Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/506

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

-улсын яллагчаар Г.Энхбат,

-шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Тд холбогдох эрүүгийн 2234000000509 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Т 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Бэрхийн даваа" гэх газар 99-52 ХӨВ улсын дугаартай "Субару" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа асфальтан зам дээр Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а "Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...үед тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглон" мөн дүрмийн 13.4 "дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/уулзвар болон гарц дээр" гэсэн заалтуудыг зөрчиж "Хаожи" маркийн мотоциклыг мөргөж тухайн мотоциклын жолооч С.Аийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Т нь мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг нь үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.

 

            Шүүгдэгч Б.Т нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүгдэгч Б.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Бэрхийн даваа" гэх газар 99-52 ХӨВ улсын дугаартай "Субару" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа асфальтан зам дээр Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а "Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...үед тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглон" мөн дүрмийн 13.4 "дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/уулзвар болон гарц дээр" гэсэн заалтуудыг зөрчиж "Хаожи" маркийн мотоциклыг мөргөж тухайн мотоциклын жолооч С.Аийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,
  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-15 тал/,
  • Хохирогч С.Аийн мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,
  • Шүүгдэгч Б.Тгийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-27 тал/,
  • “Цагаан Шонхорын Жигүүр” НҮТББ-ийн замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 22/172 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-34 тал/,
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 558 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-38 тал/,
  • “Дамно” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Д22-74 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-43 тал/,
  • Шүүгдэгч Б.Тгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 60-61 тал/,
  • “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 06/326 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 92-100 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Т нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргажээ. /хх-ийн 122 тал/,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхбат нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагчийн хүсэлтийг хүлээн авч 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 240 дугаартай “хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан хэргийн зүйчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-ийн 128 тал/ 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч Б.Т нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Тд холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол нь үндэслэлтэй, байна.

Шүүгдэгч Б.Тгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” гэж , 4.2-д “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.3-д “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэж, 4.4-д “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” гэж 4.5-д “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж тус тус заасан шаардлагад нийцэж байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Т нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч нь ойлгосон байх тул шүүгдэгч Б.Түмэнэнасанг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

прокурорын саналыг хүлээн авч, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Хохирол хор уршиг, бусад асуудлаар:

            Шүүгдэгч Б.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр "Бэрхийн даваа" гэх газар 99-52 ХӨВ улсын дугаартай "Субару" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа асфальтан зам дээр Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а "Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...үед тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглон" мөн дүрмийн 13.4 "дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/уулзвар болон гарц дээр" гэсэн заалтуудыг зөрчиж "Хаожи" маркийн мотоциклыг мөргөж тухайн мотоциклын жолооч С.Аийн биед баруун зулайн араас баруун лямбда заадас даган диастаз хэлбэрээр үргэлжлэн дагзын баруун суурь дагзны том нүх хүрсэн нийлмэл хугарал, дагз хэсэгт тархины хатуу хальсан дээрхи цус хуралт гэмтлүүд авч эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.

            Шүүх хуралдааны товийг хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт 2022 оны 12 дугаар сарын 09-нд 88553294, 90212001 дугаарын утсанд мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Тгаас хохирогч С.Аид эмчилгээний зардалд 453.000 төгрөг төлсөн талаархи баримт гаргаж өгсөнг хохирогчид төлсөнд тооцож энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Аид хүнд хохирол учирсан тул цаашид гарах эмчилгээ болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхийг,  

            Түүнчлэн хохирогч С.Аийн жолоодож явсан “Хаожи” маркийн мотоцикль нь 328.000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд шүүгдэгч Б.Т нь дээрхи хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгчээс гаргуулж хохирогч С.Аид олгохыг,

   Мөрдөн байцаалтын шатанд Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Нэргүйг гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон хохирогч С.Аийн Эрүүл мэндийн сангаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан 1.870.400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасанг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж заасан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ ” гэж зааснаар шүүгдэгч М.Түмэннасанг шүүхээс гэм буруутайд тооцсон тул хохирогч С.Аийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал болох 1.870.400 төгрөгийг шүүгдэгч М.Түмэннасангаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохыг,

            Эрүүгийн 2234000000509 хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Тг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Тг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тг шүүхээс тогтоосон Улаанбаатар хотоос бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Тг Улаанбаатар хотоос бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж , тодорхой газар очих хязгаарлалт тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих солихыг, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

6.Шүүгдэгч Б.Тгийн зорчих эрхийг хязгаарлах ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7.Эрүүгийн 2234000000509 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Тг хохирогч С.Аид 453.000 төгрөг төлсөнг дурьдаж, “Хаожи” маркийн мотоциклийн үнэлгээ болох 328.000 төгрөгийг шүүгдэгч Б.Тгаас гаргуулж, хохирогч С.Аид олгож, хохирогч С.А нь цаашид гарах эмчилгээ болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

9.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар хохирогч С.Аийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын 1.870.400 төгрөгийг шүүгдэгч Б.Тгаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

11.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

12.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

13.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ю.ЭНХМАА