| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2023/0065/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/62 |
| Огноо | 2023-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ариунтуяа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:__________
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,
улсын яллагч А.Ариунтуяа,
хохирогч Б.Т, түүний өмгөөлөгч П.Ганбаатар,
шүүгдэгч У.М, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч У.Мхолбогдох эрүүгийн ____ дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүн хараа суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр замын төв эмнэлгийн харьяа Зүүнхараа тасгийн ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн _____
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч У.М нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Баянбуурал” амралтын газрын ажилчдын байранд иргэн Б.Ттэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч У.М:
...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.
Хохирогч Б.Т:
...2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 09 цагийн үед хаалга хүчтэй цохисон. Хэн бэ гэж хоёр, гурав удаа асуухад дугараагүй. Хаалгаа тайлсан чинь У.М гэдэг эгч шууд үстээд, газар хэвтүүлж байгаад намайг зодож эхэлсэн. Та яагаад ингээд зодож байгаа юм бэ? гэсэн чинь нөхөртэйгөө хардаад зодсон. Би тийм юм хийгээгүй, танай нөхөр согтуу үүрийн 06 цагт ирээд жаахан унтаж байгаад сэргээд явъя эхнэртээ алуулах гээд байна гэж гуйгаад байхаар нь цуг ажилдаг хүн болохоор оруулсан. Тэрийг сонсохгүй намайг 20-30 удаа цохисон. Баруун нүдэнд тархины цус хуралттай, хамар мурийсан, нүүр, нурууг маань маажсан... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн ____ дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Яллагдагч У.М нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Баянбуурал” амралтын газрын ажилчдын байранд иргэн Б.Ттэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1-2 дугаар хуудас/,
шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 639 дугаартай ...Б.Тийн биед баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун хацар, эрүү, хамар, баруун, зүүн чих, нуруу, хэвлий, зүүн хөх, цээж, баруун, зүүн тохойд зулгаралт, хамарт цус хуралт, баруун нүдний зовхи, хамарт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
хохирогч Б.Тийн ... 2022 оны 11-р сарын 17-ны өдөр ажил тараад хамт олноороо спорт зааланд тоглоод тэгээд орой 21 цагийн үед тараад хамт ажилладаг Энхжин, Пүрэвсүрэн эгч нартай хамт Пүрэвсүрэн эгчийн дүүгийнх нь гэрт очиж бид 3-лаа тэнд юм яриад сууж байсан. Тэгэхдээ бид 3 нэг шил 0,5 гр-ийн нэрийг нь сайн мэдэхгүй байна архи хувааж ууцгаасан. Тэгж байтал 23 цаг өнгөрч байхад хамт ажилладаг Очирбат гэх ах миний гар утас руу залгаад - Хаана байна гэж намайг асуухад нь би - Пүүжээ эгчийн дүүгийн байна гэсэн чинь -аан гэсэн тэгээд би - та яасан ирэх гэж байгаа юм уу гэсэн чинь - би Баянбайгаль дээр ажилтай байна гэсэн. Тэгээд утсаа тасалсан тэгээд нэлээ байж байсан чинь Очирбат ах орж ирсэн тэгээд нөгөө нэг шил архиа бид 3 бараг уугаад дуусаж байсан сүүлийн 2-3 хундагыг Очироо ахад хийж өгөөд Очироо ах уусан. Тэгсэн чинь Энхжин эгч гэр лүүгээ явлаа гээд гарсан. Тэгээд Пүрэвсүрэн эгч Очироо ах бид 3 үлдсэн тэгээд жоохон юм ярьж сууж байгаад шөнийн 02 цаг болж байхад Очироо ах бид 2 Пүүжээ эгчийн гэрээс гарч явсан тэр үед Очирбат ах нэлээд согтуу болсон байсан тэгээд намайг Очироо ах байрны орцон дээр хүргэж өгөөд - ах нь Буянаагийнд орж хононо гээд үлдсэн би гэр лүүгээ орсон. Тэгээд унтаж байсан чинь 06 цаг болж байхад миний гар утас дуугарч харсан чинь Очирбат ах залгаж байсан би утсаа авахгүй унтаж байсан чинь гэнэт гэрийн хаалга хүн нүдсэн тэгэхээр нь би - хаалганы цаанаас Очироо