Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/503

 

 

 

 

 

 

 

 

 

          

                                 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,

-улсын яллагчаар Д.Дэлгэрсүрэн,

-хохирогч С.Б,

-шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Бд холбогдох эрүүгийн 2234000000454 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын бетон арматурчин мэргэжилтэй, “Батзэв” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Тахилтын 4-95 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх Н.Б /РД:НИ98042212/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Энхтайваны 6 дугаар багийн “Нарлаг” хотхонд “манай эхнэр танайд ирнэ гэж чи надад хэлээгүй” гэх шалтгаанаар С.Быг зодож, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Н.Б нь мэдүүлэхдээ: “Тухайн үед би ажил дээрээ байсан. Би журмын хашаанд ажилладаг юм. Ажил дээр байхад нэг машин хөл дээгүүр гараад явсан. Тухайн үед би машингүй байсан болохоор эмнэлэг явж чадаагүй. Тэгээд гэртээ иртэл эхнэр байхгүй Төв аймаг явсан байсан. Тэгээд эхнэртээ уурласан уураа С.Бт гаргасан.” гэв.

Хохирогч С.Б нь мэдүүлэхдээ: “Тухайн өдөр манай залуучуудын холбоогоор танилцсан залуучууд уулзацгаасан юм. Бид нар манай гэрт сууж байсан. Тэгээд араас Н.Б орж ирээд эхнэртэйгээ муудалцсан. Тэгээд арай гайгүй болоод би хэд ууж сууж байтал Н.Б гараад явсан. Удалгүй Н.Б над руу утасдаад би гуталгүй гараад ирсэн байна, миний гутлыг аваад гаргаад ирээч гэхээр нь гутлын аваад гарж байтал өөрөө урдаас ирж байсан. Тэгээд би чи өөрөө ирэх байсан юм бол яах гэж надаар гутлаа авчруулсан юм бэ гэж хэлээд гэр лүүгээ орсон. Гэтэл Н.Б орж ирээд эхнэртэйгээ нэлээн маргалдсан. Тэгэхээр нь би "..за хөгшөөн залуу хүмүүс байж муудалцаж яах юм бэ" гэтэл намайг 2, 3 цохиод авсан. Тэгээд босоод иртэл миний нэг шүд уначихсан байсан. Өглөө босоод ирсэн чинь жоохон хавдчихсан байсан. Гайгүй болчих болов уу гэж бодсон чинь миний эрүү хугарсан байсан, тэгээд хагалгаанд орсон. Эмч нар цаашдаа дахиад хагалгаанд ороод судас авна гэсэн тул цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.” гэв.

 

            Шүүгдэгч Н.Б хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Энхтайваны 6 дугаар багийн “Нарлаг” хотхонд “манай эхнэр танайд ирнэ гэж чи надад хэлээгүй” гэх шалтгаанаар С.Быг зодож, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,
  • Хохирогч С.Бын мэдүүлэг /хх-ийн 8-9 тал/,
  • Гэрч У.Саранзаяагийн мэдүүлэг /хх-ийн 11 тал/,
  • Гэрч Н.Эрдэнэбатын мэдүүлэг /хх-ийн 13 тал/,
  • Гэрч Б.Зулаагийн мэдүүлэг /хх-ийн 15 тал/,
  • Гэрч А.Гүнсэнгийн мэдүүлэг /хх-ийн 17 тал/,
  • Шүүгдэгч Н.Бат-Эрдэнийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 531 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23 тал/,
  • Шүүгдэгч Н.Бат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 36 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Н.Б нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 80 тал/,

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дэлгэрсүрэн нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 215 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 84 тал/ 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Н.Б нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Н.Бд холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэсэн байх бөгөөд шүүгдэгч нөхөн төлөхөө илэрхийлсэн хавтаст хэргийн 80 дугаар хуудаст авагдсан шүүгдэгчийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн 3 дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасанд нийцэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бат-Эрдэнийн хүсэлтийг хүлээн авч шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Н.Бат-Эрдэнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

прокурорын саналыг хүлээн авч, саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирол хор уршиг, бусад асуудлаар:

Шүүгдэгч Н.Бат-Эрдэнийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Бын биед “эрүүний булангийн шүд дайрсан хугарал” бүхий хүндэвтэр хохирол учирсан байна.

 

Шүүгдэгч Н.Бэс хохирогч С.Б нь мөрдөн байцаалтын шатанд 833.390 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Н.Б нь хохирогч С.Бт 1.000.000 төгрөгийн хохирол төлсөнг дурьдаж, хохирогч С.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээж,

Эрүүгийн 2234000000454 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н.Бийг бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь хохирогч С.Бт 1.000.000 /нэг сая/ төгрөг төлсөнг дурдаж, хохирогч С.Б нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотойт нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ю.ЭНХМАА