Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
Хэргийн индекс | 176/2022/0470/Э |
Дугаар | 2022/ШЦТ/505 |
Огноо | 2022-12-07 |
Зүйл хэсэг | 11.1.1, |
Улсын яллагч | Г.Ариунзул |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/505
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
-Улсын яллагчаар Г.Ариунзул,
-хохирогч А.А, түүний өмгөөлөгч С.Базардорж
-шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Од холбогдох эрүүгийн 2205024930440 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягтай улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Н.О
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань 1 дүгээр багийн Фермийн 1-5 тоотод хохирогч А.Атэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгойн тус газарт нь цохиж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Н.О нь: “2022 оны 7 дугаар сарын 16-ны хотоос Эрдэнэтулга гээд манай найз ирээд бид хоёр 2, 3нь пиво аваад пивоо ууж дуусчхаад манайд байсан нэг архийг уусан. Тэгээд би төв орж А.Атэй уулзсан. Нэг мэдэхэд ийм зүйл болсон байсан. Тэгээд манай эхнэр, А.Аийн эхнэр ирээд эмнэлэг аваад явсан” гэв.
Хохирогч А.А нь: “2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Н.О манайд ирсэн, тэр өдөр наадам болж байсан. Над дээр ирэхдээ л согтуу ирсэн. Тэгээд бид хоёр 3 нь пиво уусан. Гэтэл Н.О одоо нэг ганц юм уучихвал гээд гэр лүү нь очоод нэг шил архи уусан. Тэгээд буцаад манай гэрт ирж нэг шил архи уусан. Бид хоёр адуу мал ярьж байгаа д л маргалдсан байх. Би хүн харахад эрүүл саруул харагдаж байгаа ч орой болгон толгой өвддөг, даралт ихэсдэг, эмчилгээний мөнгө, төгрөг байхгүй, хөдөлмөрийн чадвараа 70, 80 хувь алдаж группт орсон. Хохирол төлбөрт 5.370.000 төгрөг авсан. Хөдөө гэрээсээ хөдөлж байснаа л санаж байна. Би өөрийнхөө мотоциклийг барьж явсан, тэгээд замдаа нэг унаснаа санаж байна. Ухаан санаа орж гараад л яваад байсан” гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2205024930440 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Н.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань 1 дүгээр багийн Фермийн 1-5 тоотод хохирогч А.Атэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгойн тус газарт нь цохиж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 7 тал/,
-Хохирогч А.Аийн гэрчээр өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 16-ны 23 цаг өнгөрч байхад миний найз Н.О халамцуу ирээд манайд байсан 1 шил 0.7 литрийн “Болор” нэртэй архи хувааж ууж эхэлсэн. Тэгээд бид хоёр архиа уугаад сууж байгаад архи дууссан байсан. Тэгээд бид хоёр нэг мэдсэн маргалдаж эхэлсэн санагдаж байна. Тэгсэн өглөө 05 цагийн үед манай эхнэр ирээд дуудаж сэрээсэн. Тэгсэн миний толгойноос цус гоожсон. Толгой ар хэсэгтээ хагарсан байсан. Тэгээд сэрсэн Н.О байсан. Тэгээд би ахиад ухаан балартаад сумын эмнэлэгт сэргээд, тэгсэн шууд хот руу явуулсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт ирээд үзүүлээд зураг авхуулсан чинь гавлын яс цөмөрсөн, цус хуралттай гээд шууд эмнэлэгт хэвтүүлсэн. Тухайн шөнө Н.О бид хоёр байсан. Морь мал ярьж байгаад маргалдсан. Миний биед Н.О гэмтэл учруулсан. Н.О Баянчандмань суманд гэртэй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/,
-Гэрч Т.Энхжаргалын өгсөн: “...2022 оны 7 сарын 17-ны өглөө 05 цагийн үед гэртээ байж байтал Амармэндийн эхнэр Оюунцэцэг өөрийн найз Одгэрэлийн хамт манайд ирсэн. Оюунцэцэг ирээд гэртээ орсон чинь Мэндээ толгой нь аймар болчихсон гэрээр нэг цус болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр бид 2 сандраад тэр 2-той цуг сумын төвд байх гэр лүү нь очтол манай дүү Амармэнд шалан дээр толгойгоо гараараа дарчихсан гэрээр нэг цус болчихсон, Н.О гэх манай дүүгийн найз гэдэг залуу нь даавуугаар толгойн шархыг нь дарчихсан байдалтай, харахад бараг эрүүл харагдаж байсан. Тэгээд Оюунцэцэг надад хэлэхдээ Амармэндийн толгойг Н.О гэмтээчихсэн гэж хэлсэн. Тэгээд бид нар цуг сумын эмнэлэг орж, толгойг нь оёулсан. Тэгээд өдөр нь хот руу ирсэн. Сумын эмнэлэг орж толгойг нь боочхоод буцаж ирээд би цагдаа дуудах гэтэл Заяа гэх залуугийн эхнэр нь цагдаа дуудах хэрэггүй, би таньдаг цагдаагаа дуудчихсан байгаа гэж хэлсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,
-Гэрч И.Одгэрэлийн өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 16-ны 20 цагийн үед би найз Оюунцэцэг рүү залгаад намайг тосож өгөхийг гуйсан. Тэгээд манай найз зөвшөөрч Төв аймаг Баянчандмань сумын 52 дугаар даваан дээр 22 цагийн үед уулзсан. Тэр үед Оюунцэцэг нэг найзын хамт ирсэн байсан. Тэгээд бид нар Баянчандмань суманд байх манай гэрт оччихоод буцаад 00 цаг өнгөрч байхад хөдөө байх манай найзынд юм хүргэж өгчхөөд 05 цагийн үед Оюунцэцэгийн хөдөө байдаг гэрт нь очиход хүн байхгүй эзгүй байсан. Тэгэхээр нь бид нар сумын төвд байдаг гэрт иртэл гэрээс нь хүн орилоод хараалын үгээр хараагаад байгаа чимээ сонсогдоод байхаар нь Оюунцэцэг гэр лүүгээ орсон. Гэр лүүгээ орчхоод шууд намайг болон цуг явж байсан найзыгаа дуудаад, бид 2 араас нь гэр лүү нь яваад ортол Оюунцэцэгийн нөхөр Амармэндийн толгойноос цус гарчихсан, түүний шархыг нь Заяа гэх нэртэй залуу алчуураар дараад зогсож байсан. Тэгээд Оюунцэцэг бид хоёр сумын төвөөс ойрхон байдаг Амармэндийн ахынх нь гэр лүү очиж ах, эгч 2-г нь дагуулаад буцаад иртэл Оюунцэцэгийн найз гэх эмэгтэй гэрт асгарсан байсан бүх цусыг нь арчаад цэвэрлэчихсэн байсан. Тэгээд Амармэндийг эмнэлэг авч явсан. Оюунцэцэгийн найз гэх эмэгтэйг сайн танихгүй. Ямар ч байсан тэр эмэгтэй Заяа гэх залуугийн эхнэр нь юм байна лээ. Тэгээд сумын эмнэлэг орж, толгойг нь боочхоод, буцаж ирээд би цагдаа дуудах гэтэл Заяа гэх залуугийн эхнэр нь цагдаа дуудах хэрэггүй, би таньдаг цагдаагаа дуудчихсан байгаа гэж хэлсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,
-Гэрч Н.Оюунцэцэгийн өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 16 цагийн үед гэртээ гэр бүлээрээ байж байтал манай нөхрийн найз Отгонзаяа, эхнэр Даваадорж болон 3 хүүхдийн хамт манайд ирсэн. Тэгээд би хоол идээд сууж байтал манай найз Одгэрэл залгаад найз нь ажлаасаа буучихсан явж байна, найзыгаа ирээд тосоодхооч гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ Даваадорж, түүний бага хүүхдийн хамт Одгэрэлийг тосохоор 22 цагийн үед гарсан. Тэгээд буцаад маргааш нь үүрээр 05 цагийн үед сумын төвийнхөө гэртээ очтол манай нөхрийн мотоцикл хашааны гадна байж байсан. Тэгээд хашааныхаа хаалгаар ортол Отгонзаяа гэр дотроос писда, лалар гээд орилоод байсан. Тэгэхээр нь би Даваадорж, Одгэрэл нарын хамт гэр лүү ортол шалаар нэг цус болчихсон, манай нөхрийн царай гөлийчихсөн сууж байсан. Тэгээд би сандраад нөхрийнхөө толгойг очоод барьтал толгойныхоо зүүн талд том ярагдчихсан байсан. Тэгээд Одгэрэл бид хоёр манай нөхрийг аваад сумынхаа эмнэлэг рүү авч очоод оёдол тавиулсан. Оёдол тавиулчхаад буцаад гэртээ иртэл Даваадорж гэрийн шалан дээр байсан цусыг бүгдийг нь арччихсан байхаар Одгэрэл наадхаа яах гэж арчиж байгаа юм, цагдаа ирээд шалгадаг юм байгаа биз дээ гэхэд Даваадорж би аймгаас таньдаг цагдаагаа дуудчихсан байгаа. Цагдаа дуудах хэрэггүй гэж хэлсэн. Тэгээд би нөхрийнхөө ахыг дуудах гээд нөгөө хэдийг үлдээгээд нөхрийнхөө ах Амаржаргалынд очоод түүнийг дагуулаад очтол цус нь тогтохгүй байна гээд Отгонзаяа манай нөхрийн толгойн шарх хэсгийг даавуугаар дараад зогсож байсан. Тэгээд бид нар Улаанбаатар хот руу Гэмтлийн эмнэлэг орохоор явсан. Отгонзаяа бараг эрүүл болчихсон. Манай нөхөр нэлээд согтуу байсан. Урьд өмнө нь бас хамт архи ууж байгаад манай нөхрийн толгой руу 20-н том тогойгоор цохиж байсан. Тухайн үед гэмтэл нь гайгүй байсан болохоор гомдолгүй болж байсан. Намайг мэдүүлэг өгөхөд дарамт шахалт үзүүлээгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 11011 дугаартай “...1.