Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/89

 

 

 

 

 

 

 

    2023           01          27                                   2023/ШЦТ/89

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

улсын яллагч Г.Намжил,

шүүгдэгч В.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт В--н А-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 03 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн ** дугаар хорооны Үйлдвэрийн гудамжны ** тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Б  овогт В-н А.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч В.А нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23 цагийн орчимд Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт ** дугаар хорооллын замын урд талын автобусны буудлын баруун талд хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч В.А нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.А-ий “...2022 оны 10 дугаар сарын 27-ны орой 23 цагийн үед ** дугаар хороололд хүн хүргэж өгчихөөд явж байсан юм. Хоёр согтуу хүн “такси мөн үү” гэж асуухаар нь би “биш” гэж хэлсэн. Гэтэл миний өөдөөс уурлаад маргалдаад шилбэ рүү өшиглөхөөр нь би зөрүүлээд цохисон. Хажууханд цагдаа байсан тул хүрээд ирсэн. Цаашид согтуу хүнээс хол явна. Би хийсэн үйлдээ хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугийн талаар маргахгүй...” гэв.

 

           Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б-ийн хохирогчоор өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 27-ны орой 23 цагийн үед найз Ц-н хамт Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэрийг нь сайн мэдэхгүй паб ороод пиво уугаад 23 цагийн орчимд гарсан. Пабаас гараад ** дугаар хорооллын замын урд талын автобусны буудлын баруун талын уулзвар дээр такси барих гээд зогсож байтал такси зогсоод хаашаа явах вэ гэхээр нь Нарны хороолол явна гэтэл явахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл холдооч гэж хэлтэл тухайн таксины жолооч цаашаа яваад автобусны буудал арай хүрэлгүй зогсохоор нь тухайн таксиг явах гэж байгаа юм байна гэж бодоод өөдөөс нь найзыгаа дагуулаад очиход тэр залуу машинаасаа бууж ирээд миний нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би хөл рүү нь нэг өшиглөсөн. Гэтэл тэр залуу миний нүүр рүү 2 удаа гараараа цохисон ба хажууд талаас цагдаа ирээд бид хоёрыг салгасан. Би тухайн хүнийг нэг удаа хөл хэсэг рүү  нь өшиглөсөн. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Мөн манай найз цохиж зодсон зүйл байхгүй ба би тасарчихсан байсан болохоор тэр асуудлыг мэдээгүй. Тухайн хүн миний нүүр хэсэг рүү цохисноос болоод миний үүдэн шүд хөдөлсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-11 дэх тал/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаартай Б.Б-ийн биед дээд уруулд няцарсан шарх, зүүн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад В.А-ий яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 27-ны орой 23 цагийн үед ...уулзвар дээр үл таних эрэгтэй хүн зогсож байсан. Би тэр хоёрыг тойроод явах гэхэд явах уу гэж асуухаар нь үгүй гэж хэлтэл тэр хоёр намайг гөлөг минь тэгвэл зайлаач гэхээр нь би “чи өөрөө зам дээрээс зайлаач, зам дээр тээг болчихоод” гэж хэлтэл чи буугаад ир гэж хэлэхээр нь би цаашаа явж байгаад 10 гаруй метрийн цаана зогсоод машиныхаа гадна хараад зогсож байтал тэр хоёр наашаа хүрээд ир гээд хараагаад байхаар нь би энэ муу хоёр согтуу юманд доромжлуулах юм уу гэж бодоод өөдөөс нь очтол муу газрын бэтэг минь гээд өндөр залуу нь миний баруун хөлийн шилбэ хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би тухайн залуугийн шанаа хэсэгт нь нэг удаа цохисон.  Тэгээд бид хоёр салсан ба замын хойд талаас цагдаа бууж ирээд *** дугаар хорооллын автобусны буудлын цагдаагийн хэсэг рүү авч явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал) зэрэг болно.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч В.А нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 23 цагийн орчимд Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт ** дугаар хорооллын замын урд талын автобусны буудлын баруун талд хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Б, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ** дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хэргийн хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч В.А-ий хохирогчийн нүүр хэсэгт гараараа цохисон шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч В.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэргийн шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч В.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч В.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч В.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал дүгнэлт гаргав.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар мөн шүүгдэгч В.А-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч В.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч В.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.

 

Хохирогч Б.Б нь хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын баримт гаргаж өгөөгүй байх тул хохирогчийг энэхүү гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч В.А-өөс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

 

         Энэ хэргийн улмаас В.А цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                    

ТОГТООХ нь:          

 

1. Шүүгдэгч Б овогт В--н А-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч В.А-д Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар В.Ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол В.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Б.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч В.А-өөс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Хэрэгт В.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