Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/497

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

-улсын яллагчаар Г.Ариунзул,

-насанд хүрээгүй хохирогч М.Е, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Энхжаргал,

-шүүгдэгч Б.П нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Пшид холбогдох эрүүгийн 2234006640477 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамтаар Төв аймаг Заамар сум Хайлааст 3 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Б.Пш /РД:ДБ01241914/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.П нь 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт үргэлжилсэн үйлдлээр насанд хүрээгүй хохирогч М.Еийг 14 нас 2 сар, 4 хоногтойг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.П нь мэдүүлэхдээ: “: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэв.

Хохирогч М.Е нь мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

            Шүүгдэгч Б.П нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Шүүгдэгч Б.П нь 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт үргэлжилсэн үйлдлээр насанд хүрээгүй хохирогч М.Еийг 14 нас 2 сар, 4 хоногтойг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

  • Насанд хүрээгүй хохирогч М.Еий мэдүүлэг /хх-ийн 8-11 тал/,
  • Шүүгдэгч  Б.Пийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-18 тал/,
  • Гэрч  Б.Бадралын мэдүүлэг /хх-ийн 21-23 тал/,
  • Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхжаргалын мэдүүлэг /хх-ийн 25-27 тал/,
  • Гэрч О.Ариунтөгсийн мэдүүлэг /хх-ийн 30-32 тал/,
  • Гэрч Б.Сүрэнгийн мэдүүлэг /хх-ийн 35-37 тал/,
  • Гэрч Ц.Дамдиндуламын мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/,
  • Гэрч Ч.Мөнхбаярын мэдүүлэг /хх-ийн 44-46 тал/,
  • Насанд хүрээгүй гэрч М.Өсөхбаярын мэдүүлэг /хх-ийн 56-58 тал/,
  • Гэрч М.Энхсайханы мэдүүлэг /хх-ийн 61-63 тал/,
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 12518 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65-66 тал/,
  • Шүүгдэгч Б.Пийн яллагдагчаар татсан мэдүүлэг /хх-ийн 101-102 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.П нь 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 114 тал/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзул нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 237 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-125 тал/ 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Б.П нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Б.Пид холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад насанд хүрээгүй хохирогч М.Е “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр суух гэж байгаа цаашид цуг амьдрана ” гэсэн талаар мэдүүлсэн мэдүүлэг хавтаст хэргийн 114 дугаар хуудаст авагдсан шүүгдэгч Б.П хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцсэн гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пийн хүсэлтийг прокурор хүлээн авч шүүхэд шилжүүлсэн нь үндэстэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.П нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Б.Пийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Хохирол хор уршиг, бусад асуудлаар:

            Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад насанд хүрээгүй хохирогч М.Е нь “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн байх тул энэ тогтоолоор гаргуулах хохирлын асуудал байхгүй байна.

 

            Эрүүгийн 2234006640477 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Пшыг арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Б.Пшыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пийг шүүхээс тогтоосон Улаанбаатар хотоос бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Пийг Улаанбаатар хотоос бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж , тодорхой газар очих хязгаарлалт тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.П нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих солихыг, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

6. Шүүгдэгч Б.Пийн зорчих эрхийг хязгаарлах ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн 2234006640477 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ю.ЭНХМАА