ах нь байна гэсэн тэгээд би босож хаалгаа нээсэн чинь - ах нь жоохон архиа гартал танайд унтаж байгаад гэр лүүгээ харьяа эхнэр намайг алах байх гэсэн тэгээд би хамт ажилдаг болохоор зөвшөөрсөн тэгээд би орон дээрээ унтаж, Очироо ах газар хивсэн дээр хувцастайгаа унтсан. Тэгээд өглөө 07 цаг өнгөрч байхад би сэрээд aх - Очироо ахаа та явах болоогүй юм уу гадаа гэгээ орчихлоо гэсэн чинь Очироо - хүний хөл хөдөлгөөн намжихаар ах нь явъя гэсэн. Тэгээд би унтаж байхад 09 цаг өнгөрч байсан байх хүн манай хаалгыг нүдсэн тэгээд би 2-3 удаа - хэн бэ? гэж асуусан чинь хүн дуугарахгүй тэгээд би босоод хаалга тайлж өгөх гэсэн шууд хаалганы цоож эвдээд нэг эмэгтэй хүн орж ирсэн тэгсэн Очирбат ах манай орон дээр сууж байхад нь шууд түлхэж унгаагаад над руу шууд дайрч үг бэ хэлэхийн завдалгүй миний үснээс зулгааж шалан дээр унгааж дээр гарч суугаад г миний үснээс ерөөсөө тавихгүй - чи муу ингэж банзалдаж явж байдаг юм уу гэсэн тэгэхээр нь - би эгчээ Очироо ах бид 2 яагаачгүй та буруу ойлгоод байна гэсэн чинь — чи муу дуугүй бай гээд баруун гараа миний толгой руу хэд хэд цохиж аваад миний үснээс зулгаагаад миний нүүр зүүн шанаа, баруун хацар зэрэгт маажиж нэлээд зодож цохисон чинь миний хамраас цус гарч би орилоод тавиулжээ гэсэн чинь хажуу талаар Очироо ах -чи муу үхсэнээ хийгээд орилоод байгаа юм бэ дуугүй бай гээд байсан. Очироо ах тухайн үед архи нь гараагүй согтуу байсан ба эхнэр Мөнхтуяа нь намайг зодох доороо хийгээд дээр гараад зодоод байхад салгахгүй суугаад байсан. Тэгсэн чинь миний орны Пүүжээ эгчээ хурдан манайд хүрээд ирээч манайд энд нэг юм болоод байна гэсэн. Тэгсэн Пүүжээ эгч -хэн бэ гэсэн - би Туул байна гэсэн - за би одоо очлоо гээд утсаа салгасан. Тэгээд би утсаа салгасан чинь миний утас дуугарсан чинь Энхжин эгч над руу залгаж байсан тэгээд би утсаа аваад Энхжин эгчийг дуудсан. Тэгээд эгчээ та яагаад намайг зодоод байгаа юм бэ одоо больё гэсэн намайг огт сонсохгүй намайг улам цохиж зодоод байсан. Тэгсэн Пүүжээ - эгч хүрээд ирсэн. Тэгээд Пүүжээ эгч -хөөе юу болоод байгаа юм бэ яагаад жоохон хүүхэд зодоод байгаа юм бэ? Хэл - амаараа учраа олж болоогүй юм уу гээд Мөнхтуяа гэдэг эгчийг салгах гэсэн боловч - салахгүй байсан. Энэ үед Очирбат ах манайхаас гараад явсан байсан. Тэгсэн * Мөнхтуяа гэдэг нь би яахаараа энийг зодохгүй байж болохгүй гэж юу ч болоогүй гэж үү гэж хэлсэн. Тэгсэн Пүүжээ эгч - та наад хүүхдээ ядаж тавьчих гэсэн тавихгүй байгаад байснаа Пүүжээ эгч нэлээд хэлсний эцэст миний үсийг тавьж над дээрээс буусан. Тэгсэн гаднаас Энхжин эгч орж ирээд - та яахаараа энэ охиныг зодож байгаа юм бэ? гэсэн чинь - чи юун юм бэ гэсэн тэгсэн Энхжин эгч - би эгч байгаа юм гэсэн чинь тэр эгч дуугүй болсон. Тэгэхээр нь би босоод - би танай нөхөртэй ямар нэгэн холбоо харилцаа байхгүй ээ. Танай нөхөр үүрээр хаалга цохиод унтуулаач гэхээр нь би юм бодолгүй оруулж унтуулсан юм аа өөр ямар нэгэн асуудал байхгүй ээ. Та яагаад шууд намайг сонсохгүй зодож байгаа юм бэ гэсэн чинь - би нөхрөө өөр газраар хайж явсан юм. Энд байна гэж бодоогүй та хоёрын дунд юм байхгүй байна гэж байхгүй гэсэн. Тэгээд эхнэр Мөнхтуяа нь -2-лаа тэгвэл хот явъя эмнэлэгт очиж шинжилгээ өгье гэсэн тэгэхээр нь би - ажилтай хүн явж чадахгүй тэр шинжилгээ авах хүн амьтнаа та өөрөө аваад ир гэсэн тэгсэн чинь намайг - чи эмэгтэй хүн байж энэ /левчик/ хөхний даруулга чинь ямар замбараагүй тавьдаг юм бэ гэж байсан тэгээд би - би гэр орондоо ганцаараа байдаг ямар байх нь ямар хамаатай юм бэ танд гэсэн тэгээд тэр эгч манайхаас гарч явахдаа - би өдөр танай ажил дээр чинь очно гээд явсан. Тэгээд Энхжин эгч бид 2 манайд байж байсан чинь хэсэг хугацааны дараа нөгөө Очироо ахын эхнэр буцаж орж ирээд -2-лаа хот руу явъя шинжилгээ өгье гэхээр нь би - ажилтай гэж танд хэлсэн биз дээ би тэгж явж байдаг зав надаа байхгүй гэсэн чинь - чи тэгвэл ажлаа тасалчих гээд байсан би - та миний тасалсан ажлын цалинг өгөх юм уу гэсэн тэгээд буцаад гараад явсан. Тэгээд би ажил дээрээ очсон чинь манай ажлын хүмүүс цагдаад шууд мэдэгд гэсэн тэгээд би орой нь амралтын цагдаад хэлсэн чинь шууд аймаг орж өргөдөл өгөх юм байна би тэр хүнтэй чинь уулзаадахъя гэсэн тэгээд миний хажууд утсаар цагдаа тэр хүнтэй ярьсан - таны эсрэг энд гомдол гараад байна та ирж уулзах шаардлагатай байна гэсэн чинь би очиж чадахгүй ээ би 2 хүүхэдтэй хүн наад охиноо дагуулаад ир гэсэн тэгээд утсаа тасалсан. Тэгсэн цагдаа - за чи эндээ ажлаа хийгээд байж бай би очоод уулзаад ирье гээд гарсан тэгсэн удаагүй миний утас руу нөгөө эгч залгаснаа - чамайг цагдаад хэлнэ гэж огт бодоогүй энийг чинь мэдсэн бол бүр гүйцээдэг байж дээ чи муу ч гэсэн цагдаад танилтай бол би ч гэсэн танилтай за юу чи муу нотлох бичиг баримтаа бүрдүүлээд яваад ир харъя чамайг би төмөр замд олон жил ажилласан танилтай шүү гэж заналхийлж байсан. Тэгээд би тэр өдөр гэртээ хонохоос айж хамт ажилладаг Энхжин эгчийнд хоносон. Тэгээд маргааш өглөө нь ажлаасаа чөлөө аваад Төв аймаг явах гээд гэртээ очсон чинь манай гэрийн гадна цоожийг эвдэж ороод манай гэрийг янз бүрийн юмнуудыг сүйтгэсэн байсан. Тэрнээс хойш би огт гэртээ хариагүй намайг алж байж сална гээд байсан болохоор... /хх-ийн 4-6 дугаар хуудас/,
гэрч Б.Очирбатын ... 2022.11.17-ний орой 19 цагт Баянбуурлын ажилчидтай зааланд тэмцээний бэлтгэл хийсэн. 22 цаг өнгөрч байхад гэртээ орсон . тэгээд Баянбайгаль амралтын газарт байх найз дээрээ очиж уулзчихаад гэртээ орсон Тэгээд унтах гэж байтал зөөгч Туул залгаад би нар айлд байна гэхээр нь хүрээд очсон Пүрэвсүрэн Энхжин туул 3 архи хувааж уугаад сууж байсан. Тэрийг хамт хувааж уугаад Туулыг гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Тэгээд салхинд гараад согтоод нэг мэдсэн Туулынд унтаж байсан. 10 цагийн үед эхнэр Туулынд орж ирж Туулыг цохиж зодсон. Би болиулах гээд чадаагүй гэрийг нь хамааг юмыг нь нураасан. Тэгээд намайг цохиж зодож байгаад түрүүлээд гэр лүүгээ би явсан. Хамт байсан Энхжин Пүрэвсүрэн нар нь орж ирж эхнэр Мөнхтуяаг тайвшруулсан... /хх-ийн 8 дугаар хуудас/,
Сэжигтэн У.Мгийн ... Би 2022 оны 11-р сарын 17-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Баянбууралд гэртээ 2 хүүхдээ хараад байж байтал орой 19 цагт нөхөр маань байгууллагын тэмцээнд бэлдэнэ гээд явсан тэгээд 22 цагт гэртээ орж ирээд манай багийнхан 2 шил архи авсан түүнийг уучхаад ирье гэсэн. Тэгээд гараад явсныхаа дараа 30 минутын дараа захиа утас руу нь гэртээ ир гэж нөхрийнхөө чат руу бичсэн. Тэгсэн нөхөр маань гэртээ ороод ирсэн. Тэгээд унтах гээд хувцсаа тайлаад хэвтэх гэж байтал утас нь дуугараад цаана нь нэг эмэгтэй хүн дуудсан тэгсэн нөхөр маань за гарчхаад удахгүй ирнэ гээд гараад явсан. Би шөнө хэд хэдэн удаа нөхрийнхөө чат руу зураг болон хэзээ ирэх гэж байна гээд хэд хэдэн удаа захиа илгээсэн түүнийг харчхаад хариу өгөхгүй утас руу нь залгахаар авахгүй байсан. Өглөө 08 цаг хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгчхөөд 2 давхарт найз хүүхнийх рүү орох гээд айл хаалгыг нь мэдэхгүй хаалгануудыг тогшоод нэлээн удсан тэгсэн нэг хаалганы цаана 2 хүн шивнэлдээд байхаар хаалгыг нь түлхээд орсон чинь манай нөхөр Дээгүүрээ шалдан нэг танихгүй охинтой байж байхаар нь нөгөө охиныг барьж авч нүүрийг нь маажаад ноцолдсон тэгсэн гаднаас хоёр хамт архи уусан хүүхнүүд нь орж ирж салгасан. Ийм л юм болсон... /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Яллагдагч У.Мгийн ... 2022 оны 11 сарын 17-ны өдөр манай нөхөр Б.Очирбат ажилчдын хооронд болох тэмцээнтэй бэлтгэл хийнэ гээд гараад явсан. 2022 оны 11 сарын 17-ны өдрийн 21 цаг 30 минутын өмнө нөхөр Б.Очирбат гэртээ ирээд манай цуг бэлтгэл хийсэн хүмүүс 2 шил архи авчихлаа гээд байна би гараад хамт уучхаад ирье гээд гарсан. Тэгтэл удалгүй 22 цаг 30 минутын орчимд орж ирээд хувцсаа тайлаад хэвтэж байхад утас нь дуугар аад буцаад удахгүй ирнэ гээд гараад явсан. Би гэртээ 2 хүүхэдтэйгээ үлдээд хүүхдүүд уйлагнаад байхаар нь утсаараа залгатал утсаа авахгүй байсан. Тэгээд би фейсбүүк чатаар залгахад авахгүй чат, зураг явуулахаар үзээд хариу өгөхгүй гэртээ ирж ха :оогүй. 2022 оны 11 сарын 18-ны өглөө би 08 цагийн хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгчхөөд нөхөр Б.Очирбатыг хайгаад найзын д очиж асуух гээд нийтийн байр руу ороход нэг хаалганы цаанаас нөхөр Б.Очирбатын дуу гараад байсан. Тэгэхээр нь би тогшоод байтал онгойлгохгүй байсан. Тэгээд би түлхтэл цоож нь онгойгоод би яваад ортол нөхөр Б.Очирбат нэг хүүхэнтэй хамт байж байсан. Тэгээд миний уур хүрээд нөгөө хамт байсан хүүхнийг үсдэж ноцолдоод унагаагаад нүүр хэсэг рүү нь эг удаа цохисон. Тэр хооронд гэрийнх нь хөшиг болон гэрийн зарим эд зүйлс нь араар тарж унасан. Тэгээд гаднаас Пүүжээ орж ирээд намайг тайвшруулаад бид ноцолдохоо болиод юу ярихыг нь сонссон. Тухайн үедээ би тайвшраад гараад явсан... /хх-ийн 44-45 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч У.Мгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 49-53 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч У.М нь хохирогч Б.Тийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Гэм буруу болон хууль зүйн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч А.Ариунтуяа:
...Шүүгдэгч У.Мгийн үйлдсэн 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Баянбуурал амралтын газрын ажилчдын байранд иргэн Б.Ттэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хох рол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлинй 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирлын хувьд Б.Тийн мөрдөн байцаалтын шатанд нэхэмжилсэн 532,831 төгрөгийг шүүхийн шатанд төлсөн. Одоогийн байдлаар 161,000 төгрөгийг шүүгдэгч У.Мгаас гаргуулж Б.Тт олгох цаашид гарах эмчилгээний хамрын хагалгааны зардал 3,550,000 төгрөгийг Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч П.Ганбаатар:
...Шүүгдэгч нь гэм буруу дээр маргадаггүй. Энэ талаар шүүгдэгч өөрөө мэдүүлсэн. Гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирол төлбөрийн хувьд баримтууд гаргаж өгсөн 161,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй. Цаашид гарах эмчилгээний зардал болох 3.535,000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн:
... Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч У.Мгийн өмгөөлөгчөөр оролцож байна. У.М нь хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруу дээр маргаангүй. Хохирол төлбөрийн хувьд 532,850 төгрөгийг шүүхийн шатанд төлсөн. Цаашид гарах зардал болох 3.535,000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, 161.00? төгрөгийн бензин тосны зардлыг 532,850 төгрөгийг төлнө гэсэн зардлын баримтыг тодорхой хараагүй учраас давхардсан гэж бодож байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч Б.Т:
... Гомдолтой, хамрын хагалгаанд орох мөнгө, 161,000 төгрөгийг нэхэмжилж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч У.М:
... Гэм буруу дээр маргаагүй. Өөр хэлэх зүйлгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч У.Мг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Учир нь шүүгдэгч У.М нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч У.М дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Прокуророос шүүгдэгч У.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч У.Мд холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч У.М нь хохирогч Б.Тийг нүүрэн тус газар нь цохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.
Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.
Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч У.М нь хохирогч Б.Тийн нүүрэн тус газар нь гараараа цохиж зодсоны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.
Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, 11, 12, 22-р шүдний сулрал, 21-р шүдний хугарал, хамарт зулгаралт, зүүн зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстад шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч У.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч А.Ариунтуяа:
...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд шүүхээс тооцсон тул шүүгдэгч У.Мг эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч У.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 сарын хугацаагаар оногдуулах саналтай байна. Зорчих эрхийг хязгаарлах ялын хамрах хүрээг Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх саналтай байна. Шүүгдэгч У.М нь цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч П.Ганбаатар:
...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялаас улсын яллагч зорчих эрхийг хязгаарлах ялыг оруулж байна. Улсын яллагчтай санал нэг байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн:
...Шүүгдэгч У.Мгийн хувьд бага насны 7 сартай хүүхэдтэй, орлогын хувьд эхийн чөлөөтэй байгаа үндсэн ажлаа орох юм бол цалин орлоготой болно гэж байна. Өнөөдрийн орлого нь 3-н хүүхдийн мөнгө, цалинтай ээжийн тэтгэмж байна. Эдгээр байдлыг нь харгалзан үзэж 450,000 төгрөгөөр торгох ялыг оруулж байна. Бага насны хүүхэдтэй тул хүүхэд өвдвөл ээжтэйгээ цуг явдаг учир зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Хохирогчид 161,000 төгрөгийг ойрын хугацаанд төлнө гэсэн саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч Б.Т:
... Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч У.М:
...Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгч У.Мд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж мөн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тохирно гэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч У.Мд оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч У.Мд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч У.Мгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Тийн биед баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун хацар, эрүү, хамар, баруун, зүүн чих нуруу, хэвлий, зүүн хөх, цээж баруун, зүүн тохойд зулгаралт, хамар цус хуралт, баруун нүдний зовхи, хамарт зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч Б.Т нь шүүгдэгч У.Мгаас мөрдөн байцаалтын шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд баримтаар 532.831 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Үүнийг шүүгдэгч У.М нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирол төлбөрт хохирогч Б.Тт 532.850 төгрөгийг төлсөн байна.
Мөн шүүгдэгч Мянган овгийн Уртнасангийн Мөнхтуяагаас 161.000 /нэг зуун жаран нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч ТА01212425 дугаартай регистртэй, Боржигон овгийн Баатарын Туулцэцэгт олгож,
Хохирогч Б.Т нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой 3.535.000 /гурван сая таван зуун гучин таван мянга/ төгрөгийн баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч У.Мгаас тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн ____ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч У.М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Мянган овгийн Уртнасангийн Мөнхтуяаг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Мянган овгийн Уртнасангийн Мөнхтуяаг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.Мшүүхээс оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.МЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч У.Мшүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Эрүүгийн ____ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч У.Мэнэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч МИ78062201 дугаарын регистртэй, Мянган овгийн Уртнасангийн Мөнхтуяагаас нийт 161.000 /нэг зуун жаран нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч ТА01212425 дугаартай регистртэй, Боржигон овгийн Баатарын Туулцэцэгт олгосугай.
8. Хохирогч Б.Т нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой 3.535.000 /гурван сая таван зуун гучин таван мянга/ төгрөгийн баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У.Мурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У.Мавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН