Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/492

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж, шүүгч

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч Э.Билгүүн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Адод холбогдох эрүүгийн 2002002020007Т дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1972 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Л.Ад

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.А нь Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байсан яллагдагч Л.Ганболдтой үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж тус аймгийн Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай ЗГХЭГ/201902031/1.3.2 дугаартай гэрээг батлахаас өмнө хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс Л.Ганболд нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд “Батжин-Ундрах” ХХК-ийн захирал Ө.Батцэнгэлээс гэрээний нийт үнийн дүн болох 1.125.563.867 төгрөгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг удаа дараа хахуульд өгөхийг шаардаж, шаардсан мөнгийг өгөөгүй тохиолдолд гэрээ батлахаас татгалзах аргаар тендерийг хүчингүй болгуулж зарлуулна гэж хясан боогдуулж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Ардын намын байрны гадаа 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “Батжин-Ундрах” ХХК-ийн захирал Ө.Батцэнгэлээс 10.000.000 төгрөгийг Л.А нь хахуульд авч дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Л.А нь: “Эрхэм шүүгчээ миний 26 жил хүүхэд сурган хүмүүжүүлэх ажилд зүтгэж байгаа. Улсын хэмжээний олон төрлийн тамирчдыг гаргасан түүхтэй хүн. Энэ хичээл зүтгэлийг минь үнэлж Монгол улсын тэргүүний багш ардын болон тэргүүний багшаар ажилласан. Миний Монгол ардын намд орох, намын гишүүн, Дэд дарга болох болсон шалтгаан бага насны хүүхдүүдийн бэлтгэл, суралцахад бэлтгэлийн бааз эдийн засгийн боломж зам зардлын тооцоо гээд олон зүйлүүд тулгамддаг байсан. Энэ бүх зүйлийг яагаад спортлог, авьяаслаг, сурлагатай хүүхдүүдийг энэ чиглэлээр нь явуулж халамжийн бодлогыг хэрэгжүүлж гэртээ байгаа авьяаслаг хүүхдүүдийг нээж өгч болдоггүй юм бэ гэдэг байдлаар  намын Дэд даргын ажлыг сонгож хийсэн.  Мөн намын Дэд даргын ажлыг хийж байхад спортын газрын даргын ажлын саналыг тавьж байсан, миний сонирхол байсан бол тийшээ орох байсан харин би намын Дэд дарга болж намын хөтөлбөрт оруулж нийгмийг тодорхойлж буй зүйл хийчих юмсан, нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд хандаж тэмцээн уралдаанд орж авьяасаа хөгжүүлэхэд бололцоотой зүйл хийчих юмсан гэж энэ ажлыг хийсэн. Намын Дэд даргын ажлыг хийхдээ 2017 оноос хойш одоо хүртэл тасралтгүй хийж байгаа. Миний ажлын хүрээнд, намын хөтөлбөр мөн намын хүний нөөцийг бүрдүүлэх, тэд нарыг сургах, намаас өгч байгаа үйл ажиллагааг хэрэгжүүлэх, сургалт семинар хэрэгжүүлэх зохион байгуулах ийм үндсэн үүрэг ажилтай билээ. Миний бие эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Манай эхнэр өглөө захаас гурил аваад лангуун дээр зардаг, би цалингаараа амьдардаг. Надад 1072 ширхэг хувьцаа байгаагаас өөр хувьцаа байхгүй, хоёр хүүхдийн нэг нь оюутан ийм амьдралтай хүн байгаа. Аймгийн хороон дээр энэ болсон үйл ажиллагаатай холбоотой зүйлд дээр санал нийлэхгүй байна. Энэ санал нийлэхгүй байгаатай холбоотой хоёр холбогдогчийг оруулж ирсэн бол нэлээн тодотгох байсан байх гэж бодож байна. Тухайн хэрэг болдог өдөр намын дарга Л.Ганболд үдээс хойш гэнэт залгаад “Батжин-Ундрах” ХХК-ийн захирал Ө.Батцэнгэл хандив өгнө тэрийг зохих журмын дагуу аваарай гэсэн ийм зүйлийг хэлсэн. Удалгүй үл таних дугаараас залгаж “Батжин-Ундрах ХХК-ийн захирал Ө.Батцэнгэл байна мөнгө өгөх гэсэн юм та хаана байна”  гэхээр нь би “Намын байрны 2 давхарт байна гэсэн” дахиад над руу залгаад “та яасан бэ” гэхээр би гарч очоод мөнгийг нь тоолж аваад холбогдох санхүүгийн ажилтандаа өгсөн. Санхүүгийн ажилтан маань надад “зохих журмын дагуу дансаар авчихлаа” гэсэн, би “Батжин-Ундрах ХХК”-ийн захирал Ө.Батцэнгэлд холбогдох дугаарыг өгөөд журмын дагуу хийгдсэн ийм л зүйл байгаа. Энэ үед намын хувьд ялчихсан байсан, ялсан намын хувьд засаглалаа барьдаг. Би зөвхөн намын дотоод ажлыг зохион байгуулж хийдэг бусад үйл ажиллагаа надад хамаагүй байдаг. Намд хандив өгч байгаа нь зөвхөн “Батжин-Ундрах ХХК” биш ийм олон хандив өгдөг компани байдаг мөн нам ялсан үед би нам гавьяа байгуулсан гээд ганцхан мөнгө, төгрөг биш яригч, зурагт, хонь, мал, тав, арван төгрөг гээд зөндөө олон зүйлийг олон нийтэд харуулаад зураг аваад би энэ намд гавьяа байгуулсан гээд өөрийгөө харуулах зүйл зөндөө байдаг. Энэ бүхнийг зохих журмын дагуу зохих хүнд нь шилжүүлээд зохих журмын дагуу зарцуулдаг. Миний бие санхүүжилтийн ямар нэг зүйл дээр зурдаггүй харин намын дотоод үйл ажиллагаатай холбоотой албан бичиг дээр гарын үсэг зурдаг ийм үүрэгтэй. 2020 онд манай Монгол ардын нам яллагдсан, нам ялахаар хүн ирдэг, нам ялагдахаар хүн ирдэггүй ийм аргаар үйл ажиллагаа явуулж байна. Прокурорын ийм дүгнэлт гаргаж байгаад харамсаж байна. Манай аав, ээж нутагтаа нэртэй, төртэй байгууллагад ажиллаж байсан мастер Отгон гээд хүн байгаа намайг ч бас ойр дотны хүмүүсээс асуувал мэдэгдэнэ. Энэ хэрэгтэй зүйлээс жишээ татаад үзэхийн бол би хүмүүсийн утсыг олоод өгчихдөг байсан. Энэ хэрэгтэй холбоотой тус компанийг юу хийдэг талаар огт мэдэхгүй, Ө.Батцэнгэлийн ч мэдэхгүй цөөхөн уулзсан байгаа. Нэг удаа залгасан буцаад хоёр дахь удаагаа залгаад буцаад юм өгөхөд нь уулзсан, гурав дахь удаа уулзахад нам дээр ирчихсэн явсан. Тэр үед би Ө.Батцэнгэлээс “энэ асуудал чинь юу болж байгаа юм бэ” гэхэд Ө.Батцэнгэл “ахаа танд ямар ч хамаагүй шүү энэ бол зөвхөн Л.Ганболд дарга бид хоёрын асуудал гэдгийг хаана ч хэлнэ” гээд одоог хүртэл хэлээд яриад явж байгаа. Энэний нотолгоо нь намын гишүүнчлэлээ сэргээгээд намтай хамтарч ажиллах өргөдлийг хавсаргасан байж байгаа мөн тухайн үед болсон Монгол ардын намын зуун жилийн хүрээнд гишүүн бүрт одон медал гардуулсан байгаа. Энэ дээр хандив өгч хамтарч ажиллах санаатай байсан гэж үзэж байгаа. Ингээд цаашдаа хамтарч ажиллаад иргэдийн хуралд нэр дэвших сонирхолтой гэж би ойлгосон. Гэтэл одоо намайг ингэж байгаа нь үйлдлээрээ санаатай гэж үзээд байгаа, манай өмгөөлөгч хэлж байгаагаар энэ гэмт хэрэг нь санаатай үйлдэгддэг хэрэг гэж байсан. Би тэр хоёр хүний юу ярьсан талаар огт мэдээгүй, хандив аваарай гэсэн хандивыг би өөртөө аваагүй намд өгсөн, нам тэр мөнгийг нь зохих зүйлд зарцуулсан гэж бодож байгаа, би нэг ч төгрөг тэрнээс ашигласан зүйл байхгүй. Би урьд багшийн ажил хийдэг байхдаа жижүүр багш хийгээд зогсож байсан, хүүхдүүд хичээлтэй орчихсон байсан. Би тэндээс нэг утас олоход аав нь олон удаа залгасан байсан, би тэр утсыг нь аваад хүүхэд чинь утсаа орхичихсон байна гэхэд аав нь асар их уурлаад намайг хулгайч гэсэн, би гайхсан, тэр хүүхэд бие муутай хүүхэд байсан яг энэ зүйлтэй адилхан зүйл яваад байна гэж ойлгож байна. Би тэр хоёр хүнийг орж ирүүлээд ярилцахад учир зүй нь олдоно гэж бодож байна. Тэгээд бас миний хэргийг цагаатгаж шийдвэрлэхийг хүсэж байна “ гэв.

 

Талуудаас эрүүгийн 2002002020007Т дугаартай хэргийн материалаас яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

“Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст гаргасан гэрч Ө.Батцэнгэлийн өргөдөл /1-р хх-ийн 19-22 тал/, гэрч Ө.Батцэнгэлийн мэдүүлэг /1-р хх-ийн 30-36 тал, 4-р хх-ийн 216-220 тал/, Гэрч Н.Бэх-Очирын мэдүүлэг /1-р хх-ийн 42-43 тал/, Шүүгдэгч Л.Аын гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 42-45 тал/, Гэрч Д.Гэрэлчулууны мэдүүлэг /1-р хх-ийн 46-48 тал/, гэрч Л.Ганболдын мэдүүлэг /1-р хх-ийн 49-50, 51-54 тал/, Санхүүгийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 57-58 тал/, Гэрч Т.Батхишигийн мэдүүлэг /1-р хх-ийн 105-107 тал/, гэрч З.Эрдэнэцацралын мэдүүлэг /1-р хх-ийн 110-112 тал/, Л.Ганболдын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 149-153 тал/, Шүүгдэгч Л.Аын 5890546264 дугаартай дансны хуулгад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 167 тал/, шүүгдэгч Л.Аын 5090403531 дугаартай дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 184-185 тал/, гэрч Л.Аын 89209041 дугаарын яриа, захидалд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 90-92 тал/, АНХ-ны тэргүүлэгчдийн 13 дугаар хурлын тэмдэглэл /3-р хх-ийн 196-200, 236-238 тал/, Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 423 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /4-р хх-ийн 29-67 тал/, гэрч Ц.Норовжамцийн мэдүүлэг /4-р хх-ийн 167-168 тал/, шүүгдэгч Л.Аын гэрчээр өгсөн мэдүүлэг /4-р хх-ийн 192-194 тал/, гэрч Ө.Батцэнгэлийн мэдүүлэг /4-р хх-ийн 214-219 тал/, Гэрч Д.Гэрэлчулууны мэдүүлэг /4-р хх-ийн 200-202 тал/, шүүгдэгч Л.Аын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /6-р хх-ийн 7-9 тал/ зэрэг болон шүүгдэгч Л.Аын хувийн байдлыг тогтоосон бусад баримтуудыг шинжлэн судалсан болно.

Мөрдөн шалгах ажиллахаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийэ 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Үүнд:

Шүүгдэгч Л.А нь Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байсан шүүгдэгч Л.Ганболдтой үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн тус аймгийн Ханх сумын Засаг даргын Тамгын газрын барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай ЗГХЭГ/201902031/1.3.2 дугаартай гэрээг батлахаас өмнө хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс Л.Ганболд нь албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд “Батжин-Ундрах” ХХК-ийн захирал Ө.Батцэнгэлээс гэрээний нийт үнийн дүн болох 1.125.563.867 төгрөгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг удаа дараа хахуульд өгөхийг шаардаж, шаардсан мөнгийг өгөөгүй тохиолдолд гэрээ батлахаас татгалзах аргаар тендерийг хүчингүй болгуулж зарлуулна гэж хясан боогдуулж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол Ардын намын байрны гадаа 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “Батжин-Ундрах” ХХК-ийн захирал Ө.Батцэнгэлээс 10.000.000 төгрөгийн хахууль авсан болох нь:

-Иргэн Ө.Батцэнгэлийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст гаргасан өргөдөл /1-р хх-ийн 19-22 тал/,

- Ө.Батцэнгэлийн 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн гэрчээр өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шиг санаж байна Засаг дарга Л.Ганболдын албан өрөөнд нь орж уулзахад “чи баталгаагаа өгчихвөл чиний цаашдийн ажил зам чинь дурайгаад л явчихна шдээ гээд байсан” түүний хэлээд байсан баталгаа нь нөгөө өмнө нь нэхсэн 10 хувийн мөнгө юм. Би тухайн үед орон сууц барих ажил хөөцөлдөөд явж байсан би Л.Ганболдод мөнгийг нь өгнө гэхдээ одоо мөнгө үнэхээр байхгүй байна гэж хэлсэн. Би ер нь орон сууцны газар хөөцөлдөж өдөр болгон аймгийн захиргаагаар ордог байсан. Тэр болгонд Засаг дарга Л.Ганболд надтай таараад байнга мөнгөө нэхдэг байсан. Ингээд 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн захиргаа дээр явж байгаад Л.Ганболд Засаг даргатай таарсан чинь бас л мөнгөө нэхэхээр нь надад цөөхөн хэдхэн төгрөг байна одоогийн байдлаар 10.000.000 төгрөг байна гэсэн чинь тэрийгээ аваад ир гэж хэлэхээр нь Голомт банкин дээр баталгаа болох 56.279.000 төгрөгийг чөлөөлж тэрнээсээ 35.000.000 төгрөгөөр хүнээс “Хово” маркийн машин авсан. Үлдсэн мөнгөнөөсөө 10.000.000 төгрөгийг хар хөх өнгийн нөүтбүүкний цүнхэнд хийж Л.Ганболдод өгөхөөр аймгийн захиргаа руу очсон. Тухайн үед ажлын цаг дуусаж байсан ба би 18 цаг өнгөрч байсан бөгөөд захиргааны үүдэнд Л.Ганболдтой таарсан чинь хүүе энд ингэж мөнгө өгч болохгүй чи явж бай би ярья гэж хэлсэн. Түүнээс хойш 10 орчим минутын дараа Л.Ганболд өөрийнхөө 99383333 дугаарын утаснаас ярьснаа би “Жаргалан” эмнэлэг дээр байна хүрээд ир гэхээр нь яваад очиход дөнгөж ирээд зогсож байсан Л.Ганболд машинаасаа буугаад над дээр ирсэн. Энэ хүн рүү яриад мөнгөө аваачаад өгчих гэж хэлээд нэг утас өгсөн. Би тэр утас руу нь ярьсан чинь Монгол Ардын намын байран дээр ирээд утсаар залга гэхээр нь очоод уг дугаар руу нь залгахад үүдэндээ зогсож байсан. Тэгснээ тэр залуу миний машинд орж ирж сууснаа аль юм бэ гэхээр нь би цүнхтэй мөнгөө арын суудал дээрээс аваад өгсөн чинь мөнгийг аваад намын байр руугаа ороод 5 орчим минутын дараа гарч ирээд цүнхийг өгсөнөө би түүнд хандаж мөнгөө тоолж авсан уу гэхэд банкнаас авсан боодолтой шинэ мөнгө байна шдээ 10 сая байна гэж хэлсэн. Түүнээс хойш Л.Ганболд гэрээ дээр гарын үсэг зураад ажил эхэлж зөвшөөрөл гаргаж өгсөн....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-36 тал/,

-Гэрч Т.Батхишигийн “...Тус компанийн хуримтлагдсан ашгийн тайланг шалгахад 10.000.000 төгрөгийг бууруулж тайландаа тусгасан байсан. Яагаад 10.000.000 төгрөгийг бууруулж тайлагнасан талаар З.Эрдэнэцацралаас өөрөөс нь асуухад манай ерөнхий захирал Л.Ганболд гэдэг хүн байдаг. Л.Ганболд улс төрийн намд хандив өгсөн. Би өөрөө гүйцэтгэх захирал бөгөөд давхар нягтлан бодогч хийдэг гэж байсан. Хаанахын аль намд хандив өгсөн талаар би тодруулж асуугаагүй. Өөрөө болон өөрийн хамаарал бүхий этгээд нь аль нэг нам эвсэлд гишүүнчлэлтэй эсэх талаар яриагүй, бид нарч энэ талаар нь тодруулж асуугаагүй. Хуримтлагдсан ашгийн тайландаа 10.000.000 төгрөгийг бууруулж тусгаад кассын тайландаа 10.000.000 төгрөгийн зарлагын баримт хавсаргасан харагдаж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 105-107 тал/,

-Гэрч Н.Бэх-Очирын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн “...5090403531 дугаартай данс минийх мөн. Би энэ дансыг 7 бил үү 8 жилийн өмнө Орхон аймгийн салбар дээр нээлгээд өнөөдрийг хүртэл ашиглаж байна. 5090403331 дугаартай данс зүгээр л миний харилцах данс юм... Миний 5090403331 дугаартай данс руу 10 сая төгрөг орсон талаар Хаан банкны дансны мэдээлэл авах үйлчилгээтэй холбосон 99851272 дугаартай утсанд мессеж ирсэн. Ямар учиртай 10 сая төгрөг орж ирсэн талаар мэдээгүй байна. Миний 5090403331 дугаартай дансны картыг Ө.Батцэнгэл заримдаа авч ашигладаг юм. Тухайн 10 сая төгрөг дансанд ордог өдөр миний картыг Ө.Батцэнгэл ашиглах гээд авсан байсан. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр миний дансанд ямар учиртай, хэнээс 10 сая төгрөг орсон талаар би мэдэхгүй байна. Ямар учиртай их хэмжээний мөнгө орсон талаар би Ө.Батцэнгэлээс асуугаагүй. Энэ талаар Ө.Батцэнгэл л мэдэх байх. Миний дансанд ийм их хэмжээний мөнгө орох ёсгүй, надад ийм их хэмжээний мөнгө өгөх хүн байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-43 тал/,

-Шүүгдэгч Л.Аын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өгсөн “...2019 оны хавар сар өдрийг нь сайн санахгүй байна аймгийн Засаг дарга Л.Ганболд миний 89209041 дугаарын утас руу 2 дугаарынхаа аль нэг дугаараас ярьснаа 10.000.000 төгрөг аваачиж өгнө аваарай гэж хэлсэн. Тэгээд тухайн өдрөө нэг залуу ярьснаа мөнгө өгье, хаана байгаа юм бэ гэхээр нь би намын байран дээр байна гэж хэлсэн чинь удалгүй махлагдуу залуу жижиг машинтай ирснээ надтай уулзаад Л.А гэж хүн мөн үү гэхээр нь мөн байна гэсэн чинь энд 10.000.000 төгрөг байгаа шүү гэж хэлээд өгсөн .Би тэр мөнгийг нь аваад өөрийнхөө өрөөнд оруулж тавьсан...Надад мөнгө өгсөн хүн сая таны зургийг нь харуулсан хүн мөн байх шиг байна...” /1-р хх-ийн 42-45 тал/,

Шүүгдэгч Л.Аын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гэрчээр өгсөн “...Тухайн өдөр үдээс хойш би ажлынхаа байран дээр байж байхад Л.Ганболд над руу утсаар холбогдоод “Батжин-Ундрах” ХХК-ийн захирал Ө.Батцэнгэл гэж хүн хандив өгнө, ном журмын дагуу аваарай, өөртэй чинь ярина гэсэн. Түүний дараагаар Ө.Батцэнгэл над руу утсаар холбогдоод ажил дээрээ байна уу, хандив өгөх гэсэн юм” гэхээр нь би ажил дээрээ байна, хүрээд ир гэсэн. Ө.Батцэнгэлийн 2 дахь дуудлага нь манай ажлын гадаа ирчихсэн байна гэхээр нь ороод ир гэсэн. Тэгэхэд Ө.Батцэнгэл та өөрөө гараад ир гэхээр нь гарч намын байрны гадаа авсан. Нөүтбүүкний цүнхэнд хийчихсэн байсан ба цүнхийг онгойлгоход 20, 10, 5-тын дэвсгэртээр 10.000.000 төгрөг байсан шиг санаад...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 192-195 тал/,

-Гэрч Д.Гэрэлчулууны 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “...2019 оны 04 дүгээр сарын сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна. Манай Монгол Ардын намын дэд дарга Л.А надад 10.000.000 төгрөгийг бэлнээр аваад ирснээ та өр шир, зээлээ төлж бай гэхээр нь би энэ мөнгийг “Өглөг” гэдгээр нь тооцоо үүсгэж орлогод авсан учир нь дээрх мөнгө хаанаас, хэнээс ирсэн нь тодорхойгүй байсан юм.....2019 оны 12 дугаар сарын 20-р байх яг өдрийг нь сайн санахгүй байна Улаанбаатар хотын “Лидер компекс коннект” ХХК-с манай намд 10.000.000 төгрөгний хандив гэж өгөхөөр нь цалин тавих уу яах уу гэж Л.А даргаас асуусан чинь би Л.Ганболд даргаас асууя гэж хэлсэн. Тэгснээ удалгүй Л.А дарга надтай уулзаад 10.000.000 төгрөгийн өглөгөө өгчих гэж хэлэхээр нь таниас авсан юм чинь та өөрөө өг гэж хэлээд бэлнээр 10.000.000 төгрөгийг Л.Аод өөрт нь өгсөн. Тэгээд би тайландаа өглөгөө хаачихсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-48 тал/,

-Гэрч Л.Ганболдын гэрчээр өгсөн “.....2019 оны хаврын сүүл сард санагдаж байна Ө.Батцэнгэл над руу залгаад та хаана байна гэж асуухаар нь би байгаа газраа хэлж Оюу-Ундраа эмнэлэг дээр эмчилгээ хийлгэж байх үед ирээд эмнэлгийн гадаа уулзсан. Тухайн үед Ө.Батцэнгэл МАН-д хандив өгье гэх зүйл ярьж уулзсан. Би бол авахгүй, хэрвээ чи намын ажиллагааг дэмжиж байгаа бол аймгийн МАН-ын хороо дээр очоод Л.А дэд даргатай уулзаад өг гэж хэлсэн. Тэгээд Ө.Батцэнгэл, Л.А даргатай очиж уулзья гээд надаас Л.А дэд даргын гар утасны дугаарыг аваад явсан. Дараа нь хоёр билүү гурван хоногийн дараа Л.А дарга над руу утсаар залгаад Ө.Батцэнгэл гэх нөхөр МАН-ын үйл ажиллагаанд зориулж 10 сая төгрөг өгсөн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-54 тал/,

-2020 оны 03 дугаар сарын 13-ы өдрийн “Санхүүгийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 57-58тал/,

-Гэрч З.Эрдэнэцацралын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “...Манай компани 2019 оны жилийн эцсээр 285 сая орчим төгрөгийн борлуулалттай ажилласан бөгөөд үүнээс 20.000.000 төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж улсад 2.000.000 төгрөгийн орлогын албан татвар төлсөн. Компанийнхаа татварын дараах цэвэр ашгаас хувь нийлүүлэгч Л.Ганболд нь 10.000.000 төгрөгийг улс төрийн намын тухай хууль, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу санхүүгийнхээ тайланд бүрэн тусгаж Хөвсгөл аймгийн Монгол Ардын намд 10.000.000 төгрөгийн хандив өргөж кассын баримт авсан. Компанийн хувь нийлүүлэгч Л.Ганболд өөрөө хүсэж Монгол Ардын намдаа 10.000.000 төгрөгийн хандив өргөсөн..., ...Би 2019 оны 12 дугаар сарын 20-р өдрийг нь сайн санахгүй байна Хаан банкны байгууллагын харилцах 5174002898 дугаарын данснаас 20.000.000 төгрөгийг бэлнээр авч энэ мөнгөнөөс 10.000.000 төгрөгийг Л.Ганболдод бэлнээр өгсөн. Тэр өдрөө Л.Ганболдоор дамжуулан нягтлан бодогчоос нь кассын орлогын баримт авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 110-112 тал/,

-2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Ө.Батцэнгэлийн яллагдагчаар өгсөн “...Гэрээ байгуулахаас өмнө 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Засаг дарга Л.Ганболд миний 99106286 гэх утасны дугаар руу залгаад гэрээ байгуулахаас өмнө урьдчилгаа мөнгө өг гэхээр нь би Хөвсгөл аймгийн захиргааны байрны үүдэнд засаг дарга Л.Ганболдтой уулзаад 10 сая төгрөг бэлнээр өгөх гэсэн боловч Л.Ганболд энд мөнгө авч болохгүй, би чам руу эргээд залгая гэсэн. Тэгээд би машиндаа ороод дөнгөж суусан чинь Засаг дарга Л.Ганболд миний 99106286 гэх утас руу 99389999 гэх утаснаас залгаад Хөвсгөл аймгийн төв эмнэлгийн ард талд байх хувийн эмнэлгийн гадаа хүрээд ир гэсэн. Би шууд тэр эмнэлэг рүү явж очоод Засаг дарга Л.Ганболдтой уулзсан чинь Л.Ганболд нь аймгийн Монгол Ардын намын дэд дарга Л.А гэх хүний 89-тэй утасны дугаарыг надад хэлж өгөөд энэ хүнтэй яриад наад мөнгөө аваачаад өгчих гэсэн. Тэгээд би эмнэлгийн үүднээс хөдлөөд Л.А гэх хүний утас руу залгаад Л.Ганболд дарга мөнгө аваачаад өгөөдөх гэсэн юм гэж хэлсэн чинь Л.А нь аймгийн ардын намын үүдэнд хүрээд ир гэсэн. Би шууд аймгийн Ардын намын үүдэнд очоод Л.А руу залгаад ирсэн гэдгээ хэлсэн чинь Л.А гарч ирээд хөх алаг өнгийн нөүтбүүкний цүнхэнд хийсэн байсан 10 сая төгрөгийг миний машинд орж ирж аваад намын байр руугаа орсон. Тэгээд удаагүй Л.А нь буцаж гарч ирээд надад хөх алаг өнгийн нөүтбүүкний цүнхийг буцааж өгсөн. Тэгээд би Засаг дарга Л.Ганболдын утас руу залгаад мөнгө өгсөн талаараа хэлсэн. Засаг дарга Л.Ганболд 10 сая төгрөг өгснөөс 2 билүү 3 хоногийн дараа манай компанийн Хөвсгөл аймгийн Худалдан авах ажиллагааны газартай байгуулсан гэрээг Засаг дарга Л.Ганболд баталгаажуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 175-176 тал/,

-2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Л.Аын 89209041 дугаарын яриа /мессеж/-ийн мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 90-92 тал/,

-2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Ө.Батцэнгэлийн 99106286, 99781850 дугаарын яриа /мессеж/-ийн мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 133-134 тал/,

   -2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5890546264 дугаартай дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 167 тал/,

   -2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 5090403531 тоот дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 184-185 тал/,

   -2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Л.Ганболд, Ө.Батцэнгэл, Л.А нарын дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 191-192 тал/,

   -2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн гэрч Ц.Норовжамцын “...Үндэсний Аудитын газраас Улс төрийн намын тухай хуулийн заалтын дагуу иргэн, хуулийн этгээдээс хандив өгч байгаа бол заавал дансаар авах ёстой гэдэг хуулийн шаардлага тавьдаг. Мөн МАН-ын санхүүгийн дээд шатны байгууллага буюу Сан хөрөнгийн газраас дүүрэг, аймгуудын МАН-ын хорооны нягтлан бодогч нарт хандивыг зөвхөн дансаар ав гэсэн шаардлага тавьдаг. Тэгэхээр хандивын мөнгийг дансаар аваагүй тохиолдолд хандив гэж үзэх үндэслэл байхгүй..., ...Сүүлийн 2020, 2021 онд бүх шатны намын байгууллагууд хандивыг дансаар аваад хэвшиж байна. 2019 онд зарим анхан шатны намын байгууллагууд дансаар болон бэлнээр хандив авсан байдлаар тайлагнасан. Тус тайлантай холбоотойгоор Үндэсний Аудитын газраас хандивыг зөвхөн дансаар авна гэсэн шаардлага тавьсан учраас  энэ ажил хэвшээд явж байна. Хөвсгөл аймгийн МАН-ын хорооны өөрсдийн гаргаж өгсөн 2019 оны хандивын тайлангаас харахад “Батжин Ундрах” ХХК-аас бэлнээр болон дансаар хандив өгсөн  бүртгэл, мэдээлэл байхгүй байна. Тэгэхдээ бусад иргэн, аж ахуй нэгжээс дансаар болон бэлнээр хандив авснаа тусгасан байна..., ...Өөрсдийнх нь гаргаж өгсөн тайлангаас харахад “Батжин Ундрах” ХХК-с 10.000.000 төгрөг хандивласан гэсэн мэдээлэл тайланд тусгаагүй байна. Тэгэхээр ямар учиртай мөнгө гэдгийг нь өөрсдөө л мэдэх байх. Угаасаа ч хуульд зааснаар үнэн зөв тайлагнах ёстой. Тэгэхээр үнэн зөвөөр тайлагнаж тайлангаа ирүүлсэн гэж ойлгож байгаа...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 167-168 тал/,

-Ө.Батцэнгэлийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн яллагдагчаар өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр орой 18 цагийн орчим буюу ажил тарах үеэр Л.Ганболд Засаг даргатай уулзах гээд ажил руу нь орж яваад яг түүний хаалган дээр нь таараад нөгөөхөө аваад ирлээ гэсэн чинь энд уулзаж болохгүй, чи явж бай, би чам руу ярья гэсэн. Түүнээс хойш удаагүй 5, 10 минутын дараа Л.Ганболд дарга над руу залгаад Жаргалан эмнэлгийн гадаа хүрээд ир гэсэн. Намайг эмнэлгийн гадаа яваад очиход Л.Ганболд дарга дөнгөж ирээд зогссон ба машинаасаа бууж ирээд би эмнэлэг орж тариа хийлгэх гэж байна, энэ хүн рүү яриад мөнгөө аваачаад өгчих гээд утас дугаар өгсөн. Би тэр хүн рүү утсаар холбогдоод Л.Ганболдтой уулзлаа өөрт чинь мөнгөн аваачаад өгчих гэсэн юм, хаана байгаа вэ гэсэн чинь Монгол Ардын намын байран дээр ирээд залгачих гэсэн. Тэгээд намын байрны гадаа очиж нөгөө хүн рүү залгахад гадаа нь зогсож байсан. Мөнгийг аваад, намын байр руугаа ороод миний цүнхийг буцаагаад гаргаж өгсөн. Би тэр хүнээс гарч ирэхэд нь мөнгөө тоолж авсан уу гэсэн чинь тоолсон 10.000.000 төгрөг байна, гар зүсэх гэсэн шинэ мөнгөнүүд байна шдээ гэсэн. Өөр ямар ч яриа болоогүй...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 214-219 тал/,

-Монгол Ардын намын хяналтын ерөнхий хорооны 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 11 дугаартай албан бичиг, дансны дэлгэрэгүй /5-р хх-ийн 23-25 тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Аыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар болон эргэлзээ бүхий баримт тогтоогдоогүй,  шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

Тодруулбал эрүүгийн 2002002020007Т дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 54 дугаартай шүүхийн тогтоолоор шүүх хуралдааныг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэлх хугацаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ажиллагааг хийлгүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааныг эхлүүлэхэд шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Л.Аыг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 481 дугаартай “эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоолын дагуу яллагдагчаар татаж, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 103/А дугаартай прокурорын яллах дүгнэлтийг гардуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэг болон мөн хуулийн 33 дугаар зүйлд заасан хянан шийдвэрлэх ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай гэж үзэн  2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 62 дугаартай шүүхийн тогтоолоор шүүгдэгч Л.Аод холбогдох хэргийг тусгаарлаж системд бүртгэхээр шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Л.Аод холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Л.Аын өмгөөлөгч Э.Билгүүний зүгээс 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14, 6.15-д заасан үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргаж, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цаг 30 минутад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй талаар л мэтгэлцдэг.

Шүүх хуралдааныг хойшлуулсан хугацаанд яллагдагч Л.А, түүний өмгөөлөгч Э.Билгүүнийн зүгээс шинээр үйлдсэн яллах дүгнэлтийг эс зөвшөөрч дээд шатны прокурорт ямар нэгэн гомдол гаргаагүй, хэрэгт энэ талаар хавсаргасан материал авагдаагүй, оролцогч нарын эрхийг хэрхэн зөрчсөн талаар үндэслэл бүхий нотолгоог шүүхэд гарган ирүүлээгүй болохыг дурьдах нь зүйтэй болно.

Иймд Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг зааснаар зүйлчилсэн нь хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Харин шүүгдэгч Л.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Ганболддтой урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэснийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д зааснаар Хөвсгөл аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Л.Ганболдтой үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн үйлдсэн гэж үзэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Аын үйлдэл нь Авилгын эсрэг тухай хулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар “энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг”  гэж, энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх хэсэгт зааснаар “ давуу байдал гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” гэж тус тус заасан заалтыг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлтэй.

