Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 1035

 

С.Б-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Э.Бадрал,

шүүгдэгч С.Б,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/628 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б-н гаргасан давж заалдах гомдлоор С.Б-д холбогдох эрүүгийн 1911 00488 0148 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн С-н Б, 19.. оны ... дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт .......... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ........./;

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 337 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,  

С.Б нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Билгүүн Ундарга” цэцэрлэгийн өрөөнөөс хохирогч Л.Мөнхчулууны 43.500 төгрөгийн үнэ бүхий гар утас, 1.244.552 төгрөгийн үнэ бүхий алтан бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын замын 100 тоотод үйл ажиллагаа явуулдаг “ЦТГ” ХХК-ийн эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 150.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Эдж-6” загварын гар утас хулгайлсан,

2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-888 тоот хохирогч Н.Ганбатын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 1.580.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Эс-9 плас” загварын гар утас хулгайлсан,

2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 21-14а тоотод хохирогч М.Цэрмаагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, бэлэн 30.000 төгрөг, 103.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Эс-3” загварын гар утас, 581.940 төгрөгийн үнэ бүхий “Панасоник” фирмийн зурагт зэргийг хулгайлсан,

2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-1123 тоотод хохирогч А.Жаргалмаагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 44 инчийн 486.000 төгрөгийн үнэ бүхий “Эйч пи пи”  фирмийн зурагт хулгайлсан,

2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 12-167 тоот хохирогч Л.Эрдэнэбилэгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 65.000 төгрөгийн үнэ бүхий “Айфон 4” загварын гар утас, 205.000 төгрөгийн үнэ бүхий үхрийн өвчүү мах, 10.800 төгрөгийн үнэ бүхий эрэгтэй хүний савхин бээлий зэргийг хулгайлсан,

2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 19-417 тоот хохирогч Р.Сарантуяагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 500.000 төгрөгийн үнэ бүхий “Айфон 7 плас” загварын гар утас, 9180 төгрөгийн үнэ бүхий эрэгтэй хүний малгай хулгайлсан,

2019 он 1 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 21-11 а тоот хохирогч М.Бадраагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 131.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Эс-5” загварын гар утсыг хулгайлсан,

2018 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 10-544 тоотод хохирогч Д.Должингийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, “Самсунг” брендийн 274.940 төгрөгийн үнэ бүхий 32 инчийн зурагт, 334.000 төгрөгийн үнэ бүхий жордан фүүз, 104.000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй хүний туулайн үсэн шуба, 17.999 төгрөгийн үнэ бүхий үсний индүү хулгайлсан,

2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 10-541 а тоот хохирогч И.Мөнхбаярын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 269.940 төгрөгийн үнэ бүхий “БСБ” брендийн зурагт, 112.000 төгрөгийн үнэ бүхий “Сэйко” фирмийн бугуйн цаг хулгайлсан,

2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 16-158 тоот хохирогч Б.Дэлгэрмаагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж, 419.940 төгрөгийн үнэ бүхий “Хайсэнс” фирмийн 40 инчийн зурагт 42.750 төгрөгийн үнэ бүхий “Олимпүс” фирмийн зургийн аппарат хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд заасныг тус тус журамлан 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан 4 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоож, С.Б-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Б-н энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 190 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Б-с хохирогч Д.Оюунсувдад 150.000 төгрөг, М.Цэрмаад 684.940 төгрөг, Л.Мөнхчулуунд 1.244.552 төгрөг, Л.Эрдэнэбилэгт 280.800 төгрөг, Б.Дэлгэрмаад 462.690 төгрөг, М.Бадраад 131.000 төгрөг, Д.Должинд 730.939 төгрөг, И.Мөнхбаярт 381.940 төгрөг, Р.Сарантуяад 509.180 төгрөг тус бүрт олгож шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч С.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад эд материалын хохирол учруулсандаа маш их гэмшиж, дахин гэмт хэрэг үйлдэхгүйн тулд өөрт оногдох ял шийтгэлээ үнэн зөвөөр эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

            1. Намайг 461 дүгээр ангид цагдан хоригдож байхад Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч Аригуун намайг түр бичгээр тус ангиас авч гаран аав, ээж, хамаатан садан, эхнэр хүүхдүүдтэй чинь золгуулж, мөн санхүүгийн тусламж үзүүлнэ. Хулгайн мөнгөн дүн нь бага 100.000 төгрөгөөс бага, илүүгүй гэж худлаа хэлж, бас сэтгэлийн дарамттай байсныг минь далимдуулан надад миний хийгээгүй 2 хулгайн хэргийг хийсэн болгож, хэрэг хуурамчаар хүлээлгүүлсэн. Хэрэг гарсан гэх тэр үед би харуул хамгаалалтын компанид ээлжийн ажил хийж байсан нь ажлын камерийн бичлэг, рапорт, хэрэгт хавсаргасан хурууны хээнүүд таараагүй зэрэг баримтаар нотлогдоно. Энэ хэргүүд нь тус шийтгэх тогтоолд байгаа. Д.Должин хохирогчтой 626.939 төгрөг, Б.Мөнхбаяр хохирогчтой 381.940 төгрөгийн хулгайн хоёр хэргийг би үйлдээгүй, хилсээр хүлээлгэсэн учир өөрт ноогдуулсан ял болон хохирлоос хасуулах хүсэлтэй байна.

            2. Цагдан хоригдож байхад 2019 оны 3 дугаар сарын 15-ны үед Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч дэслэгч Мөнх-Эрдэнэ нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Дарь-Эхийн автобусны буудлын хажууд байдаг дэлгүүрээс эд зүйл хулгай хийсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ хэргийг би нээсэн нь үнэн бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр болон шүүх болсон шүүх хурлын шийтгэх тогтоолд оруулаагүй орхигдсоныг тогтоол гардан авахдаа мэдсэн.

            Иймд миний үйлдсэн энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дэслэгч Мөнх-Эрдэнийн буруугаас болж шүүхээр шийдүүлээгүй тул миний хэргүүдтэй нэгтгэн шийдвэрлэнэ үү. Надад оногдуулсан ялыг эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр дээрх хэргүүдийг нэгтгэн нэг тогтоолоор шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Э.Бадрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч С.Б-г дарамталж, хэрэг хүлээлгэсэн талаарх баримт байдаггүй. Тухайн асуудлын талаар С.Б нь прокурорт ямар нэгэн хүсэлт, гомдол ирүүлээгүй. Баянзүрх дүүргийн 2 дугаар хэлтэст шүүгдэгч С.Б-д холбогдох хэрэг байхгүй, мөн нэгдсэн системээс хайж үзэхэд байдаггүй. Тиймээс давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч С.Б-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... шүүх хуралдааны тэмдэглэл түүнд хавсаргасан дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ... нотлох баримт болно” гэж, мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, ... шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана.” гэж заажээ.

С.Б-д холбогдох хэргийг хянан хэлэлцсэн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс /хх 84-89/ үзэхэд шүүх хуралдааныг 16 цаг 00 минутад эхэлж, мөн цагт дууссан мэтээр шүүх хуралдааны ажиллагааны эхэлсэн, дууссан хугацааг ойлгомжгүй байдлаар бичиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн байна.  

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гучин зургадугаар бүлэгт шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэц, шүүхийн шийдвэрийн удиртгал, тодорхойлох, тогтоох хэсэгт тусгагдах зүйлсийн талаар хуульчилсан байх ба уг хуулийн 36.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал”, 2.3 дахь заалт “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн ... дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт дараахь зүйлийг тусгана” гээд мөн зүйл, хэсгийн 3.1 дэх заалт “шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл”, 3.2 дахь заалт “шүүгдэгчид хорих ял оногдуулсан бол уг ялыг эдлүүлэх хорих байгууллагын дэглэмийг заасан үндэслэл”, 3.5 дахь заалт “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэл” зэргийг шүүх шийдвэртээ заавал тусгахаар заажээ.

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон эсэх, түүнд хэрхэн, ямар үндэслэлээр эрүүгийн хариуцлага оногдуулсан талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.   

Түүнчлэн, анхан шатны шүүх С.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзаж үзэлгүйгээр түүнд 4 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 Мөн прокуророос үргэлжилсэн нэг үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тусад зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь хууль хэрэглээний хувьд оновчтой, зөв эсэхэд шүүх дүгнэлт хийвэл зохино.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Б-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.