| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2023/0023/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/24 |
| Огноо | 2023-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2023/ШЦТ/24
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Б даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ер
улсын яллагч А.Д,
шүүгдэгч Ж.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Т ургийн овогт Жйн Ед холбогдох 2313000000019 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, дуу хөгжмийн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дугаар багт оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2019/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Т ургийн овгийн Жйн Е, регистрийн дугаар
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Е нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цамбагарав рестораны 1 дүгээр давхарт байрлах паб дотор 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 23 цагийн орчимд хохирогч Д.Ж, Э.Т нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Нэг: Гэм буруугийн талаар
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Ж.Е шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт 2313000000019 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Иргэн Б.Үржинбулагаас Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 00 цаг 05 минутад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),
2.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 02-6 дахь тал),
2.3. Согтуурлын хэмжээг шалгасан тухай “Д.Жын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох зорилгоор шалгахад согтуурал шалгах багажийн заалт 2.21 хувь, Ж.Еы согтуурлын хэмжээг шалгахад согтуурал шалгах багажийн заалт 1.57 хувь гарсан” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 7, 10 дахь тал),
2.4. Хяналтын камерын бичлэг шүүж үзсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 18-22 дахь тал),
2.5. Хохирогч Д.Жын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 11-ний оройн 20 цагийн үед хамт ажилладаг Г.Д, Ц.ЦогЖ нарын хамт Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цамбагарав пабд орсон. Тухайн пабд ороод гурвуулаа текнээс урагшаа 2 дахь ширээн дээр голын заал хэсгийн буланд суусан. Бид гурав лаазтай сэрүүн нэртэй пиво захиалж уусан. Би 6 ширхгийг уусан, харин Г.Да, Ц.ЦогЖ нар гурав гурван ширхгийг уугаад сууж байхдаа 22 цагийн үед би тамхи татах гээд пабаас гарах гэж байхад Э.Т хүрч ирж манай ширээнд суусан. Тэгээд би пабын гадна гарах гэж байхад үүдэн дээр 4-5 залуучууд зөрсөн. Тухайн зөрсөн залуучууд Казак хэлээр юм ярьсан. Тэрийг нь ойлгохгүй юу гэнээ гэсэн чинь туранхай шар царайтай залуу нь “хаана байгаагаа мэдэж байна уу” гэж монгол хэлээр хэлсэн. Тэр үед хамт явж байсан залуучууд нь түүнийг дагуулаад паб руу орсон. Би гадна тамхи татчихаад буцаад орж ирэхэд нөгөө залуу бас надад хандаж үг хэлсэн. Тэгээд би “яасан гэнээ” гэхэд тэрээр зүүн талын голын ширээнд сууж байгаад босоод над руу хүрч ирээд надтай маргалдаад “хаана байгаагаа мэдэж байна уу” гэхээр нь би “миний хаана байгаа нь чамд хамаагүй” гэж хэрэлдэж байхад Э.Т ширээнээс хүрч ирээд намайг тэр хүмүүстэй хэрэлдээд хэрэггүй сууя гээд нөгөө залууг бас найзууд нь аваад ширээн дээрээ очсон.
Улмаар дотор уур амьсгал онцгүй болчихоор нь бид дөрөв гарахаар шийдээд ууж байсан зүйлсээ дуусгаад гарья гээд ярилцаж байхад нөгөө шар залуу гартаа архины шил барьж ирээд бидний сууж байсан ширээний хажуугийн хоосон ширээн дээр архины шилээ хагалаад орилоод ална энэ тэр гэсэн. Тэгээд бид нар түүний найзуудад тэр залууг аваад яв гэж хэлээд найзуудад нь хүлээлгэж өгөөд явуулсан. Тэр үед найзууд нь түүнийг аваад өөрсдийнхөө ширээ рүү явсан. Би түрүүлээд хувцсаа өмсөөд тооцоогоо хийгээд зогсож байхад нөгөө залуу над руу ямар нэгэн зүйл шидсэн. Архины хундага байна уу, ундааны сав байсан уу мэдэхгүй. Тэр шидсэн зүйл нь намайг оноогүй. Тэгээд би “яаж байгаа юм бэ” гээд уурлахад нөгөө хэд ширээнээс босоод над руу хүрч ирсэн. Тэр үед Э.Т бас хүрч ирээд маргалдах шалтгаан байхгүй, хэрэггүй гээд ярилцахад нөгөө залуу нь хэл амаар доромжилж байгаад Э.Тийг нөгөө залуу толгой руу нэг зүйлээр цохисон. Тэр үед нөгөө залуу баруун гартаа архины шил барьчихсан байсан. Тэгээд хагарсан архины шилээ гартаа барьчхаад намайг ч бас ална гэж дайрахаар нь би түүний гарыг нь барьж байгаад түүнийг газарт унагаагаад дээр нь гарч суусан. Тэр үед Г.Д, Ц.ЦогЖ нар хүрч ирээд “та нар найзуудаа ав, бид нар өөрсдийн хүнээ авья” гэж хэлээд 2 тийш салсан. Би нөгөө залууг газарт дарж байхдаа зөөгч охиноор цагдаад дуудлага өгүүлсэн. Тэгээд нөгөө залуучууд гарч явах гээд байхаар нь хаалгыг нь дотроос нь цоожлоод цагдаа нар ирэхийг хүлээсэн. Тэр хооронд нөгөө залуу бас бидэн рүү дайраад “ална та нарыг, цагдаа чинь надад хамаагүй, би танил, талтай хүн шүү” гэж хэлсэн.
Тэр үед бид “төрийн тусгай алба хаагчид байна энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгана” гэж хэлээд удаагүй байж байхад цагдаа нар ирээд нөгөө залууг цагдаагийн газар руу, бид дөрөв эмнэлэгт очиж Э.Тийн толгойнд 7 оёдол тавиулсан. Харин миний баруун гарын долоовор, дунд хуруунд 3 оёдол тавиулсан. Миний баруун гарын долоовор хуруунд 1 оёдол, дунд хуруунд 2 оёдол тавиулсан. Мөн баруун гарын алганы дотор талд бага зэргийн архины шилэнд зүсэгдсэн оромтой байна.
Цагдаа ирэхээс өмнө түүний нэрийг асуухад тэрээр өөрийнхөө нэрийг Е гэж хэлсэн. Тухайн залуугийн найзууд нь зодоонд оролцоогүй. Би гомдолтой байна, тухайн залууд хуулийн арга хэмжээ авч өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),
2.6. Хохирогч Э.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 11-ний оройн 22 цагийн үед Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цамбагарав пабд найз Сэргэлэнтэй уулзахаар болж би түрүүлээд Цамбагарав пабд очиход манай ажлын газрын ах нар болох Д.Ж, Г.Д, Ц.ЦогЖ нар сууж байхаар нь найз Сэргэлэнгийн ирэх хүртэл ажлын газрын ах нарын ширээнд суугаад хүлээсэн. Тэгээд орж ирээд суусны дараагаар Д.Ж ах тамхи татахаар гадагшаа ганцаараа гараад 5-10 минутын дараа пабд орж ирсэн. Тэгээд пабын хаалгаар орж ирээд текний хажууд баруун талын ширээнд сууж байсан залуучуудын нэгэнтэй нь хэрэлдээд байхаар нь Г.Д ахтай цуг очоод нөгөө залуучуудыг салгаад Д.Ж ахыг ширээнд авч ирээд дөрвүүлээ хамт сууж байхад нөгөө Д.Ж ахтай хэрэлдэж байсан залуу баруун гартаа архины шил барьчихсан бидний ширээн дээр ирээд бидний хажууд байсан хоосон ширээн дээр тухайн архины шилийг хагалаад Казак хэлээр юм ярьсан. Тэрийг нь би ойлгоогүй. Тэгээд манай ажлын ах нар түүний найзуудыг дуудаад авч явахыг нь хэлсэн. Тэгтээ найзууд нь ирж түүнийг аваад ширээн дээр суусан. Тэгэхээр нь бид дөрөв эндээс гарья гээд Д.Ж ах тек рүү тооцоо хийхээр явсан. Тэр хооронд би хувцсаа өмсөөд эргээд харахад Д.Ж ах түрүүний архины шил хагалдаг залуутай хэрэлдээд байж байсан. Тэр үед нь би очоод тэр хоёрыг салгах үүднээс “ах нараа больцгоо, хэрэлдэх хэрэггүй шүү дээ” гэж хэлээд байж байхад нөгөө залуу миний толгойн зүүн хэсэгт дух хөмсөгний хэсэгт гартаа байсан архины шилээр цохисон. Тэгээд би тухайн газраас хэсэг зуур хойш алхаад шоконд ороод суусан ба гараа үзэхэд миний гар тэр чигтээ цус болчихсон байсан. Тэр хооронд Д.Ж ах нөгөө намайг архины шилээр цохисон залууг газарт дарчихсан байсан ба зөөгчөөр цагдаад дуудлага өгүүлсэн. Тэгээд цагдаа нар ирээд нөгөө залууг аваад явсан харин бид дөрөв эмнэлэгт очиж үзүүлээд миний зүүн талын хөмсөгний дээд талд 2 оёдол, духны зүүн талд 5 оёдол тавьсан. Харин Д.Ж ахын баруун гарын хоёр хуруунд оёдол тавиулсан.
Намайг архины шилээр зодсон залуу нь хажуудаа 6 найзын хамт явж байсан тэр найзууд нь зодоонд оролцоогүй, түүн рүү ойртож түүнийг салгахгүй байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал),
2.7. Хохирогч Э.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Ж.Е миний Хаан банкны 5866071163 дугаарын данс руу 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн холбоо барьдаг утасны дугаар болох 96240000 гэсэн утгатай 300,000 төгрөгийг 17 цаг 29 минутад шилжүүлж хохирлыг барагдуулсан. Ж.Е намайг Цамбагарав паб дотор текний харалдаа архины шилээр нэг удаа цохисон. Тэрнээс өөр нойлын өрөөний урд зодсон асуудал байхгүй. Би шүүх хуралдаанд оролцохгүй, надад хохиролтой холбоотой маргаан байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дэх тал),
2.8. Гэрч Ц.ЦогЖын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2022 оны 12 дугаар сарын 11-ний оройн 20 цагийн үед хамт ажилладаг Д.Ж, Г.Д нарын хамт Цамбагарав паб орсон. Тухайн өдөр нь амралтын өдөр байсан учраас бид гурав пиво захиалж уусан. Д.Ж ганцаараа дөрвөн лааз пиво уусан, харин Г.Д бид хоёр хоёр, хоёр лааз пиво уугаад дуусаж байхад манай ажлын дүү болох Э.Т орж ирээд найзыгаа хүлээж байгаа юм гээд бидний ширээнд суусан. Э.Т ямар нэгэн пиво уугаагүй, найзтайгаа уулзах гээд хүлээж байгаа юм гээд бидний хажууд суусан. Тэгээд Д.Ж гадна гарч тамхилна гээд ганцаараа гарч 5 минутын дараа буцаж орж ирэхдээ пабын тек дээр Д.Ж нэг казах залуутай хэрэлдэж байхаар Э.Т, Г.Д хоёр очоод түүнийг авч ирээд суулгасан. Тэгтэл Д.Жыг сууж байхад нь нөгөө тек дээр хэрэлдэж муудалцсан залуу баруун гартаа хоосон архины шил барьж ирээд бидний хажуугийн ширээн дээр архины шилээ хагалаад гартаа бариад казахаар үг хэлээд байсан. Би казах хэл мэдэхгүй учраас түүний ярьж байгааг ойлгоогүй. Тэр үед түүнтэй хамт явж байсан 4 залуу ирээд түүнийг аваад ширээ рүүгээ явсан.
Тэгээд бид хэд уур амьсгал таагүй болохоор нь тэндээс гарья гээд Д.Ж тооцоо хийх гээд тек рүү очсон. Д.Жыг тек дээр очоод тооцоо хийх гэж байхад нөгөө хэрүүл хийгээд байсан залуу Д.Ж руу юм шидсэн. Юу шидсэнийг нь сайн анзаарч хараагүй, тэгээд нөгөө юм шидсэн залуу нь Д.Ж рүү хүрч ирээд тэр хоёр текний хажуугийн булан, заалны голд Д.Ж нөгөө залуутай хэрэлдсэн миний сууж байсан талд багана байсан учраас тэр хоёрыг заамдаж зууралдсан эсэхийг нь хараагүй. Тэгээд наана сууж байснаараа Э.Т тэр хоёр руу очсон ба буцаад Э.Т толгойгоо бариад хойш нь алхахаар нь Г.Д бид хоёр босоод текний хажууд очиход Д.Ж нөгөө залуутай заамдалцаж хоёулаа газарт унасан Д.Ж дээрээс нь дарчихсан байсан.
Би Э.Тийг хэн зодсоныг хараагүй, гэхдээ нөгөө танхайраад байсан залуу гартаа архины шил барьчихсан байсан. Харин Д.Ж түүний шилтэй гарыг нь барьчихсан байсан. Тэр үед Д.Жын баруун гараас цус гарч байсан. Нөгөө залуугийн архины шилийг салгаж авах гэж байгаад гараа зүсүүлсэн байх...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал),
2.8. Гэрч Б.Үржинбулагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 14 цагт паб нээсэн бөгөөд 18 цагийн үед гурван казах залуучууд орж ирээд 2 шил 0,7 литрийн “Ауруг” нэртэй архийг ууж дуусгаад дахиад 1 шил 0,7 литрийн “Ауруг” нэртэй архинаас нэгийг аваад сууж байхад 20 цагийн үед манай пабд аймгийн тагнуулын газарт ажилладаг Ж хамт ажилладаг 2 залуугийн хамт орж ирсэн. Ж нь урьд нь манайхаар үйлчлүүлж байсан учраас нэрийг нь мэднэ, хамт явсан 2 залуугийн зүс танина, тэрнээс биш нэрийг нь мэдэхгүй. Тухайн тагнуулын 3 ажилтан манайхаас сэнгүр нэртэй лаазтай пивоноос авсан.
Тэгээд байж байхад 21 цагийн үед эхэлж орж ирсэн 3 залуу дээр зүс таних Е /урьд нь манай захиалга өгч байсан учраас нэрийг нь мэднэ/ саарал куртиктэй, цагаан өнгийн футболктой, хар өнгийн гуталтай халамцуухан залуу орж ирээд тэдний ширээнд суусан. ...Тэгээд Ж тек дээр ирээд надаас “гал байна уу” гэж асуусан. Тэр үед Е нь Жыг “хөөе хөөе нааш ир” гээд казахаар дуудсан. Тэрийг нь Ж ойлгохгүй “юу гэсэн үг юм бэ” гэж хэлэхэд Е түүн рүү архины бөглөө шидсэн. Тэр үед нь Ж түүнд “чи хэн юм бэ, яагаад байгаа юм” гэхэд Е нь “хэн байсан нь чамд ямар хамаатай юм бэ, хаана байгаагаа мэдэж байгаа юм уу” гээд сууж байсан ширээнээсээ босоод хүрч ирээд Е, Ж нар нь хоорондоо заамдалцсан. Тэр үед Ж ахтай хамт ирсэн 2 залуу болон сүүлд орж ирсэн залуугийн хамт Жыг салгаж аваад ширээндээ суулгасан.
Тэгээд тэд нарыг ширээн дээрээ сууж байхад Е нь тэдэн рүү ундааны сав шидсэн гэхдээ тэднийг оноогүй. Тэр үед нь Ж ширээнээсээ босоод “чи яах гээд байгаа юм бэ “гээд текний урд ирсэн. Тэр үед Е нь баруун гартаа архины шил бариад текний урд хүрч ирээд дахиад хоорондоо заамдалцаж бие биеийгээ түлхэж байгаад Е нь гартаа барьж байсан архины шилээ хоосон ширээн дээр цохиж хагалчхаад Жтай хэрэлдээд зогсож байхад Жын ширээнд сүүлд ирсэн залуу нь тэр хоёрыг салгахаар ирсэн тэр үед нь Е нөгөө залууг гартаа барьсан хагарсан архины шилээр толгой руу нь цохисон. Тухайн үед Жтай хамт эхэлж ирсэн хоёр залуугийн өндөр нь хүрч ирээд Е, Ж хоёрыг салгаад хамт сууж байсан залуучуудад нь тэр хүнээ очиж аваач гэхэд нөгөө 3 залуу наад хүн чинь бидэнд хамаагүй манай дээд төгсөлтийн ах учраас өөрөө учраа олох байх гээд тоохгүй байсан. Тэгээд Ж болон хамт ирсэн өндөр залуу нь Еы гараас хагарсан архины шилийг салгаж аваад намайг цагдаад дуудлага өг гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн юм. Цагдаа нар 10 орчим минутын дараа ирээд Еыг цагдаа руу аваад явсан. Харин Ж болон хамт ажилладаг 2 залуу болон сүүлд ирсэн залууг Еыг авч явах гэж ирсэн өндөр нуруутай 30-35 орчим насны ах эмнэлэгт хүргэж өгөхөөр аваад явсан болсон явдал энэ юм....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал),
2.9. Гэрч Е. ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр орой 17 цагаас шөнийн 02 цаг хүртэл шөнийн эргүүлтэй байсан ба хамтран гүйцэтгэгч ахлагч Г.Менгийн хамтаар Өлгий сумын нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байхад 23 цаг өнгөрч байхад жижүүрээс Цамбагарав пабд зодоон гарч байна гэсэн дуудлага ирсэн. Тухайн дуудлагад а/ч Г.Мейн хамт очиход эргүүлийн нөгөө чиглэл болох а/ч З.Ак, а/а Х.С нар ирчихсэн байсан. Тэгээд бид дөрвүүлээ хамт Цамбагарав паб руу орсон. Тухайн паб руу ороход зүс таних Е нь саарал өнгийн куртиктэй согтуу гартаа Jack Daniels вискиний хоосон шил барьчихсан байдалтай 2-3 монгол залуучуудтай хэрэлдэж байхаар нь гарт нь байсан вискиний шилийг авсан. ...Би харин паб дотор духандаа гэмтэл авсан залууг эмнэлэгт очих хэрэгтэй байх гээд Етай хамт явж байсан гэх А.Досаны “Тоёота алфард” загварын саарал өнгийн тээврийн хэрэгсэлд духандаа гэмтэл авсан залуу болон гар нь зүсэгдсэн гэх залуугийн хамт суулгаад эмнэлэг рүү явуулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дахь тал),
2.10. Гэрч А.Ды мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би С.Елнур, А.Д хоёрыг дагуулаад Цамбагарав паб руу очсон. Паб руу эхлээд С.Елнур, дараа нь миний бие тэгээд А.Д орсон. Бид гурав паб руу ороход Е пабын баруун талын буланд танихгүй 3 залуутай сууж байсан. Биднийг Ж.Е руу очиж байхад зүүн талын булангийн ширээнээс хар футболктой монгол залуу Ж.Е руу нэг зүйл шидсэн. Яг юу шидсэнийг хараагүй стакан юм уу ус, ундааны сав ч юм уу нэг зүйл шидсэн. Тэгээд, Ж.Е ширээнээсээ босож ирээд тэр хоёр пабын голд заамдалцаж зууралдаж байхад нөгөө хар футболктой залуу Ж.Еы нүүр рүү нулимж тэр хоёр зууралдаад газарт унасан. Тэгтэл нөгөө залуу Ж.Еыг газарт унагаагаад дээрээс нь дарж авсан гэхдээ хэн хэнийгээ хэрхэн яаж зодсоныг нь хараагүй бие биеийгээ зодоод байсан зүйлгүй зууралдаад унасан. ...Тэгээд би Ж.Еыг нөгөө хар футболктой залуугаас салгаж аваад баруун талын ширээ рүү очоод зогсож байхад цаад талаас нь нэг залуу толгой хагарчихлаа гээд толгойгоо бариад гараад ирсэн. Тэр үед нь би хаалга барьж байсан залууд энэ залууг эмнэлэгт хүргэе гэхэд нөгөө залуу нь цагдаа ирэх хүртэл хэн ч гарахгүй гэж хэлээд гаргаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал),
2.11. Гэрч Г.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгэхээр нь Э.Т маргалдах чимээгээр Д.Жын араас очсон. Би Ц.ЦогЖтай хамт түүний араас очиж байхад архины шил хагарах чимээ гарч Э.Т гараараа толгойгоо бариад толгой хагалчихлаа гээд хойшоо алхаад ирсэн. Харин текний хажууд Д.Ж нөгөө залуугийн баруун гартаа архины хагарсан шил барьсан байсныг салгах гээд зууралдаж байсан. Би тэр хооронд дотор талын хаалгыг нь хаагаад бармен эмэгтэйд цагдаа дууд гэж хэлээд цагдаа иртэл хэн ч гарахгүй, хэнийг ч оруулахгүй шүү гээд хаалга хаасан. Тэгээд Д.Ж түүнийг гарт байсан шилийг салгах гэж байгаад гараа зүсүүлсэн байсан ба тэр үеэр нөгөө танихгүй залуутай хамт явж байсан найзууд нь Д.Ж тэр хоёрыг салгаад холдоцгоосон. Цагдаа ирэх хүртэл би хаалганы урд зогсож байсан. Цагдаа ирээд бүх асуудлыг шийднэ гэхэд нөгөө залуу “цагдаа, шүүхээ дууд надад хамаагүй” гэж орилоод өөрийн өмсөж явсан цагаан өнгийн футболкийг тайлаад гартаа бариад өөрсдийнхөө сууж байсан ширээнээс вискиний шилийг футболкоороо ороож гартаа бариад “та нар хаана байгаагаа мэдэж байна уу, та нар монголчууд шүү” гэж орилоод байсан. Тэр хооронд ямар нэгэн зодоон болоогүй. 10-15 минутын дараа 3-4 цагдаа ирээд нөгөө залууг цагдаагийн газар руу авч явсан. Харин Д.Ж, Э.Т нарыг эмнэлэг рүү хүргэхээр явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал),
2.12. Гэрч Г.Мйн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Уг дуудлагад а/а Е.Аийн хамт очиход эргүүлийн нөгөө чиглэл болох а/ч З.Арманбек, а/а Х.Санах нар ирчихсэн байсан. Тэгээд бид дөрвүүлээ хамт Цамбагарав паб руу ороход зүс таних Ж.Е нь саарал өнгийн куртиктэй, согтуу, гартаа Jack Daniels вискиний хоосон шил барьчихсан байдалтай 2-3 монгол залуучуудтай хэрэлдэж байхад а/а Е.А түүн дээр очиж гарт нь байсан вискиний шилийг авч, а/ч З.А, а/а Х.С бид гурав түүнийг авч гараад цагдаагийн газарт хүргэсэн.
Ж.Еыг Цамбагарав пабаас а/а Х.Санах бид хоёр аваад гарсан. Үүдний коридорт муудалцсан, хүмүүстэй зодолдсон асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дахь тал),
2.13. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч, цагдаагийн хошууч К.Хтын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаартай “...1. Д.Жын биед баруун гарын долоовор хурууны 1 шивнүүрийн үений доод хэсэгт оёдол тавьсан шархтай, баруун талын дунд хурууны өндөг хэсэгт оёдол тавьсан шархтай, баруун гарын алганд зүсэгдсэн шархтай, баруун гарын долоовор хурууны 2 дугаар шивнүүрийн үед шархтай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 1-7 хоногт үүссэн шинэ гэмтлүүд байна. 3. Д.Жын дээрх гэмтлүүд ерөнхий хөдөлмөрлөх чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4. Гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 55-56 дахь тал),
2.14. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч, цагдаагийн хошууч К.Хын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаартай “...1. Э.Тийн биед тархины доргилт, хамрын нурууны мурийлттай, духны зүүн дээд хэсэгт оёдолтой зүсэгдсэн шархтай, хавдартай, зүүн талын хөмсөгний зүүн талд оёдолтой, зүсэгдсэн шархтай гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 1-7 хоногт үүссэн шинэ гэмтлүүд байна. 3. Э.Тийн дээрх гэмтлүүд ерөнхий хөдөлмөрлөх чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 4. Гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 64-65 дахь тал),
2.15. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, цагдаагийн дэслэгч Х.Е-н 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 49 дугаартай “...Ж.Еы биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 73-74 дэх тал),
2.16. Яллагдагч Ж.Еы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “.....Миний бие 2022 оны 12 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед Өлгий сумын төв талбайд А.Досаны машин дотор А.Д, С.Е нарын хамт сууж байгаад би ганцаараа машинаас буугаад Өлгий сумын 5 дугаар багт байрлах Цамбагарав паб руу орсон. Би А.Д, С.Е хоёртой талбай дээр уулзахаасаа өмнө 1 шил архи уучихсан байсан. Тухайн паб руу орж байхдаа гадна хаалга дээр утсаар ярих гэж байсан залуутай мөрөөрөө шүргэлцээд орсон. Тэгээд цааш нь пабын дотор ороход зүүн талын ширээн дээр зүс таних 3 залуу сууж байхаар нь очиж мэндлээд тухайн ширээн дээр суусан. Тэгээд тэдэнтэй юм яриад сууж байхад нөгөө үүдэнд тааралдсан залуу орж ирж байхаар нь би түүн рүү очоод “чи сая үүдэнд яагаад намайг мөрлөсөн бэ” гэж асуухад “би тагнуулд ажилладаг ,чи хэн бэ” гэж дайраад бид хоёр хэрэлдэж байгаад буцаад ширээ ширээндээ суусан. Тэгээд ширээндээ суусны дараагаар нөгөө залуу надад чамайг эндээс мөлхүүлээд гаргана гэхээр нь би ширээн дээр байсан ундааны шилэн стаканыг тэр залуу руу шидсэн. Тэгээд малгайтай том улаан хамартай буюу надтай анх маргалдсан залуу хүрч ирээд тагнуулд ажилладаг юм гэж хэлээд миний нүүр рүү шүлсээ хаясан. Тэгэхээр нь би уурлаад түүний нүүр рүү баруун гараараа нэг удаа цохисон. Тэр үед нөгөө залуу миний нүүр рүү баруун гараараа хамар руу нэг удаа цохисон. Тэр үед миний хамраас цус гараад хамраа барьж байхад миний зүүн талын гуя руу баруун хөлөөрөө өшиглөх үед би газарт унасан. Тэр үед нөгөө залуу миний дээр гарч суусан. Тэгээд би түүнийг өөр дээрээс буулгаад босож ирээд куртикээ тайлаад хамт сууж байсан залуучуудын ширээн дээр байсан вискиний шилийг гартаа бариад байж байхад найз А.Досан миний гараас вискиний шилийг авч хувцсыг өмсүүлээд цагдаа дуудчихсан байна гэсэн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 90-91 дэх тал),
2.17. Хохирогч Э.Тийн хохирол нэхэмжилсэн баримтууд (хавтаст хэргийн 26 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.18. Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
1. Шүүгдэгч Ж.Еы иргэний үнэмлэх болон тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 95-96 дахь тал),
2. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн тодорхойлолт (хавтаст хэргийн 94 дахь тал) зэрэг болно.
3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 98-100 дахь тал)
4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 101 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.19. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
3.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирогч Д.Ж, Э.Т, гэрч Ц.ЦогЖ, Б.Ү, Е.А, А.Д, Г.Д, Г.Ми, яллагдагч Ж.Е нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, (хавтаст хэргийн 7, 10, 33-34, 37-38, 40, 44, 46, 48, 50, 52, 55, 56, 64-65, 73-74, 90-91 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 23 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаарт багт үйл ажиллагаа явуулдаг “Цамбагарав ресторан, паб”-ын 1 давхарт байрлах паб дотор шүүгдэгч Ж.Е нь согтуугаар хохирогч Д.Жтай “хаана байгаагаа мэдэж байна уу” гэх шалтгаанаар маргалдах явцдаа хохирогч Э.Тийн толгой руу архины шилээр цохиж, улмаар хохирогч Д.Жтай зодолдож түүний гарын алга, долоовор, дунд хурууг архины шилээр зүсэж, хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдож байна.
4.1.Шүүгдэгч Ж.Е шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримттай маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.
4.2 Шүүгдэгч Ж.Еы согтуугаар үл ялиг зүйлээр шалтаглан хохирогч Э.Т, Д.Ж нартай зодолдож, тэдгээрийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хохирогч нарын халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэм буруутай үйлдэл гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
4.3. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаардаг ба хохирогч Д.Жын биед нь учирсан баруун гарын долоовор хурууны 1 шивнүүрийн үений доод хэсэгт оёдол тавьсан шарх, баруун талын дунд хурууны өндөг хэсэгт оёдол тавьсан шарх, баруун гарын алганд зүсэгдсэн шарх, баруун гарын долоовор хурууны 2 дугаар шивнүүрийн үед шарх гэмтэл, хохирогч Э.Тийн биед учирсан тархины доргилт, хамрын нурууны мурийлт, духны зүүн дээд хэсэгт оёдолтой зүсэгдсэн шарх, хавдар, зүүн талын хөмсөгний зүүн талд оёдолтой зүсэгдсэн шарх зэрэг гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж дүгнэлээ. (хавтаст хэргийн 55-56, 64-65 дахь тал),
4.4. Шүүгдэгч Ж.Е нь хохирогч Д.Ж, Э.Т нарыг зодож, тэд нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу “хоёр” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзнэ.
4.5. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон шүүгдэгч Ж.Е үйлдсэн гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан, прокуророос түүний үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.
4.6. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хохирогч нарын эрх чөлөөнд халдаж, гэмтэл учруулан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
4.7. Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн нэхэмжилсэн хор уршгийг төлсөн, прокурорын сонсгосон торгох ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон учраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
4.8. Хэрэгт цугларсан, согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэлээр шүүгдэгч Ж.Еы амьсгал дахь спиртийн агууламж 1.57 хувь гарч, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдсон тул түүнийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. (хавтаст хэргийн 10 дахь тал),
4.9. Иймд шүүгдэгч Ж.Еыг хохирогч Д.Ж, Э.Т нарыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хоёр хүний хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
4.10. Шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
5.1. Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ж, Э.Т нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж учруулсан хор уршгийг гаргуулан хохирогч нарт олгох нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.
5.2. Хохирогч Э.Төд учирсан хор уршиг буюу эмчилгээний зардлыг шүүгдэгч Ж.Е төлж барагдуулсан нь хохирогчийн “300,000 төгрөгийг 17 цаг 29 минутад шилжүүлж хохирлыг барагдуулсан. ...Би шүүх хуралдаанд оролцохгүй, надад хохиролтой холбоотой маргаан байхгүй...” гэсэн мэдүүлгээр (хавтаст хэргийн 40 дэх тал) тогтоогдож байна.
5.3. Харин хохирогч Д.Ж нь хор уршиг нэхэмжилсэн нотлох баримтаа гаргаж ирүүлээгүй, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн материалтай танилцахдаа “нэхэмжлэх зүйлгүй” гэж хүсэлт гаргасан учраас түүнийг шүүгдэгчээс хор уршиг нэхэмжлээгүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүгдэгч Ж.Еыг шүүхээс “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
2.2. Шүүгдэгч Ж.Е урьд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байгаа ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. (хавтаст хэргийн 98-101 дахь тал)
2.3. Улсын яллагч шүүх хуралдаанд “шүүгдэгч Ж.Еыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгийн торгох ял оногдуулах саналтай” гэсэн дүгнэлтийг гаргав.
2.4. Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Еыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
2.5. Шүүгдэгчийн эрхэлсэн ажилгүй гэх хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулах нь зүйтэй.
3. Бусад асуудлын талаар:
3.1. Энэ хэргийн учир шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.
3.2.Шүүгдэгч нь хохирогч Э.Төд гэмт хэргийн хор уршигт 300,000 төгрөгийн төлсөн, хохирогч Д.Ж нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг, эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тургийн овогт Жн Еыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Еыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Ж.Ед оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ялыг 8 (найм) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ж.Ед сануулсугай.
5. Шүүгдэгч Ж.Е нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. 2313000000019 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хурааж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, хохирогч Э.Төд гэмт хэргийн хор уршигт 300,000 төгрөгийг төлсөн, хохирогч Д.Ж нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.Б