| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзийн-Отгон |
| Хэргийн индекс | 107/2023/0019/э |
| Дугаар | 2023/ШЦТ/18 |
| Огноо | 2023-02-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.А |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/18
2023 02 09 2023/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Н,
Улсын яллагч Д.А,
Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.О-д холбогдох эрүүгийн 2304000000005 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1963 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгойн ......тоотод оршин суух,
урьд Багануур дүүргийн шүүхийн 2004 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх заалтад зааснаар 7 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял,
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, А овогт Б-ын О /РД: /
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний орой 20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгойн 9 дүгээр гудамжны 6 тоотод Б.О-тай “гутлын түрийнд байсан 20,000 төгрөгийг авсан” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний зүүн гарыг хутгалж зүүн гарын алганы ар хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.О шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 12 дугаар 14-ний өдөр 20,000 төгрөгнөөс болж Б.О-тай маргалдсан. Би гутлынхаа түрийнд 20,000 төгрөгөө хийсэн гэж бодоод Б.О-ийг авчихлаа гэж хардаад муудалцсан юм. Би Б.О-г цохиод авахад намайг түлхээд буйдан дээр унагахаар нь би ширээн дээр хоол хийх гээд мах хэрчиж байсан шар иштэй хутга аваад Б.О луу далайхад Б.О зүүн гараараа хаагаад гарандаа хутгалуулсан. Би охин руугаа залгаж болсон зүйлийн талаар хэлсэн. Удалгүй цагдаа нар ирсэн. Тухайн үед би нэлээн согтолттой байсан. Б.О бид хоёр маргалдахад хажууд өөр хүн байгаагүй. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 46-47-р хуудас/,
Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,
С.Б-айн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,
Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 2-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6-р хуудас/,
Эд мөрийн баримтад тооцож хураан авсан тухай 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Мөрдөгчийн тогтоол /хх-ийн 7-р хуудас/,
Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх тасгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 09шэ/12 дугаартай дүгнэлт /хх-ийн 34-35-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 53, 55-78-р хуудас/,
Шүүгдэгч Б.О-ны эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 54-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Б.О нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний орой 20 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгойн 9 дүгээр гудамжны 6 тоотод Б.О-тай “гутлын түрийнд байсан 20,000 төгрөгийг авсан” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүний зүүн гарыг хутгалж зүүн гарын алганы ар хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
- Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “ Би 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 20 цагийн үед манай гэрийн урд байдаг Б.О ахын гэрт орсон юм. Тэгтэл Б.О ах “би танайд гутлаа сольсон түрийнд байсан 20,000 төгрөг унасаныг чи авсан” гэж надаас нэхсэн. Тэгээд бид хоёр маргалдсан. Надад угаасаа 5000 төгрөг байсан би тэр мөнгөөрөө тамхи авсан гэсэн чинь уурлаад над руу хутга бариад далайхаар нь би гараараа хаахад миний гар руу зоочихсон. Тэгээд би гэр рүүгээ цусаа гоожуулаад ороход аав цагдаа дуудсан. Б.О ах надад 200,000 төгрөг, эмчилгээ болон эм тариа авч өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
-Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...манай хадам аав Б.О өөрийнхөө утаснаас залгаад “аавыг нь хүн цохьчихлоо” гээд утсаа салгасан. Би нөхөр Мөнгөншагай, хадам эгч Туул нарын хамт 5-10 минутын дараа очиход аав гэрийнхээ гадаа зогсож байсан. Аав “би хүн хутгалчихлаа” гэж хэлээд шар иштэй хутга харуулахаар нь би “та юу яриад байгаа юм бэ” гээд хутгыг нь аваад куртикныхээ халаасанд хийсэн. Тэгээд тэр хүн чинь хаана байна гэхэд аав урд гудамжны шар хаалгатай хашаа руу заахаар нь очиход хүн байхгүй байсан. Би дахиад янз бүрийн зүйл хийчих вий гэж хутгыг авсан. Манай хадам аав ганцаараа амьдардаг” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,
-С.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...миний хүү Б.О гараасаа цус гоожуулаад гэртээ орж ирсэн. Юу болсон талаар асуухад “Б.О хутгалчихлаа” гэж байсан. Б.О архи уучихсан байсан, тэгэхдээ яахаа алдатлаа согтоогүй байсан. Зүүн гарын алганы эсрэг талаас цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,
-Гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэлд “Багануур дүүргийн 3 дугаар хороо Талын толгойн 8 дугаар гудамжны 18 тоотод хутгалуулсан хүн байна” гэжээ. /хх-ийн 2-р хуудас/,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6-р хуудас/,
-2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Мөрдөгчийн тогтоолоор хэрэгт эд мөрийн баримтаар шар өнгийн иштэй, иш нь 11.5 см, ажлын хэсэг нь 14.5 см үзүүр хэсэг нь хугарсан, нийт урт нь 26 см урттай 1 ширхэг хутгыг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/
-Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх тасгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 09шэ/12 дугаартай дүгнэлтэд: “1.Б.О-н биед зүүн гарын алганы ар хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. 3.Дээрх шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-п зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэжээ /хх-ийн 34-35-р хуудас/,
-шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.О нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв.
Иймд Б.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Б.О нь хохирогчид эмчилгээ болон эм тарианы төлбөрт 200,000 төгрөг өгсөн ба хохирогч Б.О нь энэ хэрэгт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, ямар нэгэн гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч Б.О-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тус хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.О-ыг хохирогч Б.О-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэв.
Шүүгдэгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна.” гэв.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Б.О-ны үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тус тус тогтоогдоогүй болно.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Мөрдөгчийн тогтоолоор /хх-ийн 7-р хуудас/ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн шар өнгийн иштэй, иш нь 11.5 см, ажлын хэсэг нь 14.5 см, нийт урт нь 26 см урттай, үзүүр хэсэг нь хугарсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН