| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жалцаны Цэнгэл |
| Хэргийн индекс | 182/2018/01011/и |
| Дугаар | 00548 |
| Огноо | 2019-03-26 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 00548
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамж, өөрийн байранд байрлах, Баянгол дүүргийн Татварын хэлтэс /РД:5009707/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 6 дугаар хороо, 53-10 тоот хаягт байрлах, “Ай Эй Би” ХХК /РД:5284163/-д холбогдох
Нэмэгдсэн өртгийн албан татварын өр болох 802 301 188.60 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оргилмаа, хариуцагч “Ай Эй Би” ХХК-ийн захирал Д.Сайнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оргилмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. “Ай Эй Би” ХХК нь 2014 оны 10 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 802 301 188.60 төгрөгийн өрийг тайлагнасан. Өнөөдрийн байдлаар нэмэгдсэн өртгийн татварт 802 301 188.60 төгрөгийн өртэй байна. Бид дээрх татварын тайлангаар баталгаажсан өрийг төлүүлэхээр Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн дагуу удаа дараа мэдэгдэл хүргүүлж, шаардлага тавьж Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасан “татварын өрийг үл маргах журмаар гаргуулах” ажиллагааг хийж гүйцэтгэн татвар төлөгчийн харилцах банкин дахь дансыг хаасан боловч өр төлбөр барагдаагүй. Мөн Татварын тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барьцаалах болон битүүмжлэх ажиллагааг хийж гүйцэтгэх гэхэд “Ай Эй Би” ХХК-ийн нэр дээр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө байхгүй байх бөгөөд энэ нь эрх бүхий байгууллагын лавлагаа, татварын болон авто тээврийн газрын нэгдсэн сүлжээний баазаас авсан лавлагаа зэргээр нотлогдож байгаа болно.
Иймд Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу “Ай Эй Би” ХХК-иас нийт 802 301 188.60 төгрөгийн татварын өрийг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Татварын албаны нэгдсэн мэдээллийн сан буюу цахим тайлангийн системд “Ай Эй Би” ХХК нь 2014 оны 10 сарын нэмэгдсэн өртөгийн албан татварын тайлангаа тайлагнасан бөгөөд тайлангаа хүлээн зөвшөөрч байгаа. Тайлагнасан өр төлбөрөөс төлж барагдуулсан бодит төлбөр байхгүй. Нэмэгдсэн өртөгийн албан татварын тайланг үндэслэж, 802 301 188.60 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч “Ай Эй Би” ХХК-ийн захирал Д.Сайнбаяр хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Миний бие нь “Ай Эй Би” ХХК-ийг 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлэн авсан ба тухайн үед НӨАТ-ын өртэй байсныг огт мэдээгүй байсан юм. Компанийг шилжүүлэн авахаас өмнө тус өрийн асуудал үүссэн, эрүүгийн журмаар шалгагдаж байсан. Эрүүгийн журмаар шалгаж, холбогдох компаниуд нь НӨАТ-ын тайландаа залруулга хийн, татварын буцаан төлөлт хийснээр татварын өр төлбөр бүрэн барагдсан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Прокурорын 944 дүгээр тогтоол хэрэгт байгаа. Надад гаргаж өгөх нотлох баримт байхгүй. Баянголын дүүргийн Татварын хэлтсээс гаргасан өгсөн 14 хуудас баримт тухайн компаниуд 2014 онд худалдан авалт хийсэн нэмэгдсэн өртөгийн татварын буцаан төлөлт хийсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Татварын хэлтэс нь хариуцагч “Ай Эй Би” ХХК-д холбогдуулан нэмэгдсэн өртөгийн албан татвар болох 802 301 188.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Татварын хэлтсээс хариуцагч “Ай Эй Би” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “... нэхэмжилсэн 802 301 188.60 төгрөг нь татвар төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон, тогтоосон хугацаанд төлөгдөөгүй нэмэгдсэн өртгийн албан татварын өр гэж тодорхойлон нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй” гэх
Хариуцагч “Ай Эй Би” ХХК нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “... З.Гэрэлт-Одоос 2014 оны 12 сард компанийг шилжүүлэн авсны дараа өртэй компани гэдгийг мэдсэн. ... 2015 онд эрүүгийн журмаар шалгаж, надад хамааралгүй гэдгийг тогтоосон. Тухайн компаниуд нь НӨАТ-ын тайландаа залруулга хийж, татварын өр төлбөр бүрэн төлөгдсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэх тайлбар тус тус гарган мэтгэлцэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчдын шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Зохигч талын гаргасан тайлбар нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно” гэж зохицуулсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч татгалзлаа нотлох, холбогдох нотлох баримтуудыг өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээдэг.
Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлд зааснаар татвар төлөгчийн хугацаанд нь төлөөгүй татварын өрийг тус хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэрийн дагуу төлүүлэх арга хэмжээ авах зохицуулалттай бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Баянгол дүүргийн Татварын хэлтэс хугацаанд нь төлөөгүй татварын өрийг төлүүлэхээр татвар төлөгч “Ай Эй Би” ХХК-д мэдэгдэх хуудсыг гардуулах, эд хөрөнгийн лавлагаа авах, эд хөрөнгө, банкин дахь дансыг битүүмжлэх зэрэг холбогдох бусад арга хэмжээг хуульд зааснаар авч, дараа нь шүүхэд хандсан байна. /1 дүгээр хавтас хэргийн 1-32 тал/
Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “татварын тайлан гэж бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хуулийн этгээдийн татварын тайлан, хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудсыг хэлнэ” гэжээ.
Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2, 43 дугаар зүйлийн 43.1 болон 45 дугаар зүйлийн 45.1-д тус тус зааснаар холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлөх үүрэгтэй.
Компанийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч З.Гэрэлт-Одоос Д.Сайнбаяр нь “Ай Эй Би” ХХК-ийн компанийн хувьцаа болон эрхийг шилжүүлэн авч, тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээд болсон нь зохигчдын тайлбар, Улсын бүртгэлийн газраас шүүхийн журмаар гаргуулсан нотлох баримт болох хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, “Ай Эй Би” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр, компанийн эрх шилжүүлэх тухай, бэлэглэлийн гэрээ, компанийн дүрэм зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /2 дугаар хавтас хэргийн 1-39 тал/
Татварын ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-д “Өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээдийн төлөөгүй буюу дутуу төлсөн татвар төлөх үүрэг, түүнтэй холбогдох эрх өөрчлөн байгуулагдсаны дүнд бий болсон хуулийн этгээдэд шилжих ба уг этгээд тусгаарлах, салах замаар өөрчлөн байгуулагдсан бол татвар ногдох зүйлтэй хувь тэнцүүлэн татвар ногдох үүрэг тэдгээрт шилжинэ” гэж заасан байх тул “Ай Эй Би” ХХК-ийн 2014 онд нэмэгдсэн өртөгийн албан татварын тайлангаар тайлагнасан татварын өрийг барагдуулах үүрэг шинээр эрх, үүргийг шилжүүлэн авсан этгээдэд шилжинэ гэж үзэхээр байна.
Хариуцагч “Ай Эй Би” ХХК нь 2014 оны 10 дугаар сард нийт 8 023 011 886 төгрөгийн борлуулалт хийж, 802 301 188.60 төгрөгийн нэмэгдсэн өртөгийн албан татвар төлөхөөр тайлагнасан байх ба дээрх татвараа төлөөгүйгээс татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 260000367 тоот дүгнэлтээр эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэх, цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна. /1 дүгээр хавтас хэргийн 25-26 тал/
Эрүүгийн хэргийг шалгаж байх явцад нийт 8 023 011 886 төгрөгийн дүнгээр нэр бүхий 37 компани, хуулийн этгээдэд борлуулалт хийсэн мэтээр 50 ширхэг НӨАТ-ын падаан бичсэн болохыг тогтоосон байгаа боловч эдгээрээс нэр бүхий 11 компани нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд залруулга хийж, татвараа нөхөн төлсөн гэх үндэслэлээр зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь зохигчдын тайлбар, Дүүргийн хоёрдугаар прокурорын газрын прокурорын 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 85 86, 87, 88, 89, 90, 91, 92, тоот тогтоолууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /1 дүгээр хавтас хэргийн 176-237 тал/
Мөн дүүргийн хоёрдугаар прокурорын газрын прокурорын 2015 оны 944 дүгээр тогтоолоор “Ай Эй Би” ХХК-ийн захирал З.Гэрэлт-Од нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /1 дүгээр хавтас хэргийн 225-226 тал/
Дээрх 944 тоот тогтоолд “... 5284163 регистрийн дугаартай “Ай Эй Би” ХХК-ийн 0016833251-0016833200 дугаартай НӨАТ-ын падааныг ашиглан татвар төлөхөөс зайлсхийсэн гэх
1. “Хас дөл” ХХК /холбогдох НӨАТ-ын падааны дугаар 16833281, 16833283, 16833285/,
2. “Зунбоо” ХХК /16833256/,
3. “Хаскабель” ХХК /16833292, 16833294, 16833298, 16833300/,
4. “Акми холдинг” ХХК /16833260, 16833263, 16833267, 16833271/,
5. “Вестерн Консол” ХХК /16833295/,
6. “Квом” ХХК /16833277/,
7. “И Си Си” ХХК /16833288, 16833290/,
8. “Ди Эйч Би” ХХК /16833276, 16833278/,
9. “Эковатер” ХХК /16833270/,
10. “Таванхан” Уул ХХК /16833284/,
11. “Наму дэвжих” ХХК /16833286, 16833291/-д нь тус бүр өөрт ногдох НӨАТ-ыг төлж барагдуулсан, дээрх аж ахуйн нэгжүүд болон сэжигтэн яллагдагч нар нь албан татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн нь тогтоогдохгүй байна ...” гэжээ. /1 дүгээр хавтас хэргийн 226 тал/
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагчийн төлөх ёстой нэмэгдсэн өртгийн албан татварын өр нь 802 301 188.60 төгрөг гэж тодорхойлж байгаа боловч, эрүүгийн хэргийг шалгах явцад 540 798 065 төгрөгийн татварын нөхөн төлөлт хийгдсэн гэж үзэх нөхцөл байдал хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл “Ай Эй Би” ХХК-ийн бичсэн гэх 16833251-16833300 хүртэлх дугаар бүхий НӨАТ-ын 50 ширхэг падаанаас “эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолд нэр дурдагдсан 11 хуулийн этгээдэд холбогдох маргаан бүхий 22 ширхэг падааны үнийн дүн 540 798 065 төгрөг болж байх ба үүнийг залруулга хийгдсэн дүн гэж үзэхээр байна.
Иймд хариуцагч “Ай Эй Би” ХХК-иас төлөгдөөгүй татварын өр болох 261 503 123 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Баянгол дүүргийн Татварын хэлтэст олгож, нэхэмжлэлээс 540 798 065 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Татварын хэлтэс нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор худалдан авалт хийсэн компаниуд 802 301 188 төгрөгийн татвар нөхөн төлсөн судалгаа гэх 14 хуудас баримтыг нотлох баримтаар гарган өгсөн. /2 дугаар хавтас хэргийн 46-58 тал/
Эдгээр баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.1, 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй, хуульд заасан арга хэрэгслээр бэхжүүлэгдээгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй. /2 дугаар хавтас хэргийн 46-58 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 55 дугаар зүйлийн 55.1, 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар хариуцагч “А Э Б” ХХК-иас 261 503 123 /хоёр зуун жаран нэгэн сая таван зуун гурван мянга нэг зуун хорин гурван/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б д-ийн Т х-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 540 798 065 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч Б д Т х-н нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “А Э Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 465 466 төгрөг гаргуулж, улсын төсвийн дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.ЦЭНГЭЛ