Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/78

 

 

 

 

 

 

    2023          01         25                                    2023/ШЦТ/78

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,

улсын яллагч Д.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Г.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-н Б-д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2002 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ковшийн оператор мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эгч, дүү, хүргэн ахын хамт * дүүргийн 14 дүгээр хороо, “***” хотхоны ** дугаар * тоотод оршин суудаг гэх, урьд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Б  овогт Э-н Б. /РД:*/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө 04 цаг 53 минутад Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” нэртэй хоолны газарт хохирогч Т.М-ын “***” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө 04 цаг 53 минутад Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” нэртэй хоолны газарт хохирогч Т.М-ын “**” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Э.Б-н  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Т.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 21 цагийн орчимд С найзтайгаа байрныхаа гадаа уулзсан. Тэгээд бид хоёр хорооллын пабад орсон. ... шөнийн 3-4 цагийн хооронд С-н найз охин ирээд найзыг аваад явсан. Тэрнээс хойш пабаас “Ш” гэх нэртэй хоолны газарт ороод хоол захиалж идээд утсаа оролдож байгаад тасраад унтаад өгсөн байсан. Хамгаалагч нь ирээд намайг сэрээхэд миний утас алга болсон байсан. Би хамгаалагчаас нь утсаа асуухад танай 2 найз чинь аваад гарсан гэж хэлсэн... Би гар утсаа Мобикомоос 2022 оны 7 дүгээр сард 869.000 төгрөгөөр авч байсан. Миний хохирлыг бүрэн барагдуулсан тул надад гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-рт/,

 

Гэрч М.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө манай багын найзууд уулзсан. Шөнө 00 цаг өнгөрөөгөөд “**” нэртэй бар руу орсон. Тухайн бааранд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, бүжиглэж байгаад гарахаар болсон. Гараад хоол идэхээр болоод “**” нэртэй хоолны газарт орсон. Хоолоо захиалаад ярилцаж байтал эсрэг талд нэг залуу утсаа унагаагаад байсан. Би нэг удаа шалан дээрээс авч тэр залууг сэрээж утсыг нь өгсөн. ...тавуулаа байсан тул ширээндээ багтахгүй байхаар нь тэр залуугийн ширээн дээр очоод суучихсан. Нэг мэдэхэд манай хэд гарлаа гээд Б миний хажууд байж байсан. Тэр залуу утсаа гартаа бариад тасарчихсан байсан. Б утсыг нь аваад гаръя гээд гарсан. Гараад 3 найзтайгаа тамхи татаад бүгд гэр рүүгээ харьцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28-рт/,

 

Гэрч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” нэртэй хоолны газарт ээлж хүлээлцэж авсан. 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 01-нд шилжих шөнө үүрээр нилээн согтсон байдалтай залуу орж ирэн хоол захиалж суусан. Тэр залуу хоолоо идчихээд ширээн дээр тасраад унтчихсан. Би 2-3 удаа очиж сэрээхэд эргээд унтаад байсан. Ойролцоогоор 1 цагийн дараа 4-5 залуу орж ирээд хоол захиалж идэж байхдаа 2 залуу нь тасарсан залуугийн хажууд суухаар нь би очиж та нар юун хүмүүс вэ гэхэд энэ манай найз байгаа юм, бид нар хамт архи ууж байгаад бид нарт гомдоод гараад явсан юм гэж хэлсэн. Наад хүн чинь 1 цаг орчим унтаж байна, та нар яг найз нь мөн юм уу гэхэд би нарт гомдоод гараад явчихсан юм, бид нар гадуур хайсан, бид нар өөрсдөө өлсөөд ийшээ орж ирээд хоол идэх гэсэн чинь энд тасарчихсан унтаж байна гэж хэлсэн. Би үнэн яриад байгаа юм шиг санагдаад итгээд цааш ажлаа үргэлжлүүлж хийсэн. Тэгэхэд хар куртиктэй залуу нь нь яаж утсыг нь авсныг хараагүй, ямар ч байсан тасарчихсан залуугийн гар утсыг бариад сууж байхаар нь харчихаад найзууд юм чинь гайгүй байх гэж бодоод цааш өөр зүйл рүү сатаараад явсан. Буцаад ирэхэд сууж л байсан. Би цагийнхаа бүртгэлийг хийж байхад хар куртиктэй нь ирээд ахаа манай найзыг жаахан унтуулчихаад сэрээчихээрэй гэж хэлээд явсан. 20 орчим минутын дараа нөгөө тасраад унтчихсан залууг би очиж сэрээхэд миний утас алга болчихсон байна гэхээр нь би танай 2 найз авчихсан гэж хэлэхэд би ганцаараа ирсэн шүү дээ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32-рт/,

 

 “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын үнэлгээний тайлан: “...Samsung А-13” гар утсыг 500.000 төгрөг байх боломжтой гэж тодорхойлжээ. /хавтаст хэргийн 35-38-рт/,

 

 Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 51-рт/,

 

Шүүгдэгч Э-Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна.

2022 оны 9 дүгээр сарын 30-ны орой М бид хоёр найзуудтайгаа хамт шоудаж байгаад 03 цагийн орчимд хорооллын “**” нэртэй хоолны газарт орж хоол идсэн. Тэгэхэд М өөр ширээн дээр буюу ширээгээ дэрлээд унтаж байсан согтуу залуугийн хажууд суусан. Хоол идэх хооронд М-тэй хамт ширээн дээр сууж байсан согтуу залуу гар утсаа газар унагаасан бөгөөд манай найз тэр залууг нэг удаа сэрээгээд гар утсыг нь аваад өгч байсан. Тэгээд М бид хоёр хоолоо идэж дуусаад сүүлд нь үлдсэн бөгөөд би гаръя гээд Мий сууж байсан ширээн дээр очиход уг согтуу ширээн дээр унтаж байхаар нь би гараас нь утсыг нь аваад Мийг гаръя гэж хэлсэн. Ингээд гэр гэр рүүгээ явцгаасан бөгөөд би тэр утсыг нь гэртээ авч хариад маргааш нь ганцаараа “Монтел” гар утасны худалдааны төв дээр очоод үл таних гар утасны ченжид 150.000 төгрөгөөр зараад хувьдаа хэрэглээд дуусчихсан... Тэр залуу согтуу, ухаангүй унтаж байсан ба намайг очоод суухыг ч мэдээгүй...”  гэх мэдүүлэг /хх-ийн 61-рт/,

 

Шүүгдэгч Э.Б-н хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73-рт/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 85-рт/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ШЗ/168 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн ба шүүгдэгч нь прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 /хоёр зуун жаран/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Хохирогч Т.М-ын “...хохирол төлбөр хүлээн авсан, гомдол саналгүй гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-рт/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Э.Болд-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б  овогт Э-н Б-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 /хоёр зуун жаран/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шүүгдэгч Э.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.ОДОНЧИМЭГ