| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2023/0053/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/54 |
| Огноо | 2023-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Цэнгэлбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:________
Төв дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,
улсын яллагч Н.Цэнгэлбаяр,
шүүгдэгч Н.Н,
хохирогч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Н.Н холбогдох эрүүгийн ____ дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Эрдэнэ суманд 1980 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ___________
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Н.Н нь Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар баг “Баян булаг” гэх газар өөрийн гэртээ 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Д.Дтой муудалцан хутга барьж дайран ноцолдож улмаар цээж хэсэгт өвдгөөрөө дарж цохин мөн зүүн мөрний ар далан тус газарт 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Н.Н:
...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийн зүйлчлэл болон ял шийтгэлийн талаар маргахгүй, хохирол төлөөгүй, 14 хоногт багтаан нөхөн төлөхөө илэрхийлж байна... гэж,
Хохирогч Д.Д:
...2022 оны 12 дугаар сарын 24-нд бид хоёр шалихгүй зүйлээс болж хоорондоо маргалдаад ноцолдоод салсан. Тэгсэн Н.Н би чамайг ална гээд хутга авахаар нь хутга тоглоом биш ээ тавь гэсэн чинь хоёр удаа гар руу цохисон. Мөн би чамайг алмаар байна гэж хэлээд миний дал руу хутгалсан. Чи намайг хутгалчихлаа гэсэн чинь Н.Н хутгаа хаяад холдсон. Тэгтэл эхнэр нь орж ирээд юу болов гэж асуусан. Цус нь тогтохгүй болохоор нь багийн эмнэлэг орж 4 оёдол тавиулсан. Эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болон нааш цааш дуудагдан явсан бензин шатахууны үнэ нийт 400.000 төгрөг нэхэмжилнэ... гэж тус тус мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн ____ дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Н.Нийн 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар баг “Баян булаг” гэх газар өөрийн гэртээ Д.Дтой муудалцан хутга барьж дайран ноцолдож улмаар цээж хэсэгт өвдгөөрөө дарж цохин мөн зүүн мөрний ар далан тус газарт 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаартай ...Д.Дийн биед зүүн мөрний ар даланд шарх, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн мөрний ар даланд шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...талаарх дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
хохирогч Д.Дийн ...2022 оны 12 дугаар сарын 24-ний орой 16-17 цагийн үед би Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар баг Баянбулаг гэх газар гэртээ байж байгаад хээрээс бууц ачих гэж яваад замдаа Нарантунгалаг гэх айлд орж цай унд уугаад юм ярьж байгаад Нарантунгалаг надаас бууц хаанаас ачив гэхээр нь би Өлзийгийн бууцнаас ачлаа гэхэд тэр бууц чинь Галдангын буйр гэхээр нь бишээ Галдангын буйр наана нь байдаг юм гэж хэлтэл Нарантунгалаг намайг тэнэг пизда минь чи юугаа мэддэг юм одоо манайхаас зайл гэхээр нь би танайх юм чинь одоо зайллаа гээд малгайгаа өмстөл энэ муу пиздааг цавчаад алчихъя гээд заазуур бариад босоод ирэхээр нь би өөдөөс нь барилцаад автал Нарантунгалаг заазуураа орлуу хаяад ноцолдоод би Нарантунгалаг орон дээр унатал Нарантунгалаг миний дээр гараад цууж хэсэг рүү өвдгөөрөө 1 удаа дарж цохихоор нь би бууж өгий 2 лаа зодолдохоо болъё чиний зөв гэж хэлтэл гаднаас эхнэр Бүжээ орж ирээд Нарантунгалагад хандаж болилдоо наад хүн чинь болъё гээд байна гэж хэлэхэд Нарантунгалаг эхнэрээ чи цаашаа зайл пизда минь гэтэл эхнэр нь гараад явсан. Тэгээд бид 2 салаад би хувцсаа янзлаад байж байтал Нарантунгалаг гэнэт хутга бариад би чамайг алмаар байна гэхээр нь би хутга бариад маяглаад байхын хутга чинь тоглоом биш шүү болио гэж хэлтэл чамайг ална гээд над руу дайраад миний зүүн бөөр хэсэг рүү дүрэх гэхээр нь би зүүн гараараа хаагаад цааш нь гарыг нь цохитол намайг ална гээд ахиад цохих гэхээр нь би ахиад хаатал миний зүүн мөр нь дээгүүр давуулаад далны орчим 1 удаа хутгалсан. Би тэгээд Нарантунгалагаа чи намайг хутгалчихлаа пизда минь гээд уурласан чинь Нарантунгалаг цаашаа эргээд явсан. Тэгээд гаднаа эхнэр Бүжээ нь гаднаас орж ирээд юу болов гэхээр нь танай нөхөр намайг хутгалчихлаа гэж хэлсэн чинь эхнэр нь цаас авчраад би хувцсаа тайлаад миний цусыг тогтоох гэж нэлээн оролдсон. Цус нь тогтохгүй болохоор нь зузаан ариун цэврийн цаас тавиад хувцсаа буцаагаад өмстөл цагдаад мэдэгдэнэ гэж хэлтэл Нарантунгалаг чи өөрөө гаднаас хутга барьж ирж намайг ална гэж дайрсан шүү гэ хэлсэн. Тэгээд би гэртээ очоод эхнэрээ аваад багийн эмч Жаргалсайханыд очоо нуруундаа 4 оёдол тавиулсан... /хх-ийн 10-12 дугаар хуудас/,
гэрч Г.Бүжинлхамын ... 2022 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 16 цагийн үед гэртээ нөхөр Нарантунгалаг охин Баясгалан нарийн хамтаар оройн хоол болох мах чанаад идэж байхад манай саахалтын айлын Дорж гэрт орж ирсэн. Тэгээд Доржийг дээш сууж мах ид гээд өөрийн барьж байсан хутгыг өгөөд бид нар ойр зуурын юм яриад сууж байгаад Галданжамцын өвөлжөө 2010 онд байсан болон байгаагүй гэж надтай маргалдаж байхад Дорж нь би ер нь энэ хавиарах зүйлсийг бүгдийг мэднэ гэж надтай чанга дугаран маргалдах үед Нарантунгалаг Доржийг мах идэж байсан заазуураар үүд рүү заагаад зайл гэж хэлтэл Дорж нь миний мах ид гээд өгсөн хутгыг бариад босож ирээд хоорондоо гэрийн баруун орон дээр ноцолдож байхад Дорж нь намайг хатгачихлаа шүү дээ гэж хэлээд хувцсаа тайлаад хартал зүүн талын далны хэсэгт 2 см орчим зүсэгдсэн цус гарч байхаар нь нойлын цаасаар цусыг тогтоох гэтэл тогтохгүй байхаар нь багийн эмч дээр очъё гэж хэлээд Дорж нь хэл амаар доромжилж байгаад цагдаад өгнө гэж хэлээд гэрээс гарч явсан... /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Сэжигтэн Н.Нийн ...2022 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар баг Баянбулаг гэх газар өөрийн гэртээ 17 цагийн үед хоол идээд сууж байхад гаднаас Дорж гэх манай саахалт айлын хөгшин орж ирсэн. Тэгээд манай эхнэр Бүжинлхам, Дорж бид 3 ойр зуурын юм яриад сууж байгаад Өндөр улаан гэх газарт байдаг өвөлжөөг Галдангийн өвөлжөө мөн биш гэж ярьж байгаад бид 2 маргалдаад би мах идэж байсан заазуураар үүд рүү заагаад зайл гэж хэлтэл Дорж чанасан мах нь дээр байсан хутгыг бариад над руу дайрахаар нь би заазуураа ширээн дээр тавиад Доржийн хутгатай гартай ноцолдож эхэлсэн. Тухайн үед Дорж баруун гартаа хутга барьсан байсан ба би баруун гартай нь ноцолдож байгаад гарыг нь аргаш нь мушгиад орон дээр суулгаад доош нь тонгойлгоод дартал Дорж чи намайг хатгачихлаа гэж хэлсэн. Тэгээд дээд хэсгийн хувцсыг нь тайлуулаад хартал зүүн далны орчим зүсэгдсэн байдалтай цус гарч байсан. Би тухайн үед маш их сандраад хүн хутгалчихлаа гээд цусыг нь тогтоох арга хэмжээ авъя гээд манай эхнэр ариун цэврийн цаасаар тогтоох гэтэл тогтохгүй байсан. Манай хажууд багийн эмч байдаг учраас багийн эмч дээр очиж үзүүлье гэхэд Дорж гэх хүн чамтай нэгийгээ үзнэ чамайг сонин болгоноо гээд хувцсаа өмсөөд машинаа бариад явчихсан. Өөр зүйл болоогүй... /хх-ийн 16-18 дугаар хуудас/,
яллагдагч Н.Нийн ...Би уг тогтоолтой танилцлаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч Д.Дтой ноцолдож байхад түүний зүүн талын далны хэсэгт нь хутгаар зүссэн байсан өөрөөр цохисон асуудал надад байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 32 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Н.Нийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 36-41 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Н.Н нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Н.Нийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Н.Цэнгэлбаяр:
...Шүүгдэгч Н.Н нь Төв аймгийн Эрдэнэ сум Баянтуул 3-р баг Баянбулаг гэх газар өөрийн гэртээ 2022 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Д.Дтой маргалдан хутга барьж дайрч зүүн мөрний ард дал тус газарт нэг удаа хутгалж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болохыг тус тус дурдаж байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч Д.Д:
...Гомдол санал байхгүй, бензин тос, эмийн мөнгө 400,000 төгрөг нэхэмжилнэ... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Н.Н:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байнна. Өөр хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Н.Н маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Н нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Н.Н нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан гэмт хэргүүд гэдэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор заасан.
Шүүгдэгч Н.Нийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.
Үүнээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэсэн гэмт хэрэг нь бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.
Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотно хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Тухайлбал шүүгдэгч Н.Н нь Д.Дийн биед хүч хэрэглэн халдаж цээж хэсэгт нь өвдгөөрөө дарж цохин, зүүн мөрний ар далан тус газарт нь нэг удаа хутгалж хөнгөн гэмтэл учруулж байгаа үйл баримт нь гэмт хэрэг юм.
Тэрээр шүүгдэгч Н.Н хүний биед хүч хэрэглэн халдаж, зодож цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хүч хэрэглэн зодож цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд зүүн мөрний ар даланд шарх, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Н.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Н.Нарантунгалгийн гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Дид биед зүүн мөрний ар даланд шарх, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Д.Д шүүхийн хэлэлцүүлгийн шатанд эмчилгээний зардал болон бусад зардалд нийт 400.000 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Шүүх хохирогч Д.Дийн нэхэмжилсэн 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Н.Наас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Н.Цэнгэлбаяр:
...Улсын яллагч: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй. Шүүгдэгч Н.Н нь хохирол төлбөрөө төлөхийг илэрхийлсэн хувийн байдал зэргийг харгалзан 500 нэгжтэй тэнцэх буюу 500,000 төгрөгөөр торгох, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд 400,000 төгрөгийг хохирогч Д.Дид гаргуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зардалгүй, эд мөрийн баримтаар ирсэн нэг ширхэг хутгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах болохыг тус тус дурдаж байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч Д.Д:
...улсын яллагчтай ялын санал нэг байна... гэсэн дүгнэлтийг
Шүүгдэгч Н.Н:
...байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.
Иймд шүүх шүүгдэгч Н.Нийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Харин прокурор таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг хэдий хугацаанд хэрхэн төлөх талаар санал гаргаагүй байх тул шүүх шүүгдэгч Н.Нт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн ____ дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.Н энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Н.Нийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хар өнгийн бариултай, 28 см урттай 1 ширхэг хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.НЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н.НЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Н.Н шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн ____ дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.Нэнэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Гөрөөчин овгийн Насанбуянгийн Нарантунгалагаас 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч ШЕ68101211 дугаарын регистртэй, Эмч овгийн Даваасүрэнгийн Доржид олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг, хар өнгийн бариултай, 28 см урттай хутгыг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН