Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 02

 

  

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,    

нарийн бичгийн дарга  Б.Батбаяр,

улсын яллагч Ж.Энхжаргал,

хохирогчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл ҮД19-43,

           шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Майбаяр  ҮД:21-54,

           шүүгдэгч М.Тарваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн  Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1984 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, халх,  дээд боловсролтой, эрх зүйч  мэргэжилтэй,  хэрэг үйлдэх  үедээ “ШШГЕГ”-ын Шүүхийн Удирдлага Хяналтын Төвд  оператив жижүүрийн туслах ажилтай байсан , ам бүл-6, ээж, эхнэр, 2-9 насны  3 хүүхдийн  хамт, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарбаатарын гудамжны  38/б/-93 тоотод оршин суух  хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Их хотгойд овогт Мөнхжаргалын Тарваад /РД:ШБ84060912/

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т   зааснаар М.Тарваад  яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн 2016 2400 0483 дугаартай 105/2016/0770/Э индекстэй хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Тарваа нь 2016 оны 05 дугаар сарын 29-ний орой 18 цаг 00 минутын орчим Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шар хадны эмнэлгийн урд талын шинэ замд “Toyota-Crown” маркийн 29-90 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөнийн дүрмийн 10.6 гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдол: б/зохицуулдаггүй уулзвар буюу гарц  дээр гэсэн заалтыг зөрчсөнөөс Л.Даваадорж жолоочтой “Huyndai-Porter” маркийн 04-79 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар замын баруун талд байсан явган зорчигч 64 настай, эмэгтэй Б.Цэнд-Аюушийг мөргөж амь насыг  нь хохироож, “Hyundai-Porter” маркийн 04-79 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Б.Жагдалмаад 920.000 төгрөгийн шууд, 1.066.900 төгрөгийн нийт хохирол учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт  М.Тарваа мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд  хэргийнхээ талаар үнэн зөв  мэдүүлсэн тул дахин ярихгүй. Хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна. Миний буруутай үйл ажиллагааны улмаас  хүний алтан амь үрэгдсэнд  харамсч  байна гэв.

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

1.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-26-р тал/

2.Мөрдөн байцаалтанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Ц.Тунгалагтамирын:..Талийгаач нь миний төрсөн ээж байгаа юм. Гэр бүлтэй байсан. Манай аав нас барсан. Бид нар эцэг эхээс тавуулаа. Би айлын том охин байгаа юм. Ар гэрийнхэн ярилцаад би энэ хэрэгт хохирогчоор оролцож байна...Талийгаач маань 1952 оны 03 дугаар сарын 06-нд Архангай аймгийн Өгийнуур суманд айлын том охин болж төрсөн. Тусгай дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй. Сувилагчийн дунд сургууль төгсөөд Архангай аймгийн Өгийнуур суманд сувилагчаар ажиллаж байгаад 1979 онд Архангай аймгийн Хашаат суманд сувилагчаар ажиллаж байгаад 2003 онд тэтгэвэртээ гарсан. Улсад 34 жил ажилласан. 2003 онд Улаанбаатар хотод шилжиж ирээд надтай хамт амьдарч байсан... Яг машинд мөргүүлсэн гудамжинд манай бага дүүгийн гэр нь байсан юм. Манай ээж хавар, намар биеийн байдлыг асрах чиглэлээр эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэдэг юм. Ингээд 7 хоногийн өмнө эмнэлэгт хэвтэж эмчлүүлчихээд гэртээ ирсэн байсан. Тэгээд осол болохын өмнөх өдөр бага хүүгийнхээ гэрт очсон. Манай дүү Батсүх ээжийг тосож авсан. Тухайн үед манай дүү Батсүхийн охин Хандармаа хамт явж байсан гэсэн. Гэхдээ Хандармаа дэлгүүр орчихсон байсан гэсэн... Миний ээж хамгийн багаар бодоход 5 жил амьдрах байсан. Ээжийгээ урт удаан амьдруулахаар эмчилгээ хийлгэж байсан юм. Манай ээж үр хүүхдүүдийнхээ төлөө тэтгэвэрийн зээл авсан байсан... Жам ёсоор бус хүний буруутай үйлдлээс болж миний ээж нас барсанд үр хүүхдүүд бид маш их гомдолтой байна...гэх мэдүүлэг /1-р хх-н 34-р тал/

3. Иргэний нэхэмжлэгч  Б.Жагдалмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би  3 хоногийн өмнө  өөрийн эзэмшлийн  04-79 УБД улсын дугаартай  Х.Портер  маркын автомашиныг жолоодож байгаад гэрийнхээ хашааг мөргөж урд  гуперыг зураад, гэрэл дохи огоо хагалж эвдрэл гэмтэл учруулсан. Тэгээд машинаа янзлуулахаар   Даваадоржид гэрт нь хүргэж өгсөн. Даваадорж  машиныг жолоодож яваад  осолд орсон байсан. Миний бие Даваадоржоос  автомашин болон эд хөрөнгийн  гомдолгүй болно   ... гэх мэдүүлэг /1-р хх-н 39, 2-рхх-н  36-р тал/

4.Мөрдөн байцаалтанд гэрч Д.Пүрэв-Очирын :... 2016 оны 05 дугаар сарын 29-ний орой 18 цагийн орчим би хашаан дотроо зүлэг услаад зогсож байсан. Тухайн өдөр гадаа гэгээтэй байсан. Машин зам манай хашааны зүүн гар талд байдаг юм. Машины замд нэг машины хүчтэй хаазлах чимээ гарахаар нь ямар хурдтай явдаг юм бэ гэж хэлээд удаагүй түс тас хийгээд манай хойд талын гэрийн шон хөдөлхөөр нь хашаан дотор байсан граж дээрээ гараад хойшоогоо харахад “Хюндай –Портер”, “Тоёота Кровн” маркийн 2 автомашин мөргөлдсөн байдалтай замынхаа баруун талын хашлага, гэрлийн шон, төмөр хайсны орчимд зогсож байсан. Хоёр машин мөргөлдсөн байна гэж бодоод байж байхад удалгүй цагдаагийн автомашин хойноосоо ирж зогссон. Тэр хавьд явсан нэг согтуу 60 орчим насны эрэгтэй хүн “Тоёота Кровн” маркийн автомашины жолоочийг чи хүн дайраад алчихлаа шүүдээ гэж хэлж байсан. “Тоёота Кровн” маркийн автомашины баруун хойд хаалгаар хар хувцастай хоёр 20 орчим насны эмэгтэй хүүхэд буугаад замынхаа зүүн гар талруу зам хөндлөн гарсан. Нэг охин нь доголсон байсан. Би гэрээсээ гараад осол болсон газарт явж очиход цагдаа ирсэн байсан, нэг эмэгтэй “Тоёота Кровн” маркийн машины урд талд амьсгаа нь тасарч байх шиг, ухаангүй байсан. Тэгэхээр нь ирсэн цагдаа нарт түргэн дуудаач наад хүн чинь үхэх гэж байна шдээ гэхэд утас байхгүй байна та дуудчихаач гэхээр нь би 102, 103-т утсаар дуудлага  өгсөн юм... гэх мэдүүлэг  /1-р хх-н 51-52-р тал/

            5.Мөрдөн байцаалтанд гэрч Д.Дэжидийн: ... Манай хашааны өнцөгт “Хюндай Портер” маркийн автомашин жижиг суудлын автомашинтай мөргөлдөөд нэг эмэгтэй хүн нас барсан байсан. Цагдаа ирсэн байсан. 30 орчим насны хоёр эмэгтэй машины зүүн гар талын хойд хаалганаас буугаад зүүн тийшээгээ зам хөндлөн гараад хойшоогоо алхаад яваад өгсөн. Нэг эмэгтэй нь доголсон байсан... шууд буугаад яваад өгсөн, машины жолоочтой уулзаагүй... гэх мэдүүлэг  /1-р хх-н 54-р тал/

            6.Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй гэрч Б.Хандармаагийн: ...Би эмээтэйгээ гэрээсээ хамт дэлгүүр орохоор гарсан. Эмээ гудамжны үзүүрийн замын хашлага дээр суугаад би дэлгүүр орохоор явсан. Би дэлгүүрээс зайрмаг авчихаад дэлгүүрээс гараад эмээ дээр яваад очсон. Эмээ  хашлага дээрээс босох гэж байхаар нь би хажууд нь хараад зогсож байсан. Эмээ босоод над руу хойшоогоо хараад зогсож байхад ачааны машин хүрч ирэхэд эмээ намайг гараараа хойш нь  түлхсэн. Тэгэхэд нөгөө ачааны машин эмээг мөргөсөн. Харахад хоёр машин мөргөлдсөн байсан. Эмээ зүүн хажуу талаараа уначихсан нүд нь аньчихсан байсан. Гарнаас нь цус гарчихсан байсан. Би айсандаа шууд дэлгүүрийн эгчид эмээг машин дайрчихлаа гэж хэлэхээр дэлгүүр лүү гүйгээд дэлгүүр ороод дэлгүүрийн эгчид манай эмээг машин дайрчихлаа гэж хэлэхэд худалдагч эгч ээжийнхээ утасны дугаарыг өг гэхээр нь 88852376 дугаарын утасны дугаарыг хэлж өгсөн. Ээжтэй худалдагч эгч ярьсан. Дараа нь ээж ирж намайг авсан. Би дэлгүүрээс гараагүй. Эмээг машин мөргөсөн газарт эмээгийн гар утас, түлхүүр нь унасан байсан … гэх мэдүүлэг 1-р /хх-ийн 56-57-р тал/

 7. Мөрдөн байцаалтанд  гэрч Д.Энхжаргалын: ...сар өдрийн санахгүй байна. Би тухайн орой ганцаараа урдаасаа хойшоогоо замынхаа баруун талаар гэртээ харихаар алхаад явж байхад 1 настай эгч замынхаа зүүн талын замын хашлага дээр зүүн тийшээгээ харсан байдалтай сууж байхаар нь та яасан эвгүй газар сууж байгаа юм бэ гэхэд би удахгүй гэртээ орлоо сая эмнэлэгээс гараад гэж хэлж байсан. Би шууд хойшоогоо алхаад хүнсний дэлгүүрийн хажуу талаар гараад гудамж руугаа орох гэж байтал түс тас хийх чимээ гарахаар нь эргээд урагшаагаа харахад замын хашлага дээр сууж байсан эмэгтэй эгч хойшоогоо унаж байсан. Портер, жижиг машин хоёр мөргөлдсөн байсан. Би тэгээд гэртээ орсон. ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 61-62-р тал/

8. Мөрдөн байцаалтанд  гэрч Г.Батболдын :...16 цаг өнгөрч байхад М.Тарваа ажил дээр ганцаараа энгийн хувцастай орж ирсэн. Тухайн өдөр ням гариг байсан. Ажил дээр орж ирээд жагсаал хувцасныхаа өмдийг хайж байсан. Ирэхдээ өөрийн эзэмшлийн автомашинтайгаа явсан. 17 цаг өнгөрч байхад явлаа гээд Тарваа бид 2 хамт ажлын гадаа гарсан. Тэгээд Тарваа тамхи татчихаад машиндаа суугаад явсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-р тал/

           9.  Мөрдөн байцаалтанд гэрч О.Бадамхандын:... 2016 оны 05 дугаар сарын 29-ний орой 18 цагийн орчимд жолооч цагдаа ахлагч Э.Энхболдын хамтаар Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шинэ замын эцсийн орчимд машинтай эргүүлийн үүрэг гүйцэтгээд хойноосоо урагшаагаа  явж байхад урд түс тас хийх чимээ гарахаар нь харахад зам дээр 2 машин мөргөлдсөн байдалтай зогсож байхаар нь цагдаагийн хамт осол хэргийн газарт явж очиход “Тоёота Кровн”, “Хюндай Портер” маркийн 2 автомашин мөргөлдөөд урд нь их настай эмэгтэй уначихсан ухаангүй байсан. 103-г дуудуулаад 102-т мэдэгдээд хэргийг газрыг хамгаалаад 2 жолоочийг цагдаагийн машинд суулгасан. Эхлээд түргэн ирээд нас барсан байна гэж бичиг хийж өгөөд явсан. Дараа нь замын цагдаа ирсэн. Хэмжилт хийсэн... “Тоёота Кровн”, “Хюндай-Портер” маркийн автомашинд жолооч нар ганцаараа байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-68-р тал/

10. Мөрдөн байцаалтанд гэрч Х.Нарангэрэлийн :...Өдрийг санахгүй байна. Орой 18 цагийн орчимд найз Бадамхандтай уулзаад хамтдаа машинтай нь Шархадны шинэ замын хажуу талаар голын захаар явж байгаад зогсоод байж байхад баруун гар талд машин зам дээр түс тас хийх чимээ гарахаар нь тэр зүгт харахад “Тоёота Кровн” “Хюндай Портер” маркийн 2 автомашин мөргөлдсөн байна. Тэгэхээр нь цагдаатай бид нар осол болсон газарт явж очиход 2 автомашины жолооч машинаасаа гарчихсан зогсож байсан. Харин 2 машины урд настай эмэгтэй хүн уначихсан ухаангүй хэвтэж байхаар нь 102-т Бадамханд утсаараа дуудлага  өгсөн. Тэгээд замынхаа урд, хойд талд тууз татаад хамгаалалт хийсэн. Эхлээд 103 ирсэн, дараа нь замын цагдаа ирсэн, дайруулсан эмэгтэй нас барсан гэж байсан...  гэх мэдүүлэг 1-р /хх-ийн 69-70-р тал/

11. Мөрдөн байцаалтанд насанд хүрээгүй гэрч М.Мандуухайгийн:..Одоо сар өдрийг нь санахгүй байна. Гадаа гэгээтэй байсан. Би дэлгүүр дээрээ зогсож байхад 6 настай охин дэлгүүрт орж ирээд зайрмаг аваад гарахаар нь хамтдаа гарсан. Эмээ  замын хашлага дээр сууж байсан. Хандармаа эмээ рүүгээ явахаар нь би буцаж дэлгүүртээ орж ирээд сууж байхад гэнэт гадаа түс тас хийх чимээ гарахаар нь хаалгаар гарах үед Хандармаа өөдөөс гүйж хүрч ирээд уйлаад байсан. Би нүдний хараа муутай болохоор нь ойртоод харахад Хандармаатай хамт явсан эмээ  газар уначихсан, 2 машин мөргөлдсөн байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71-72-р тал/

           -Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ №1027 актанд:

1. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр хавсарсан хүнд гэмтэл: гавал тархи, цээж, хэвлийн хөндийн хавсарсан хүнд гэмтэл: бага тархины зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, цээжний хэнхэрцэгийн дарагдал, өвчүү, баруун олон хавирганы хугарал, сээрний 4-5-р нугаламын их бие жийргэвчийн салсан хугарал, нугас тасрал, гол судас, элэг дэлүүний язарсан урагдал, цээж, хэвлийн  хөндийн цус хуралдалт, цуллаг эрхтнүүдийн гялтанд цус хуралт, зүүн атгаал, тохойн ил хугарал, мултрал, умдаг суудал ясны үйрч бяцарсан хугарал, баруун тохойд урагдаж эдийн дутагдал үүсгэсэн шарх, мөчдөд зулгаралт цус хуралт, бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн мөргөгдөх, цохигдох, доргих үйлчлэлээр үүсэх нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна.

2. Дээрхи гэмтлүүд нь босоо суугаа аль ч үед үүсэх боломжтой.

4. Талийгаач нь бөөрний сорвижилт, уйланхай өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй болно.

5. Талийгаач нь дээрхи авто ослын үед үүссэн хавсарсан хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ.

6. Талийгаачийн цусанд спиртын зүйл илрээгүй.

7. Талийгаач нь В/III/ бүлгийн цустай байна. Шинжээч эмч  Ө.Сарангэрэл гэх дүгнэлт /1-р хх-н 77-79-р тал,/

          -Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн автотехникийн шинжилгээний №4031 дүгнэлтэд:

1. Шинжилгээнд ирүүлсэн 04-79 УБД улсын дугаартай “Huyndai –Porter” маркийн автомашинд урд бамбай салсан, зүүн их гэрэл байхгүй, бүхээгний зүүн урд булан, шанаа, зүүн хаалга, бүхээгний зүүн талын доод хормой, тэвшний зүүн урд булан, баруун талын толины суурь, салхины шил, лонжероны урд хөндөл төмрийн зүүн талын үзүүр, зүүн урд дугуй, жолооны дээд аппарат, жолооны хүрдний гол холбосон чагтан гол зэрэг эд ангиуд эвдрэл, гэмтэлтэй; “Toyota Crown”  маркийн 29-90 УБЧ улсын дугаартай суудлын автомашины баруун урд далбаа, дотор шанаа, урд бамбай, хөндөл тулгуур төмөр, зөөлөвч, хөөсөнцөр, капот, нүүр, салхины шил, баруун урд хаалга, баруун их гэрэл, дохионы гэрэл, хөмсөг, агаар шүүр, хөргөлтийн радиатор зэрэг эд ангиуд эвдрэл гэмтэлтэй байна.

2. 04-79 УБД дугаартай “Huyndai Porter”  маркийн автомашинд үүссэн урд бамбай салж, улаан хүрэн өнгийн зурагдсан мөр үүссэн, зүүн урд буланд механик засварын ажил хийгдсэн, зүүн хаалга хонхойж улаан өнгийн зурагдсан мөр үүссэн, лонжерын урд хөндөл төмрийн зүүн үзүүр хугарч тасарч, улаан өнгийн зурагдсан мөр үүссэн, жолооны хурд, жолооны дээд аппарат холбосон  чагтан голоор салсан, зүүн талын шаврын хаалт зүүн урд дугуйг шахаж эргэхгүй болгосон зэрэг эвдрэл гэмтлүүд нь урдаас хойш чиглэлд улаан хүрэн өнгийн гадаргуутай хатуу зүйлтэй харилцан үйлчлэхэд буюу мөргөлдөхөд үүссэн байх үндэслэлтэй.” Huyndai Porter”  автомашины ачааны тэвшний зүүн талын зурагдаж хонхойж, булан салсан, бүхээгний зүүн талын доод хормой хонхойж, зурагдсан гэмтэл хойноос урагш чиглэлд үүссэн.”Toyota- Crown” маркийн 29-90 УБЧ дугаартай суудлын автомашины урд бамбайн баруун талдаа хонхойж цуурч урагдаж, салсан, баруун урд далбаа үрчийж хунирч, зурагдаж цоорсон, далбааны дотор шанаа гулзайж, зурагдсан хөөсөнцөр хавчуулагдаж наалдсан, капот хонхойж, нугарч, зурагдсан салхины шил баруун доод буланд цуурч хагарсан, агаар шүүр салсан хөргөлтийн радиатор баруун талаараа хойш шилжсэн зэрэг эвдрэл гэмтлүүд нь урдаас хойш чиглэлд буюу хоёр автомашинууд хоорондоо зүүн хажуу баруун урд талаараа мөргөлдөх үед үүссэн байх үндэслэлтэй.

3. 04-79 УБД дугаартай “Huyndai Porter”  29-90 УБЧ улсын дугаартай “Toyota Crown “ маркийн автомашинууд нь эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй. 04-79 УБД улсын дугаартай “Н.Porter” маркийн ачааны автомашин шингэн дамжуулгатай энгийн тоормосны системтэй, тоормос ажиллаж байна. 29-90 УБЧ улсын дугаартай “Toyota Crown” маркийн автомашин шингэн дамжуулагатай АВS системээр тоноглогдсон, тоормосны системийн АВS шар, улаан гэрлүүд асаж унтарч, тоормосны дөрөө гишгэхэд доош унах тул хэвийн бус ажиллаж байна.

4.  04-79 УБД дугаартай “Huyndai Porter“ 29-90 УБЧ улсын дугаартай  “Toyota Crown“ маркийн автомашинууд үүссэн эвдрэл гэмтлүүд нь ослын үед үүссэн байна.

5. Осол хэргийн материал ирүүлээгүй тул осолд нөлөөлснийг тогтоох боломжгүй байна.

6. Боломжгүй.

7. Гэрэл зургийн үзүүлэлтээр гаргаж хавсаргав. 8,9,10-р асуултууд нь автотехникийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй. гэх дүгнэлт  Автотехникийн шинжилгээний  лабораторийн эрхлэгч , цагдаагийн дэслэгч Г.Цэндсүрэн гэх дүгнэлт / 1-р хх-ийн 95-р тал/

 Шинжээчийн   2016 оны 10 дугаар сарын 07-ний № 550 тоот дүгнэлтэнд:

а.Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд 10.6 гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдол:

б.зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр” гэж заасан.

Тээврийн хэрэгсэл уулзвар буюу гарц дээр хөдөлгөөний чигээ өөрчлөх үйлдэл хийдэг учир гүйцэж түрүүлэхийг хориглодог. Энд эргэх дохио өгсөн ч, өгөөгүй ч гүйцэж түрүүлэхийг хориглодог.

 Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.6 заалтыг энэ тохиолдолд хэрэглэхгүй. ЗХД-ийн “7.Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх” бүлгийн заалт нь хөдөлгөөн эхлээд чиг өөрчлөхдөө баримтлах журмыг заасан.

1.”Т.Кроун” маркын 29-90 УБЧ улсын дугаартай авто машины жолооч М.Тарваа нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт “10.6.гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдол: б/зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр” зөрчсөн гэж үзэж байна.

2.”Х.Портер” маркын 04-79 улсын дугаартай авто машины жолооч Л.Даваадорж нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөнөөс осол гарсан гэх үндэслэлгүй гэж үзэж байна.

3.Явган зорчигч Бямбасүрэнгийн Цэнд-Аюуш нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй гэж үзэж байна.  Шинжээч Цагдаагийн хурандаа Р.Мөнхбаяр, Цагдаагийн хурандаа Ч.Ганбат, Цагдаагийн ахмад Э.Энхболд, Цагдаагийн дэслэгч Д.Далайцэрэн, Цагдаагийн ахмад Х.Одбаяр гэх дүгнэлт  зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Гэмт хэргийн объект нь  тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам мөн.

Объектив тал нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөн үйлдэл байна.

   Субъектив тал нь санаатай ба болгоомжгүй  гэм буруу байна.

  Субъект нь тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй 16 насанд хүрсэн этгээд байна.

   Шүүгдэгч М.Тарваа  нь 2016 оны 05 дугаар сарын 29-ний орой 18 цаг 00 минутын орчим Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Шар хадны эмнэлгийн урд талын шинэ замд “Toyota-Crown” маркийн 29-90 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөнийн дүрмийн 10.6-д гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдол: б/зохицуулдаггүй уулзвар буюу гарц  дээр гэсэн заалтыг зөрчсөнөөс Л.Даваадорж жолоочтой “Huyndai-Porter” маркийн 04-79 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар замын баруун талд байсан явган зорчигч 64 настай, эмэгтэй Б.Цэнд-Аюушийг мөргөж амь насыг  нь хохироож, “Hyundai-Porter” маркийн 04-79 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Б.Жагдалмаад 920.000 төгрөгийн шууд, 1.066.900 төгрөгийн нийт хохирол учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн  гэмт хэргийг   үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул М.Тарвааг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тус тус ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Прокуророос М.Тарваагийн гэм буруугийн  үйлдлийг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар зүйлчилсэн ирүүлсэн  хуулийн зүйл, ангийг тохирсон гэж үзэв.

            “Huyndai-Porter” маркийн 04-79 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Л.Даваадоржид холбогдох хэргийг   2016 оны  10 дугаар сарын 28-ны өдрийн  33 дугаартай Тээврийн Прокурорын Газрын  прокурорын  тогтоолоор  хэрэгсэхгүй  болгосон байна.  / 2-р хх-н  41-р тал /     

 Шүүгдэгч М.Тарваа нь “Hyundai-Porter” маркийн 04-79 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж тээврийн хэрэгсэл болон эзэмшигч Б.Жагдалмаад 920.000 төгрөгийн шууд, 1.066.900 төгрөгийн нийт хохирол учруулсан байх  боловч  хохирол  төлбөр  төлөгдсөн, гомдол  саналгүй  болох нь болох нь  иргэний нэхэмлэгч  Б.Жагдалмаагийн  тайлбараар  тогтоогдож  байна. /2-р хх-н  36-р тал/

            Шүүгдэгч М.Тарваа нь урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдов. /хх-н 211-р тал/

            Талийгаач  Б.Цэнд-Аюушийн хохирогчоор  тогтоогдсон  Ц.Тунгалагтамир нийт 16.821.833 төгрөгийг  нэхэмжилснээс  шүүгдэгч  М.Тарваа нь  бэлэн мөнгө 25.000.000 төгрөгийг төлсөн, мөн Сонгинохайрхан дүүргийн  1-р хороо,  Толгойтын  103-35 тоот хаягт байрлалтай  амьдрах зориулалттай орон сууцыг өгсөн  цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болох нь Ц.Тунгалагтамирын шүүхэд ирүүлсэн хүсэлт, мөнгө  шилжүүлсэн  төлбөрийн баримт зэргээр тогтоогдож  байна/. хх-ийн 78-79-р тал/

Шүүгдэгч М.Тарваа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн  55.1.3-д  гэмт хэрэг  үйлдэж учруулсан хохирлоо  сайн дураараа нөхөн  төлсөн, мөн хуулийн  55.1.9-д заасан үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа  зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байгааг харгалзан үзэж М.Тарваад оногдуулсан хорих ялыг биеэчлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

            Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Их хотгойд овогт Мөнхжаргалын Тарвааг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчснөөс бусдын  амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

            2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн   215.3-д зааснаар Мөнхжаргалын Тарвааг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 / нэг/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.Тарваад оногдуулсан  3 /гурван/ жил 1 /нэг/ сарын  хорих ялыг  жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-д зааснаар М.Тарваад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 912034 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.

 6. М.Тарваа  нь  хэргийн  улмаас   цагдан хоригдсон  хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус  дурдсугай.

 7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч М.Тарваад  оногдуулсан 3 /гурван / жил 1 /нэг / сарын хорих ялыг тэнсэж 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, шүүгдэгчид хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, М.Тарваад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           10.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Тарваад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ч.АЛТАНЦЭЦЭГ