Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2025/0003

 

 

 

 

 

 

 

 

               “М” ХХК-ийн

                            нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2024/07** дугаар шийдвэрийг хариуцагч Д.Б, Б.Б нарын давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.

 

Шүүх бүрэлдэхүүн:

 

Шүүх хуралдааны даргалагч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

 

Нэхэмжлэгч “М” ХХК

Хариуцагч Тат************* нар

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Ч, С.Б, Д.С

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О,

Хариуцагч Б.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

 

Хэргийн индекс: 128/2024/0***/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 7** дугаар шийдвэрээр: “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол улсын Засгийн газар, Бүгд найрамдах Итали улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 30 дугаар зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Татварын ерөнхий хууль /2019 он/-ийн 76 дугаар зүйлийн 76.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.5, 7.3.1, 15 дугаар зүйлийн 15.1.1, Аж ахуйн нэгжийн орлогийн албан татварын тухай хууль /2006 он/-ийн 17 дугаар зүйлийн 17.2.9.г, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1.3, 3.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан “М” ТӨХХК-иас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Д.Б нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн НА-212300***** дугаартай нөхөн ногдуулалтын актаар тогтоосон 356,612,124.34 төгрөгийн нөхөн татвар, 120,809,978.9 төгрөгийн торгууль, 26,663,169.52 төгрөгийн алдангийн хэмжээг 286,321,786.97 төгрөгийн нөхөн татвар, 120,462,105.62 төгрөгийн торгууль, 26,553,589.70 төгрөгийн алдангиар тус тус багасгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол улсын Засгийн газар, Бүгд найрамдах Итали улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг маргаанд хэрэглэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, хэлэлцээрт заасан хэмжээгээр төлөгдөх эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоох” хэсгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2. Хариуцагч улсын байцаагч нар дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийг сонсгохдоо Итали улсын “К” компанид зөвлөх үйлчилгээний төлбөрийг шилжүүлсэнтэй холбоотой гарсан төлбөрийг бууруулахаар шийдвэрлэж байна гэсэн боловч бичгэн хэлбэрээр зөрүүтэй ирүүлсэн байна. Нэхэмжлэгч хүсэлтийг бичгээр, цахимаар ирүүлээгүй. Мөн нэхэмжлэгч нь Итали улсад байрладаг “П” компаниас зөвлөх үйлчилгээ авч 4462,804,375 төгрөгийн төлбөрийг шилжүүлэхдээ албан татварыг 5 хувиар суутган авч тайлагнасан байдаг. Орлого татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол улсын Засгийн газар, Бүгд найрамдах Итали улсын Засгийн газар хоорондын конвенцын 30 дугаар зүйлд “Хүчин төгөлдөр болох”, 30.2-д Соёрхон баталсан баримт бичгийг харилцан солилцсоны дараа үеэс энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болох бөгөөд түүний заалтууд доор заасны дагуу үйлчилж эхэлнэ. а/ Хэлэлцээр хүчин төгөлдөр болсон жилийн дараагийн хуанлийн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдөр болон түүний дараагийн өдрөөс эхлэн эх үүсвэрт  нь суутгалаар төлсөн буюу хөнгөлсөн зохих татварууд, б/ Хэлэлцээр хүчин төгөлдөр болсон жилийн дараагийн хуанлийн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдөр болон түүний дараагийн өдрөөс эхлэн аливаа татварын жилд төлбөл зохих бусад татварууд” гэсэн байна. Батламж жуух бичгийг талууд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ром хотноо солилцсон. Иймд энэхүү хэлэлцээр нь 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн тул 20 хувиар татвар ногдуулах нь зүйтэй. Татвар төлөгч нь 2019 оны аж ахуйн нэгжийн орлогын албан тайланд /ТТ-13-Суутгагчийн аж ахуй нэгжид орлогоос суутгасан албан татвар/-д 885,119,656.66 төгрөгийн зөвлөх үйлчилгээний төлбөрөөс хүчин төгөлдөр болоогүй давхар татварын гэрээгээр 5 хувиар ногдуулсан тул зөрүү 15 хувиар нөхөн ногдуулсан. Итали улсын КТ-Кинетик Техноложи компаниас 2019 онд зөвлөх үйлчилгээ авч 424,327,334.74 төгрөгийн төлбөрийг оршин суугч бус этгээдэд шилжүүлэхдээ албан татвар суутгаж аваагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5,  мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.2-д заасныг тус тус зөрчсөн. Дээрх асуудалтай ижил маргааныг шүүхээр хэлэлцэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2024/0*** тоот шүүхийн магадлалын 2.10-т “Дээрх асуудлыг шалган тогтоох нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн байх тул маргаан бүхий актын биелэлтийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ” гэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дахь хэсэг, 7 дахь хэсэг, 8 дахь хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Анхан шатны шүүх зарим нотлох баримтад дутуу дүгнэлт хийсэн, хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч улсын байцаагч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

2. Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч нар “М” ТӨХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн НА-212300***** дугаар нөхөн ногдуулалтын актаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.12, 11.19.1.1, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, 82.1.2, 74 дүгээр зүйлийн 74.1, 83 дугаар зүйлийн 83.2 дахь заалтыг тус тус үндэслэн 356,612,124.34 төгрөгийн нөхөн татвар, 120,809,978.07 төгрөгийн торгууль, 26,663,169.52 төгрөгийн алданги нийт 504,085,271.93 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулахыг даалгаж шийдвэрлэжээ.

3. Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөлийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 17 дугаар зүйлийн 17.2.9, мөн хууль /2019 оны/-ийн 20 дугаар зүйлийн 20.2.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5, 16.1.2, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.3-т заасныг баримтлан “... хэлэлцээр хүчин төгөлдөр байгаа талаар Сангийн яам ... Татварын ерөнхий газрын мэдээлэлд үндэслэн тайлагнасан үйлдэлд татвар төлөгчийг буруутгах боломжгүй” гэж үзэж, нөхөн ногдуулалтын актаар нийт 504,085,271.93 төгрөгийн төлбөр ногдуулснаас 67,598,647.05 төгрөгийн торгууль, 26,553,589.70 төгрөгийн алданги, нийт 94,152,236.75 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, актаар тогтоосон төлбөрийг багасгаж шийдвэрлэжээ.

4. Нөхөн ногдуулалтын актын /Хавсралт 5, 6/-д заасан зөрчлийн тухайд:

4.1. Анхан шатны шүүх “... Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 1, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаас үзэхэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь зөвлөх үйлчилгээ авах гэрээг байгуулах  эрхтэй, гэрээний дагуу төлбөр шилжүүлэгч ба нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш болох нь тогтоогдож байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хангаж, актаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

4.2. Нэхэмжлэгч “Монгол газрын тосны боловсруулах үйлдвэр” компани нь төрийн өмчит компани бөгөөд хувьцаа эзэмшигч нь “Э” ХХК, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь Итали улсын “К” компани болон “М” ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 15-нд Зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулсан нь нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаанд хамааралтай бөгөөд гэрээний дагуу төлбөрийг нэхэмжлэгч компани шилжүүлсэн байхад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг “татвар төлөгч биш, магадлалд ийнхүү дурдсан” гэх зэргээр дүгнэж нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 402 дугаар магадлалаар татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2122000**** дугаар нөхөн ногдуулалтын актаар 2018 онд байгуулсан гэрээний дагуу 2018 онд шилжүүлсэн төлбөрт татвар дутуу ногдуулсан зөрчил илрүүлсэнтэй холбоотой хянаж энэхүү үндэслэлээр төлбөрийг багасгаж шийдвэрлээгүй, харин цаашид хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэж үзэж дахин шинэ акт гартал түдгэлзүүлсэн байхад энэхүү маргаанд хуулийг нэг мөр тайлбарлан хэрэглэсэн магадлал гэж үзэж хэрэглэсэн нь үндэслэлгүй.

4.3. Харин нэхэмжлэгч нь Итали улстай байгуулсан давхар татварын гэрээг хэрэглэж, Итали улсын “КТ техноложи” компанитай байгуулсан дээрх зөвлөх үйлчилгээний төлбөр болон “П” компанид шилжүүлсэн зөвлөх үйлчилгээний төлбөртэй холбоотой зөрчилд төлбөр ногдуулсан нөхөн ногдуулалтын актын холбогдох хэсгүүдийг хариуцагч нь тайлбарлахдаа Итали улстай байгуулсан давхар татварын олон улсын хэлэлцээр хүчин төгөлдөр болоогүй байсан тул хэрэглэхгүй гэж үзэж, зөрүүгээр нь төлбөр ногдуулсан гэж адил үндэслэлээр тайлбарласан.

4.3.1. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсгийн 8-д “П” компанид төлбөр шилжүүлсэн хэсэгт дүгнэлт өгөхдөө “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 30 дугаар зүйлийн 2-д Соёрхон баталсан баримт бичгийг солилцсон өдрөөс энэхүү конвенц хүчин төгөлдөр болох бөгөөд түүний заалтууд дор дурдсаны дагуу үйлчилж эхэлнэ: а/ конвенц хүчин төгөлдөр болсны дараагийн хуанлийн жилийн 1 дүгээр сарын 1-ний өдрөөс ...” гэж заасны дагуу соёрхон баталсан баримт бичгийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ром хотод солилцсоноор хүчин төгөлдөр болж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн[1] тул нөхөн татвар ногдуулсан тул дотоодын хуулийн дагуу татвар ногдуулахаар байна” гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

4.3.2. Учир нь Олон улсын гэрээний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Олон улсын гэрээний хүчинтэй буюу үйлчлэлийн хугацаа тухайн олон улсын гэрээгээр тодорхойлогдоно” гэж заасан тул нэхэмжлэгчийн энэ хугацаанаас өмнө Итали улсын дээрх 2 компанид Монгол улсаас эх үүсвэртэй орлого шилжүүлэх үедээ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай 2006 оны хуулийн 17  дугаар зүйлийн 17.2.9, 2019 оны хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-т зааснаар 20 хувийн татвар суутган авч төсөвт төлөөгүй зөрчил гаргасан гэж үзэж, төлсөн татварын зөрүүгээр нөхөн татвар ногдуулсан татварын улсын байцаагчийн актыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

4.4. Харин тухайн үед нэхэмжлэгч нь удаа дараа Сангийн яам болон холбогдох байгууллагад тухайн хэлэлцээр хүчин төгөлдөр эсэхийг тодруулахаар хандсан байх бөгөөд “хүчин төгөлдөр үйлчилнэ” гэж албан бичгээр хариу өгч байсантай холбоотой  Татварын маргаан таслах зөвлөл үндэслэл бүхий дүгнэлт хийж, актын нөхөн татвар ногдуулсан хэсгийг хэвээр үлдээж, тухайн зөрчилд ногдуулсан торгууль, алданги /2 зөрчилд ногдуулсан/ нийт 94,152,236.75 төгрөгийн төлбөрийг багасгаж шийдвэрлэсэн.

Нэгэнт гомдол урьдчилан шийдвэрлэх эрх бүхий Маргаан таслах зөвлөл актын энэ хэсгийг багасгаж гомдлын зарим хэсэг хангагдсан, энэ нь хүчин төгөллдөр байхад захиргааны хэргийн шүүх давтаж шийдвэрлэх шаардлагагүй байна.

5. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж “олон улсын хэлэлцээрийг хэрэглэх, хэлэлцээрт заасан хэмжээгээр төлөгдөх эрх зүйн харилцаа байгаа болохыг тогтоолгох” шаардлага гаргасныг нэхэмжлэлийн тусдаа шаардлага гэж үзэх үндэслэлгүй тул хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй. Анхан шатны шүүх энэ талаар дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт тусгаагүй байх тул зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

5.1. Тодруулбал захиргааны актыг гаргахад тухайн асуудлыг зохицуулсан ямар хууль тогтоомжийг үндэслэх нь хариуцагчийн бүрэн эрх бөгөөд харин захиргааг акт гаргахдаа үндэслэх ёстой хүчин төгөлдөр олон улсын гэрээ, хууль тогтоомжийг зөв хэрэгжүүлээгүй, хууль бус захиргааны акт гаргасан гэж марган, нэхэмжлэлээ гаргасан тохиолдолд тухайн маргааныг шийдвэрлэх эрх бүхий этгээд хуульд заасны дагуу уг асуудалд дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэх тул нэхэмжлэгч нь акт хүчингүй болгуулах нэг нэхэмжлэлийн шаардлагаар зөрчигдсөн эрх, ашиг сонирхлоо хамгаалуулах боломжтой, нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн захиргааны тусдаа үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй юм.

6. Нөхөн ногдуулалтын актын /Хавсралтын 4, 7/-д заасан ашиглалтын өмнөх үйл ажиллагаанд зориулж худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх татвараас хасаж тооцсон зөрчлийн тухайд:  

6.1. Нэхэмжлэгч нь “… манайх борлуулалтын орлого олж эхлээгүй, төсөвт төлөх татварын өргүй, худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан авах хүсэлтээ хяналт шалгалтын явцад гаргасан байхад илүү төлсөн татварыг буцаан олгоогүй  …” гэх зэргээр маргасан, анхан шатны шүүх тухайн худалдан авалтад төлсөн татвар нь “илүү төлсөн татвар” гэдэгт хамаарах эсэхэд дүгнэлт өгөлгүй, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан хүсэлтээ амаар гаргасан, бичгээр гаргаагүй нь илүү төлсөн татварыг буцаан олгохгүй байх үндэслэл болохгүй гэж өнгөц дүгнэж, нэхэмжлэлийг хангасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

6.2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн  14.6-д “Дараахь 14.6.Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй: … 14.6.5.ашиглалтын өмнөх үйл ажиллагаанд зориулж импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ” гэж тусгайлан заасан.

6.3. Уг хуулийн дагуу нэхэмжлэгч нь ашиглалтын өмнөх үйл ажиллагаанд зориулж худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасах үндэслэлгүй буюу “илүү төлсөн татвар” гэж үзэж, төсвөөс буцаан авах үндэслэлгүй байна.

6.4. Гэтэл нэхэмжлэгч нь ашиглалтын өмнөх үйл ажиллагааны худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг “илүү төлсөн татвар”гэж үзэж буцаан авах хүсэлтээ амаар гаргасан нь дээрх хуульд нийцэхгүй байх тул нөхөн ногдуулалтын актаар уг зөрчилд нөхөн татвар, торгууль ногдуулсныг буруутгах үндэслэлгүй байхад анхан шатны шүүх тухайн тохиолдлыг зохицуулсан хуулийн дээрх заалтыг хэрэглэлгүй, зөвхөн “… амаар хүсэлтээ гаргасан … бичгээр хүсэлтээ гаргах ёстой гэх татгалзал хууль бус” гэж дүгнэж энэ нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй болжээ.

7. Нөхөн ногдуулалтын актын /Хавсралтын 3, 9/-д заасан зөрчлийн тухайд:

7.1. Анхан шатны шүүх Энэтхэг улсын “Balmer Lawrie” компанитай байгуулсан гэрээний дагуу шилжүүлсэн орлогыг “газрын тосны дээжийг тээвэрлэх олон улсын ачаа тээврийн гэрээний дагуу үзүүлсэн үйлчилгээний орлого тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах барааг албан татвараас чөлөөлнө: ... 13.1.26. газрын тос болон уламжлалт бус газрын тостой холбогдсон тайлан материал, дээж болон газрын тос” гэж заасанд хамаарахгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч улсын байцаагч нарын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2024/07** дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “1. Олон улсын гэрээний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Татварын ерөнхий хуулийн /2019 оны/ 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, 82.1.2, 83 дугаар зүйлийн 83.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2019 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 18 дугаар зүйлийн 18.6.8, 20 дугаар зүйлийн 20.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.5, 14 дүгээр зүйлийн 14.6.5, 16 дугаар зүйлийн 16.1.2-д заасныг баримтлан Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн НА-212000**** дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “М” ТӨХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Итали улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг маргаанд хэрэглэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, хэлэлцээрт заасан хэмжээгээр төлөгдөх эрх зүйн  харилцаа байгаа болохыг тогтоох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчлөн,

 

“3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын оролгод хэвээр үлдээсүгэй.” гэсэн 3 дахь заалтыг нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснааар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

      ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ

                    ШҮҮГЧ                                             О.ОЮУНГЭРЭЛ

       ШҮҮГЧ                                              С.МӨНХЖАРГАЛ

 

[1] Хэргийн 2-р хавтасны 218-д Гадаад харилцааны яамны 2021.12.27-ны 09/5763-р албан бичиг авагдсан