Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 208

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д.Чинзоригийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Үнэлгээнд гаргасан гомдол -ын тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд; гомдол гаргагч Д.Чинзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Далайжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярдэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч; Сэлэнгэ аймаг Ерөө сум 2 дугаар баг Ногоон довын 1-43 тоотод оршин суух, Эмээл овогт Донийн Чинзориг РД:/ФБ73032072/ нь шүүхэд гаргасан гомдолдоо:

... Улсын дээд шүүхийн 2017 оны 10-р сарын 06-ны өдрийн 001/ХТ2017/01128 дугаартай тогтоолоор Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р баг, 1-43 тоотод байрлалтай Ү-1304007116 дугаартай үл хөдлөх хөрөнгө 17042512 дугаартай газрын хамт, Сэлэнгэ аймгийн Ерөө сум 2-р багт байрлалтай Ү-1304004979 дугаартай үл хөдлөх хөрөнгө, Г-13040007000 дугаартай газрын хамт, Г-170402049 дугаартай газар эзэмших эрхтэй газар зэрэг эд хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдан борлуулж Төрийн банкинд байгаа Д.Чинзориг миний зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Ингээд Сэлэнгэ аймгийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааныхаа явцад хөрөнгийн үнэлгээ тогтоосон. Уг үнэлгээгээр миний дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг нийтэд нь 77.372.000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшнаас нилээд доогуур үнэлсэн байна гэж үзэж гомдол гаргаж байна. Учир нь үнэлгээ хийхдээ дэлгүүрийнхээ ард хийсэн өргөтгөлийг оролцуулаагүй, мөн гүйцэт баригдаагүй 1 граж болон 4 павилон зэргийг үнэлгээндээ огт оруулаагүй хоосон газраар үнэлсэн байна. Дэлгүүрийн арын өргөтгөлийг үнэлгээндээ оролцуулаагүй учир дэлгүүрийн барилгын талбайн хэмжээ одоо байгаагаасаа багаар бодогдсон байна. Хөрөнгийг үнэлэхдээ өөрсдийн зүгээс сайтар үзэж нягталж хэмжилт хийгээгүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр түшиглэн үнэлгээгээ гаргасан байна. Мөн манай үл хөдлөх хөрөнгийн байршил нь Ерөө сумандаа А зэрэглэлд тооцогддог газар буюу зам дагуу байршилтай үйлчилгээ, үйл ажиллагаа явуулахад хамгийн тохиромжтой байрлалтай газар юм. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хөрөнгийн үнэлгээ хийсэн дээрх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэх.

 

Тэрээр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Барьцаанд хураагдсан объектуудыг зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэлсэн. Энэ тухай 2019 оны 02 дугаар сарын 26-нд нэхэмжлэл гаргасан, Ерөө сумын 2 дугаар баг 1-43 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө газрын хамт, мөн дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, газрын хамт, нэг эзэмших эрхийн газруудыг нийлүүлээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үнэлгээчин томилоод үнэлсэн. Ингэж үнэлэхдээ манай 5 хөрөнгийг нийлүүлээд 77,372,000 төгрөгөөр үнэлсэн. Үүнийг зах зээлийн ханшнаас доогуур байна гэж гомдол гаргасан юм. Үүнээс нэг дэлгүүрийн үл хөдлөх хөрөнгө, дуудлага худалдаагаар авсан газар хоёрыг үнэлсэн үнэлгээ зах зээлийн ханшид нийцэхгүй байна гэж үзэж байгаа. Манай хажууд байдаг яг адилхан байшин 70 сая төгрөгөөр зарагдсан байдаг. Гэтэл манай байшинг 54 сая төгрөгөөр үнэлсэн. Мөн дуудлага худалдаагаар 3.350.000 төгрөгөөр авсан 400 метр квадрат газрыг маань 800.000 төгрөгөөр үнэлсэн тул үнэлгээнд гомдол гаргасан гэх.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Гомдол гаргагч манай байгууллага дээр 71 сая төгрөгийн өртэй гүйцэтгэх баримт бичиг ирсэн. 71 сая төгрөгийг бүхлээр нь гаргуулах гэж ирээгүй барьцаанд тавигдсан хөрөнгөнүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заагдсан байсан учир төлбөр төлүүлээгүй. Ингээд 2019 оны 1 дүгээр сарын 23-нд шинжээч томилох тогтоолоор гүйцэтгэх хуудсанд заагдсан үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлүүлэхээр шинжээч томилсон. Гомдол гаргагчийн гаргасан гомдол дээр баригдаагүй байсан 1 граж, 4 павилон зэргийг үнэлгээнд оруулаагүй гэсэн байсан. Энэ нь гүйцэтгэх хуудсанд заагдаагүй байсан учир үнэлгээнд оруулаагүй. Мэргэжлийн шинжээчийн байгууллагаар үнэлүүлсэн тул үнэлгээг үнэн зөв гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигч, түүний төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаж ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Д.Чинзоригийн ... Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилсон Баянмодот ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн үнэлгээг эс зөвшөөрч тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажиллагаанд гаргасан гомдлыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь; Гомдол гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарт ... миний дэлгүүрт үнэлгээ хийхдээ дэлгүүрийнхээ ард хийсэн өргөтгөлийг оролцуулаагүй, мөн гүйцэт баригдаагүй 1 граж болон 4 павилон зэргийг үнэлгээндээ огт оруулаагүй хоосон газраар үнэлсэн байна. Дэлгүүрийн арын өргөтгөлийг үнэлгээндээ оролцуулаагүй учир дэлгүүрийн барилгын талбайн хэмжээ одоо байгаагаасаа багаар бодогдсон байна. Хөрөнгийг үнэлэхдээ өөрсдийн зүгээс сайтар үзэж нягталж хэмжилт хийгээгүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр түшиглэн үнэлгээгээ гаргасан байна. Мөн манай үл хөдлөх хөрөнгийн байршил нь Ерөө сумандаа А зэрэглэлд тооцогддог газар буюу зам дагуу байршилтай үйлчилгээ, үйл ажиллагаа явуулахад хамгийн тохиромжтой байрлалтай газар юм. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хөрөнгийн үнэлгээ хийсэн дээрх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү, ... мөн миний дэлгүүртэй адилхан объектын зах зээлийн жишиг үнэлгээг харгалзаагүй, мөн 400 м газрыг 2012 онд 3.350.000 төгрөгийн дуудлагаар авсан байхад 800.000 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх боловч хавтаст хэргийн 3, 13-25, 39-44 дугаар талд авагдсан хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин С.Цэвээнроломын гаргасан үнэлгээний тайлан, түүний өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн дээрх тайлбар зэргээс үзэхэд шүүхийн шийдвэр болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсанд заагдсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор томилогдсон тусгай зөвшөөрөл бүхий, мэргэшсэн үнэлгээчин хараат бусаар гаргасан болох нь нотлогдож байх тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2, 55.3, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т тус тус зааснаар дээрх үнэлгээчний үнэлгээ нь үндэслэл бүхий зөв гарсан бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн энэхүү ажиллагааг хууль бус гэж үзэхгүй юм.

Мөн Д.Чинзориг нь дээрх дэлгүүрийн өргөтгөлийг үнэлгээнд дурдаагүй гэж байгаа боловч энэхүү өргөтгөл нь тухайн шүүхийн шийдвэр болон шийдвэр гүйцэтгэх тухай хуудсанд заагдаагүй, төлбөр авагчийн банкны барьцаанд тавигдаагүй хөрөнгө тул тухайн томилогдсон үнэлгээчин үнэлэх боломжгүй объект гэж үзсэнээс гадна мөн уг дэлгүүрийн үнэлгээг зах зээлийн ижил төстэй хөрөнгө худалдан борлогдсон, баталгаатай, найдвартай мэдээлэл байгаагүй, ганц мэдээлэл / үнэлгээг / -ийг харьцуулж, жишиг хийх нь стандартаараа болдоггүй гэсэн дээрх үнэлгээчний мэдүүлэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр няцаагдаж байна.

Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт тус тус зааснаар Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа /үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд/ -д гаргасан Д.Чинзоригийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээвэл зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт тус тус зааснаар Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа / үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд / -нд гаргасан Д.Чинзоригийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүххуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийгөөрөө гардан авахыг мэдэгдсүгэй

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Л.ЭНХТАЙВАН