  

Авилгын эсрэг тухай хуулийн 4 дүгээр зүйлийн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь энэ хуулийн 4.1 дэх хэсгийн 4.1.1 дэх хэсэгт заасан “ төрийн улс төрийн...” гэж, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх хэсэгт “бүх шатны Засаг дарга...” /төрийн улс төрийн албан тушаал/ гэж,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт “"нийтийн албан тушаалтан" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг”, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна” гэж,

 “Нийтийн албан тушаалтан” гэдэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар “...улс төрийн албан тушаалтан” хамаарна гэж,

Төрийн албан тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн 11.1.11-т “Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны албан тушаал” гэж тус тус зааснаар Хөвсгөл аймгийн Монгол Ардын намын хорооны дэд дарга Л.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъект мөн гэж дүгнэхээр байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс “...Тухайн хэрэг болдог өдөр намын дарга Л.Ганболд үдээс хойш гэнэт залгаад “Батжин-Ундрах” ХХК-ийн захирал Ө.Батцэнгэл хандив өгнө тэрийг зохих журмын дагуу аваарай гэсэн ийм зүйлийг хэлсэн. Удалгүй үл таних дугаараас залгаж “Батжин-Ундрах ХХК-ийн захирал Ө.Батцэнгэл байна мөнгө өгөх гэсэн юм та хаана байна” гэхээр нь би “Намын байрны 2 давхарт байна гэсэн” дахиад над руу залгаад “та яасан бэ” гэхээр би гарч очоод мөнгийг нь тоолж аваад холбогдох санхүүгийн ажилтандаа өгсөн... Би тэр хоёр хүний юу ярьсан талаар огт мэдээгүй, хандив аваарай гэсэн хандивыг би өөртөө аваагүй намд өгсөн, нам тэр мөнгийг нь зохих зүйлд зарцуулсан гэж бодож байгаа, би нэг ч төгрөг тэрнээс ашигласан зүйл байхгүй  “ гэж маргаж мэтгэлцдэг.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт “Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ” гэж,

Улс төрийн намын тухай 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт “намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс арван сая, иргэдээс нэг сая төгрөгөөс хэтэрч болохгүй бөгөөд нэг хандивлагч намын нэг байгууллагад жилд 2-оос дээш удаа хандив өгөхийг хориглоно. Намд хандив өгсний төлөө албан тушаал, хувийн эрх ашиг хөөцөлдөх, шахалт үзүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар шүүгдэгч Л.А нь тухайн 10.000.000 төгрөгийг авахаас татгалзах замаар урьдчилан сэргийлэх боломжтой байсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт намд хандив туслалцааг дансаар авдаг талаар шүүгдэгч Л.А мэддэг талаараа мэдүүлэг бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Норовжамцын мэдүүлэгт “Үндэсний Аудитын газраас Улс төрийн намын тухай хуулийн заалтын дагуу иргэн, хуулийн этгээдээс хандив өгч байгаа бол заавал дансаар авах ёстой гэдэг хуулийн шаардлага тавьдаг” талаар дурьдсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ”, 1.1-т “Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэсэн үндсэн үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Хахууль авах гэмт хэрэг нь Төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа, нэр хүндэд шууд халдаж хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан идэвхитэй үйлдэл байхыг шаардах ба гэмт хэргийн үндсэн шинж нь хахууль өгөгчийн буюу хахууль авагч нь тухайн хахуулийг өгсөн буюу авснаар тухайн гэмт хэрэг төгссөнөөр тооцдог.

Энэ гэмт хэргийн үндсэн шинж нь хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй буюу хэлбэрийн шинжтэй, шүүгдэгч Л.Аыг үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Төрийн алба, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, нэр хүндийн эсрэг /аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хууль ёсны эрх ашиг, сонирхлын эсрэг нэмэгдэл объекттой/ гэмт хэрэг байх ба шүүгдэгч Л.Аын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч Л.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас : Шүүгдэгч Л.Аыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тус хуулийн 22.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт заасан гэмт хэрэгт нь нийтийн албанд 5 жилийн хугацаагаар ажиллах эрхийг хасаж, 20.000.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд биелүүлэх саналыг гаргаж байна” гэх ялын дүгнэлтийг,

   Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хамгийн багаар торгуулах, нийтийн албанд ажиллах эрхтэйгээр шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Шүүгдэгч Л.Аод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон хэр хэмжээ, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Аыг нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая / төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Л.Аод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирол хор уршиг , бусад асуудлаар:

Хахууль авах гэмт хэргийн улмаас хүн, хуулийн этгээдэд бодит хохирол шууд учраагүй байна.

Эрүүгийн 2002002020007Т дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.А нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

0 нөлөө бүхий этгээд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Адыг нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Аод оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Аод оногдуулсан 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Шүүгдэгч Л.Аод шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Аод оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

  1. Эрүүгийн 2002002020007Т дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шүүгдэгч Л.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншин сонсмогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Л.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Адод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ю.ЭНХМАА