Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 05

 

Б.Ё-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч П.Долгормаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны  өдрийн 139/ШШ2017/00453 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч  Б.Ё-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч У.Д-т хариуцагдах газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг  хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны  өдөр хүлээн авч шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн, хариуцагч У.Д, хариуцагчийн өмгөөлөгч Х.Отгонжаргал, нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Ё шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ё надад Сайнцагаан сумын 3-р багийн Иргэдийн нийтийн хурлын 2016 оны 05 сарын 24-ний өдрийн 30 дугаар тогтоолоор Авдрангийн хүнхэр гэдэг газар хорооны доод газар эзэмшүүлэх тухай тогтоол гаргасан. 2016 оны 12 сарын 07-ны өдөр гэрчилгээ олгож өвөлжөөний доорхи 0,5 га газрыг эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Гэтэл 2017 оны 05 сард уг газарт хороо барихаар очтол манай багийн иргэн У.Д гэгч хороо барихаар ажлын хүмүүс чулуу татаж байсан. Энэ газрыг манайх эзэмших гэрээтэй, гэрчилгээтэй талаар хэлэхэд тэр хамаагүй та нарын бичиг баримт хуурамч, хурлаар ороогүй манайх хороогоо барьсандаа барина. Та нар шүүхдээд аваарай гэсэн. Түүнээс хойш хороог барьсан талаар нутгийн иргэд ярьж байгаа. Иймд Сайнцагаан сумын 3-р багийн Авдрангийн хүнхэр хэмээх газрыг чөлөөлөх арга хэмжээ авч өгнө үү. Миний бие өндөр настай, очоод шүүхээр яваад байж чадахгүй учир өөрийн охин Т-д итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон юм гэжээ.

            Хариуцагч У.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Манайх Авдрангийн хүнхэр хорооны доорхи газрыг 2014 оны 11 сарын 09-нд, тухайн үед уг газрыг эзэмшиж байсан Сугирын Бат-Өлзийгөөс 1000000 төгрөг, 1 эр хониор худалдан авч, уг үйлдлээ нотариатаар гэрчлүүлсэн билээ. Ингээд 2017 оны 05 сарын 23-нд уг газарт худаг, ус хороо барьдаг “Далай” бүлгээр хороо бариулж 2017 оны 05 сарын 31-нд дуусгасан. Хороо бариулж байхад иргэн Б.Ё-ын эхнэр Цэцэг, охин Туяа гэгч хүмүүс очиж манай газарт та нар хороо барилаа, больцгоо, наад газрын чинь гэрчилгээг манайх 2016 онд авсан, ажлаа зогсоо гэсэн. Би манайх Бат-Өлзийгөөс 2014 онд худалдаж авсан. Хороогоо барьсандаа барина. Бат-Өлзийгийн нэр дээр байгаа газар яагаад танайх болдог билээ гэсэн. Б.Ё-ын нэхэмжлэлд дурдсан багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол, иргэдийн нийтийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл зэргийг хууль бус гэж үзэж байна. Учир нь бид багийн Иргэдийн хурлыг нэг удаа ч алгасалгүй суудаг. Гэтэл энэ газрын талаар нэг ч удаа хэлэлцээгүй хэрнээ тогтоол гаргасан нь хачирхалтай байна. Бид хороогоо бэлэн 1500000 төгрөг, шатахуун, хоол хүнс болон бусад зардалд 500000 төгрөг зарцуулсан. Иймээс иргэн Б.Ё-ын нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж уг газрыг чөлөөлж өгөх боломжгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ газрын маргааныг ярихын тулд анхнаас нь ярих хэрэгтэй байх гэж бодож байна. С.Бат-Өлзий гэдэг хүн У.Д гэдэг хүнтэй Авдрангийн хүнхэр гэдэг газарт олон жил айл саахалт байсан. 2010 онд Бат-Өлзийгийнх аймгийн төв рүү шилжиж очиход Д гэдэг хүнтэй ярилцаад танайх манайд хорооныхоо газрыг өгчихөөрэй гэхэд тэгье гээд аман хэлэлцээр хийсэн байдаг. Үүний дараа Бат-Өлзий гэдэг хүн шоронд ороод 2014 оны 10 сард шоронгоос суллагдсан юм байна лээ. Тэгээд Бат-Өлзийн бие нь өвдөөд хотод байдаг хамаатныдаа очсон. Тэгээд Д рүү утсаар яриад би эмчилгээ хийлгэх хэрэгтэй байна. Нөгөө хороогоо авах хэвээрээ юу, хэвээрээ бол хотод ирээд надтай уулзаад мөнгөө өгчих гэж хэлсэн байдаг. Тухайн үед Д өөрөө явах боломжгүй байсан учраас өөрийн эхнэр болох Батцэцэгийг явуулаад 1 сая төгрөг, нэг эр хонь Бат-Өлзийд өгсөн. Нэгэнт хоёулаа Улаанбаатар хотод байгаа болохоор энэ үйлдлээ нотариатаар батлуулъя гээд нотариатаар батлуулсан байдаг. Нэхэмжлэлд дурьдсанаар Авдрангийн хүнхэр гэх газарт худаг усны Далай гэдэг бригад байдаг юм. Тэрүүгээр хашаа, хороогоо бариулах гээд байж байтал 13-14 цагийн үед нэхэмжлэгчийн төлөөлөгч Туяа өөрийн ээж болох Цэцэг гэдэг хүнтэй хоёулахнаа машинтай очоод энэ асуудал болсон юм байна лээ. Яахаараа гэрчилгээ гарчихдаг юм гээд судалж үзсэн чинь гэрчилгээ гарах ямар ч үндэслэлгүй байхад багийн иргэдийн нийтийн хурал хийгээд тогтоол гарсан байгаа. Гэхдээ би иргэдийн нийтийн хурал хийгээгүй гэж үзэж байгаа. Гэтэл энэ асуудлыг хэлэлцсэн юм шиг харагдуулахаар хийгээд энэ хүнд газар эзэмшүүлэх гэрчилгээг гаргасан гэж яригдаад байгаа юм. Энэ хүний талаар сураглахад 2016 оны 07 сарын 28-ныг хүртэл Орхон аймгийн Жаргалантын 3-р баг гэдэг газар амьдарч байсан юм байна лээ. Тэгээд 2016 оны 07 сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р багт эргэж ирсэн. Бат-Өлзий, Дэлэг хоёрын хооронд 2014 онд нотариатаар хийгдсэн баримт байхад гэнэт яагаад ийм зүйл болоод байгааг би сайн ойлгохгүй байна. 2016 оны 05 сарын 24-нд хурал хийсэн гээд байгаа боловч энэ хуралдаа удирдлага болгож явах ёстой зарчмаа илтэд зөрччихсөн. Тэр нь юу вэ гэхээр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2007 оны газар эзэмшүүлэх талаар зөвлөмжийн дагуу барьж байгуулсан хороогүй газарт эзэмшлийн гэрчилгээ олгохгүй гэсэн заалтыг мөрдөж ажиллана гэсэн хэрнээ тухайн хурал дээр гаргасан мэтээр харагдаад байгаа юм. Хэрэгт авагдсан зураг нь 2017 оны 05 сарын 27-нд хороо барихаар очихдоо авсан зураг байгаа. Өөрөөр хэлбэл чулуугаар барьсан суурь. Үүнийг ямар ч хороо гэж үзэх үндэслэлгүй. Худаг, хороо барьдаг бригад байдаг. Тэр бригад нь үүнийгээ баталгаажуулсаныхаа дараа ажлынхаа гүйцэтгэлийг үнэлүүдэг болохоор үүнийг би үнэн зөв гэж үзэж байгаа. Энэ хүн 2017 оны 07 сарын 28-ныг хүртэл Орхон аймагт амьдарч байсан. Гэтэл энэ хурал нь 2016 оны 05 сарын 24-нд болсон гээд байгаа. Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р багийн харъяанд байхгүй хүнд яагаад газар эзэмшүүлдэг юм. Багийн иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгч Мөнхзул, Баяндэлгэр нарын хэлсэн зүйлүүдийг бичсэн. Сая тэр бичлэгээ шүүхэд нотлох баримтаар өгсөн. Мөнхзул, Баяндэлгэр нар хэлэхдээ энэ хуралд бид нар суусан. Гэхдээ Б.Ё-тай холбоотой зүйл огт яриагүй гэж хэлдэг. Мөн хэрэгт авагдсан 2012 оны 11 сарын 27-нд сумын Засаг даргын 103 тоот захирамжийг үндэслээд Бат-Өлзий гэдэг хүнд Авдрангийн хүнхэрийн бууцыг эзэмшүүлэхээр өгсөн байгаа. Гэтэл яг энэ Бат-Өлзийгийн нэрний ар талд нь ямар нэгэн огноо, дугаар байхгүйгээр Б.Ё-д шилжүүлэв гэсэн зүйл байдаг. Эдгээр зүйлүүдийг үндэслээд хурлын тэмдэглэлийг хуурамчаар хийсэн гэсэн бодол надад төрөөд байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Анхан шатны шүүх:

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2, 92 дугаар зүйлийн 92.1-т зааснаар нэхэмжлэгч Х овогт Б.Ёын эзэмшлийн Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай баг Авдрангийн хүнхэрт байрлах 5000 м2 газрыг хариуцагч З овогт У.Д-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Д-ээс 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ё-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө давж заалдах гомдолдоо: Миний бие Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны  өдрийн 139/ШШ2017/00453 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд: Ө.Ө миний бие хариуцагч У.Д-ийн олгосон  итгэмжлэлийн үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон ба анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь миний бие шүүх хурлаас өмнө энэхүү маргаж байгаа газрыг хэнийх вэ, Сайнцагаан сумын 3-р багийн Иргэдийн нийтийн хурлаар уг асуудлыг шийдвэрлэсэн эсэх талаар мэдэх гэрчүүд Б.Баяндэлгэр, Ж.Мөнхзул, Б.Амаржаргал нарыг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргаж өгсөн боловч гэрчүүдийн хаяг тодорхойгүй гэж үзэж манай хүсэлтийг хангахаас татгалзсан ба  бид гэрчүүдийн хаягийг тодорхой болгож асуулгая гэж шүүхэд хандсан боловч шүүгчийн туслах Номинцэцэг нь шүүх хуралдаан тулсан тул одоо асуух цаг байхгүй гэж хэлж шүүх хурлыг товлож хийсэн. Энэхүү маргаж байгаа бууцыг иргэн У.Д нь Бат-Өлзий гэдэг хүнээс авсан талаар гэрч Бат-Өлзий хэлсээр байхад энэ хүний гэрчийн мэдүүлгийг үнэлэлгүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль бус болсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бодитой дүгнэж бодит байдалтай нийцүүлсэн шийдвэр гаргах ёстой. Гэтэл нэхэмжлэгч Е нь энэ бууцыг анхнаасаа хэзээ ямар журмаар эзэмшиж байгаа талаар огт баримт байхгүй байхад хууль ёсны эзэмшигч гэж үзэж байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд  үндэслэл бүхий байх  шаардлагыг хангасан байна гэж  давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Нэхэмжлэгч талын зүгээс хариуцагч У.Д-ийн хууль бус эзэмшлээс Авдрангийн хүнхэр хэмээх бууцны газрыг чөлөөлүүлэх гэсэн зорилго бүхий шаардлагыг тавьсан бөгөөд  энэхүү шаардлагын үндэслэл нь Сайнцагаан сумын засаг даргын 2016 оны 05 сарын 24-ний өдрийн 30 тоот дугаар бүхий хорооны доод газар эзэмшүүлэх тухай захирамж болохыг нотлох баримт болгон ирүүлжээ.

Нэхэмжлэгч Д.Ё нь 2016 оны 05 сарын 24-нд Сайнцагаан сумын засаг даргын захирамжаар дээрхи газрыг эзэмших эзэмшил үүссэн, энэхүү эрх олгосон захирамж нь хэрэг хянан шийдвэрлэх үед хууль ёсны бөгөөд хүчин төгөлдөр болох нь тогтоогдож байсан бөгөөд хариуцагч У.Д-ийн хувьд уг газрыг эзэмших талаар эрх бүхий байгууллагаас шийдвэрлэсэн аливаа нэгэн эрх зүйн акт баримт байхгүй болох нь нотлогджээ. Уг газрыг С.Бат-Өлзийгөөс худалдаж авсан гэсэн үндэслэлээо шүүхэд мэтгэлцэж, С.Бат-Өлзийг ч гэрчээр асуулгасан байх бөгөөд энд дурьдсан худалдаж авсан гэх асуудлыг нь газрыг эзэмших хууль ёсны эрхийг олгосон үйлдэл биш гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч талын зүгээс анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, гэрч асуулгах хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй гэсэн гомдол гаргасан ч энэ нь нотлогдоогүй, шүүхээс гэрч нарыг асуулгахаар тавьсан хүсэлтийг хянаад хуульд заасан шаардлага хангуулахаар хүлээн авахаас татгалзсан захирамж хавтаст хэрэгт авагдсан ба энэ асуудлаар дахин шүүхэд хандсан зүйлгүй тул  хариуцагчийн зүгээс тавьсан гомдол ямар нэгэн үндэслэлгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж тогтов.

Хуульд заасан шаардлагын дагуу улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 139/ШШ2017/00453 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 / далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                            Т.БЯМБАЖАВ

                ШҮҮГЧИД                            П.ДОЛГОРМАА

                                                                                           Ш.ТӨМӨРБААТАР