Шүүх | Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
Хэргийн индекс | 176/2022/0480/Э |
Дугаар | 2022/ШЦТ/512 |
Огноо | 2022-12-16 |
Зүйл хэсэг | 17.4.1., |
Улсын яллагч | М.Хэрлэнчимэг |
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 2022/ШЦТ/512
17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг
-Улсын яллагчаар М.Хэрлэнчимэг,
-шүүгдэгч М.О нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч М.От холбогдох эрүүгийн 2234006590486 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, малчин, ам бүл 3, ээж, дүүгийн хамт газар оршин суудаг, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, М.О
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.О нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын Бичигт багийн иргэн Б.Ванчигсүрэнгийн хариуцуулан өгсөн нэг тооны бярууг завшиж 700.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч М.О нь: “Б.Ванчигсүрэн гуай элэгний хорт хавдартай, эмнэлгээр явах боллоо гээд 15 тооны үхэр надад өгсөн. Тэгээд 1 портер ногоон тэжээл, нэг шуудай будаа өгсөн. Надад цалин, мөнгө гэж ерөөсөө өгөөгүй. би 23.000 төгрөгөөр өөрөө хивэг худалдаж авч байсан. Цалин авъя гэхээр бололцоо алга гээд өгдөггүй байсан. 6 дугаар сарын 5-ны өдөр надаас үхрээ буцааж авсан, би өөрийн биеэр уулзаж үхрийн өгсө” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ. Үүнд:
Шүүгдэгч М.О нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын Бичигт багийн иргэн В.Ванчигсүрэнгийн хариуцуулан өгсөн нэг тооны бярууг завшиж 700.000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Хохирогч Б.Ванчигсүрэнгийн “...Би Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн нутаг “Хөх чулуут” гэх газар эхнэр н.Лхагваагийн хамт мал маллан амьдардаг юм. 2021 оны 10 дугаар сарын сүүл үеэр би элэгний хорт хавдар гэсэн оноштой болж Улаанбаатар хот болон Борнуур сумын эмнэлэгт сар болгон эмчилгээ хийлгэж, байнга эмчийн хяналтад байдаг болж улмаар үхрээ харж чадахаа больж 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн нутаг Арангат гэх газар оршин суух М.О гэх хүнд 3 бор үнээ, улаан үнээ, улаан халзан үнээ, хар халзан гунж, цагаан гунж, шар алаг шүдлэн, хар гунж, хар халзан шүдлэн гуна, хар шүдлэн гунж, бор халзан гунж, улаан халзан гунж нийт 14 тооны үхрээ 150 боодол ногоон өвс, 50 боодол ногоон тэжээлийн хамт хүлээлгэн өгсөн. Манай үхрүүд бүгд сувай байсан учраас хавар 3 сараас эхлэн 5 үхэр тугалж, тухайн үхрүүдийг сааж мөнгийг нь М.Оыг авч хэрэглэж бай гэж хэлсэн. 2022 оны 06 дугаар сарын эхэн үеэр М.О дээр очоод үхрээ авья гэсэн чинь өгөхгүй малласныхаа хөлс, тэжээлийн мөнгө авч байж өгнө гэж хэлсэн. Би хэрүүл хийж байж 13 тооны үхэр, 5 тугал очиж авсан. 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 14 тооны үхэр хүлээлгэн өгснөөс нэг тооны буюу улаан халзан зүсмийн гунжийг өөрөө дур мэдэн зарж борлуулсан байсан. Би тухайн үхрийн халзан зүсмийн гунжийг өөхөө дур мэдэн зарж тэжээлийн мөнгө өгөөгүй учраас үхрийг чинь зарж борлуулсан гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,
-Шүүгдэгч М.Оын гэрчээр өгсөн “...Би Төв аймгийн Борнуур сумын Бичигт 3 дугаар багийн нутаг “Арангат” гэх газар ээж н.Түмэнжаргалын хамт үхэр маллан амьдардаг юм. 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын “Ужиг” гэх газар оршин суух Б.Ванчигсүрэн гэх хүн над дээр хүрч ирээд ах нь элэгний хорт хавдартай болчихлоо чи миний эзэмшлийн 14 тооны үхрийг хараад өгчих гээд 3 бор үнээ, улаан үнээ, улаан халзан үнээ, хар халзан гунж, цагаан гунж, шар алаг шүдлэн, хар гунж, хар халзан гуна, шар шүдлэн гунж, бор халзан гунж, улан халзан гунж нийт 14 тооны үхэр, 150 боодол өвс, задгай портертой ногоон тэжээлийн хамт өгсөн. Б.Ванчигсүрэнгуа тухайн үед үхэр хүлээлгэж өгөхдөө манай улаан халзан үнээ, халтар үнээ эрт тугаллана, тугалхаар нь сүүг нь зараад мөнгийг нь авч цалинжаарай гэж хэлсэн. Тэгтэл тухайн үхрүүдээс нь хавар 4 сарын үеэр 5 үнээ тугалсан ба 5 үнээнээс өдөрт 20 литр сүү гардаг байсан. Тухайн үед литр сүү 1500 төгрөгний үнэтэй байсан. 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Б.Ванчигсүрэнгуа хүрч ирээд 13 тооны үхэр 5 тугалын хамт аваад явсан... Б.Ванчигсүрэн гэх хүн надад тэжээлийн мөнгө, цалин өгч байгаагүй. 2022 оны 05 дугаар сарын дунд үеэр үхэрт нь тэжээл авах гэсэн боловч мөнгө байхгүй болохоор нь Б.Ванчигсүрэнгуайн улаан халзан зүсмийн бярууг Төв аймгийн Борнуур суманд оршин суух н.Ганхуяг гэх хүнд 400.000 төгрөгөөр зарсан ба мөнгийг нь дансаар авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/,
-Гэрч Г.Болорчимэгийн “...Манай дүү н.Туул гэх эмэгтэй бяруу худалдаж авмаар байна гэхээр нь би Төв аймгийн Борнуур сумын фэйсбүүк групп дээр бяруу худалдаж авна гэх зар байрлуулсан. Тухайн зарын дагуу М.О гэх залуу 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр утсаар холбогдож мөнгөний хэрэг гараад байна, бяруу зармаар байна та манай дээр ирээд бяруу үзчих гэж хэлсэн. Би тэгэхээр М.Оынд очоод тухайн бярууг нь үзтэл жижигхэн биетэй улан халзан бяруу байсан. Тухайн бярууг 400.000 төгрөгөөр худалдаж авахаар болж мөнгийг нь дансаар шилжүүлсэн. Тухайн данс нь М.Оын данс биш эмэгтэй хүний данс байсан. Манайх хашаа саравч муутай байсан учраас тухайн халзан зүсмийн бярууг авалгүй хавар дулаан орохоор болж улмаар 04 дүгээр сарын үеэр очиж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/,
-“Эм Жэй Жэй Эм” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 07/273 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-46 тал/,
-Шүүгдэгч М.Оын яллагдагчаар өгсөн “...Би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэг дээр өөрийн мэдэх зүйлээ бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн. Одоо надад нэмж хэлэх зүйл байхгүй. Гэхдээ би бярууг нь алаагүй айлд байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 58 тал/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч М.О нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын Бичигт багийн иргэн В.Ванчигсүрэнгийн хариуцуулан өгсөн нэг тооны бярууг завшиж 700.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Гэмт хэрэг гарахад иргэний хууль зүйн мэдлэг дутмаг, бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшлийнх гэж ойлгон амар хялбар аргаар мөнгөжих санаа зорилго агуулсан нь нөлөөлсөн байна.
Шүүгдэгч М.О нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч М.О нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж хувьдаа авсан нь “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Өөрөөр хэлбэл хохирогч Б.Ванчигсүрэнгийн хариуцуулсан өмчийг бусдад зарж борлуулж мөнгөө өөртөө завшсан болох нь нотлогдсон.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч М.Оын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлтэй байх бөгөөд хохирогч Б.Ванчигсүрэнд 700.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдсон.
Шүүгдэгч М.О нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, үүний улмаас бага хэмжээнээс дээш хохирол бусдад учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Шүүгдэгч М.О нь хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Г.Ариунзулаас: “Шүүхээс шүүгдэгч М.Оыг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч М.От 6 сар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс өөр нутагт зорчихыг хориглох саналтай байна. Бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй” гэх ялын дүгнэлтийг гаргасан байна.
Шүүгдэгч М.Оыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч М.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч М.Оыг Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт явахыг хориглох, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч М.О нь Төв аймгийн Борнуур сумын нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу хорих ялаар солихыг анхааруулж, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харъяа дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад урьд ял шийтгэлгүй байх ба анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсантай холбоотой хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар
Шүүх хуралдааны товыг хохирогч Б.Ванчигсүрэнд мэдэгдэхэд “би 1 тооны малаа авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байх тул энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй,
Эрүүгийн 2234006590486 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8., 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА