Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2016/ШЦТ/107

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0107/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямдорж, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ***,  
Хохирогч ***, 
Шинжээч ***, 
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, ***/, 1964 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, боловсролгүй, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг Чулуут хороолол *** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд: 
-1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,  
-1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан. 

 Шүүгдэгч *** нь 2015 оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд ДАА серийн ***  дугаартай нийт 4м3 түлээний хуурай мод бэлтгэх эрхийн бичигтэйгээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Хүйтний даваа” гэх газраас нийт 5.9м3 хэрэглээний нойтон нарс мод бэлтгэн, тээвэрлэж ойн санд экологи эдийн засгийн үнэлгээгээр 2708100 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:
-Шүүхийн хэлэлцүүлэгт:

D:\2016 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Batsuuri 211.1.docx

-Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “***” гэх газраас 4 метр куб хуурай мод бэлтгэх эрхийн бичиг авч
модонд явсан юм. Тэгээд явж байх явцад давааны өөдөө машин гарахгүй байсан учир тэр давааны замын хажууд байсан 3 ширхэг бүдүүн модыг тайрч унагаагаад машин дээрээ багтахаар нь ачиж авчирч, үлдсэн хэсгийг нь маргааш нь дахин явж ачиж ирсэн. Тэгээд нэг машин модоо *** зах дээр аваачиж 200000 төгрөгөөр зарсан, үлдсэн мод нь манай хашаанд байгаа.
...хөрөө машин дээр байсан чинь алга болсон байна лээ. Би 2708100 төгрөгийн хохирол төлсөн, амьдралын нөхцөл байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг, 

-Хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…тухайн орчмын модыг хүмүүс ам дамжин гамингийн 7 мод гэж нэрлэдэг бөгөөд байгаль хамгаалагчийн хамтаар уг модны 3 модыг нь унагаасан байсныг мэдээд зургийг нь авч тэмдэглэл үйлдэж баримтжуулсан юм. Тэгээд Хонгор сумын хэсгийн төлөөлөгчтэй хамтран шалгаж явахад тухайн 3 модыг “***” ХХК-ны 3 ажилчид ***Х улсын дугаартай портер машинтай 2 хүн тайрч байсан гэсэн мэдээлэл авч, тухайн модыг *** хууль бусаар бэлтгэж, тээвэрлэсэн болохыг тогтоосон юм.
... *** нь хохиролд 2708100 төгрөг төлсөн. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т зааснаар ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож төлөх ёстой учир К*** 5416200 төгрөгийг гаргуулж, байгаль хамгаалах санд оруулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
 
-Шинжээч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Цагдаагийн газрын гаргасан хүсэлтийн дагуу мэргэжилтний зүгээс уг дүгнэлтийг гаргасан юм. Харин Мэргэжлийн хяналтын газраас уг дүгнэлтийг гаргаагүй. Тухайн хууль бусаар бэлтгэсэн мод нь нойтон мод байсан, мөн хэмжээг нь буруу тогтоосон байсныг 5.9 м куб гэж  зөвтгөж тогтоосон.” гэх мэдүүлэг, 

-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 7-9 дэх тал/, 

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 11-13 дахь тал/, 

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, битүүмжлэгдсэн эд зүйлийн гэрэл зураг /хэргийн 14-15, 17-18 дахь тал/, 
-Хураан авах тогтоол /хэргийн 16 дахь тал/,
-Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 20-23, 168-170 дахь тал/,
-Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ДАА серийн *** дугаартай түлээний хуурай мод бэлтгэх эрхийн бичиг /хэргийн 29 дэх тал/, 
-Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 30 дахь тал/, 

-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай гэр бүл Дархан сумын 7 дугаар багт байрлах “***й” зах дотор хөрөө рам ажиллуулдаг юм. 2013 оноос ***, *** нар манай хөрөө раманд туслах ажилтнаар ажиллах болсон юм. 
...тухайн үед *** “би түлээний модонд явах гэж байна, таны машинаар явна” гэж хэлж байсан юм. Тэр модонд явж ирчихээд над руу утсаар яриад “модны зах дотор байх таны түрээслэдэг талбайд бэлтгэсэн түлээний модоо хурааж байгаад зарчихмаар байна гэхэд нь би зөвшөөрсөн юм.
...Батсуурь манай талбайд байрлуулж зарсан модыг би хараагүй. Хаанаас бэлтгэсэн, ямар төрлийн, ямар хэмжээтэй мод гэдгийг хэлээгүй, түлээний мод зарна л гэж хэлсэн.
... Батсуурь ер нь *** улсын дугаартай киа портер машиныг байнга унаж хэрэглэдэг юм. Тухайн үед түлээний модонд явах гэж байна гэж хэлж байсан.
…*** надад хэлэхдээ түлээний мод бэлтгэх эрхийн бичиг авсан, түлээний модонд явна л гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 36-38 дахь тал/

