| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2023/0048/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/49 |
| Огноо | 2023-01-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Сонинмөнх |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:176/2023/0048/Э
Төв дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,
улсын яллагч Ц.Сонинмөнх,
шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б.Ат холбогдох эрүүгийн ___ дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Тонхил суманд 1979 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт ______
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.А нь 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагийн үед Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Нарийн дулаан” гэх газарт нутаглах өөрийн эхнэр болох Д.Дын баруун нүдний ухархайн хананы хугарал бүхий гэмтэл учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Б.А:
...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн ___ дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Б.Аын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагийн үед Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Нарийн дулаан” гэх газарт өөрийн эхнэр болох Д.Дын баруун нүдний ухархайн хананы хугарал бүхий гэмтэл учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11 дугаартай ...Д.Дын биед баруун нүдний ухархайн хананы хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун хацар, цээжинд цус хуралт, баруун нүдний зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх баруун нүдний ухархайн хананы хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т эрүүл мэндийг нь түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний зовхинд цус хуралт, баруун хацар, цээжинд цус хуралт, баруун нүдний зовхи, баруун хацарын зөөлөн эдийн няцралт нь тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... талаарх дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
хохирогч Д.Дын ...Манай нөхөр Алтайбаатар бид хоёр гар булийн маргаанаас үүдээд хэд хоногийн өмнөөс эхлээд хоорондоо маргалдаад байсан. 2022 оны 12 дугаар сарын 11-ний шөнө намайг хүргэн Давааням болон найз Дүгэрээтэйгээ хардаад хэрүүл хийгээд унтуулахгүй байсан. Миний 5 настай хүүхэд айгаад байсан учраас тиймээ тийм зүйл болсон би Даваанямтай унтчихсан юм гэж хэлээд унтуулсан. Маргааш өглөө буюу 2022 оны 12 дугаар сарын 12-ны өглөө 08 цагт босоод галаа түлж байхдаа одоо уур нь гарчихсан байх гэж бодоод нөхөртөө би Даваанямтай унтсан зүйл байхгүй шүү өчигдөр чамайг хэрүүл хийгээд уурлаад унтуулахгүй байхаар нь тэгээд хэлчихсэн юм аа гаж хэлэхэд чи тэгэж хэлчихээд одоо юу гээд худлаа яриад байгаа юм бэ гээд намайг зодсон манай хүүхэд уйлаад байхаар нь намайг гарч үхэр саа гээд гаргасан. Тэгэхээр нь би гарч яваад үхрээ хураагаад ирж байхад урдаас ирээд гадаа 2-3 удаа цохисон Тэгээд би цагдаад дуудлага өгсөн... /хх-ийн 15-17 дугаар хуудас/,
гэрч Б.Аын ...Би 2022 оны 12 дугаар сарын эхээр гэртээ ганцаараа байсан манай эхнэр Заамар сумын Төвд байх гэртээ байсан тухайн өдөр манай саахалт айлын Дүгэрээ гэх хүн идшээ хийж байсан би очиж идэш хийлцсэн тэгээд миний утас байхгүй байсан болохоор Дүгэрээгийн утсыг нь аваад хонь руугаа явсан Тэгээд тэгээд эхнэр лүүгээ залгах гээд утас руу нь харахад манай эхнэр хөдөө гэрээсээ сумын төвд байдаг гэр лүүгээ явсан өдрөөсөө эхлээд өдөр болгон шөнө оройгүй ярьсан байсан тэгээд би буцаж очоод Дүгрээгийн утсыг нь агсан гэртээ ирээд байж байхад манай эхнэр ирсэн тэгээд надаас чи Дүгэргийн гэрээр очив уу тэднийхээр юу байна гэх зэргээр надаас асуугаад байхаар нь чи юу яриад байгаан эндээс явсан өдрөөсөө хойш өдер болгон Дүгэрээтэй утсаар явсан байна гэж хэлэхэд би мэдэхгүй юу яриад байгаан хүүхэд аваад залгасан юм байлгүй гээд байсан, тэгэхээр нь би чи наад утсаа егеедех гээд утсыг нь үзэхэд залгасан дугааруудаа бүгдийг нь устгасан байсан, тухайн үед Дүгэрээгийн эхнэр Улаанбаатар хот явсан байсан бөгөөд тухайн шене ирсэн ингээд би хардаад уурлаж байгаад тухайн өдөр өнгөрсөн маргааш өглөө нь манай эхнэр Долгор надад би Дүгэрээтэй утсаар ярьсан надад хайртай сэтгэлтэй байсан гэж надад хэлсэн гэж надад манай эхнэр хэлсэн, тэгээд би тухайн өдөр юу болж байгаан найз нөхөд улсууд байж гэж хэлж уурлаж байгаад үхэртээ явсан үхэрт явсан хойгуур Дүгэрээ ирсэн байсан манай энхэр би Дүгэрээд болсон асуудлын талаар хэлсэн гэхээр нь юу гэж байна гэхэд Дүгэрээ өө тийм үү би найздаа дараа нь ойлгуулаад хэлчихнэ гээд явсан байсан тэгээд дараа нь би Дүгэрээтэй уулзаад яасан болсон асуудлын талаар хэлэхэд тоохгүй байсан манай эхнэрт битгий хэлээрэй гээд байсан тэгээд би эхнэрт нь болсон асуудлын талаар хэлсэн үүний дараа эхнэр нь уурлаж бүүр сүүлдээ над руу манай эхнэр лүү дайрсан тэгээд тайвраад бид дерев ойлголцсон үүний дараа би эхнэртэйгээ тэдний гэрт очих, манай гэрт тэр хоёр ирэх болгонд Дүгэргйин эхнэр хэрүүл магаан үүсгээд байсан тэгээд эхнэр бид хоёр найз нөхдөө больё гээд байж байхад манай эхнэр сандраад байсан тэгэхээр би чи яагаад сандраад байгаан нуусан юм байгаа юм уу гэхэд манай эхнэр Догор нуусан юм байгаа би Дүгэрээтэй энэ намаар хойш уулзаж утсаар ярьж байгаа гэж хэлсэн гэхдээ бид хоёрын хооронд ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлсэн үнээс хойш 2022 оны 12 дугаар сарын 11-ны өдөр гэртээ байж байхад манай эхнэр Долгор ярилцаад байж байхдаа би чамд бүгдийг нь хэлье би танай дүү Амаржаргалын нөхөр Даваанямтай 2015 оны зун нэг удаа зуслан дээр нэг удаа бэлгийн харьцаанд орсон гэж хэлсэн тэгээд би чи яаж байгаан ямар шалтгаантай юм гэх зэргээр ярилцаж байгаад уг асуудлаас болж маргааш өглөө нь буюу 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Долгор бид хоёрын хооронд болсон асуудал үүссэн... /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,
яллагдагч Б.Аын ...Би 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Тосон 1-р багт байрлах гэртээ эхнэр Д.Дтой хэрүүл маргаан хийж улмаар зүүн гараараа баруун шанаа хэсэгт нь 2 удаа алгадаж, баруун хөлийн шилбэ хэсэг нь нэг модны хугархайгаар цохиж гэмтэл учруулсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 52-53 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.Аын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 36, 58 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Б.А нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Аыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Ц.Сонинмөнх:
...Шүүгдэгч Б.А нь 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Тосон 1-р багын нутаг дэвсгэр "Нарийн дулаан" гэх газарт нутаглах өөрийн эхнэр болох Д.Дын баруун нүдний ухархайн хананы хугарал бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох тогтоогдож байна. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болохыг тус тус дурдаж байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.А:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Б.А маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.А нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.А нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан гэмт хэргүүд гэдэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор заасан.
Шүүгдэгч Б.Аын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.
Үүнээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэсэн гэмт хэрэг нь бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.
Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотно хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Дээрх хүндрүүлэх шинжүүдээс “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн шинжийг хуулийн нэр томьёоных нь хувьд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2.“гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг;
3.1.3.“гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг;
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1."гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;
5.1.2."гэр бүлийн хүчирхийллийн хохирогч" /цаашид "хохирогч" гэх/ гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг;
5.1.6."хамтран амьдрагч" гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг;
хэлбэрийнх нь хувьд 6.1.1.бие махбодын хүчирхийлэл; 6.1.2.сэтгэл санааны хүчирхийлэл; 6.1.3.эдийн засгийн хүчирхийлэл; 6.1.4.бэлгийн хүчирхийлэл гэсэн байдлаар тус тус ойлгож хэрэглэхээр зааж өгсөн.
Үүнтэй холбоотойгоор Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, гэр бүлийн гишүүдийн эсрэг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хэлбэрүүдийн аль нэг хэлбэрээр үйлдэгдэж байгаа гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан бол гэмт хэрэг гэж үзнэ.
Тухайлбал шүүгдэгч Б.А нь эхнэр Д.Дын биед баруун нүдний ухархайн хананы хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун хацар, цээжинд цус хуралт, баруун нүдний зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцралт бүхий гэмтлүүдийг цохиж зодсоны улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учруулж байгаа үйл баримт нь гэмт хэрэг юм.
Тэрээр шүүгдэгчийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний биед хүч хэрэглэн халдаж, зодож цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хүч хэрэглэн зодож цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд баруун нүдний ухархайн хананы хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун хацар, цээжинд цус хуралт, баруун нүдний зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Аын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Дын биед баруун нүдний ухархайн хананы хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун хацар, цээжинд цус хуралт, баруун нүдний зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Д.Д нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 64 дүгээр хуудсанд авагдсан хохирогч Д.Дын хүсэлт, 62 дугаар хуудсанд авагдсан хохирогч Д.Дт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, мөн шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Ц.Сонинмөнх:
“....Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.А нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мнэдэд хөнгөн хохирод санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж хохирогчтой эвлэрсэн зэрэг байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчид оногдуулсан 600,000 төгрөгний торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.А:
...байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.
Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.
Иймд шүүгдэгч Б.Аыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Харин прокурор зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар санал гаргаагүй байх тул шүүх шүүгдэгч Б.Ат торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн ___ дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.А энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөхгүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Ат шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн ___ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.А энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН