| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 101/2017/02200/и |
| Дугаар | 365 |
| Огноо | 2018-02-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 365
“Э.Т.М.С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Туяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/03842 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “Э.Т.М.С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч С.Б-т холбогдох
Гэрээний үлдэгдэл төлбөр, алданги 4 365 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
Гэрээнээс татгалзсаныг тогтоолгож, гэрээгээр шилжүүлсэн 2 790 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,
шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И,
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Ч,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Э.Т.М.С” ХХК нь хариуцагч С.Б-тэй 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр худалдах-худалдан авах гэрээгээр 5 700 000 төгрөгийн үнэтэй, чанарын доголдолгүй, шинэ Керби сентриа ахуйн цэвэрлэгээний төхөөрөмжийг худалдан авагчид шилжүүлж, гэрээ байгуулахдаа урьдчилгаа 500 000 төгрөгийг бэлнээр өгч, үлдсэн 5 200 000 төгрөгийг 18 сарын хугацаатай сар бүрийн 26-ны өдөр 288 888 төгрөг төлж барагдуулах нөхцөлтэйгөөр худалдсан. Гэрээний хугацаа 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр дууссан бөгөөд хугацааны эцэст худалдан авагч С.Б 2 790 000 төгрөг төлж үлдсэн 2 910 000 төгрөгийг төлөөгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2 дахь хэсэгт төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөр төлөлтийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохирсон бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар гэрээний хугацаа дууссанаас хойш 1 жил 7 сарын буюу нийт 675 хоног хэтрүүлсэн, хоног тутамд 2 910 төгрөг буюу 1 964 250 төгрөг төлөхөөр байгаа боловч хуульд зааснаар төлөх ёстой үнийн дүнгийн 50 хувиар тооцоход 1 455 000 төгрөг төлөхөөр байна. Иймд гэрээний дагуу С.Б-с үлдэгдэл төлбөр 2 910 000 төгрөг, гэрээгээр тохирсон алданги 1 455 000 төгрөг, нийт 4 365 000 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б миний бие тус компаниас ахуйн цэвэрлэгээний зориулалттай тоос сорогч худалдаж авсан нь үнэн. Тус компани анх тоос сорогчоо бидэнд худалдан борлуулахдаа маш өндөр зэрэглэлийн чанартай 30 жилийн баталгаатай гэж тайлбарлаж бидэнд худалдсан. Гэвч тус тоос сорогч нь авсан өдрөөс хойш удалгүй эвдэрч, бид тус газартай холбогдож тайлбарлахад тус компаниас засварчин ирээд янзалж өгсөн. Гэтэл дахиад 2 хоногийн дараа дахин эвдэрсэн тул бид барааг буцаамаар байна гэсэн санал тавьсан. Учир нь тоос сорогчийн реминийг нийт 3 удаа сольж өгсөн боловч дахин тасраад хэрэглэх боломжгүй болсон. Иймд бид уг тоос сорогч өөрөө асуудалтай эвдэрхий учир байнга реминийг нь солих шаардлага гардаг гэсэн ч дахин эвдэрч одоо ремингүй ашиглах боломжгүй байгаа. Бид тухайн үед барааг буцааж ав эсвэл шинээр тоос сорогч сольж өг гэсэн боловч бидний саналыг хүлээн аваагүй. Бид нийт 2 790 000 төгрөг төлсөн. Иймд худалдах-худалдан авах гэрээний дагуу чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн тул бид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн С.Б нь 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Э.Т.М.С” ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Керби Сентриа стандарт бүхий ахуйн цэвэрлэгээний төхөөрөмжийг худалдаж авсан. Уг ахуйн цэвэрлэгээний төхөөрөмж нь цэвэрлэгээ хийх зориулалттай боловч түүнийг худалдан авсан цагаас хойш нэг ч удаа бүрэн ашиглаж чадаагүй болно. Учир нь уг төхөөрөмжийн ремин нь нийт 3 удаа тасарсан бөгөөд тухай бүр “Э.Т.М.С” ХХК-тай байгуулсан үйлчилгээний гэрээний дагуу 94039777 дугаарт мэдэгдэж сервис үйлчилгээ хийлгэсэн. С.Б нь сүүлийн сервис үйлчилгээ хийлгэх үед ийм маягаар олон удаа тасарч ашиглаж чадахгүй байгаа учир уг худалдан авсан төхөөрөмжийг гэрээнд заасан чанарын шаардлага хангасан ижил төрлийн тоног төхөөрөмжөөр солиулах эсхүл гэрээнээс татгалзаж тоног төхөөрөмжөө буцаан авахыг шаардсан. С.Б нь сүүлд авсан сервис үйлчилгээнээс хойш буюу 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үнийг төлснөөс хойш дахин үнийг төлөхөөс татгалзсан. Ийнхүү гэрээнээс татгалзаж эвдрэл ихтэй, ашиглах боломжгүй тоног төхөөрөмжөө буцааж авахыг шаардсан боловч хариу огт өгөөгүй. Гэтэл өнөөдөр чанар муутай, ашиглах боломжгүй, эвдрэл ихтэй бараа материал худалдан борлуулсан атлаа чанар байдлыг сайжруулж, доголдолгүй бараа өгөхөөс татгалздаг, тэгсэн атлаа хэл чимээгүй байж байгаад бүтэн 3 жилийн дараа үнийг, алдангийн хамт нэхэмжилж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. С.Б нь байгуулсан гэрээний үүргээ бүрэн ухамсарлаж үнийг тогтоосон хугацаанд тасралтгүй төлж байсан ч ашиглах боломжгүй, амархан эвдэрдэг бараанд энэ их хэмжээний мөнгө төлөх шаардлагагүй гэж үзсэн. Нөгөөтээгүүр уг компани нь гэрээний үүргээ ухамсарладаггүй, чанаргүй бараа зарсан атлаа огт хариуцлага хүлээдэггүй компани байна. Иймд “Э.Т.М.С” ХХК-тай байгуулсан 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн худалдах- худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээ дуусгавар болохыг тогтоож, гэрээний үнэд төлсөн 2 790 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Б-с 2 910 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Э.Т.М.С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 455 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэрээнээс татгалзсаныг тогтоолгож, 2 790 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 700 төгрөг хариуцагчаас сөрөг шаардлагад төлсөн 129 800 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч С.Б-с 61 510 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э.Т.М.С” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Э.Т.М.С” ХХК болон С.Б нарын хооронд байгуулагдсан 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээнд нэхэмжлэгч “Э.Т.М.С” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Сагдолданов Д.М гэгч этгээд гарын үсэг зурсан байдаг. Харин нэхэмжлэгч “Э.Т.М.С” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байгаагаар уг гэрээ байгуулагдах үед тус компанийн гүйцэтгэх захирлаар Мухамедкеримов Ерзат байсан байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Э.Т.М.С” ХХК-ийг төлөөлж Сагдолданов Д.М нь гарын үсэг зурахдаа итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд бус гүйцэтгэх захирлын хувиар гарын үсэг зурсан байгаагаас харахад тэрээр итгэмжлэл авсан байх боломжгүй юм. Нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтын хувьд “Э.Т.М.С” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Мухамедкеримов Ерзат бөгөөд уг этгээд нь Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт заасны дагуу гэрээнд гарын үсэг зурах эрх бүхий этгээд, харин хавтаст хэрэгт Сагдолданов Д.М гэгч этгээдийг гүйцэтгэх захирал болон гэрээнд гарын үсэг зурах эрхтэйг нотолсон баримт огт авагдаагүй байхад шүүхийн зүгээс дээрх дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй болсон.
Шүүхийн зүгээс дистрибьютерийн гэрээг Иргэний хуулийн 415 дугаар зүйлийн 415.1 дэх хэсэгт заасныг төсөөтэй хэрэглэсэн. Худалдааны зуучлал нь үйлчлүүлэгчийн нэрийн өмнөөс, түүний зардлын дагуу гэрээ байгуулах, бараа, эрх, үйлчилгээг борлуулах эрхийг олж авдаг. Энд заасан худалдааны зуучлагч этгээд буюу эрх олж авсан этгээд нь Мухамедкеримов Ерзат бөгөөд дистрибьютерийн эрхтэй этгээд юм. Харин үйлчлүүлэгчийн нэрийн өмнөөс гэрээнд гарын үсэг зурах, барааг худалдан борлуулах эрхтэй этгээд болох худалдааны зуучлагч Мухамедкеримов Ерзат нь гэрээнд гарын үсэг зураагүй нь эрхгүй этгээдтэй гэрээ байгуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм. Хариуцагчийн зүгээс энэ үндэслэлээр маргасан бөгөөд харин худалдааны зуучлалын гэрээний эрх зүйн үндэслэлээр маргаагүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч “Э.Т.М.С” ХХК хариуцагч С.Б-т холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2 910 000 төгрөг, алдангид 1 455 000 төгрөг нийт 4 365 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 2 790 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Зохигчид худалдах худалдан авах гэрээний зүйл болох ахуйн цэвэрлэгээний уураар цэвэрлэгч тоос сорогчийг хүлээн авсан, төлбөрт 2 790 000 төгрөг төлсөн үйл баримт дээр маргаангүй, харин гэрээний зүйл доголдолтой байсан эсэх талаар маргаж байна.
Талуудын хооронд 2014 оны 8 дугаар сарын 02-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч “Э.Т.М.С” ХХК нь “Sentria II” барааг стандарт иж бүрдлийн хамт 5 700 000 төгрөгөөр худалдах, хариуцагч С.Батцэцэг нь “Sentria II” барааны үнээс урьдчилгаа 500 000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг 18 сарын хугацаанд 288 800 төгрөгийг сар бүрийн 26-нд төлөхөөр тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогджээ.
Худалдах худалдан авах гэрээгээр талууд гэрээний зүйл, үнэ, төлөх хугацааны талаар харилцан тохиролцсон, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл болж, бичгээр гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл хийсэн, хүчин төгөлдөр гэж үзнэ.
Зохигчдын байгуулсан гэрээний 5.2.1-д “захиалагч анхны төлөлт болох 500 000 төгрөгийг 3 /гурав/ хоногийн дотор төлнө. Үлдсэн төлбөрийг 18 сарын хугацаанд 288 800 төгрөгөөр төлж дуусгавар болгоно. Сар бүрийн 26-нд төлбөрөө төлж байна” гэж тохиролцжээ.
Дээрх гэрээгээр талууд худалдах-худалдан авах гэрээний зүйлийн үнийг тодорхой хугацаанд хуваарилан төлөхөөр тохиролцсон, гэрээ байгуулахдаа хүү тохиролцоогүй байгаа нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй.
Худалдах худалдан авах гэрээний төлбөрийг дараа төлөхөөр тохиролцсон нь зээлээр худалдах худалдан авах гэрээ болохгүй, тухайн гэрээ нь зөвхөн хөрөнгийн үнийг төлөх хугацаагаар тодорхойлогдохгүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар буруу дүгнэснийг залруулж шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Талууд 2014 оны 8 дугаар сарын 02-ны өдөр худалдах-худалдан авах гэрээний бараа хүлээлгэж өгсөн акт үйлдэж гэрээний зүйлийг бодитойгоор хариуцагч С.Б-т хүлээлгэн өгсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, энэ талаар талууд маргахгүй байна.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт худалдах худалдан авах гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх ба мөн хуулийн 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдан авсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, хэрэв эд хөрөнгө нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө байвал тухайн төрлийн ижил хөрөнгөөр буюу тухайн цаг үед худалдан авагчид шаардлагатай өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй ба худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй байна.
Ахуйн цэвэрлэгээний уураар цэвэрлэгч тоос сорогч доголдолтой байсныг хэргийн 70 дугаар тал дах цэвэрлэгээний төхөөрөмжид үзлэг хийсэн тэмдэглэл, болон гэрч М.Батбаатарын мэдүүлэг эргэлзээгүйгээр нотлохгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээж авсан ахуйн цэвэрлэгээний уураар цэвэрлэгч тоос сорогч доголдолтой байсан болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй болно.
Иймд талуудын хооронд 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан худалдах худалдах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 2 790 000 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв байна.
Нэхэмжлэгчид хариуцагч нь худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж гэрээний зүйлийн үнийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул анхан шатны шүүх гэрээний төлбөрийн үлдэгдэл 2 910 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, алдангийн талаарх тохиролцооны агуулга тодорхой бус, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасантай нийцээгүй тул талууд алданги тохиролцоогүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Худалдааны зуучлагч Мухамедкеримов Ерзат нь гэрээнд гарын үсэг зураагүй нь эрхгүй этгээдтэй гэрээ байгуулсан гэх хариуцагчийн тайлбар болон гомдол үндэслэлгүй. Учир нь худалдах худалдан авах гэрээнд эрх зүйн хувьд гарын үсэг зурах эрхгүй этгээд гарын үсэг зурснаас эрх ашиг сонирхол хөндөгдсөн талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул хариуцагчийн эрх ашиг сонирхол хөндөөгүй гэж үзнэ. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/03842 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “262 дугаар зүйлийн 262.1” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Б-с давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 61 510 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Т.ТУЯА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