-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын “***”, “***” гэх газарт мод бэлтгэж байхад манай ажилтан Нацаг надад хандаж “Гамингийн долоо” гэж нэршдэг нарс модны 3 ширхэгийг хүмүүс унагасан байна” гэж хэлж байсан.
...тэгээд тэр өдрийн орой 20 цагийн орчим машинтай буцаад явж байхад ямар ч байсан мод унаад навч, мөчир нь зам дээгүүр тарсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 41 дэх тал/, 

-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...”Хүйтний даваа” гэх газраар явж байтал замын хажууд байдаг “Гамингийн долоо” гэж нэрлэдэг модыг *** дугаартай хөх өнгийн портертэй 2 эрэгтэй тайрчихсан байсан. Би тэр хоёр хүнд “наадах чинь тайрдаг мод биш шүү дээ” гэж хэлэхэд юу ч дуугарахгүй байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 43 дахь тал/,  

-“Хонгор сумын ойн ангийн гаргасан *** дугаартай модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцсон үзүүлэлтэн дэх модны хэмжээ буруу тооцогдсон байна. 
...мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухайн тэмдэглэл, мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтээс үзэхэд тус бэлтгэсэн моднууд нь нойтон моднууд байна. Хэрэв цаашид ургах чадваргүй болсон хуурай мод байсан бол ногоон мөчир, шилмүүсгүй байна.
...холбогдох баримтуудаас үзэхэд моднууд нь хэрэглээний нойтон мод байгаа тул тус эрхийн бичгээр дээрх модыг бэлтгэх эрхгүй болно.
...баримтжуулсан зураг, материалуудыг үндэслэн тооцоход 3 ширхэг мод нь 5.9 метр куб болж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны *** дүгээр тушаалаар батлагдсан “Ойн сангийн нэг шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г үндэслэн тооцоход 5.9 метр куб хэрэглээний нойтон нарс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 255.000 төгрөг*5.9м.куб*1.8 /итгэлцүүр/=2708100 /хоёр сая долоон зуун найман мянга нэг зуу/ төгрөг болж байна” гэх 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 58-59 дэх тал/,
-“Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтний 2015 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн *** дугаар бүхий модны экологи, эдийн засгийн үнэлгээг тооцсон үзүүлэлтэн дэх модны үнэлгээ нь нойтон модыг хуурай гэж буруу тогтоож үнэлгээг хийсэн байна.
...Дархан сумын 1 дүгээр баг Пионерийн 12-80 тоот хашаанд байгаа 6 ширхэг модыг үзэхэд давирхай нь гоожсон шар холтостой нойтон моднууд байна. 
... Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтний тогтоосон модны эзэлхүүний хэмжээг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны ***  дүгээр тушаалаар батлагдсан “Ойн сангийн нэг шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээ”-ээр тооцоход 0.8 метр куб хэрэглээний нойтон нарс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 255000 төгрөг*0.8 метр куб*1.8 /итгэлцүүр/=367200 /гурван зуун жаран долоон мянга хоёр зуу/ төгрөг болж байна.” гэх хураагдаж битүүмжлэгдсэн модны талаар гаргасан 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн ***  дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 63-64 дэх тал/,  

-Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан сүхний үнэлгээний тайлан /хэргийн 69-70 дахь тал/,

-*** мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн “...2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр *** надтай уулзаад “мод бэлтгэх эрхийн бичиг авчихсан байгаа, хоёулаа маргааш миний модонд яваад ирье” гэж хэлсэн. Ингээд маргааш нь буюу 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр *** бид хоёр хөрөө рамны эзэн Баянболдын өмчлөлийн ***  улсын дугаартай портер маркийн машинтай Хонгор сумын “Могойн зоо” гэх газраас мод бэлтгэхээр явсан. *** бид хоёр Дарханаас гараад 110 км орчим яваад огцом өгсдөг давааг давж чадахгүй машин хий эргээд байхаар нь замын хажуу дахь нарс модноос гурван ширхэгийг тайрч унагааж мөчирлөөд 1 метр 50 см урттай тайрч бэлдээд тэвшээ дүүртэл нь ачаад 17 цагийн үед хөдөлж Дарханд 23 цагийн орчим ирж *** хашаанд бэлдсэн модоо буулгаад 2015 оны 11 сарын 25-нө өглөө 06 цагийн орчим үлдсэн модоо ачихаар *** бид хоёр дахин явж 13 цагийн орчим мод бэлтгэсэн газраа очиж үлдсэн модоо ачаад Дарханд шөнө 02 цагаас 03 цагийн орчим ирж ачиж ирсэн модоо буулгасан.
... *** тусалсан гэж 20000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 86-87 дахь тал/, 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 100 дахь тал/, 

-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…гамингийн 7 нэртэй нарс модны хажуугаар өнгөрөхөд гурван ширхэгийг нь тайрчихсан байсан. 
...тайрагдаж унасан 3 ширхэг модыг үзэхэд уг моднуудыг хөрөөдөж унагаад, хэрэгцээтэй хэсгийг нь машинд ачаад явсан автомашины мөр байсан. ***, *** хоёр гурван ширхэг модны хожуул болон мөчрийн гэрэл зургийг нь барьж явсан аппаратаараа аваад байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 128 дахь тал/, 

-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…тайрагдаж унасан 3 ширхэг модыг үзэхэд уг моднуудыг хөрөөдөж унагаад, хэрэгцээтэй хэсгийг нь машинд ачаад явсан автомашины мөр байсан. Тэгэхээр нь бид нар гурван ширхэг модны хожуул болон мөчрийн гэрэл зургийг нь би барьж явсан аппаратаараа авч, баримтжуулж аваад цааш явсан.
...тухайн үед бид нарыг харахад модны хожуул дээрх үртэс нь салхинд хийсч унаагүй байсан болохоор тэр моднууд тайрагдаад удаагүй байсан байх.” гэх мэдүүлэг /хэргийн 129 дэх тал/, 
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 130-131 дэх тал/, 
-Хохирлын мөнгө төлсөн баримт /хэргийн 160 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр “Могойн зоо” гэх газраас 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 4 м3  түлээний мод бэлтгэж, бэлтгэсэн модоо 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тээвэрлэх талаар ДАА серийн *** дугаартай эрхийн бичгийг авсан атлаа 2015 оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд үргэлжилсэн үйлдлээр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Хүйтний даваа” гэх газраас нийт 5.9м3  хэрэглээний нойтон нарс мод бэлтгэн, тээвэрлэж ойн санд экологи эдийн засгийн үнэлгээгээр 2708100  төгрөгийн буюу бага бус хэмжээний  хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “замын хажууд байсан 3 ширхэг бүдүүн модыг тайрч унагаагаад машин дээрээ багтахаар нь ачиж авчирч, үлдсэн хэсгийг нь маргааш нь дахин явж ачиж ирсэн.” гэх мэдүүлэг, хохирогч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…*** улсын дугаартай портер машинтай 2 хүн тайрч байсан гэсэн мэдээлэл авч, тухайн модыг *** хууль бусаар бэлтгэж, тээвэрлэсэн гэсэн мэдээлэл өгсөн юм.” гэх мэдүүлэг, шинжээч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…тухайн хууль бусаар бэлтгэсэн мод нь нойтон мод байсан, мөн хэмжээг нь буруу тогтоосон байсныг 5.9 м куб гэж  зөвтгөж тогтоосон.” гэх мэдүүлэг, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 7-9 дэх тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 11-13 дахь тал/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, битүүмжлэгдсэн эд зүйлийн гэрэл зураг /хэргийн 14-15, 17-18 дахь тал/, хураан авах тогтоол /хэргийн 16 дахь тал/, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ДАА серийн *** дугаартай түлээний хуурай мод бэлтгэх эрхийн бичиг /хэргийн 29 дэх тал/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 30 дахь тал/, гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн үед *** “би түлээний модонд явах гэж байна, таны машинаар явна” гэж хэлж байсан юм. *** ер нь *** улсын дугаартай киа портер машиныг байнга унаж хэрэглэдэг юм. Тухайн үед түлээний модонд явах гэж байна гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 36-38 дахь тал/, 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 58-59 дэх тал/, 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаар шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 63-64 дэх тал/,  *** мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн “...машин хий эргээд байхаар нь замын хажуу дахь нарс модноос гурван ширхэгийг тайрч унагааж мөчирлөөд 1 метр 50 см урттай тайрч бэлдээд тэвшээ дүүртэл нь ачаад 17 цагийн үед хөдөлж Дарханд 23 цагийн орчим ирж ***  хашаанд бэлдсэн модоо буулгаад 2015 оны 11 сарын 25-нө өглөө 06 цагийн орчим үлдсэн модоо ачихаар *** бид хоёр дахин явж 13 цагийн орчим мод бэлтгэсэн газраа очиж үлдсэн модоо ачаад Дарханд шөнө 02 цагаас 03 цагийн орчим ирж ачиж ирсэн модоо буулгасан.” гэх мэдүүлэг /хэргийн 86-87 дахь тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 130-131 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг  зүйлчилсэн  хуулийн  зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч *** зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсний улмаас бага бус хэмжээний буюу 2708100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч *** зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос бэлтгэсэн модны хэмжээг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Ойн ангиас 6.9 м куб гэж тогтоосон боловч энэ хэмжээг тогтоохдоо буруу хэмжсэн байна гэж Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч *** 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 05 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 58-59 дэх тал/ гаргасан байх тул энэхүү дүгнэлтийг үнэн зөв дүгнэлт гэж үзлээ. 

Мөн Дархан-Уул аймгийн Байгаль орчин, аялал, жуулчлалын газраас *** зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос бэлтгэсэн модны үлдэгдэл болох 1.6 метрийн урттай 6 ширхэг модны экологи, эдийн засгийн үнэлгээг тооцохдоо тухайн модыг хэрэглээний хуурай нарсан гуалин мод гэж дүгнэсэн боловч Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч *** 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр *** дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 58-59 дэх тал/ гаргаж, давирхай нь гоожсон, шар холтостой нойтон мод байна гэж дүгнэсэн байх тул энэхүү дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол болох 2708100 төгрөгийг шүүхийн шатанд /хэргийн 160 дахь тал/ төлсөн байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т зааснаар байгалийн нөөцөд хохирол учруулсан этгээд ойн санд учирсан хохирлыг ойн экологи, эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд энэ хэмжээгээр тооцож үзэхэд  шүүгдэгч *** 8124300 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзнэ.

Шүүгдэгч *** гэмт хэрэг үйлдэж олсон 367200 төгрөгийн үнэ бүхий 1.6 метрийн урттай 6 ширхэг модыг Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар хурааж улсын орлого болгож, *** төлөх ёстой 8124300 төгрөгөөс шүүхийн шатанд төлсөн 2708100 төгрөг, улсын орлого болгосон модны үнэ 367200 төгрөг, нийт 3075300 төгрөгийг хасч, үлдэх 5049000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, байгаль хамгаалах санд олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч *** гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *** улсын дугаартай портер маркийн автомашины эзэмшигч нь иргэн *** болох нь тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар /хэргийн 18 дахь тал/ нотлогдож байна.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээг 5500000 төгрөг гэж мөрдөн байцаалтын шатанд тогтоосон /хэргийн 21-23 дахь тал/ боловч шүүхийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “1997 онд үйлдвэрлэгдэж, 2012 онд Монгол Улсад орж ирсэн портер маркын автомашины үнэлгээг дахин гаргуулж өгнө үү” гэх хүсэлтийн /хэргийн 159 дэх тал/ дагуу *** улсын дугаартай портер маркийн автомашины зах зээлийн үнэлгээг дахин гаргуулахад тухайн эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 1500000 төгрөг гэж тогтоож ирүүлжээ. /хэргийн 168-170 дахь тал/
Дахин гаргасан энэхүү үнэлгээний талаар талууд ямар нэгэн гомдол гаргаагүй байх тул *** улсын дугаартай портер маркийн автомашины үнэлгээг 1500000 төгрөгөөр тооцон шүүгдэгчээс гаргуулж, улсын орлогод оруулах нь шүүгдэгчид ашигтай байна. 
Мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, хэргийн 29 дэх талд авагдаж ирсэн мод бэлтгэх ДАА серийн *** дугаартай эрхийн бичгийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 8000 төгрөгийн үнэ бүхий төмөр иштэй сүх, гэмт хэрэг үйлдэж олсон 367200 төгрөгийн үнэ бүхий 1.6 метрийн урттай 6 ширхэг модыг хурааж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц *** эзэмшлийн *** улсын дугаартай портер маркийн автомашин битүүмжилсэн 2016 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн тогтоолыг /хэргийн 17 дахь тал/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв. 

Шүүгдэгч *** нь 1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан боловч ялтай байдал дууссан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч *** ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийн зарим хэсгийг сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Шүүгдэгч *** зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсний улмаас бага бус хэмжээний буюу 2708100 /хоёр сая долоон зуун найман мянга нэг зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар шүүгдэгч *** 1 жил /нэг жил/ хорих ял шийтгэсүгэй.
    
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч *** оногдуулсан 1 жил /нэг/ хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн  298.1.1-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй,  2708100 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдсугай. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч *** гэмт хэрэг үйлдэж олсон 367200 төгрөгийн үнэ бүхий 1.6 метрийн урттай 6 ширхэг мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 8000 төгрөгийн үнэ бүхий төмөр иштэй сүх, тээврийн хэрэгслийн үнэ болох 1500000 төгрөгийг тус тус хурааж, улсын орлого болгосугай.

6.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т зааснаар шүүгдэгч *** ойн санд учруулсан нөхөн төлбөрт 5049000 /таван сая дөчин есөн мянга/ төгрөгийг гаргуулж, байгаль хамгаалах санд олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, хэргийн 29 дэх талд авагдаж ирсэн мод бэлтгэх ДАА серийн ***  дугаартай эрхийн бичгийг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *** цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялыг 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тооцсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ            Я.ТУУЛ