| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2023/0054/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/55 |
| Огноо | 2023-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Цэнгэлбаяр |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:__________
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
улсын яллагч Н.Цэнгэлбаяр,
шүүгдэгч Ц.Ө, түүний өмгөөлөгч Б.Чойжилсүрэн,
шүүгдэгч Л.Г, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Л.Гхолбогдох эрүүгийн ____дугаартай хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч____________
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Л.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баянцогт сумын 1 дүгээр баг Зараагийн дэнж гэх газарт 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ц.Өтай маргалдаж, улмаар зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, хэвлийн зүүн дээд хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч Ц.Ө нь Төв аймгийн Баянцогт сумын 1 дүгээр баг Зараагийн дэнж гэх газа рт 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Л.Гтай маргалдаж улмаар зодож түүний эрүүл мэндэд тархины зүүн тал бөмбөлөгийн духны дэлбэнгийн эдийн няцрал цус хуралт зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал язарсан шарх нуруу баруун гуяны зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Л.Г:
...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Улсын яллагчийн санал болгосон 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг хүлээн зөвшөөрч байгаа... гэж мэдүүлжээ.
Шүүгдэгч Ц.Ө:
... Хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Улсын яллагчийн санал болгосон 500.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг хүлээн зөвшөөрч байгаа... гэж тус тус мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн ____дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Л.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баянцогт сумын 1 дүгээр баг Зараагийн дэнж гэх газарт 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ц.Өтай маргалдаж, улмаар зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, хэвлийн зүүн дээд хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ц.Ө нь Төв аймгийн Баянцогт сумын 1 дүгээр баг Зараагийн дэнж гэх газарт 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Л.Гтай маргалдаж улмаар зодож түүний эрүүл мэндэд тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн няцрал цус хуралт зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал язарсан шарх нуруу баруун гуяны зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10 дугаар хуудас/,
шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 15110 дугаартай ...Л.Гын биед тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн няцрал, цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, нуруу, баруун гуяны зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15658 дугаартай ...Ц.Өын биед тархи доргилт хэвлийн зүүн дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр унаснаас үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
хохирогч Л.Гын ...Би танил Цанлиг гэх найзтайгаа 2022 оны 11 дүгээр сарын 02-ны орой 21 цагийн үед Төв аймгийн Баянцогт сумын 1 дүгээр баг Зараагийн дэнж гэх газар амьдардаг зүс таних Өлзийбат ахын очсон. Өлзийбат ах үхрийн фермер эрхлэн ажиллуулдаг болохоор ганц нэг үхэр сурахаар очсон юм. Цанлиг бид хоёрыг гэр ороход Өлзийбат ах эхнэр Дунгийн хамт байсан. Би Өлзийбат ахтай өмнө 5 үхрийн жаахан маргаантай байсан тул намайг гэрт нь ороход чи яахаараа манай гэрт орж ирдэг юм бэ гэж хэлэхэд хөлөөрөө миний баруун хөл рүү нэг удаа өшиглөхөөр нь би та яаж байгаа юм бэ гэж хэлээд цааш нь түлхсэн чинь чамайг энд хутгалж ална гээд эргэж харахаар нь би гэрээс гараад явж байтал Өлзийбат ах араас гарч ирээд уяатай нохойгоо тавихаар нь уруулчих байх гэж бодоод зугтаагаад гүйгтэл Өлзийбат ах эхнэр Дунгийн хамт араас ирээ Өлзийбат ах юугаар цохисныг нь мэдээгүй нэг хатуу зүйлээр миний толгойн баруун тал руу нэг удаа цохитол би ухаан алдаж унасан. Тэгээд сэргэтэл хүн байхгүй болохоор босоод гэртээ 23 цаг өнгөрч байхад ирсэн... /хх-ийн 14-17 дугаар хуудас/,
хохирогч Ц.Өын ...Би 2022 оны хавар 06 сарын орчим хуурай дүү Л.Гд 5 тооны үхэр зарсан юмаа. Тухайн үедээ би Л.Гтай машины эвдрэл гэмтлээс болж жаахан маргалдсан асуудалтай байсан. 2022 оны 11 сарын 02-ны орой 22 цагийн үед би эхнэр Т.Дунтай хамт гэртээ буюу Төв аймгийн Баянцогт сум Гуна 1 баг Зараатын дэнж гэх газар унтах гээд орондоо ороод амарч байхад гаднаас Л.Г, манай гэрийн ойролцоо амьдардаг Цанлигтай хамт орж ирсэн. Гэрт орж ирэхдээ 2-лаа архи уусан согтуу байсан. Би тухайн үед орноосоо босоод дотуур өмдтэйгээ гэрийн үүдний хаалган дээр очиж гутлаа өмсөх гээд тонгойтол Л.Г чи танихаа байсан уу гэж хэлээд баруун хөлөөрөө миний зүүн талын хавирганы доод хэсэгт 1 удаа өшиглөхөөр нь би дээшээ өндийтөл миний зүүн талын нүд, хацар, ураал хэсэгт гараараа 2 удаа цохисон. Би аль гараараа цохисныг нь санахгүй байна. Тэгээд миний цамцнаас заамдаж чирээд гэрээс гаргаад хашааны хаалганы ойролцоо аваачаад доош нь дарж толгойн ар хэсэг, нуруу руу гараараа олон удаа цохиж зодсон. Би хэдэн удаа цохисныг нь санахгүй байна. Тэгтэл миний цамц урагдаж тайлагдтал Л.Г хашааны үүдний мөсөн дээр халтирч унаад арагшаа савж унахаар нь би салаад хойшоогоо болоод хашааны баруун тал руу зугтаасан. Л.Г намайг хашааны үүдэнд цохиж зодож байх үед манай эхнэр Т.Дун миний араас гэрээс гараад ирчихсэн Л.Гаа чи болиоч гэж хэлээд хажууд зогсож байсан. Цанлиг бас гэрээс гараад ирчихсэн хараад зогсож байсан. Тухайн үед өөр хүн байгаагүй бид 4 хамт байсан. Хашааны гадна Л.Г үлдэхдээ гар утасныхаа гэрлийг асаачихсан та хэдийг ална гээд орилчихсон зогсож байгаад зүүн урд зүг рүү алхаад явлаа гэж хэлээд эхнэр Т.Дун миний араас гэрт орж ирсэн. Эхнэр Т.Дун гэрт орж ирээд Цанлигийг чи яах гэж орой үдэш согтуу хүн гэрт дагуулж ирээд байгаа юм бэ гэж загнаж байгаад Цанлигийг явуулсан. Орой гэртээ унтах гэсэн унтаж чадахгүй байж байхад шөнийн 03 цагийн орчим хашааны хаалгыг онгойлгоод машинтай хүн ороод ирэхээр нь гараад хартал Л.Гын ах нь гэсэн 2 хүн ирж надаас чи миний дүүг нь юугаар цохиж зодсон юм бэ, гар утас нь хаана байна гэж асуухаар нь би гар утасыг мэдэхгүй, би Л.Гыг модоор цохиж зодсон гэж хэлсэн. Би тухайн үед тэр 2 хүнийг намайг зодох нь гэж бодсон. Тэгтэл тэр 2 хүн удаагүй явцгаасан. Ийм л зүйл болсон... /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
гэрч Т.Дунгийн ... 2022 оны 11 сарын 02-ны орой 22 цагийн үед нөхөр Ц.Өын хамт Төв аймгийн Баянцогт сумын Гуна 1 баг зараатын дэнж гэх газар гэртээ унтах гээд орондоо ороод амарч байхад гэрт хүн орж ирэхээр нь зурагтаа асаагаад өндийгөөд хартал манай ойролцоо амтьдардаг Цанлиг гэх залуу танил Л.Гын хамт орж ирсэн. Тэгтэл манай нөхөр Ц.Ө өмд цамцаа өмсөөд босоод гэрийн үүдний хаалганы хажуу талаас гутлаа өмсөх гэтэл гэнэт пижигнэх чимээ гартал манай нөхөр Ц.Ө чи яаж байнаа гээд чанга дуугаар орилхоор нь би босоод хартал Л.Г манай нөхөр Ц.Өыг заамдаад гэрээс чирээд гарсан. Би гялс хувцасаа өмсөөд араас нь гэрээс гартал хашааны хаалганы наад талд Л.Г манай нөхөр Ц.Өыг доош нь тонгойлгоод дарчихсан дээрээс нь гараараа толгой руу нь цохиж зодож байхаар нь би Л.Гаа чи хүн аллаа шдээ болиоч гэж хэлээд очсон. Тэгсэн манай нөхөр Ц.Өын цамц нь тайлагдаад хашааны баруун тал руу зугтсан. Л.Г хашааны үүдэнд байсан мөсөн дээр халтирч арагшаагаа унасан. Орой гадаа харанхуй болсон байсан. Би Л.Гыг нөхөр Ц.Өыг хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна айгаад сандарсан байсан. Тэгээд би Цанлигийг чи яах гэж орой шене согтуу хүн дагуулж гэрт ирж байгаа юм бэ энийгээ аваад яв гээд орилоод хэлсэн чинь Л.Г хашааны гадна ямар гэрэл байсныг нь мэдэхгүй байна нэг гэрэл асаагаад гартаа барьчихсан та хэдийг ална гэж орилж байгаад цаашаагаа алхаад явсан. Би гэртээ орж ирээд Цанлигийг чи энэ хүнээ гэрт нь хүргэж өг гэж хэлээд загнаад гаргаад явуулсан. Би тухайн үед манай урд амьдардаг Өнөрөө гэх залуу руу өөрийн 94652121 утасаар залгаад Л.Г сая манай гэрт согтуу ирээд Ц.Өыг зодчихоод гараад явлаа, танай тийшээ явсан танайд очсон уу гэж асуутал Өнөрөө Л.Г манай гэрт ирчихсэн байна гэж хэлэхээр нь би санаа амраад утасаа тасалсан. Тэгээд гэртээ ороод хаалга үүдээ түгжээд амарч байтал шөнө 03 цагийн үед хашааны хаалга онгойлгоод машинтай хүн ороод ирсэн. Тэгтэл манай нөхөр Ц.Ө цонхоор хартал гараад ир гэж хүн орилсон, гараад хартал Л.Гын ах нь гэх 2 хүн чи манай дүүг юугаар зодсон, гар утас нь хаана байна, гар утсыг нь авъя гэхээр нь нөхөр бид 2 гар утасыг нь мэдэхгүй байна, Л.Г өөрөө аваад явсан талаар хэлсэн. Тухайн үед нөхөр Ц.Ө ах нь гэх 2 хүнд Л.Гыг модоор зодсон гэж айдастай хэлсэн. Нөхөр бид 2 тухайн үед их айсан байсан. Удаагүй тэр 2 хүн явцгаасан бид 2 гэрлүүгээ орж амарсан. Ийм л зүйл болсон... /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,
гэрч Л.Гын ... Би Ц.Ө ахаас үхэр сурах гэж 2022.11.02-ны орой 21 цагийн үед танил Цанлиг ахын хамт гэрт нь очсон. Тэгтэл Ц.Ө ах би үхэрийг чинь мэдэхгүй гэж хэлээд миний баруун талын хөл рүү 1 удаа өшиглөхөөр нь би цааш нь түлхэж унагаасан. Ц.Ө ах арагшаагаа саваад газар унасан. Тэгсэн босч ирээд намайг хутгалж ална гэж хэлэхээр би гараад зугтсан. Гэрт Ц.Ө ах намайг өшиглөх болон би Ц.Ө ахыг түлхэж унагаахыг Ц.Ө ахын эхнэр Т.Дун болон Цанлиг ах 2 харсан. Тухайн үед хамт байсан. Ц.Ө ах намайг хутгалж ална гэж хэлэхээр нь би гэрээс нь гараад зугтаатал араас гарч ирээд хатуу зүйлээр миний толгойн хэсэг рүү 3 удаа цохисон. Ц.Ө ах миний толгой руу хатуу зүйлээр цохих үед эхнэр нь Т.Дун гэрээс гарч ирж байсан. Харсан байхаа. Цанлиг гэрт үлдсэн хараагүй... /хх-ийн 29 дүгээр хуудас/,
гэрч Ц.Өын ... 2022 оны 11 сарын 02-ны орой 22 цагийн үед би эхнэр Т.Дунгийн хамт гэртээ буюу Төв аймгийн Баянцогт сум Гуна 1 баг Зараатын дэнж гэх газар унтах гээд орондоо ороод амарч байхад гаднаас Л.Г, манай гэрийн ойролцоо амьдардаг Цанлигтай хамт орж ирсэн. Гэрт орж ирэхдээ 2-лаа архи уусан согтуу байсан. Би тухайн үед орноосоо босоод дотуур өмдтэйгээ гэрийн үүдний хаалган дээр очиж гутлаа емсех гээд тонгойтол Л.Г чи танихаа байсан уу гэж хэлээд баруун хөлөөрөө миний зүүн талын хавирганы дээд хэсэгт 1 удаа өшиглөхөөр нь би дээшээ өндийтөл миний зүүн талын нүд, хацар, ураал хэсэгт гараараа 2 удаа цохисон. Тэгээд миний цамцнаас заамдаж чирээд гэрээс гаргаад хашааны хаалганы ойролцоо аваачаад доош нь дарж толгойн ар хэсэг, нуруу руу гараараа олон удаа цохиж зодсон. Би зөрүүлээд хэвэг зуурдаг жижиг модоор Л.Гын толгойн хэсэгт 1 удаа цохисон Тэгтэл миний цамц урагдаж тайлагдтал Л.Г хашааны үүдний мөсөн дээр халтирч унаад арагшаа савж унахаар нь би салаад хойшоогоо болоод хашааны баруун тал руу зугтаасан. Л.Г намайг хашааны үүдэнд цохиж зодож байх үед манай эхнэр Т.Дун миний араас гэрээс гараад ирчихсэн Л.Гаа чи болиоч гэж хэлээд хажууд зогсож байсан. Тухайн үед өөр хүн байгаагүй бид 4 хамт байсан. Хашааны гадна Л.Г үлдэхдээ гар утасныхаа гэрлийг асаачихсан та хэдийг ална гээд орилчихсон зогсож байгаад зүүн урд зүг рүү алхаад явлаа гэж хэлээд эхнэр Т.Дун миний араас гэрт орж ирсэн. Эхнэр Т.Дун гэрт орж ирээд Цанлигийг чи яах гэж орой үдэш согтуу хүн гэрт дагуулж ирээд байгаа юм бэ гэж загнаж байгаад Цанлигийг явуулсан. Орой гэртээ унтах гэсэн унтаж чадахгүй байж байхад шөнийн 03 цагийн орчим хашааны хаалгыг онгойлгоод машинтай хүн ороод ирэхээр нь гараад хартал Л.Гын ах нь гэсэн 2 хүн ирж надаас чи миний дүүг нь юугаар цохиж зодсон юм бэ, гар утас нь хаана байна гэж асуухаар нь би гар утасыг мэдэхгүй, би Л.Гыг модоор 1 удаа цохисон гэж хэлсэн. Би тухайн үед тэр 2 хүнийг намайг зодох нь гэж бодсон. Тэгтэл тэр 2 хүн удаагүй явцгаасан. Ийм л зүйл болсон... /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
яллагдагч Ц.Өын ...Би 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 79 дүгээр хуудас/,
яллагдагч Л.Гын ...Би 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 11 дүгээр сарын 02-ны орой Цанлигийн хамт Өлзийбат ахын гэрт очсон. Тэгээд гэрт нь ороод мэнд мэдээд үхрээ сурагласан чинь Өлзийбат ах би яаж мэддэг юм бэ гээд намайг өшиглөхөөр нь би түлхсэн Өлзийбат ах унаад намайг ална гэхээр нь би гараад гүйчихсэн чинь гэрээс гараад нохойгоо над руу тавиад байж байтал Өлзийбат ах нэг хатуу юмаар толгой руу цохисон... /хх-ийн 83 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Ц.Ө, Л.Г нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 60-68 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Ц.Ө, Л.Г нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Ц.Ө, Л.Г нарын гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Шүүгдэгч Л.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баянцогт сумын 1 дүгээр баг Зараагийн дэнж гэх газарт 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ц.Өтай маргалдаж, улмаар зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, хэвлийн зүүн дээд хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ц.Ө нь Төв аймгийн Баянцогт сумын 1 дүгээр баг Зараагийн дэнж гэх газарт 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Л.Гтай маргалдаж улмаар зодож түүний эрүүл мэндэд тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн няцрал цус хуралт зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал язарсан шарх нуруу баруун гуяны зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Н.Цэнгэлбаяр:
...Шүүгдэгч Л.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Баянцогт сумын 1 дүгээр баг Зараагийн дэнж гэх газарт 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ц.Өтай маргалдаж, улмаар зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, хэвлийн зүүн дээд хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Ц.Ө нь Төв аймгийн Баянцогт сумын 1 дүгээр баг зараагийн дэнж гэх газарт 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Л.Гтай маргалдаж улмаар зодож түүний эрүүл мэндэд тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн няцрал цус хуралт зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал язарсан шарх нуруу баруун гуяны зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Л.Г, Ц.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болохыг тус тус дурдаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ц.Өын өмгөөлөгч Б.Чойжилсүрэн:
...Гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Л.Гын өмгөөлөгч И.Отгонсүрэн:
...Гэм буруу дээрээ маргахгүй. Улсын яллагчид хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. 2.400.000 төгрөгийн хохирлыг Ц.Өаас авсан... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ц.Ө:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Л.Г:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Л.Г, Ц.Ө нарыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Г, Ц.Ө нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Л.Г, Ц.Ө нар дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Прокуророос шүүгдэгч Л.Г, Ц.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч Л.Г, Ц.Ө нарт холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Л.Г, хохирогч Ц.Өыг зодох, сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.
Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.
Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч Ц.Ө нь хохирогч Л.Гыг зодсоны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.
Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хөнгөн хохирол учруулж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, доод уруулын салстанд шарх, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, дух, баруун чамархай, баруун хацар, хамар, зүүн нүдний зовхи, зүүн хацар, дээд, доод уруул, хүзүү, баруун тохойд зулгаралт, хэвлийд цус хуралт, баруун зүүн нүдний зовхи, хамар, хацарт зөөлөн эдийн няцралт, 36-р шүдний зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Л.Г, Ц.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Н.Цэнгэлбаяр:
...Шүүгдэгч Л.Г, Ц.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ц.Өын өмгөөлөгч Б.Чойжилсүрэн:
...Улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Л.Гын өмгөөлөгч И.Отгонсүрэн:
...Улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ц.Ө:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг,
Шүүгдэгч Л.Г:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Л.Г, Ц.Ө нарыг тус бүрийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Шүүх шүүгдэгч Л.Г, Ц.Ө нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул хохирол төлбөргүйг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Л.Г, Ц.Ө нарт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,
шүүгдэгч Л.Г, Ц.Ө нарт оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ц.Өын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Гын биед тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эдийн няцрал, цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, нуруу, баруун гуяны зөөлөн эдийн няцрал цус хуралт бүхий гэмтэл,
Шүүгдэгч Л.Гын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Өын биед тархи доргилт хэвлийн зүүн дээд хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус учирсан байна.
Хохирогч Л.Г нь шүүгдэгч Ц.Өаас мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд 2.400.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь 2.400.000 төгрөгийг төлсөн болох нь шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн байна.
Мөн хавтас хэргийн 138, 139 дүгээр хуудсанд авагдсан хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Л.Г, Ц.Ө нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн ____дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Л.Г, Ц.Ө нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ____ бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л.Гнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Гнарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Л.Гнарт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн ____дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Л.Гнар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Гнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Гнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН