Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 206

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2016/0213/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг, Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Баттамир, Хохирогч Д.*****, *****, Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Баярмаа, Насанд хүрээгүй шүүгдэгч****ийн хууль ёсны төлөөлөгч*****, Насанд хүрээгүй шүүгдэгч *****ийн хууль ёсны төлөөлөгч *****, Шүүгдэгч *****, насанд хүрээгүй шүүгдэгч *****,**** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч*****, насанд хүрээгүй шүүгдэгч ******, *****нарт холбогдох эрүүгийн 201609000430 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,*****, 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсрол, мэргэжилгүй, хэрэгт татагдахын өмнө эрхэлсэн тодорхой ажилгүй эмээгийн хамт Дархан-Уул аймгийн **** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд: 1.2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж түүний биечлэн эдлэх ялыг 3 жилийн хорих ялаар тогтоож, хорих ялыг насанд хүрээгүйчүүдын жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, 2.2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Сум дундын 7 дугаар шүүхийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар 2 сарын баривчлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хорих ялаар тогтоож, 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 3.2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Сум дундын 7 дугаар шүүхийн 111 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т заасныг журамлан 6 сарын баривчлах ял дээр 2014.6.16-ны өдрийн Сум дундын 7 дугаар шүүхийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялын заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хорих ялаар тогтоосныг, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.05-ны өдрийн 405 дугаар шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 23 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ТА94122537 регистрийн дугаартай. Монгол Улсын иргэн, *****, 2001 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн *******орцны жижүүрийн байранд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Үүнд: 1.2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил 6 сар хорих ялаар шийтгэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай. Монгол Улсын иргэн, *****, 2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 15 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 9, эцэг, эх, ах, эгч, 4 дүүгийн хамт Дархан-Уул аймгийн *****тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,  регистрийн дугаартай. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч *****,**** нар нь бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө 04 цагийн үед Дархан-Уул аймгийн*******тоотод үйл ажиллагаа явуулах***** эзэмшлийн “Өгөөж-Ирээдүй” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж 600 000 төгрөг хулгайлсан, Шүүгдэгч *****,**** нар нь бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн ****** байрны гадна байсан ***** улсын дугаартай Toyota landcruiser-80 маркийн автомашины хойд талын цонхоор нэвтрэн орж дотроос нь архи, пиво зэрэг хүнсний бүтээгдэхүүн хулгайлж 303 600 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч *****ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би хэрэг үйлдсэн он сарын тодорхой санахгүй байна тэр орой 23 цагийн орчим үйлчилгээний төв дээр *****тэй таараад хаачих гэж байгаа юм гэж надаас асуухаар нь би дэлгүүр орж гөөхий авч идэх гэж байна гээд хамт явахаар болоод ***** дүгээр байранд нэг дэлгүүрээс надад байсан мөнгөөр гөөхий авч бид 2 хувааж идсэн. Тэгээд ***** бид 2 явж байгаад өөр онгорхой дэлгүүр байна уу гээд явж байтал өөр онгорхой дэлгүүр байхгүй байсан. Тэгтэл нэг хаалттай дэлгүүр байсан цонхны решотик төмөрөөс нь татаж үзэхэд сул байхаар нь би гараараа бариад нааш, цааш нь төмрийг хөдөлгөсөн чинь гагнаас нь салсан тэгэхээр нь тэр төмрийг авч хажуугийн төмрийг хөшсөн тэр салсан төмрийг цааш нь шидчихээд вакум цонхыг цааш нь түлхсэн чинь цонх онгойсон тэгэхээр нь хамгаалалтыг нь түлхэж байгаад цонхоор би эхэлж ороод миний араас ***** орж ирсэн тэр дэлгүүрлүү ороход багц ундаа харагдаж байсан өөр юу байсаныг мэдэхгүй байна харанхуй жижиг өрөө байсан цаашаа дэлгүүр нь байсан эхлээд ***** мөнгө рүү орох гэхээр нь би *****ийг наанаа хүн хараад байж бай гэж цонхны дэргэд үлдээсэн. Би бэлэн мөнгийг нь аваад цааш явахдаа лангуун дээр байсан зүйлээс, чихэр, боов, ундаа авсан. Өөр зүйл аваагүй буцаад цонхоор гарч цааш бид хоёр “380” тийш явж байгаад нэг сааданд очиж суугаад авсан ундаа, чихэр, боовоо идээд мөнгөө тоолж үзэхэд 623 000 төгрөг байсан тэр 623 000 төгрөгийг бид 2 хувааж авсан. Би тэр мөнгөнөөс 300 000 төгрөгийг аваад үлдсэн мөнгийг нь *****эд өгсөн тэндээс бид хоёр салж явсан гэх мэдүүлэг Насанд хүрээгүй шүүгдэгч *****ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байсан санагдаж байна. Би дээрхи өдөр найз *****ийн хамтаар явж байгаад Компорт зочид буудлын хогийн цэгээс ус ундаа олж уучихаад цааш Үйлчилгээний төв орох гээд хуучин хорооллын 6 дугаар байрны хойд талын буланд явж байсан чинь жийп маркийн машин зогсож байхаар нь бид хоёр тухайн машины ар талын цонхыг нь хөшсөн чинь цонх нь хагарчихсан. Тэгээд *****ийг энэ машин руу орчих гэсэн чинь ***** надад би энэ машин дотор орохгүй гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би өөрөө тухайн машин дотор ороод *****ийг байрны булангаас хүн харж байгаарай гээд машины хагархай цонхоор машин дотор орсон. Тэгээд би машин дотроос 48 ширхэг сэнгүр нэртэй лаазтай пиво, 0.75 литрийг экс нэртэй архи 4 шил, Сэлэнгэ нэртэй архи 1.5 литрийн хэмжээтэй ундаанаас 2 ширхэг, спрайт нэртэй 2 литрийн хэмжээтэй ундаанаас 2 ширхэг мөн машины урд талын суудал дээр байсан хэтэвч дотроос 15 000 төгрөг тус тус аваад машины цонхоор *****эд авсан эд зүйлээ дамжуулж өгсөн. Тэр үед би цүнхэн дотор өөрийн өмсөж байсан хувцас, гар утас зэрэг эд зүйлээ хийгээд авч явж байсан цүнхнээсээ хувцас гар утсаа машины хажууд гаргаж хаяад цүнхэн дотроо хулгайлсан 4 шил архиа хийгээд ***** архитай цүнхээ үүрээд пивоо 2 талаас нь дамжлаад ундаануудаа гартаа бариад хуучин хорооллын 9 дүгээр байрны орцны жижүүр хийдэг *****гэж дууддаг эгчид архи пивыг бүгдийг нь өгсөн гэх мэдүүлэг, Насанд хүрээгүй шүүгдэгч****ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 8 дугаар сарны 05-06-нд шилжих шөнө 03-04 цагийн үед жижиг шар буюу /*****/-тай хамт*****байранд байх хүнсний дэлгүүрийн ар талын илүү гарсан өрөгтгөлийн цонхны төмөр хамгаалалтыг доороос нь татахад сул байхаар нь татаж байгаад хамгаалалт төмрийн доороос нь сөхөөд вакум цонхыг жижиг Шар цааш нь түлхэж онгойлогоод бид хоёр цонхоор ороход эхний орсон өрөө агуулах байсан. Би тэр өрөөнд үлдээд гадагшаа цонхоор хүн харсан, жижиг Шар болохоор цаашаа дэлгүүррүү ороод хэсэг хугацааны дараа гарч ирээд хуучин Дархан руу явсан. Мөнгийг жижиг Шар тоолоод хэдэн төгрөг байгааг хэлээгүй, надад 300 000 төгрөг өгсөн. Тэгээд бид 2 салаад явсан. Би 300 000 төгрөгөөрөө “РС” тоглоом тоглоод дуусгасан гэх мэдүүлэг, Хохирогч***** мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 8 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө 04 цагийн үед гэртээ унтаж байхад нөхөр*****утсаар яриад дэлгүүрт хулгай орсон юм шиг байна дэлгүүрийн урд хаалган дээр хүрээд ир гэсэн. ...Намайг харахад дэлгүүрийн хаалга бүтэн цоожтой байсан. Урд хаалгаа түлхүүрээр онгойлгоод ороход бараа хэвээрээ хөдөлсөн зүйлгүй байхаар нь мөнгөний касс руу харахад нүдий нь суга татаж газарт унагаад мөнгийг нь аваад явчихсан байсан. Тухайн алдагдсан өдрийн орлого 600 000 орчим төгрөг, мөнгөний саванд 37 000 төгрөг үлдсэн байсан. Шүүгдэгч нараас 600 000 төгрөг нэхэмжилж байгаа үүнээс шүүгдэгч *****ийн хууль ёсны төлөөлөгч *****гаас 150 000 төгрөг авсан гэх мэдүүлэг /хх-ийн 58-р хуудас/, Хохирогч *****гийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байсан санагдаж байна. Маргааш өдөр нь манай байгууллагын цахилгаан эрчим хүчний ажилчдын баяр болох гээд манай байгууллагын ажилчид салхинд гарч хэрэглэх хүнсний эд зүйлүүдээ аваад миний машинд хийсэн байсан. Тэгээд би шөнийн 01:00 цагийн орчим ажлаасаа буугаад машинаа *******дугаар байрны баруун хойд талын буланд байрлуулаад гэртээ орж амарсан. Манай гэр хуучин хорооллын 6 дугаар байранд байдаг. Тэгээд би өглөө нь 07:30 цагт ажилдаа явах гээд машин дээрээ очсон чинь миний машины баруун хойд талын салхины шил хагараад газар уначихсан байдалтай машин доторхи эд зүйлээ бүртгээд үзсэн чинь манай ажилчдын салхинд гарахдаа хэрэглэх ёстой байсан 0.75 литрийн экс нэртэй архи 4 шил, сэрүүн нэртэй 48 ширхэг лаазтай пиво, 2 литрийн sprite нэртэй ундаа, 1.5 литрийн Сэлэнгэ нэртэй ундаа 2 ширхэг, миний хэтэвч дотор байсан бэлэн 15 000 төгрөг зэрэг эд зүйл алдагдсан байсан. Дээрх алдагдсан эд зүйлсийг өөрийн цалин дээрээс хувиараа төлж барагдуулсан. Надад учирсан бодит хохирлыг барагдуулсан тохиолдолд ямар нэг санал хүсэлт байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/, Хохирогч, иргэний нэхэмжлэгч *****ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Эрчим хүчний баяр болох гээд манай нөхрийн ажилчид баярын архи пиво дэлгүүрээс худалдаж аваад манай машины ард ачуулсан. Уг нь өдөр болгон машинаа грашид тавьдаг боловч тэр өдөр оройтож ирсэн болохоор грашид оруулаагүй байрны гадаа тавьсан. Манайх хуучин хорооллын 6 дугаар байранд амьдардаг. Маргааш өглөө нь 07:00 цагийн үед гараад очтол машины арын цонх нь хагарчихсан дотор нь байсан архи, пиво мөн түрүүвчинд нь байсан 15 000 төгрөг бүгд байхгүй болсон байсан. Манай нөхөр тэр даруй цагдаа дуудсан. Гэтэл машины доор гар утас уначихсан байсан их тухтай ухсан юм шиг санагдсан. Удалгүй хар хувцастай архи уусан бололтой гэмээр согтуу хүүхэд ирээд манай машины хажуугаар юм хайж яваад нөхөрт баригдсан байсан. Нөхрийн ярьснаар тэр хүүхэд нь одоо энэ**** гэж хүүхэд мөн юм шиг байна. Машины цонхны шил 110 000 төгрөг ажлын хөлс 40 000 төгрөг, 0.75 граммын экс нэртэй архи 4 ширхэг, сэрүүн нэртэй 48 ширхэг лаазтай пиво, 2 литрийн sprite нэртэй ундаа, 1.5 литрийн Сэлэнгэ нэртэй ундаа 2 ширхэг, миний хэтэвч дотор байсан бэлэн 15 000 төгрөг нийт 303 600 төгрөгний хохирол гарсан хохирлоо нөхөн төлүүлмээр байна гэх мэдүүлэг, Гэрч*****гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2016 оны 8 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 04:20 цагийн үед гэртээ хүүхдээ хөхүүлээд хэвтэж байхад байрны доор юм эвдэж байгаа мэт дуу гараад байсан. Би унтлагын өрөөний цонхоор харахад доор нэг давхарын байрны өргөтгөлийн цонхны торыг хоёр хүн хуулж байгаа харагдсан. Би айлын болконоор хулгай орж байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Цагдаагийн газрын хүмүүсийг ирэхийг хүлээж байгаад ирэхгүй болохоор нь нөхрийгөө сэрээгээд айлын цонхоор хулгай орж байна гэж хэлсэн. ...тэгээд нөхөр ***** босоод цонхоор хараад *****ын дэлгүүрийн цонх байна гээд *****ын дугаар луу залгаж хэлсэн. Тухайн 2 хүний нэг нь цагаан өнгийн цамцтай байсан харин нөгөөдөх нь бараан өнгийн хувцастай 20 орчим насны туранхай, 160 орчим өндөртэй хоёр эрэгтэй хүн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/, Гэрч П.*****ын мөрдөн байцаалтад өгсөн: ...би босоод жижиг өрөөний цонхоор хэсэг харсан. Цонхны байрлалыг тогтооход нэг давхарын*****ахын дэлгүүрийн цонх мөн байсан. Тэгээд*****ахын ***** гэсэн дугаар луу ярьж хэлсэн. Удаагүй 5 минутын дараа ирсэн. ...дэлгүүрээс бараа алдаагүй байна гэж ***** ярьж байсан. Дэлгүүрийн үүдний кассны хэсэгт***** ирээд мөнгөний савыг шалгахад сав нь газар уначихсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/, Гэрч*****гийн мөрдөн байцаалтад өгсөн: Миний бие *****байранд орцны жижүүр хийдэг. 2016 оны 8 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Шөнө намайг гэртээ унтаж байхад миний зүс таних *****, ***** гэж 2 хүүхэд манай гэрт ирсэн. Тэр 2 ирэхдээ 40 орчим ширхэг Сэрүүн нэртэй лаазтай пиво, 0.75 литрийн экс архи, 4 ширхэг том газтай ундаа авч ирсэн. Тэгээд би *****оос энэ юун олон архи, пиво бэ, та 2 үүнийг хаанаас авсан юм бэ гэж асуухад ***** бид 2 танайд ирж байгаад үүнийг олсон гэж хэлсэн. Мөн ***** надад 13 000 төгрөг бэлнээр өгөөд та үүгээр хоол ундны юм аваад хоол хийгээд өгөөч гэхээр нь би 24 цагийн супермаркет орж *****гийн өгсөн мөнгөөр хоолны материал аваад *****, ***** хоёрт гэртээ хоол хийж өгсөн. Ингээд *****, ***** хоёр миний хийж өгсөн хоолыг идчихээд унтаад өгсөн. Тэгээд 6 цагийн үед босоод архи, пивыг бүгдийг нь намайг ав гээд өөрсдөө ундаагаа аваад явсан. Түүнээс хойш би тэр хоёртой уулзаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/, Насанд хүрээгүй гэрч *****ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 61-р хуудас/, 201609000430 дугаартай хэргээс: хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10-р хуудас/, сэжигтний мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 90-91-р хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94, 121-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 97-101, 147-150, 102-104-р хуудас/, сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 122-125-р хуудас/, эд хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 129-р хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 133-134-р хуудас/, шүүгчийн захирамж /хх-ийн 136-138-р хуудас/, 201609000452 дугаартай хэргээс: хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5-р хуудас/, эд мөрийн баримт хураан авах тогтоол болон тэмдэглэл /хх-ийн 8-12-р хуудас/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 24-р хуудас/, хурууны хээнд хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30-р хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 64-70-р хуудас/ зэрэг болно. Шүүгдэгч *****, насанд хүрээгүй шүүгдэгч**** нар нь бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө 04 цагийн үед Дархан-Уул аймгийн***** тоотод үйл ажиллагаа явуулах***** эзэмшлийн “Өгөөж-Ирээдүй” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж 600 000 төгрөг хулгайлсан, насанд хүрээгүй шүүгдэгч *****,**** нар нь бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн *****дугаар байрны гадна байсан ***** улсын дугаартай Toyota landcruiser-80 маркийн автомашины хойд талын цонхоор нэвтрэн орж дотроос нь архи, пиво зэрэг хүнсний эд зүйл бэлэн 15 000 төгрөгийг хулгайлж 303 600 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *****, насанд хүрээгүй шүүгдэгч****, ***** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Шүүгдэгч ***** нь 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын баривчлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т заасныг журамлан 6 сарын баривчлах ял дээр 2014.6.16-ны өдрийн Сум дундын 7 дугаар шүүхийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялын заримыг буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хорих ялаар тогтоосон, уг ялаас эдлээгүй 11 сар 23 хоногийн хорих ялыг 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хэлтрүүлсэн болох нь Сум дундын 7 дугаар шүүхийн 2015.4.29-ний өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 102-104-р хуудас/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.05-нй өдрийн 405 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар /хх-ийн 136-138-р хуудас/ зэргээр тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар ялтай байдал арилаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Мөн насанд хүрээгүй шүүгдэгч ***** нь 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 2 жил 6 сар хорих ялаар шийтгэгдэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн болох нь шийтгэх тогтоолын хуулбараар /хх-ийн 64-70-р хуудас/ тогтоогдож байна. Гэмт хэргийн улмаас хохирогч *****, ***** нар нь нэг бүр нь 15 000 төгрөгийн үнэ бүхий 0.75 л Экс архи 4 ширхэг, 1450 төгрөгийн үнэ бүхий Сэрүүн пиво 48 ширхэг, нэг бүр нь 2500 төгрөгийн үнэ бүхий 2 литрийн sprite ундаа 2 сав, нэг бүр нь 2000 төгрөгийн үнэ бүхий 1.5 литрийн Сэлэнгэ ундаа 2 ширхэг, бэлэн 15 000 төгрөг, Toyota landcruiser-80 маркийн автомашины хойд талын цонхны гүйдэг шил 110 000 төгрөг ажлын хөлс 40 000 төгрөг, нийт 303 600 төгрөгийн хохирол нэхэмжилснээс насанд хүрээгүй шүүгдэгч *****,**** нар нь барагдуулаагүй байх тул тэдний хууль ёсны төлөөлөгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч нарт олгох, Хохирогч Д.*****д учруулсан 600 000 төгрөгийн хохирлоос насанд хүрээгүй хохирогч****ийн хууль ёсны төлөөлөгч***** нь хохирогчид 150 000 төгрөгийн хохирол барагдуулсан болох нь шүүх хуралдаан хохирогч Д.***** болон шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч***** нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул үлдэх 450 000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч *****аас 300 000 төгрөг, насанд хүрээгүй шүүгдэгч****ийн хууль ёсны төлөөлөгчөөс 150 000 төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн насанд хүрээгүй шүүгдэгч *****ийн ногоон өнгийн захтай футболка, хар улаан өнгийн цамц, хар улаан өнгийн цагаан захтай футболка, хар өнгийн хуванцар рамтай нүдний шил 1 ширхэг, Nokia 3310 маркийн гар утас 1 ширхэг зэргийг түүнд буцаан олгож, 1.5 литрийн Сэлэнгэ ундаа 1 сав, 2 литрийн Sprite ундаа 1 сав зэргийг устгах нь зүйтэй гэж үзлээ. Цагдаагийн байгууллагаас эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэж болзошгүй байдлыг хангах зорилгоор насанд хүрээгүй шүүгдэгч****ийн хууль ёсны төлөөлөгч*****г иргэний хариуцагчаар татан түүний эзэмшлийн 80 000 төгрөгийн үнэ бүхий ОХУлсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн Мечта маркийн хөргөгч, 100 000 төгрөгийн үнэ бүхий Хятад улсад үйлдвэрлэсэн угаалгын машин, 50 000 төгрөгийн үнэ бүхий Хятад улсад үйлдвэрлэсэн TOSHIBA маркийн зурагт зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016.10.06-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь: насанд хүрээгүй шүүгдэгч**** нь ам бүл 9-үүлээ эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, насанд хүрээгүй шүүгдэгчид ногдох эд хөрөнгөгүйгээс гадна Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд зөвхөн өөрөө хариуцлага хүлээх зарчмын дагуу гэр бүлийн бусад гишүүдэд эрүүгийн хариуцлагыг халдаан хэрэглэхийг хориглох тул нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй гэж үзэв. Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа насанд хүрээгүй шүүгдэгч****ийн 18 насанд хүрээгүй байхдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тодорхой хэмжээгээр хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч *****, насанд хүрээгүй шүүгдэгч ***** нарын үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх, шүүгдэгч *****ын ялтай байдал арилаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэнг, насанд хүрээгүй шүүгдэгч *****ийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэнг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нар нь өөрт ногдох эд хөрөнгөгүй байх тул эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хорих ял оногдуулж, насанд хүрээгүй шүүгдэгч****ийн дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ. Иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч *****ын цагдан хоригдсон 92 хоног, насанд хүрээгүй шүүгдэгч *****ийн цагдан хоригдсон 20 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох, насанд хүрээгүй шүүгдэгч**** нь 5 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно. Шүүгдэгч *****, насанд хүрээгүй шүүгдэгч**** нарт холбогдох эрүүгийн 201609000430 дугаартай хэрэгт насанд хүрээгүй шүүгдэгч *****,**** нарт холбогдох эрүүгийн 201609000452 дугаартай хэргийг нэгтгэсэн болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1.Шүүгдэгч*****, насанд хүрээгүй шүүгдэгч *****нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг, насанд хүрээгүй шүүгдэгч *****, ***** нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *****т эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих, насанд хүрээгүй шүүгдэгч****эд эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих, насанд хүрээгүй шүүгдэгч *****ийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч *****ид энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сар хорих ялаас зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *****т оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч****эд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял, насанд хүрээгүй шүүгдэгч *****ид оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг тус тус насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч****эд 2 жил 6 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг эх*****д хариуцуулсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч *****ын цагдан хоригдсон 92 /ерэн хоёр/ хоног, насанд хүрээгүй шүүгдэгч *****ийн цагдан хоригдсон 20 /хорь/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч шүүгдэгч *****аас 300 000 /гурван зуун мянга/ төгрөг, насанд хүрээгүй шүүгдэгч****ийн хууль ёсны төлөөлөгч*****гаас 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийн *****тоотод оршин суух хохирогч Д.*****д, насанд хүрээгүй шүүгдэгч *****ийн хууль ёсны төлөөлөгч *****өөс 151 800 /нэг зуун тавин нэгэн мянга найман зуу/ төгрөг, насанд хүрээгүй шүүгдэгч****ийн хууль ёсны төлөөлөгч*****гаас 151 800 /нэг зуун тавин нэгэн мянга найман зуу/ төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийн *****тоотод оршин суух хохирогч *****, ***** нарт тус тус олгосугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар иргэний хариуцагч*****гийн эзэмшлийн 80 000 төгрөгийн үнэ бүхий ОХУлсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн Мечта маркийн хөргөгч, 100 000 төгрөгийн үнэ бүхий Хятад улсад үйлдвэрлэсэн угаалгын машин, 50 000 төгрөгийн үнэ бүхий Хятад улсад үйлдвэрлэсэн TOSHIBA маркийн зурагт зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016.10.06-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн захтай даавуун футболка, хар улаан өнгийн даавуун цамц, хар улаан өнгийн цагаан захтай даавуун футболка, хар өнгийн хуванцар рамтай нүдний шил 1 ширхэг, Nokia 3310 маркийн гар утас 1 ширхэг зэргийг насанд хүрээгүй шүүгдэгч *****ид буцаан олгож, 1.5 литрийн Сэлэнгэ ундаа 1 сав, 2 литрийн Sprite ундаа 1 сав зэргийг устгасугай.

10.Иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, насанд хүрээгүй шүүгдэгч**** нь 5 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай. 11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай

11.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****, насанд хүрээгүй шүүгдэгч ***** нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, насанд хүрээгүй шүүгдэгч****эд урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.БАТЖАРГАЛ