Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 1036

 

  Ж.Б-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч Ж.Б-ны өмгөөлөгч Г.Өлзий-Орших,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2019/ШЦТ/1385 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өлзий-Оршихын гаргасан давж заалдах гомдлоор Ж.Б-д холбогдох эрүүгийн 1806 08130 1579 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Т-н овгийн Ж-ны Б, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ........ тоотод оршин суух бүртгэлтэй боловч .......... тоотод оршин суух, /РД: УЗ94030918/;

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 631 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,  

Ж.Б нь 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Ц-с “Монгол Улсын Их сургуулийн диплом гаргаж өгнө” гэж хуурч, төөрөгдөлд оруулж, 1.990.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан,

2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Н-д “...... диплом гаргаж өгнө” гэж хуурч, төөрөгдөлд оруулж 3.800.000 төгрөг авч залилсан,

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 500.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.О-с хүү О.Төгөлдөрийг “Монгол Улсын Их сургуульд оруулж өгнө” гэж хуурч, дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Б-ны үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овогт Ж-ны Б-г хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-г 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэсэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ж.Б-с 1.990.000 төгрөг гаргуулж хохирогч Т.Ц-д, 2.075.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Н-д тус тус олгож шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ж.Б-ны өмгөөлөгч Г.Өлзий-Орших давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 1385 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

            ... Ж.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн анхан шатны шүүх хурлын өмнө хохирогч П.О-н 2.500.000 төгрөгийн хохирлыг бүрэн барагдуулж, хохирогч Д.Н-д 1.725.000 төгрөг төлсөн юм. Шүүх хурлын дараа 2019 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хохирогч Т.Ц-д 1.990.000 төгрөг, хохирогч Д.Н-д 2.075.000 төгрөг өгч учруулсан хохирлоо бүрэн барагдуулж дуусгасан байна.

            Ж.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт учруулсан 8.290.000 төгрөгийг бүрэн төлж гомдолгүй болгосон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хувийн байдлыг харгалзан, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ж.Б-д оногдуулсан 8 сар хорих ялыг тэнсэж үүрэг хүлээлгэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Ж.Б-г Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцож, 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлэхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Ж.Б нь 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Ц-с “Монгол Улсын Их сургуулийн диплом гаргаж өгнө” гэж хуурч, төөрөгдөлд оруулж, 1.990.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан,

2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Н-д “Монгол Улсын Их сургуулийн диплом гаргаж өгнө” гэж хуурч, төөрөгдөлд оруулж 3.800.000 төгрөг авч залилсан,

2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2.000.000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 500.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн П.О-с хүү О.Төгөлдөрийг “Монгол Улсын Их сургуульд оруулж өгнө” гэж хуурч, дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.Н-н “... Би Монгол Улсын их сургуулийн 3 дугаар курст сурч байсан ба үзэж судлах ёстой хичээлүүдээ бүрэн судалж чадаагүй юм. ... Тэгээд би тэр хүний машинд орж суугаад миний үзэж судлаагүй хичээлүүдийг хааж өгч чадах эсэх талаар асуухад тэр хүн “миний таньдаг хүмүүс боловсролын яаманд ажиллаж байгаа, тэр хүмүүс маань асуудалгүй гаргаад өгнө” гэж хэлсэн. Тэгээд хичээлүүдийг хаахын тулд 3.800.000 төгрөг хэрэгтэй, энэ мөнгийг 2018 оны 1 дүгээр сард багтаагаад өгчих гэсэн. ... Би өөрийн данснаас Ж.Б-ны хэлсэн Худалдаа хөгжлийн банкны данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. ... Дараа нь мөн данс руу 2.800.000 төгрөгийг 3 хувааж өгсөн. ...” /хх 14-15/,

хохирогч Т.Ц-н “... Би эхнэрийнхээ дипломыг авч өгөх санаатай фэйсбүүкээс хайж байгаад “диплом гаргаж өгнө” гэсэн зарын дагуу Puje Dima гэсэн хаягтай хүнтэй чатаар холбогдсон. ... МУИС-ын диплом гаргаж өгөх боломж байгаа эсэхийг асуухад “3.000.000 төгрөгөөр гаргаж өгнө, урьдчилгаа 2.000.000 төгрөг, диплом гарсны дараа 1.000.000 төгрөг өгөөрэй” гэсэн. ... Би хотод ирээд Ж овогтой Б гэх хүний нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны данс руу ... 995.000 төгрөгөөр 2 удаа нийт 1.990.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /хх 89/,

хохирогч П.О-н “... Тэр хүнтэй эхнэр бид хоёр уулзаж байгаагүй, манай хүүтэй фэйсбүүкээр харьцаж байгаад сургуульд оруулахад 2.500.000 төгрөг хэрэгтэй болно гэж хэлсэн байсан. ... Тэгээд Б гэх хүний Худалдаа хөгжлийн банкны данс руу 2.000.000 төгрөгийг интернэт банк ашиглан шилжүүлсэн. Дараа нь Б нь утсаар яриад “танай хүүхдийг Монгол Улсын их сургуулийн бизнесийн удирдлагын ангид оруулчихлаа, үлдэгдэл 500.000 төгрөг хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр Отгонтуяа нь өөрийн Голомт банкны данснаас Б-ны данс руу 500.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /хх 114-115/,

 гэрч Б.О-н “... Ж.Б-ны нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны данс руу нийт 2.500.000 төгрөг шилжүүлсэн. ...” /хх 117-118/ гэсэн мэдүүлгүүд,

Ж.Б-ны эзэмшиж буй Худалдаа хөгжлийн банкны 463008494 дугаартай дансны хуулга /хх 55-62/, Голомт банкны дансны хуулга /хх 124-125/, Хаан банкны дансны хуулга /хх 21-22/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Ж.Б-ны үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Мөн шүүгдэгч Ж.Б-д анхан шатны шүүхээс 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Ж.Б-ны өмгөөлөгч Г.Өлзий-Оршихоос “... хохирогч нарт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэдийгээр шүүгдэгч Ж.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулсан хэдий ч түүний  хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэргээс үзэхэд шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм бурууд тохирсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэлгүй, нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” зохицуулалт нь  шүүхийг заавал хэрэглэхийг үүрэг болгосон бус харин хуульд заасан шаардлага хангасан тодорхой тохиолдолд хэрэглэх эсэх талаар эрх олгосон хэм хэмжээ юм.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж үндэслэлгүй дүгнэж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг буруу тогтоосон байна.

Өөрөөр хэлбэл, “тохиолдлын шинжтэй нөхцөл байдал” гэдэг нь тухайн этгээд урьдчилан мэдэх боломжгүй, гэнэт үүссэн, гадны объектив хүчин зүйлүүдийн нөлөөнд автаж буюу урьдаас бодож төлөвлөөгүй нөхцөл байдлаас болж “анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байхыг онолын хувьд тайлбарлах бөгөөд цаашид хуульд заасан энэхүү ойлголтыг буруу тайлбарлан хэрэглэхгүй байхыг анхаарвал зохино.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Ж.Б-ны өмгөөлөгч Г.Өлзий-Оршихын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч Ж.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролдоо хохирогч Т.Ц-д 1.990.000 төгрөгийг, хохирогч Д.Н-д 2.075.000 төгрөгийг төлсөн болохыг магадлалд дурдах нь зүйтэй.