгтэй. Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй, мөн 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй гэж үзэхдээ аль хоёр жилийг хамааруулан захирамж гаргасан нь тодорхой зэрэг нь дээрх хуульд заасан үүргээ засаг дарга биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна. Холбогдох дүгнэлт, зөвшөөрлийг гаргуулахгүйгээр ШТС-ын барилга барих, цаашлаад шатахуун түгээгүүрийн үйл ажиллагаа явуулах боломжгүй юм. Аж ахуйн нэгжийн хувьд өөрөөс шалтгаалах бүхий л үйл ажиллагааг явуулсан бөгөөд харин тухайн зөвшөөрлүүд бүрэн гүйцэт авах хугацаа  нь удааширсан нөхцөл байдал нь дээрх улсын дээд шүүхийн тайлбарт дурдсан газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгохоор заасныг дагуу хүндэтгэн үзэх шалттгаан гэж үзэхээр байгаа юм. Түүнчлэн 2020 оны эхээс 2021 оны сүүл үе хүртэл дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал дэгдэж улмаар дэлхий нийтээрээ хөл хорионд орсон. Энэ нь мөн л нэхэмжлэгчээс шалтгаалаагүй нөхцөл байдал юм. Одоогийн байдлаар манай компани нь тухайн газарт  нийт 87,000,000 төгрөгийн хөрөнгө оруулж зардал гаргаад байна. Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 01/**** дугаартай манай компанид ирүүлсэн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг нь гэрээ дүгнүүлэх тухай мэдэгдэл байсан бөгөөд үүнийг газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай А/2** дугаартай захирамж гарахад чиглэсэн сонсох ажиллагааны мэдэгдэл гэж үзэх боломжгүй юм. Иймд Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 159/ШШ2024/0**** дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

  1. Нэхэмжлэгч “М” ХХК-иас “Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/2** дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Маргаан бүхий А/2** дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар шатахуун түгээх станцын зориулалтаар эзэмшиж байсан нэхэмжлэгчийн 825 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

3. Анхан шатны шүүх “... 2018 онд газар эзэмшсэнээс хойш 2020 он хүртэл 2 жил дараалан ашиглаагүй, ... гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл болоогүй, ...  шатахуун түгээх станцыг барьж байгуулахад шаардагдах тусгай зөвшөөрөл, дүгнэлтийг гаргуулахад төрийн байгууллагуудын буруутай үйл ажиллагаанаас болж ажил удааширсан, хугацаа алдсан гэх боловч тухайн төрийн байгууллагын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн талаар дээд шатны захиргааны байгууллага болон албан тушаалтан, шүүхэд гомдол гаргаж хандсан талаар хэрэгт ямар нэг  нотлох баримт байхгүй байна. Корона вирусын цар тахал гарснаас хойш 2022-2024.06 сар хүртэл гэрээгээ дүгнээгүйн улмаас 2 жил ашиглаагүй” гэх зэргээр дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

4. Хариуцагч Мандал сумын Засаг дарга нь 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 01/**** дугаар албан бичгээр явуулсан мэдэгдэлдээ “... 2018 оноос хойш газраа ашиглаагүй, ... өөрийн эзэмшлийн бус талбай дээр цахилгааны ТП зөвшөөрөлгүй дур мэдэн барьсан, Газрын тухай хууль зөрчсөн, газар эзэмших гэрээг дүгнүүлээгүй ...” гэж дурдсан атлаа газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо маргаан бүхий актаар зөвхөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан газраа ашиглаагүй” гэх үндэслэлийг заасан тул шүүхүүд энэ хүрээнд маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөхөөр байна.

5. Хэрэгт “М” ХХК-иас 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Ялагчтай байгуулах гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Зураг төсөл боловсруулах гэрээ, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээ болон Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 23/** дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар,  2019 оны ШТС-ын барилгын талбайн инженер-геологийн судалгааны дүгнэлт, судалгаа, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт, 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Техникийн нөхцөл, 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Магадлалын дүгнэлтийн нэгтгэл, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Гадна цахилгааны хангамжийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын дүгнэлт, 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ зэргийг ирүүлж, байгууламжийн суурийг ухаж эхэлсэн талаар тайлбарласнаас үзэхэд газрыг зориулалтын дагуу ашиглахад заавал шаардлагатай баримтуудыг бүрдүүлж, ажлаа эхлүүлснийг “хүндэтгэн үзэх шалтгаан”-д хамааруулахаар байна.

6. Мөн газар эзэмших гэрээг дүгнэх нь захиргааны байгууллагын үүрэгт ч хамраалтай бөгөөд тухайн үед гэрээ байгуулснаас хойш 2 жил /2018-2020 он/ газраа ашиглаагүй гэх үндэслэлээр 2020 онд шийдвэр гаргаагүйгээс газар эзэмшигч нь дээрх баримт бичгүүдийг 2024 оны 7 сар хүртэл бүрдүүлсэн, энэ талаар болон Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг хариуцагчид мэдэгдлийн дагуу хүргүүлсэн байхад хариуцагч нь эдгээрийг үгүйсгэх үндэслэл буюу “хүндэтгэн үзэх шалтгаан” гэж яагаад үзээгүйгээ тодорхойлоогүй атлаа газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2-д “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол ... гэрчилгээг хүчингүй болгож ...” гэж заасанд нийцэхгүй байна.

7. Эдгээр нэхэмжлэгчийн бүрдүүлсэн баримт бичгийг олгосон байгууллагууд нь нэхэмжлэгчид олгохгүй талаар хариу өгсөн эсэх, эсхүл хуульд заасан хугацаа хэтрүүлж олгосонтой холбоотой баримт хэрэгт авагдаагүй, мөн хариуцагч нь газар эзэмших гэрээг цаг тухайд нь дүгнээгүйгээс баримт бичиг бүрдүүлэх ажиллагааг үргэлжлүүлэн хийсээр байсан нь тогтоогдож  байхад эдгээр байгууллагын үйл ажиллагаатай маргаагүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Харин хариуцагч нь дээр дурдсан мэдэгдэлд заасан Газрын тухай хуулийг зөрчсөн бусад үндэслэлээр маргаан бүхий акт гараагүй тул шүүхүүд дүгнэлт өгөөгүй бөгөөд хариуцагч нь тухайн асуудлаар шийдвэр гаргахад энэхүү шийдвэр саад болохгүйг тэмдэглэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 159/ШШ2024/0**** дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/2** дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                С.МӨНХЖАРГАЛ