Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/27

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2023/0019/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Хохирогч ******* ,

Хохирогчийн өмгөөлөгч Т.Ихтамир,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал,

Шүүгдэгч *******  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-т холбогдох эрүүгийн 2218003850496 дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** хотод төрсөн, ** настай, ***, *** боловсролтой, *** мэргэжилтэй, ***, ам бүл *** *** *** хамт амьдардаг, урьд *** удаагийн ял шийтгэгдсэн.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч *******  нь 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт байрлах “Зулзагын гол” гэх газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох *** ******* ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодсон,

2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр ******* ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодсон,

2021 оны 12 дугаар сард *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” амралтын газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр ******* ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодсон,

2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан сумын 12 дугаар баг Хүслийн хотхоны 5-40 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр ******* ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодсон,

2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан сумын 12 дугаар баг Хүслийн хотхоны 5-40 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр ******* ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодсон,

2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Шинэ зах дотор байрлах сэлбэгийн тос масло зардаг контейнерын дэргэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр ******* ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодсон,

2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Шинэ зах дотор байрлах сэлбэгийн тос масло зардаг контейнерын дэргэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр ******* ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан бие махбодын хүчирхийлэл үйлдэн зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч *******  нь 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө, 2021 оны 04 дүгээр сарын 10, 2021 оны 12 дугаар сард, 2022 оны 01 дүгээр сарын 06, 2022 оны 03 дугаар сарын 08, 2022 оны 04 дүгээр сарын 21, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр ******* ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрх чөлөөнд нь халдаж зодон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

-Шүүгдэгч ******* ын: “...Би өөрийнхөө бүх үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. 

... Би энэ үйлдлийг хийсэндээ үнэхээр гэмшиж байна. Дахиж энэ алдаагаа давтахгүй гээд эхнэрээсээ уучлалт гуйсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч ******* ийн: “...*******  надтай анх хамт амьдарч эхлэх үеэс муухай ааш гаргаж эхэлсэн. Улмаар том охин маань төрөөд 4 нас хүрснээс хойш миний биед халдаж эхэлсэн. Дараа нь надаас уучлалт гуйгаад дахиж ингэхгүй гэж худлаа амлалт өгдөг байсан. Би тэр үгэнд итгээд дандаа уучилдаг байсан. Тэгээд би хоёр дахь охиноо төрүүлэхээс өмнө дахиж хүүхэдтэй болох талаар нэлээд эргэлздэг байсан.

Би хоёр охиноо хойд эцгийн гар үзүүлэхгүй гэж бодоод л өдийг хүртэл ******* ын хүчирхийллийг тэвчдэг байсан. Өнөөдөр *******  том охиныхоо насыг 13 гэж хэлж байна. Миний том охин одоо 11 настай. Энэ хүний гэр бүл, хүүхдүүддээ ямар ч халамжгүй гэдэг нь илэрхийлэгдэж байна. Хүүхдүүдээ нэг ч удаа сургууль, цэцэрлэгт нь хүргэж үзээгүй. Бага охин маань аавынхаа архи уудаг, агсам тавьдаг зангаас болоод одоог хүртэл хэлд ч ороогүй байгаа.

Миний том охин бид хоёрыг тусдаа амьдарснаас хойш үнэхээр тайван, сэтгэл амар сайхан байна гэдгээ хэлсэн. Өмнө нь бас аавыг байхгүй үед үнэхээр гоё байна гэдэг байсан. Энэ талаар ******* т хэлэхээр намайг хүүхдэд үг зааж өглөө гээд над руу уурладаг байсан. Одоо ******* ыг харахаар л айдастай, түгшүүртэй байдаг. Миний бие одоо ч салганаж байна. Надад өөр хэлэх зүйл байхгүй.

... Надад санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хүнийг ухаарах байх гэж бодож байна.

... Миний хоёр хүүхдийн эцэг нь учраас ямар нэгэн ял, шийтгэхийг хүсэхгүй байна. Өөрийнхөө бурууг ойлгоод ухаараасай гэж хүсэж байна.” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 11/,

 

-“Аюулын зэрэг 4-7 буюу дунд” гэх Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 13-14/,

 

-Хохирогч ******* ээс гаргаж өгсөн бичлэг бүхий 2 ширхэг си ди-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 30, 32, 39-40/,

 

-Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хавтаст хэргийн 46-50/,

 

-хохирогч ******* ээс Цагдаагийн газарт ирүүлсэн дуудлага, мэдээллийн лавлагаа /хавтаст хэргийн 59-63/,

 

-Гэрч ******* ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний охин ******* ийг 2021 оны 02 дугаар сарын 22-ний өдөр нөхөр болох *******  нь зулзагын амралт дээр байхад нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас цохиж зодоод өндгөвч болон баруун чихний хэнгэрэг цоорох гэмтэл авч байсан тухайн үед нь эгч Ягаанцэцэг нь зулзагаас очиж авч байсан. Тэгээд 7 хоногийн дараа буюу Нэгдсэн эмнэлэгт яаралтай дуудлага өгөөд өндгөвчний болон хэнгэрэг нөхүүлэх хагалгаанд орж байсан.

2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр *******  охин ******* ийг гэртээ байхад нь согтуудаа хардаад хоолой амыг нь боож унагааж хамар луу нь өшиглөж байсан гэсэн. Тэр асуудлаа дараа нь надад ярьж байсан.

2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мөн адил гэртээ байхад нь *******  согтуу орж ирээд намайг найзуудтай маань явуулсангүй гэдэг шалтгаанаар зодож цохиод асуудал үүсгэж байсан. Тухайн үед надад болсон асуудлаа уйлаад ярьж байсан.

2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Дархан сумын 7 дугаар багт ажил дээрээ байхад нь зодож цохиод тухайн асуудлаараа шүүхээр шийдүүлж байсан.

Хамгийн сүүлд 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр зодуулаад одоо шалгагдаад явж байгаа юм. Ер нь миний охин *******  нь нөхөр ******* т зодуулсан үйл явдлаа надад байнга утсаар болон уулзахдаа хэлж ярьдаг. Мөн эгч Ягаанцэцэг дүү охин Золзаяа нарт хэлж ярьдаг.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 89/,

 

-Гэрч ******* -ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний төрсөн эгч *******  нь нөхөртөө зодуулсан бүх үйл явдлаа надад хэлж ярьдаг байсан юм. *******  нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нөхөртөө зодуулаад хэнгэрэг нь цоороод хэнгэрэг нөхөх хагалгаанд орж байсан юм байна лээ. Тухайн асуудал нь гэр бүлийн хүрээнд маргалдсанаас болоод нөхөр нь согтуудаа чих рүү нь цохичихсон юм байна лээ.

2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гэж санаж байна *******  гэртээ согтуу ирээд агсам согтуу тавиад эгчийг зодоод чих рүү нь цохиод, үсдэж аваад хана мөргүүлсэн асуудал гаргасан. Тэгээд ******* т зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авагдсан юм.

2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн *** амралтад найзуудтайгаа хамт амарч яваад *******  бас согтуудаа уурлаад зодож цохисон бөгөөд тухайн үед нь уур амьсгал эвдээд яах вэ гэж хэлээд цагдаад хандаагүй чимээгүй өнгөрөөсөн юм байна лээ.

2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ээжийн маань төрсөн өдрөөр *******  эгчийн нүд рүү цохиод хөхрүүлсэн байсан.

2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр билүү 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр зах дээр байхад нь тамхи захиална гээд уурлаад эгчийг маань бас зодож тухайн асуудлаараа шүүхээр шийтгүүлсэн юм байна лээ.

2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дархан зах дээр болсон асуудал байгаа юм. *******  намайг бичлэг хийж байхад утас булааж аваад утас унагаасан. Гэхдээ утсанд ямар нэгэн эвдрэл гараагүй нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 93/,

 

-Гэрч ******* -ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Дархан зах дээр байхад нь манай дүү ******* ийг түүний нөхөр *******  нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас зодож тухайн асуудал нь шүүхээр орж шийдэгдсэн юм билээ.

Мөн 2021 оны 12 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Баатарван амралт дээр байхдаа *******  дүүг маань согтуудаа цохиж гэмтээсэн байсан. Хүзүү амыг нь боогоод нүд амийг нь хөхрүүлчихсэн байсан.

2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр *******  гэртээ согтуу ирээд чи намайг Хөвсгөл рүү найзуудтай маань явуулсангүй гэж хэлээд зодож цохиод нуд амыг нь хөхрүүлж байсан. Дараа нь дүү маань надад болсон асуудлыг нь хэлсэн юм. Тухайн үед цагдаад хандаагүй эмнэлэгт үзүүлээгүй өнгөрөөчихсөн.

Дараачийн асуудал нь Дархан зах дээр манай дүү Золзаяа, *******  хоёр ажлаа хийж байхад нь *******  согтуу ирээд агсам согтуу тавиад цохиж зодоод боож унагаасан юм байна лээ. Тухайн үед нь манай дүү утсаараа бичлэг хийгээд авчихсан байсан. Тэгээд бас ээжийн төрсөн өдрөөр нүдийг нь хөхрүүлээд зодчихсон байсан. Сүүлд нь хоёр хоногийн дараа ээжид хэлж мэдэгдсэн.

Мөн 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ байж байхад нь манай дүүг зодчихсон байсан. Би тухайн үед цагдаад дуудлага өгсний дараа явж очиход гэр нь ундуй сундуй болчихсон *******  ширээгээ эвдлээд голоор нь хуваачихсан байсан.

2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гэртээ хүүхдүүдтэйгээ хамт байж байсан чинь *******  согтуугаар агсам тавьж дүүгийн маань чих болон өндгөвч рүү нь цохиод гэмтээсэн байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 98/,

 

-Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ******* , *******  болон түүний хоёр найз, миний бие эхнэрийн хамт Зулзагын голын амралт дээр очоод архи, дарс ууцгаасан. Шөнө дунд ******* , *******  хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Би гаднаас орж ирээд юу болсон талаар *******  ахаас асуусан чинь *******  эгч хажуугаас “миний чих рүү алгадсан” гэж хэлсэн. Тэгээд би хэрүүл маргааныг болиулсан юм. Тэгээд *******  эгч төрсөн эгч Ягаанцэцэгийг дуудаад бид нар явцгаасан.

...Энэ оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Дархан захын контейнер дээрээ ажлаа хийгээд байж байсан чинь ******* , *******  эгч хоёр маргалдаж муудалцаад цаашаагаа контейнер лүү ороод “чи яахлаараа намайг цохидог юм бэ” гээд *******  эгч хэлээд байсан. Харин *******  ах машинаа унаад яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 100/,

 

-Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Сүүлийн 2-3 жил *******  нь эхнэр ******* ийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа. 2021 оны 12 дугаар сард бид нар гэр бүлийн найзуудаараа Булган аймагт байрлах Баатарван амралтын газарт очиж амарцгаасан юм. Тухайн үед миний бие нөхөр Мөнхсайхан, найз Тамираа болон түүний нөхөр Одгариг, найз *******  түүний нөхөр *******  нарын хамтаар явцгаасан юм. Тухайн үед бид нар өдөржингөө архи уугаад орой нь караокены өрөөнд сууцгааж байсан чинь *******  ******* ийг дагуулаад явсан. Тэгээд ирэхгүй удаад байсан чинь манай нөхөр араас нь явчхаад удалгүй буцаж ирээд “тэр хоёр нойлын өрөөндөө байж байх шиг байна, би зүгээр үү гэж асуусан чинь *******  зүгээрээ бид хоёр удахгүй очлоо гээд ******* ийн өмнөөс хариулсан” гэсэн зүйл яриад ороод ирсэн. Тэгээд удалгүй ******* , *******  хоёр орж ирээд эрчүүд тамхилах гэж гараад эмэгтэйчүүдээрээ үлдсэн чинь *******  уйлаад “намайг сая *******  нойлын өрөөнд элэгдээд, хавирга руу аймар хүчтэй цохисон хавирга хугарсан байж магадгүй” гэсэн зүйл ярьсан. Тэгэхээр нь Тамираа бид хоёр өвчин намдаах эм өгсөн юм. Тухайн үед бид нар эмнэлэг болон цагдаагийн байгууллагад хандаагүй юм. Найз нөхөдтэйгөө явж байсан болохоор асуудал гаргахгүй гээд *******  чимээгүй өнгөрөөсөн.

2021 оны зун наадмын өмнө 6 сарын эхээр гэж санаж байна ...Хүслийн хотхоны гражийн үүдэнд зогсож байсан чинь *******  нь ******* ийг нөхөр бид хоёрын нүдэн дээр машинаас буулгаж чирээд гараараа бие, цээж, хэвлий хэсэг рүү нь 2-3 удаа цохисон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 107-108/,

 

-Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дархан зах дээр зогсож байсан чинь *******  согтуу ирээд ******* ийг зодож нүдээд хамаг барааг нь тарааж авч шидээд агсам согтуу тавьж байгаад яваад өгсөн. 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр *******  бас согтуу ирээд ******* ийг “чамайг ална, гэр бүлээр чинь хүйс тэмтэрнэ, намайг шоронд явуулахыг чинь харна аа, чамайг алсан байхад яадаг юм” гэдэг байдлаар аймар дарамталж байсан. Ер нь олон нийтийн газар тэгж аймар зодож нүдэж байгаа юм чинь гэр орондоо ямар байх нь ойлгомжтой байх гэж би бодож байна. *******  ер нь их л сагсуу, дээрэлхүү зан авиртай, муухай зантай залуу гэж би хардаг. ******* тэй дандаа муухай хар яр гээд дээрэлхүү байдалтай харьцдаг юм. Миний мэдэхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр болон 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зодож нүдэж байсан. Тэр үед нь би холоос хараад байж байсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 110/,

 

-Насанд хүрээгүй гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Аав маань 1 жилийн өмнө гэж санаж байна хугацааг нь сайн санахгүй байна. Согтуудаа гэртээ дүү бид хоёрыг байхад ээжийн үснээс зулгаагаад чирч яваад хана руу толгойг нь миний харснаар 5 удаа савж цохиж байсан.

...Мөн аав ээжийг маань 1-2 жилийн өмнө гэж санаж байна гэртээ байхдаа чих рүү нь цохиод хэнгэргийг нь 2 удаа хагалж, ээж маань 2 удаа мэс засалд орж байсан. аав маань эрүүл байхдаа ч, согтуу байхдаа ч ээжийг зоддог. Архи уусан үедээ бол дандаа зоддог. Тэр үед нь би айгаад өрөөнөөсөө гарч чаддаггүй.

...Аав маань гэртээ байх үед биеэ бариад чөлөөтэй байж чаддаггүй. Ээж, аав хоёр цаашдаа тус тусдаа байгаасай гэж хүсэж байна. Аавгүйгээр ээж, дүү бид 3 амьдарвал дарамтгүй гоё байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 118/,

 

-Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд *******  бид хоёр караокены өрөөнд орсон чинь *******  надад “*******  намайг сая зодчихлоо” гэж хэлсэн. Тэгээд би ******* ийн толгойг нь барьж үзсэн чинь толгой нь 2 газраа хавдаад бондойсон байсан. Тэгээд хөлийн шилбэ нь хавдаад улайчихсан байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 120/,

 

-Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 22-нд манай нөхрийн төрсөн өдрийг Зулзагын гол дээр ******* , ******* , ******* ын хоёр ажилчинтай /нэрийг нь сайн мэдэхгүй байна/ бид зургаа тэмдэглэж байтал *******  нь ажилчин залуу Золбоогийн эхнэрийн хамт ор луу хэвтлээ гээд хэвтсэн. Тэгсэн гэнэт *******  сууж байгаад ******* ийг ямар нэгэн шалтгаангүй шууд очоод толгой болон нүүр хэсэгт нь хоёр гараараа нэлээн олон цохисон /хэд удаа гэдгийг мэдэхгүй байна/ мөн хэвлий хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөсөн.

...*******  нь ******* ийг ер нь маш олон удаа зодож дарамталдаг, хэзээ гэдгийн сайн мэдэхгүй байна 2021 оны энэ үйл явдлын дараа 8 сард гэж санаж байна нөхөртөө зодуулсан гээд аймаар нүүр амтай болсон, нөхрөөсөө айгаад гээд хотод байр түрээслээд 2 сар гаруй болсон. Тэгээд бас зах дээр зүгээр эрэгтэй хүнд бараа зарахад “чи эрэгтэй хүнтэй ярилаа” гэх жишээний над руу *******  байнга зодуулсан талаараа утсаар хэлдэг. ******* , *******  нар нь гэрлэснээсээ хойш байнга гэр бүлийн хүчирхийлэлд байсаар ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 123-124/,  

 

-Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*******  ах гал тогооны ширээн дээр байсан тогооны тагийг зурагтны тавиур руу шидэж хагалаад модон ширээ сандлыг хугалж хаяад анайг буйдан руу түлхэж унагаагаад боох үйлдэл хийчих гээд байхаар нь би салгасан.

...Тэгээд эгч маань өрөө рүүгээ орох үед нь *******  ах эгчийг барьж аваад хавирч унагаагаад гуяны гадар хэсэгрүү нь 2 удаа дэвсэж цохихоор нь би “та арай даварч байгаа юм бишүү” гээд түлхсэн чинь “би чамайг ална шүү, гөлөг минь” гээд намайг хананд шахаж боогоод анай намайг хамгаалаад тэгээд цагдаад дуудлага өгөх гэж байсан чинь *******  гар утсыг нь авчхаад өгөхгүй байсан. *******  ах эгч ******* ийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 126-127/,

 

-Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...*******  нь өндгөвчний задрал, дотуур цус алдалт гэсэн оноштой 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 7 цаг 52 минутад эмнэлэгт хэвтэж, яаралтай мэс засалд орсон байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 129-130/,

 

-“...******* ийн биед “зүүн өгзөгт цус хуралт” гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Цаашид  ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 825 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 133/,

 

-“Эрсдэл өндөр буюу аюултай түвшин” гэх гэрч, хохирогчийн аюулын эрсдэлийн түвшинг үнэлэх маягт /хавтаст хэргийн 137/,

 

-******* ийн эмнэлэгт эмчлүүлсэн тухай өвчний түүх /хавтаст хэргийн 142-159/,

 

-******* , *******  нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 214/,

 

-******* ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 213/,

 

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 175/

 

-Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 2 ширхэг Си Ди болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зорилт нь гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтооход орших бөгөөд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тодорхойлсон агуулгаар ойлгохдоо Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн зэрэг хүчирхийллийн аль нэгийг байнгын шинжтэй үйлдсэн тохиолдолд дээрх гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрдэх бөгөөд аль нэг үйлдлийг гурав ба түүнээс дээш удаа, эсхүл нийтдээ гурав ба түүнээс дээш удаа байх аль ч тохиолдол гэмт хэргийн шинжийг хангана гэж үзнэ.

 

Шүүгдэгч *******  нь 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө, 2021 оны 04 дүгээр сарын 10, 2021 оны 12 дугаар сард, 2022 оны 01 дүгээр сарын 06, 2022 оны 03 дугаар сарын 08, 2022 оны 04 дүгээр сарын 21, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр ******* ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрх чөлөөнд нь халдсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд дээрх үйлдэл нь олон удаагийн давтамжтай буюу Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх бие даасан шинжийг хангаж байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд мөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 214/-гаар тогтоогдоно.

 

Дархан-Уул аймгийн прокурорын газраас шүүгдэгчийн үйлдлийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан бөгөөд тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь “байнга үйлдсэн” байхыг шаардсан тул хууль хэрэглээний хувьд хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлах шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй” гэж заасан. Тэгэхээр 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр яллагдагчаар татсан учраас энэ хугацаанаас өмнө үйлдлүүд нь тооцогдохгүй гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Хэдийгээр шүүгдэгчийн 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө, 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр ******* ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрх чөлөөнд нь халдсан хоёр удаагийн үйлдлүүд нь энэхүү хугацаанд хамаарч буй боловч “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн обьектив талын байнга гэх шинж нь гурав ба түүнээс дээш удаагийн гэр бүлийн хүчирхийллийн үйлдэл байхыг шаардана. Нөгөөтэйгүүр гэр бүлийн хүчирхийллийн үйлдэл болон зөрчлүүдийн нэг нь дангаараа энэ гэмт хэргийн шинжийг хангахгүй тул Эрүүгийн хуулиар тогтоосон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг эдгээр үйлдлүүдийн хооронд ашиглах боломжгүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч *******  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.   

  

Иймд шүүгдэгч ******* ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч: “Шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг одоо ч арилаагүй гэж үзэж байна. *******  нь өөрөө гэм буруугаа хүлээж байгаа гэж хэлж байгаа хэдий ч түүний үйл хөдлөл, биеийн хэлэмжийг харахад өөртөө дүгнэлт хийж, гэмшсэн болох нь илэрхийлэгдэхгүй байна.... Тиймээс ******* ын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэж,

 

Хохирогчийн өмгөөлөгч: “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэж,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Миний үйлчлүүлэгч өмнө шийтгэх тогтоолоор оногдуулсан торгуулиа төлж барагдуулсан тул анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж тооцогдох үндэслэл болно.... Ерөнхийдөө Н.******* ын зарим үйлдэлд ******* ийн буруутай үйлдэл байгаа. Аль алийнх нь буруутай үйлдэл байгаа юм. Улсын яллагч биеийн хэлэмжээрээ гэмшсэн байдал харагдахгүй байна гэж дүгнэж байна. Ийм хийсвэр төсөөллөөр дүгнэлт хийж байгаа нь зохимжгүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт *******  уучлалт гуйгаад анхнаасаа гэм буруугаа ойлгож байгаа гэдгээ илэрхийлсэн байдаг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авах хүсэлтийг шүүхэд гаргаж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцуулсан.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 213/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 175/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ******* т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг”-т зургаан сараас нэг жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.

 

 Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан шүүгдэгч ******* т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно.” гэж тус тус заасан байдаг. 

 

Шүүгдэгч ******* т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “тодорхой газар очих, тодорхой хүнтэй харилцахыг хязгаарлах” хязгаарлалтыг тус тус тогтоох нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

 

3.Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:

 

Хохирогч *******  нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Надад санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хоёр хүүхдийн эцэг нь учраас ямар нэгэн ял, шийтгэхийг хүсэхгүй байна.” гэх мэдүүлэг өгсөн тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 2 ширхэг Си Ди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч ******* ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******* т тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан тодорхой газар очих, тодорхой хүнтэй харилцахыг хязгаарлах буюу хохирогч ******* ийн ажил, орон байранд очих, түүнтэй харилцаа холбооны хэрэгсэл болон биечлэн харилцахыг хязгаарлах хязгаарлалтыг тус тус тогтоож, үүргийн биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч ******* т анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг Си Ди-г уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.ГЭРШИХБӨРТЭ