А.А-н биед зүүн зулайн ясны цөмөрсөн хугарал, хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь амь биед аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид алдагдуулахгүй. 5.Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20 тал/,
-Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 34-37 тал/,
-2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 42 тал/,
Хохирогч А.Аийн “...2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр намайг хөдөө гэртээ буюу Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн нутаг Мушгүй гэх нэртэй газар байж байхад манай найз Отгонзаяа Эрдэнэтулгатай хамтаар Эрдэнэтулгын машинтай ирсэн бөгөөд хамт өөр машинтай Отгонзаяагийн машинтай Отгонзаяагийн эхнэр хүүхэд нь ирсэн. Тэд нар над дээр хоёр, гурван том Нийслэл нэртэй пивотой ирээд тэрийг нь бид нар хувааж уугаад, би морьдоо хувааж хооллочхоод байж байсан чинь манай эхнэр Оюунцэцэг Отгонзаяагийн эхнэр Даваадорж нар миний машинтай төв явсан юм. Тэгээд Эрдэнэтулга бол ирэхдээ л согтуу унтаж байсан. Тэгээд ч сэрээгүй унтсаар байсан бөгөөд бид хоёр тухайн пивыг уучхаад байж байхад би Н.Од өмнө жил өгсөн адууныхаа орыг авах талаар хэлсэн. Тэгсэн чинь Н.О би өгнө өгнө гээд байсан. Тэгээд надад хоёулаа дахиад нэг шил архи уучих уу? чамд байна уу? гэхээр нь надад байхгүй гэж хэлсэн чинь манайд байгаа гээд Н.О гэр лүүгээ яваад нэг шил Чингис нэртэй 0.75-тай архи авч ирсэн. Тэгээд цаг хартал шөнийн 00 цаг болж байсан. Тэгээд бид хоёр ярилцаад нэг шил архи уухаар болоод төв орж авна гээд бид хоёр миний мотоциклтой төв рүү орж архи хайсан чинь олдохгүй байсан тул манай төвд байдаг гэрт нэг шил архи байсныг санаад гэр лүү очсон юм. Гэртээ буюу Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань 1-р баг Фермийн 1-5 тоотод ороод гэрт байсан Болор нэртэй 0.75-тай архийг гаргаж ирээд гэртээ шууд бид хоёр хувааж уусан бөгөөд бид хоёр морь мал ярьж сууж байхад Отгонзаяа чи суманд морь айрагдуулчихаараа том болчихдог юм уу? гэж хэлээд маргалдаж эхэлсэн. Тэгээд би юм санахгүй байгаа юм. Тэгтэл өглөө 05 цагийн орчим эхнэр гэрт ирээд бид хоёрыг зодолдсоныг мэдээд сумын эмнэлэгт аваачиж өгсөн. Миний толгойн гавал яс цөмөрсөн. Хамар мурийлттай, зүүн нүд хөхөрсөн, зүүн далны хэсэгт хөхөрсөн, баруун талын өвдөг хөхөрсөн, зүүн талын бөөр хэсэгт хөхөрсөн, зүүн талын тохой хөхөрсөн байсан. Уг гэмтлийг Отгонзаяа л учруулсан байх гэж бодож байгаа. Яагаад гэвэл зуухны дээд талын ширэмнүүд бүгд газар уначихсан, цус болчихсон байсан гэсэн. Архи уусан мөн өглөг, авлага дээрээс л болсон байх. Оны өмнө буюу 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр байсан байх, Отгонзаяагийнд байхад намайг архи уусан үедээ тогоогоор миний толгой хэсэгт цохиж байсан. Тэр үедээ жоохон овойж, хавдаж байсан. Тэр үедээ эмнэлэгт үзүүлж байгаагүй. Тэгээд л зүгээр л болгочихсон юм. Мөн цагдаад бол хэлээгүй. Би Н.Отай 2010 оноос хойш найзалж байгаа найзууд. Н.О нь Завхан аймгийн гаралтай Төв аймгийн Баянчандмань суманд мал маллаж амьдардаг. Эхнэр Даваадорж, гурван хүүхдийн хамтаар байдаг. Надмидпунцагийн Отгонзаяа гэдэг өөрөөр сайн мэдэхгүй. Би гомдолтой байна. Уг гэмтлээс болж хөдөлмөрийн чадвараа 80% алдсан байгаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/,
Гэрч Ц.Даваадоржийн өгсөн: “...Миний хувьд 2014 оноос хойш одоог болтол Н.Отай гэр бүлийн харилцаатай байгаа бөгөөд дундаасаа дөрвөн хүүхэдтэй. Албан ёсны гэрлэлтийн баталгаатай хүмүүс байгаа юм. Миний хувьд мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 тал/,
Шүүгдэгч Н.Огийн сэжигтнээр өгсөн: “...Би 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байсан, суман дээр наадам болоод тэр наадам дээр очоод байж байхад Амармэндтэй таарсан бөгөөд тэгээд би морьдоо гэртээ аваачин уячхаад эргээд сум ороод Эрдэнэтулгатай хамтаар Эрдэнэтулгын машинтай хамт Амармэндийн хөдөө гэрт нь том пиво аваад очсон. Тэндээ Эрдэнэтулга унтаад өгсөн бөгөөд Амармэнд бид хоёр тэр пивыг хувааж уучхаад дахин архи уухаар болоод би гэр лүү яваад гэрт байсан нэг шил архийг авч ирээд хамт уусан. Тэрийгээ дуусгачхаад би тасарчихсан байсан. Эрдэнэтулга хэлэхдээ Амармэнд бид хоёрыг мотоцикл түрж холдуулаад унаад явсан гэж байсан. Тэгээд би юу ч санахгүй байж байсан чинь Амармэндийн төвийн гэрт нь Амармэндийн толгойноос нь цус гарчихсан тэрийг нь би тогтоох гээд сууж байсан. Тэгээд Амармэндийн эхнэр манай эхнэр зэрэг хүмүүс ороод ирсэн. Амармэндийн толгойг би гэмтээсэн байх. Бид хоёр хоёулаа байсан. Би юугаар гэмтэл учруулсан талаар мэдэхгүй байна. Мөн юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна. Надад нэмж ярих зүйл гэвэл ийм зүйл болсонд маш ихээр гэмшиж, харамсаж байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 тал/,
Шүүгдэгч Н.Огийн өгсөн: “...2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд найз Эрдэнэтулгын хамтаар Амармэндийнд очсон. Очихдоо 3 том пиво авч очоод тэрийгээ А.А бид хоёр л голцуу уусан. Харин н.Эрдэнэтулга ганц хоёр уучхаад өглөө эрт хот явна гээд унтаад өгсөн. Тэгээд пиво дуусаад н.Эрдэнэтулгын хамтаар манай гэр лүү бид хоёр машинтай яваад гэрт байсан нэг шил 0.75-тай нэрийг нь одоо санахгүй байна. Архи авч ирээд Амармэндийнд бид хоёр л уусан байгаа. Тэгээд тэр архины талд орсон байх. Би тасарчихсан байсан. Нэг сэрэхэд Баянчандмань сумын төвд байх А.Аийн гэрт А.А бид хоёр байсан бөгөөд Амармэндийн толгойноос нь цус гарчихсан. Би тэрийг нь тогтоох гээд байгаа бололтой дээлээ тайлчихсан юмаар дараад байсан. Тэгээд байж байтал манай эхнэр н.Даваадорж А.Аийн эхнэр Оюунцэцэг нар ороод ирсэн байгаа. Тэгээд Оюунцэцэг Амармэндийн ахыг нь авч ирээд эмнэлэг рүү аваад явсан. Бид хоёр л байсан, тэгэхлээр би л цохисон байх гэж бодож байгаа. Би тасарчихсан байсан. Би архи уугаад хийсэн үйлдлээ санадаггүй юм. Өмнө зодоон цохион хийж байгаагүй. Би юунаас болж Амармэндийн толгойг цохисон талаар мэдэхгүй байна. Амармэнд бид хоёрт өмнө ямар нэгэн өс хонзон, өр авлага байхгүй. Өмнө А.Атэй ямар нэгэн байдлаар хэрэлдэж, маргалдаж байгаагүй. Би Амармэндтэй 2007 оноос хойш л найзалж нөхөрлөж байгаа. Надад нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Н.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань 1 дүгээр багийн Фермийн 1-5 тоотод хохирогч А.Атэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгойн тус газарт нь цохиж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Дээрх тогтоогдсон үйл баримтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилсан ба шүүгдэгч Н.О нь хохирогч А.Аийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.
Прокуророос шүүгдэгч Н.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч Н.Огийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Н.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Атэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, толгойн тус газарт нь цохих сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.
Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.
Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч Н.О нь хохирогч А.Аийг зодсоны улмаас хүнд гэмтэл буюу хүнд хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж, төгссөн гэмт хэрэг болж байна.
Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд толгойд хүнд гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хүнд гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Мөн шүүгдэгч Н.О нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд үйлдлээ, зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Н.О нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Иймд шүүгдэгч Н.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Г.Ариунзулаас “шүүгдэгч Н.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ” ялын дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч С.Базардоржоос: “Гэм буруутай этгээдийн хувийн нөхцөл байдалд тохирсон байх ёстой гэж үзэж байна. 15.000.000 төгрөгөөр торгох санал дээр хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг,
-шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн “Гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Хохирол, төлбөрийг төлж барагдуулсан. Цаашид гарах хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж торгуулийн ялын доод хэмжээгээр буюу 10.000.000 төгрөгөөр торгож өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Н.Огийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял ” оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.
Шүүгдэгч Н.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд гэм буруугийн талаар маргадаггүй, гэмт хэргийн улмаас учруулсан шууд хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, тодорхой орлоготой зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1- д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч Н.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Огийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад урьд ял шийтгэлгүй байх ба анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсантай холбоотой хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар
Шүүгдэгч Н.Огийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Аийн зүүн зулайн ясанд цөмөрсөн хугарал, хуйхны шарх гэмтэл авч хүнд хохирол учирсан байна.
Хохирогч А.А нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нийт 9.555.690 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд шүүгдэгч Н.О нь 6.370.000 төгрөгийг төлсөн, шүүхээс шүүгдэгч Н.Ог гэм буруутайд тооцож 1.287.393 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч Н.О Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар “ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар 30 минут завсарлуулах тухай” хүсэлт гаргаж шүүхээс тогтоосон хохирлыг төлсөн тул энэ тогтоолоор төлүүлэх хохирол байхгүй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.А болон өмгөөлөгчөөс баримтаар гаргасан 6.369.441 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад эмчилгээ хийлгэх үед өгсөн 1.000.000 төгрөгийг оруулаагүй гэж тайлбарладаг боловч шүүх дээрх 1.000.000 төгрөгийг хохирол төлсөн гэж үзэн хэрэгсэхгүй болгож, хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотойгоор гаргасан 2.492.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг,
Эрүүгийн 2205024930440 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг “зуухны таг” гэх “1 ширхэг зуухны төмөр ширэм”-ийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгахыг, иргэний баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8., 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА