Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2024/0797

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 118/ШШ2024/0*** дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч “А” ХХК

Хариуцагч Ба******** сайд

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галцэцэг

 

Хэргийн индекс: 128/2024/0***/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 118/ШШ2024/0*** дугаар шийдвэрээр: “Тусгай хамгаалалттай газар  нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8 дахь заалтад тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-иас гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/6** дугаар тушаалын “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “... Шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдсэн тохиолдолд нэхэмжлэгчийн газар ашиглах эрх сэргэх үр дагаварт хүрэх юм. Гэтэл нэхэмжлэгч компанийн ашиглах эрхтэй байсан газарт давхцуулах Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/5** дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд байрлах 13747 метр квадрат газрыг орон сууцны зориулалтаар эзэмших эрхийг “О” ХХК-д олгосон байна. Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч компанийн ашиглах эрхтэй абйсан газартай давхцуулах өөр бусад этгээдэд газар эзэмших эрх олгосон эсэх талаарх лавлагааг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас шаардаагүй, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох “О” ХХК-ийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийн татан оролцуулна₮, 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна.” гэж тус тус заасныг ноцтой зөрчсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Гуравдагч этгээдийг татан оролцуулаагүй нь тухайн  хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах, шүүхээр үйлчлүүлж абйгаа хэргийн оролцогчдод хүндрэл,  чирэгдэл учруулах гэх мэт асуудлыг үүсгэх хүнд нөхцөл байдалд хүрээд байна.  гэжээ.

ХЯНАВАЛ:                                                         

1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, маргааны үйл баримтад дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.   

2. Нэхэмжлэгч “А” ХХК-иас “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/6** дугаар тушаалын “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/6** дүгээр тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3, Г7азрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоол, 2023 оны 03 дугаар тогтоолыг үндэслэн, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын хамтарсан уулзалтаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2011 оны 1/4** дугаартай албан бичгүүдээр ирүүлсэн Богд хан уулын  саналыг үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрч, Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 1/20**, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 01/5*** дугаар албан бичгүүдээр ирүүлсэн саналын дагуу Жаргалантын ам болон Ташгайн аманд хилийн цэст залруулга оруулсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрх олгогдсон 59 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосны дотор нэхэмжлэгчийн 2020 оны А/1** дугаар тушаалаар ашиглах эрх олгогдсон Ташгайн аманд байрлах 3,0 га газар хамрагджээ.

4. Маргаан бүхий 2023 оны А/6** дүгээр тушаалын үндэслэл болсон Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08 дугаар тогтоолоор “Монгол Улсын Их Хурлын 2019 оны 41, 2022 оны 46 дугаар тогтоолоор байгалийн нөөцийн газар, дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хилийн заагийг тогтоох, тусгай хамгаалалттай газруудын хилийн цэсийг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд оруулж бүртгэж ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.О/-д чиглэл” болгосон, тус Байнгын хорооны 2023 оны 03 дугаар тогтоолоор “Улсын тусгай хамгаалалттай газруудын хилийн заагийг тоон мэдээллээр улсын газрын мэдээллийн санд оруулж, хилийн заагийн эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлж, тэмдэгжүүлэн, тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадад 2023 оны эхний хагаст багтааж хүлээлгэн өгөхийг мөн Монгол Улсын Засгийн газар /Л.О/-д үүрэг болгож тус тус шийдвэрлэсэн байна.

5. Анхан шатны шүүх “... Улсын Их Хурлын 1995 оны ** дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Богдхан уулын дархан цаазат газрын хилийн заагийг анх тогтоохдоо арга зүйн хувьд уулын өндөрлөгөөр баримтжуулан хилийн заагийг тогтоосон байсныг арга зүйн хувьд координацийн утгаар нь Газрын мэдээллийн нэгдсэн санд зөвтгөж буюу залруулан бүртгэсэн байна. ... энэ агуулгаар хариуцагч байгаль орчин, аялал жуулчлалын сайд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д заасан тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүргээ хэрэгжүүлснийг буруутгах үндэслэлгүй, маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцсэн байна. Хилийн цэсийг залруулсны дараах байдлаар Аниме нетворк ХХК-ийн газар нь Нийслэлийн газар нутгийн хилийн цэст хамаарах болсон нь Газрын мэдээллийн нэгдсэн санд хийсэн үзлэгээр тогтоогдсон” гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болжээ.

6. Нэхэмжлэгч “А” ХХК нь “... манай газар анхнаасаа тусгай хамгаалалттай газар нутагт УИХ-ын 1995 оны ** дугаар тогтоолын дагуу хамаарч байсан учраас сайдын шийдвэрээр газар ашиглах эрхтэй болсон, хилийн заагийг УИХ-аас өөрчлөөгүй байхад газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль зөрчсөн ...” гэж маргасан бөгөөд хэрэгт нэхэмжлэгчийн газрыг тодорхой солбицол зааж олгосон газар ашиглах гэрчилгээ /хэргийн 11-10/ авагдсан, харин УИХ-ын 1995 оны ** дугаар тогтоолын хавсралт, түүний дагуу ашиглаж байсан газрын мэдээллийн сангийн мэдээлэл, холбогдох алдаатай гэх зураглал авагдаагүй байна.

6.1. Үүнээс үзвэл маргаан үүсэх болсон гол шалтгаан нь Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг Газрын мэдээллийн санд өөрчлөгдөж (нэхэмжлэгчид газар ашиглуулах үеийнхээс) бүртгэгдсэнтэй холбоотой байх бөгөөд хэргийг шийдвэрлэхэд нэхэмжлэгчийн ашиглаж байсан газар ямар шалтгаанаар дархан цаазат газарт хамаарахгүй болсон буюу анхнаасаа дархан цаазат газарт хамаардаггүй байсан, эсхүл хилийн зааг нь өөрчлөгдсөнөөс, эсхүл хилийн заагт алдаа гарсныг зассан бол ямар алдааг хэрхэн зөвтгөснийг тогтоож, маргаан бүхий актаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрх хөндөгдөх үндэслэл болсон Байнгын хорооны тогтоолыг хэрэгжүүлсэн захиргааны үйл ажиллагаа нь дээд эрэмбийн хууль тогтоомж буюу тусгай хамгаалалттай газар нутгийн хил заагийг тогтоохтой холбоотой хууль, уг хуулийн дагуу хилийг тогтоосон Улсын Их Хурлын шийдвэрт нийцсэн эсэхэд дүгнэлт өгөх зайлшгүй шаардлагатай байна.

6.2. Хэрэгт дээрх Улсын Их Хурлын байнгын хорооны тогтоолуудаар Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг алдаатай, зөвтгөх талаарх хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Барилга хот байгуулалтын сайдын албан бичгүүд авагдсан боловч эдгээрт дурдагдсан Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын Газрын мэдээллийн санд оруулсан гэх зураглал нь Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоол, түүний хавсралтад заасантай тохирч байгаа эсэх, Байнгын хорооны тогтоолоор өгсөн үүргийн дагуу Засгийн газрын шийдвэр гарсан эсэх, уг шийдвэрийн дагуу мэдээллийн санд өөрчлөлт оруулсан эсэх, нэхэмжлэгчийн газар ашиглах эрх олж авах үед газрын мэдээллийн санд ямар байдалтай байсан, Байнгын хорооны тогтоолын дараа ямар байдалтай болж өөрчлөгдсөнийг харуулах баримтуудыг бүрэн авагдаагүй байна.

7. Мөн нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар, зохих хууль тогтоомжийн дагуу  ашиглах эрх бүхий газар нь тусгай хамгаалалттай буюу тусгай хэрэгцээний газар нутагт хамаарахгүй болж Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан хот, тосгон бусад суурины газар буюу нийслэл хотын газарт хамаарахаар болсон нь тогтоогдсон тохиолдолд хариуцагч нь маргаан бүхий актыг гаргахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай болон Газрын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр бүлэг буюу захиргааны акттай холбоотой зохицуулалтыг хэрэгжүүлсэн эсэх, аль үндэслэлээр нь газар ашиглах эрхийг хүчингүй болгож байгаа, үр дагаврыг хэрхэн зохицуулах, цаашид тухайн газрыг аль хуулиар хэний шийдвэрээр хэнд, хэзээ, хэрхэн шийдвэрлэх чиг үүрэг ногдсон, нэхэмжлэгчийн хөндөгдсөн эрх, ашиг сонирхлыг хэрхэх талаар Засгийн газраас холбогдох захиргааны байгууллагууд буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааг уялдуулан зохицуулалт хийж үүрэг өгсөн эсэх зэргийг тодруулах шаардлагатай.

8. Анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг тодруулаагүйгээс нэхэмжлэгчийн ашиглаж байсан газрыг Нийслэлийн Засаг дарга нь өөр этгээдэд эзэмшүүлснээс нэхэмжлэгчид тухайн газрыг эзэмших ашиглах эрх олгогдох боломжгүй болсон байхад “нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйтэй маргахад саад болохгүй” гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

9. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 118/ШШ2024/0*** дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                С.МӨНХЖАРГАЛ